Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өлсгөлөн зарлагсдад тэр шөнө цагдаагийнхан хүч хэрэглэсэн гэлээ

Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах, Ноён уулыг ухаж, Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцсэн, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын гишүүн долоон хүн  Төрийн ордны баруун талд Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаад 10 хоносны дараа Цагдаагийн хүчээр эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Эл явдал болсны маргааш  Цагдаагийн байгууллага мэдээлэл хийж, "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүн долоон иргэнийг эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулсан , тэднийг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр танилцуулахад өөрсдөө сайн дураараа эмнэлэгт очсон гэж мэдэгдсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага, өлсгөлөн зарлаж буй иргэд болон тэднийг дэмжигч иргэдийн хооронд ямар нэгэн үл ойлголцол, зөрчил гараагүй хэмээн мэдэгдсэн.
Гэсэн ч интернетээр хаалт бамбай, хуяг дуулга болсон цагдаагийн хэдэн арван ажилтан жагссан, хуягт тээвэрлэгч орж ирж байгаа зураг тархаж цагдаагийн газрын мэдэгдэлд эргэлзэх сэтгэл төрж эхэлсэн.

Харин албадан  эмчилгээнд “өөрийн сайн дураар” баривчлагдан  явсан “Босоо Хөх Монгол” бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн төлөөллүүд өнөөдөр Хэвлэлийн бага хурал  хийж, ЦЕГ-аас хийсэн мэдэгдлийг няцаалаа. Уг хэвлэлийн хуралд  “Босоо хөх монгол” бүлгэмийн тэргүүн  П.Шинжээравдан, тус бүлгэмийн Удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг, Ц.Баяраа, болон “Ноён уулаа аваръя”  хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид нар ирсэн юм.
 
Тэд Ноён уулаа аврахын тулд, Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж 13 хоногийн турш өвлийн хүйтэнд гадаа, хөлдүү цементен дээр хоносон бөгөөд өлсгөлөнгөө эхлүүлээд 2-3 хонож байхдаа Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан гэр барих зөвшөөрөл хүссэн ч зөвшөөрөл олгоогүй, үүгээр ч зогсохгүй цагдаагийн байгууллагаас машинууд дээрх тугаа буулга, автомашин тавьсан байсан зогсоолыг чөлөөл гэх зэргээр бидний тэмцлийг хааж боох гэсэн оролдлого хийж байлаа.

Ингээд  хоёрдугаар сарын 23-ны Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд  хэвлэлийн хурал хийж, хуурай өлсгөлөнд шилжих болсон тухайгаа албан ёсоор мэдэгдээд  тэр өдрөө олон хоног хураалттай байсан гэрээ барьж орсон. Гэрээ барьснаар  олон хоног гадаа өлсгөлөн зарлан хэвтэж,  дулаанаа алдсаар байсан эх орончид дулаацан, бүлээцэж, энэ бүхнийг харсан Монголын ард түмний сэтгэл нь бас дулаацаж байсан юм.

Гэтэл ердөө тэр шөнийн  00.00  цаг өнгөрч байхад маш олон тооны цагдаа тусгайгийнхан ирж, бүслэн, өлсгөлөнг албадан тараасан юм. Түүгээр ч зогсохгүй эх орончдыг хамгаалж байсан хүмүүсийг баривчлан авч явсан. Өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийг өөрсдөө сайн дураараа өлсгөлөнгөө зогсоож, эмнэлэг явсан мэтээр илт худал ташаа мэдээлэл түгээж байна”  гэлээ.

Иймээс тэд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/87 захирамжийн заалтуудыг биелүүлэхдээ илт гуйвуулан, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж,
        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264-р зүйлийн 2,
        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 -р зүйлийн 2-д заасны дагуу
Мөн ямар ч хууль дүрэм журам зөрчөөгүй байсан “Босоо Хөх Монгол” бүлгэмийн гишүүн Э.Төмөрхуяг, Х.Бээжин, Ц.Баяраа, Б.Булганбаяр нарыг шалтгаангүйгээр баривчилж, мэдүүлэг авсан, автомашин хураан авсан, автомашинд нэгжлэг хийж эд зүйл хураан авсан, гар утас хураан авч, доторх мэдээллүүдийг нь шалган, хувийн нууцад халдсан.
 
Мөн цагдаагийн хэлтсийн 102 тоот өрөөнд Э.Төмөрхуяг, Х.Бээжин, Б.Булганбаяр, Ц.Баяраа нарыг эрүүгийн гэмт хэрэгтэн мэтээр үзэж 10 хурууны хээ болон фото зургийг нь хууль зөрчин авсан.
 
Энэ үйлдлийг зөвшөөрөөгүй Х.Бээжингийн хоёр гарыг нь мушгин, хүч хэрэглэж фото зургийг нь авах гэж хүчирхийлсэн зэрэг нь  Эрүүгийн хуулийн 149, 151-р зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатарыг ЦЕГ-ын дотоод хяналтын хэлтэс болон АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан