Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Наран: Эрчим хүчний нүүрсний уурхайнуудад 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай


”Монгол нүүрс ассоциац”-ын гүйцэтгэх захирал Т.Наран.

-Дотоодын нүүрсний хэрэгцээг хангадаг нүүрсний уурхайнуудын өнөөгийн байдлыг та товч дүгнээд хэлээч. Нүүрсний салбарт хамгийн олон жил ажиллаж, жаргал, зовлонг мэддэг хүний хувьд та бодлоо хуваалцана уу?
-Манай улсын эрчим хүч, дотоодын  хэрэглээний нүүрсний гол нийлүүлэгч нь Багануурын уурхай. Өөрөөр хэлбэл, төвийн цахилгаан станцын түлшний 60-70 хувийг дангаараа хангадаг. Ийм болохоор стратегийн ач холбогдол өндөр уурхай юм. Уурхайг өнөөдөр 37 дахь жилдээ ашиглаж байна. Хамгийн гол нь төрийн өмчит Багануур, Шивээ-Овоо, хувийн өмчит Адуунчулуун, Шарын гол уурхайн олборлож буй эрчим хүчний нүүрсийг цахилгаан станцууд худалдан авдаг. Тэгэхдээ нэг тонн нүүрс олборлосон зардлаас нь доогуур үнээр олон жил худалдан авч байгаа тул эдийн засгийн хувьд хүндрэлтэй болсон. Дээр нь цахилгаан станцууд авсан нүүрснийхээ үнийг төлж дийлэхгүй байна. Тэгээд ажилчдынхаа цалин хөлсийг тавихын тулд банкнаас өндөр хүүтэй зээл авч байгаа. Энэ бүгдээс үүдэн эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд хөл дээрээ босч чадахгүй байнгын санхүүгийн хүндрэлтэй ажилладаг. Гэвч бизнесийн ашиг орлогоос илүү нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа цаг ямагт биелүүлж ирсэн. Товчхон хэлбэл Монгол Улсын гал голомтыг түлшээр таслахгүйн төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг.

-Багануурын уурхай өчигдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборлолоо. Энэ нь манай улсын нүүрс олборлогчдын хувьд томоохон үйл явдал болж байна гэж ойлгож болох уу?
 -Тийм. Хоёр жилийн өмнө ОХУ-ын Кузбассын нүүрсний уурхай 200 сая дахь тонн нүүрсээ олборлосон. Энэ нь сүр дуулиантай үйл явдал болсон юм. Уг орд дэлхийд нөөцөөрөө дээгүүр байрт жагсдаг.  Эндээс үзэхэд Монгол Улсын эрчим хүчний нүүрсний дийлэнхийг олборлодог ганц уурхай 100 сая тонн нүүрс олборлож байгаа нь бахархах зүйл мөн.
 
-Манай улсын цахил­гаан станцууд жилд хэдэн тонн нүүрс хэрэглэж байгаа вэ?
-Цахилгаан станцууд, орон нутгийн уурын зуух, байгууллагуудын хэрэглээ нийлээд жилд долоон сая орчим тонн нүүрс шатааж байна. Үүний 3.7 орчим сая тонныг Багануурын уурхай хангаж байгаа. Шивээ-Овоогийн уурхай жилд нэг сая, Шарын гол 600-700 мянга, Адуунчулууны уурхай 200 гаруй мянган тонн нүүрс олборлодог. Эдгээрээс гадна орон нутгийн жижиг уурхай гэж бий. Сүүлийн хоёр гурван жилд нүүрсний хэрэглээ төдийлөн нэмэгдээгүй. Энэ жил бага зэрэг өсөх байх. Тухайлбал, цахилгаан станцуудын өргөтгөл, Амгалан дулааны станц, шинээр барьж буй уурын зуух хэд хэд байгаа. Ингээд тооцоод үзэхээр 600 МВт-ын хүчин чадал нэмэгдэж буй юм. Урд нь манай улс 850 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэдэг байсан. Тэгэхээр манай улсын эрчим хүчний үйлдвэрлэл 40 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг. Харамсалтай нь,  цахилгаан, дулааны энэ эх үүсвэрүүдийг түлшээр хангах уурхайнууд найдвартай ажиллах, олборлолтыг нь нэмэгдүүлэх талаар дорвитой ажил хийлгүй өнөөг хүрлээ. Жишээлбэл, дэд бүтэц, тээвэр нь шийдэгдсэн, нөөц хангалттай Багануурын уурхайг жаахан тордоход бүх асуудал шийдэгдэх учиртай байгаа юм.

-Тэгвэл манай улсын эрчим хүч, дотоодын хэрэг­лээний нүүрснийг хан­гах уурхайнуудад техник, тех­нологийн шинэч­лэл хийхэд  хэдий хэмжээ­ний хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо байна вэ?
-Багануур, Шивээ-Овоогийн уурхай жил бүр тулгамдсан асуудлаа төр засагт тайлагнадаг. Бүхнийг нэг дор шийднэ гэвэл асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Засгийн газраас шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэг мөр хийж чадахгүй учраас тухайн өвөл нь гал алдахгүй байх дайны хөрөнгө оруулалт л хийж байгаа. Ер нь уурхайг хэдий хэмжээгээр өргөтгөхөөс хамаарч хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэнэ. Дор хаяж, 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ойрын хугацаанд хийх шаардлагатай.

-Хүрэн нүүрснээс шата­хуун гаргах, химийн үйлд­вэрлэл хөгжүүлэх төслүү­дийн тухай ярьж байсан. Гэтэл сүүлийн үед чимээгүй боллоо. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Нүүрс боловсруулах төслүүдийн ажил үргэлжилж байгаа. Нэгэн үед нүүрс үнэд орж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид нүүрсэнд сонирхолтой болсон. Гэтэл үнэ унаад ирэхээр өнөөдөр энэ ажил зогсонги байдалд орчихлоо. Нөгөө талаар эрчим хүчний нүүрсний хэрэглээний олон улсын зах зээл алга. Жишээ нь, Хятад улс эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ бууруулах бодлого баримтлах боллоо.   Одоо нүүрсийг гүн боловсруулж, химийн үйлдвэрлэл хөгжүүлэх талаар илүү анхаарч байна. Гэвч энэ талаар манай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид мэдээлэл муутай,тэдэнд энэ бүхэн шинэ зүйл учир эрсдэл өндөр байгаа юм. Ер нь химийн үйлдвэрлэл асар их хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг. Үүнээс гадна байгаль орчинд хор хөнөөлтэй. Бид шатахууны үнэ өслөө. Хүрэн нүүрснээс шатахуун гаргаж авна гэж ярьдаг. Гэтэл технологи нь өндөр өртөгтэй, үйлдвэрлэлийн өртөг зардлын хувьд алдагдал хүлээх болсон. Иймд хойд хөршөөс бэлэн шатахуун авсан нь хямд тусаад байгаа юм. Ялангуяа нефтийн үнэ буураад ирэхээр нүүрснээс шатахуун гаргах үйлдвэрлэл зогссон.

-Тэгвэл өнөөдөр нэг баррель нефтийн үнэ хэдэн ам.доллар байхад нүүрс шингэрүүлэх үйлдвэр ашигтай ажиллах тооцоо байгаа вэ?
-Эдийн засагчдын хамгийн сүүлд хийсэн тооцоогоор нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллараас доошгүй байх үед нүүрснээс шатахуун гаргах авч болно гэж байгаа. Ер нь, нүүрснээс шатахуун, хий гаргах үйлдвэрлэл нь маш их хэмжээгээр боловсруулж гэмээнэ ашигтай ажиллана. Түүнээс биш жижиг үйлдвэр үр ашиг өгөхгүй. Нефть боловсруулах үйлдвэр ч адил. Тухайлбал, Дарханд нефть боловсруулах үйлдвэр барих тухай ярьж буй. Энэ үйлдвэр жилд  дор хаяж нэг сая тонн нефть боловсруулах шаардлага бий. Өөрөөр хэлбэл, гарч байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ үлэмж их байж нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх  өртөг зардал багасдаг.

-Экспортын нүүрсний үнэ энэ онд ямар байх төсөөлөл гарч байгаа вэ?
-Олон улсын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өсөхгүй ч үнийн уналт зогсч байна гэж харж байгаа. Ирэх жилээс үнэ нь үл ялиг өсч магадгүй гэсэн төсөөлөл бий. Ирэх тав, арван жилд коксжих нүүрсний үнэ одоогийнхоос хоёр дахин өсөх таамаг гарсан. Доод тал нь 30 орчим хувь өсөх байх гэж эдийн засагчид тооцсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан