Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2.2 ИХ НАЯД төгрөгийн хөрөнгө оруулсан уурхайнууд ажиллаж эхлэх үү


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд байгаа ашиглалтын лицензийг заавал сэргээж олгох гээд байгаа нь ямар учиртай юм бэ. 200 метр дотор гол мөрний эхийг хөндөх ёсгүй. Гол, мөрний усны эхийг хамгаалах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийллээ.  Харин гишүүн Г.Уянга “Нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын  чуулганаар хэлэлцэхэд тодорхой тоо баримт бэлдэж оруулж ирэхийг Уул уурхайн сайдад анхааруулсан юм. Тэрээр, хичнээн лицензийг хэдэн компани эзэмшиж байгаа, хэд нь гадаадынх, хэд нь дотоодынх, хэд нь хамтарсан зэргийг дэлгэрэнгүй мэдээлэхийг хүссэн. Мөн хэдэн төрлийн ашигт малтмал экспортолж байгаа, үүнээс олох орлогыг нь хэрхэн тооцож авдаг, хэн хариуцдаг талаар тодорхой мэдээллийг УИХ-ын чуулганаар танилцуулах хэрэгтэй гэв.

Мөн хэлэлцүүлгийн шатанд гишүүн Ж.Энхбаяр “Хуулийн төсөл хоёр жил бус олон жил яригдсан асуудал. Иймд байнгын хороо энэ асуудалд асар хариуцлагатай хандах ёстой. Ялангуяа байгаль орчныг хамгаалахад  мэргэжлийн байгууллага, яам ач холбогдол өгөх хэрэгтэй. Нөхөн сэргээлт, нөхөн төлбөрийн олон төрөл дутуу орхигджээ. Иймд ажлын хэсгийн саналыг буцааж, бүлгүүд дээр дахин ярилцаж саналаа нэгтгэх шаардлагатай тул асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь дэмжсэн юм. Ингэснээр урт нэртэй хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийн шатанд түр хойшлуулахаар тогтлоо.


Р.Жигжид: Урт нэртэй хууль хэрэгжихэд тулгарсан гацааг арилгахаас биш өөрчлөхгүй

Уул уурхайн сайд Р.Жигжидээс урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Урт нэртэй хуулийг цуцлаж байна гэсэн ойлголт нийгэмд төрөөд байгаа. Тэгэхээр энэ хуулийн зүйл, заалттай зөрчилдөж буй зүйл бий юу?
-Ийм асуудал огт байхгүй. Урт нэртэй хуульд хүрэхгүй. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж бий. Энэ хууль нь амьдралаас тасархай байгаа тул  ойртуулах гэж оролдож байгаа юм. Урт нэртэй хуулийн агуулга, үзэл санаа нь маш зөв тул хэрэгжүүлэх ёстой. Энэ хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулах өөрчлөлт эх хуулийнхаа үндсэн зорилго үзэл санааг хөндөхгүй. Хэрэв урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй бол тавдугаар сараас өмнө урт нэртэй хуулиар тогтоосон хориглолтын бүсэд олгосон байгаа бүх лицензийг цуцлах учиртай.

-Тэгвэл та бүхэн урт нэртэй хуулийг гацаанаас гаргахын тулд яг ямар бодлого боловсруулж байна вэ?
- Засгийн газар, Уул уурхайн яамнаас Ашигт малтмалын тухай хууль, урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван санал тавьж буй юм. Эхнийх нь хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ус бүрэлдэх эхүүдийг хөндөхгүй. Хоёрт, Ойн тухайн хуулийн дагуу нэг мод огтолбол 10 мод тарих учиртай.  Ийм зарчим баримталж урт нэртэй хуулийн хэрэгжилтийн гацаанаас гарна гэж үзэж байгаа.
Гуравдахь нь асуудал үүсгээд байна. Урт нэртэй хуульд усны эх бүрэлдэх энгийн хамгаалалтын бүсийг 200 метр гэж заасан. Тухайн орон нутгаар усны  хамгаалалтын бүсийг тогтоолгосон юм. Иймд зарим орон нутагт тав, 10 км газарт  хязгаар тогтоосон. Тэгэхээр урт нэртэй хуулиар хориглоогүй талбайг хязгаарласан гэсэн үг. Энэ хязгаарыг урт нэртэй хуульд заасан 200 метрээр нь тогтоох асуудал байгаа юм. Гэтэл Усны тухай хууль батлагдахаас өмнө энэ хамгаалалтын бүсэд уурхайн үйл ажиллагаа явуулж байсан компаниуд бий.
Засгийн газар, Уул уурхайн яам тэдгээр компаниудаас байгаль орчин нөхөн сэргээх зардлын тавин хувийг эхэлж байршуулж үлдсэн мөнгөнийх нь баталгааг гуравдагч этгээдээс авч ашиглуулах байр суурьтай байна. Тэгэхдээ шинээр хайгуул, олборлолтын лиценз олгохгүй. Ойлголцохгүй байгаа гол сэдэв бол өмнө нь ашиглаж байсан хамгаалалтын бүсэд орсон уурхайн асуудал боллоо. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зарим гишүүн Засгийн газар, манай яамны байр суурийг дэмжсэн. Үлдсэн гишүүд нь урт нэртэй хуулиар хориглосон 200 метрийн хамгаалалтын бүсэд ажиллаж байсан уурхайг бүр мөсөн хаах санал гаргалаа. Ингээд Ашигт малтмалын тухай хууль болон урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг дахиад ажиллах боллоо.

-Хуулиар хориглосон талбайд хэдий хэмжээний хөрөнгө оруулсан юм бол?
-Хууль батлагдсан өдрөөс хэрэгжих ёстой. Гэтэл урт нэртэй хууль хэрэгжих гээд өнөөг хүртэл гацаанд ороод байна. Иймд бид уг хуулийг цаашид саадгүй хэрэгжүүлэхийн тулд завсарын арга хэмжээ авч байгаа нь энэ нэмэлт өөрчлөлт юм. Урт нэртэй хууль гарахаас өмнө төр лиценз олгосон. Нэгэнт эрх авсан компаниуд хөрөнгөө тухайн лицензийн талбайд оруулсан байгаа. Одоо урт нэртэй хууль гарлаа гээд лицензийг нь хураавал хөрөнгөө оруулж үйл ажиллагаа явуулж байсан компаниудад хохирлыг нь барагдуулж нөхөн төлбөр өгөх учиртай. Татварын ерөнхий газраас гаргасан тооцоогоор эдгээр компаниудад төрөөс 2.2 их наяд төгрөгийн нөхөн төлбөр өгнө. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг байр сууртай хүмүүс байгаль орчны хохиролыг тооцох ёстой гэдэг. Аливаа уурхайн олборлолт дуусч нөхөн сэргээлт хийдэг. Гэтэл үйл ажиллагааг нь зогсоосон тул байгаль орчинд учруулсан хохирол гэж үзэхэд түвэгтэй асуудал болж байгаа юм. Иймд одоо авах гээд байгаа энэ арга хэмжээ бол дээрх байдлаар гацаанд орсныг арилгахад оршино. Тэгэхээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй, өөрчлөх гэсэн явдал огт биш. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй байгаа юм.

-Урт нэртэй хуулиар хориглосон 200 метрийн энгийн хамгаалалтын бүсэд хэдэн лиценз, хэдий хэмжээний баялаг байгаа вэ?
-Энэ талаар нарийн судалгаа хийх ёстой. Эхлээд бид зарчмаа тохирох учиртай юм. Өнөөдөр бид зарчмаа гаргах гэж л яриад байна. Урт нэртэй хуулийн хязгаарлалтад 1333 лиценз бий. Эдгээрийн 395 лиценз нь ашиглалтынх. Үлдсэн нь хайгуулын лиценз. Хуулиар хориглосон тул хайгуулын лиценз цуцлагдана. Хамгийн гол учир нь ашиглалтын лиценз өгч хөрөнгө оруулалтыг нь хийлгээд үйл ажиллагааг нь зогсоосонд байгаа юм. Олборлолт хийж байсан лицензтэй талбайд нийт 126 тонн алт бий гэсэн тооцоо гарсан. Уг тооцоо нь улсын бүртгэлд өгсөн нөөц, ТЭЗҮ-ийг нь үндэслэн хийсэн юм. Үүнд Гацууртын орд орсон. Энэ ордын нөөцийг хасвал 66 тонн алт бий. Хэрэв хуулийн энэ нэмэлт өөрчлөлт батлагдвал эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед үр ашгаа богино хугацаанд өгөх, нөөц ихтэй талбайд нь мэргэжлийн байгууллагууд хамтарч хил хязгаарыг нь тогтоож ажиллуулна.

-Гацууртаас өөр ямар том орд байна вэ?
-Манай улсын алтны шороон ордын гол нөөц нь Сэлэнгэ, Төв аймагт байдаг. Алт жин ихтэй металл. Шороон орд нь байгалийн жамаар хурдастай газар урсан тогтож ихээхэн нөөц хуримтлагддаг онцлогтой. Иймд томоохон голын голдирол, нугачаанд алтны шороон ордууд тогтсон байдаг. Тэгэхээр Туул голын эрэг тохой, ялангуяа Төв аймгийн Заамар орчимд ихээхэн нөөц бий. Энэ нутгаар манай ажлын хэсгийнхэн явж ажилласан. Тэнд олон жилийн өмнөөс “Шижир алт”, “Монросцвемет”, “Алтан дорнод Монгол”, “Монполимет”, “Их тохойт” зэрэг компаниуд олборлолт хийж ирсэн юм билээ. Эдгээр компанийн ашиглалтын лицензтэй үйл ажиллагаа явуулж байсан талбайд дор хаяж 14 тонн алт бий гэсэн тооцоо байна. Хэрэв хуулийн өөрчлөлт шийдэгдвэл лицензийн талбай бүрийг нарийн судалж олборлолт хийх эсэхийг нь шийдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан