Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар+ “Сентерра Гоулд” vs Ерөнхийлөгч+Иргэний хөдөлгөөн ГЭЖ ҮҮ

Нэг талаасаа Монгол Улсын түүхийг Хүннүгийн үеэс нь “хадгалж” ирсэн Ноён уул, нөгөө талаасаа яалт ч үгүй алтны өндөр агууламж бүхий хүдрийн Гацуурт орд болчихоод байгаа Ноён уулын асуудал өчигдөр дахиад л өндрөө авлаа. Тухайлбал, Уул, уурхайн яам “Ил тод уул, уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр “Сентерра Гоулд” компанийн лицензтэй талбай түүний үр ашгийн талаар хөндөж ярьсан бол иргэний нийгмийн хөдөлгөөнүүд энэ бүх “завхрал”-ыг бүрмөсөн зогсоохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос дахин шаардаж, түүнийг өлсгөлөнгийн “өдөөн турхирагч” хэмээн зарласан юм. Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлсэн үгээр дэгээ хийсэн энэ мэдэгдлийг иргэд янз бүрийн байдлаар хүлээн авч, үнэхээр өлсгөлөн захиалагч байгаа эсэхэд эргэлзэж эхэлсэн ч иргэний нийгмийнхэн “Ам.доллар биш учраас хүн болгонд таалагдах албагүй. Үнэхээр өлсгөлөн захиалагч байгаа бол, бид хуурамч тэмцэл хийж байгаа бол түүнийг нь олоод шалга” гэж хариу мэдэгдлээ. Гэхдээ үүнээс урьтаж, Уул уурхайн яам байр сууриа илэрхийлэв.        

“Гацууртад нөхөн сэргээлт хийнэ”

Уул, уурхайн сайд Р.Жигжид “Ил тод уул, уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр “Урт нэртэй хууль”, “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндлөө. Тухайлбал, Р.Жигжид “Урт нэртэй хууль 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр “дагаж мөрдөх журмын тухай” хуулийн хамт батлагдсан. Гэвч хуулийн хязгаарлалтад орсон тусгай зөвшөөрөл бүхий талбайн хилийн шугамын будлиан, нөхөн олговрын асуудал зэрэг бэрхшээлийн улмаас уг хуулийг хэрэгжүүлж чадалгүй өдийг хүрсэн.

Үүний улмаас олон арван компанид хохирол учруулахын зэрэгцээ байгаль орчны нөхөн сэргээлтийг орхигдуулаад” байсан гэж мэдээллээ. Харин дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гол, мөрний урсац бүрэлдэх эхэд хайгуул хийх, ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хориглож, ойн сан бүхий газарт олборлосон тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг Ойн тухай хуулийн дагуу нэг мод огтолбол 10-аас доошгүй мод тарих, нөхөн сэргээлт хийхээр зохицуулсан. Мөн нөхөн сэргээлтэд зарцуулах зардлыг тухайн аж, ахуйн нэгж 100 хувь урьдчилан байршуулж, хэрэгжилтэд төр хяналт тавихаар болсон зэрэг нь шинээр батлагдсан Урт нэртэй хуулийн гол агуулга гэж Р.Жигжид сайд тодотгож байгаа юм.
Тэгвэл шинээр батлагдсан хуультай холбогдуулан Гацуурт ордын шороон ордыг ашиглах үеэр огтолсон үй олон мод, сүйдсэн байгаль орчны асуудлыг хэрхэх талаарх асуултад, Уул, уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Гацууртын шороон ордыг ашигласан хэдий ч, нөхөн сэргээлт нь хагас дутуу хийгдсэн. Өмнө нь эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх асуудлыг орд ашиглах гэрээ байгуулсны дараагаар тодорхой заалт оруулж нөхөн сэргээлтийг нь хийлгэнэ” гэж хариуллаа. Мэдээж, шинээр баталсан хуульд нөхөн сэргээлт хийх мөнгийг олборлолт явуулах компаниас урьдчилаад 100 хувь авчих учраас огтолсон нэг модыг 10-аар үржүүлж тариулах боломжтой гэдэгт Уул, уурхайн яам огтхон ч эргэлзэхгүй байна. Гэхдээ, Гацууртын шороон орд нь 100 гаруй га газрыг хамарч байсан. Одоо “Сентерра Гоулд” 2300 га газрын лиценз эзэмшиж байгаа нь байгаль орчинд бодит аюул учруулах хэмжээ гэдэгт иргэний нийгмийнхэн болоод УИХ-ын зарим гишүүн бүрэн итгэлтэй байгаа. Үүнээс гадна шороон ордоос ялгаатай нь үндсэн ордыг ашиглахад химийн бодис хэрэглэх шаардлага тулгардаг, ашигласан бодисыг найдвартай булна гэж байгаа ч экологийн хөнөөл хүн малд аюул учруулахыг үгүйсгэх боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Сентерра Гоулд” олборлолтын явцад ашиглах химийн бодисыг найдвартай булна гэж байгаа ч үер усны нөлөөгөөр бодис задрах эрсдэлтэй гэсэн эсрэг байр суурийг намжааж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр, шороон ордыг ашиглаж дуусаад байгаль хамгаалах болон техник, биологийн нөхөн сэргээлтийн нийт зардалд 7.7 тэрбум төгрөг зарцуулсан ч энэ нь үр дүнгээ өгөөгүй байгаа нь Ноён уулын мод үгүйрч, гол мөрөн ширгэсэн жишээ бодитоор бий. Тиймээс иргэд байгаль орчны нөхөн сэргээлт болон, олон тооны бунханг яав ч ухуулахгүй гэдэг байр суурьтай байсан хэвээр байгаа юм.  

“200 сая ам.доллар гэдэг нь бодит тоо”

Гацуурт ордын баталгаатай нөөц нь 50 тонн. Тодорхой нөхцөлд ашиглах боломжтой нөөц нь 26 тонн, нийтдээ 76 тонн гэж Уул, уурхайн сайд Р.Жигжид мэдээлж байна. ТЭЗҮ-д дурдсанаар бол энэ хэмжээний олборлолт хийж, 10 жилийн дараа Монгол Улс 200 сая ам.долларын цэвэр ашиг хүртэх юм. УИХ-ын гишүүдийн зарим нь энэ тоог хэтэрхий бага, олборлолтын зардлыг хэт өндөр тогтоосон, худал ТЭЗҮ боловсруулжээ гэж шүүмжилсэн. Гэхдээ Уул, уурхайн яам “ТЭЗҮ бол тухайн компанийн захиалга өгч хийлгэсэн зүйл. Үүнийг нь манай яамны есөн хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг шалгаад тооцоо нь зөв гэж үзэж байгаа” учраас бүх татвар, зардлаа төлөөд гарч байгаа цэвэр ашиг нь 200 сая ам.доллар гэж үзсэн тухайгаа өчигдөр уламжиллаа. Харин олборлолт есөн жил, үйлдвэрлэл 10 жил, түүний дараа дахин 10 жил нөхөн сэргээлтийн ажил хийгдэх юм байна.  Нөгөөтэйгүүр, уурхай босоо уналттай учраас гарах зардал өндөр гэдгийг Уул, уурхайн яам “Ил тод уул, уурхай” хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

“Бид нинжа биш”

Нинжа буюу бичил уурхай эрхлэгчид Ноён уулнаас алт ихээр олборлодог. Тэдгээр нь ихэвчлэн орон нутгийн иргэд байдаг учраас “Сентерра гоулд” зэрэг томоохон компаниар хашаа татуулж, өл залгах үүсвэргүй болно гэдгээс эмээж байгаадаа өлсгөлөн зарласан гэдэг яриа нь тэмцэгчдийн эсрэг гарсан олон ярианы нэг. Энэ талаар Р.Жигжид сайдаас тодруулахад “Ноён уул орчмоор одоогийн байдлаар хүчин төгөлдөр 23 тусгай зөвшөөрөл байгаагийн зургаа нь хайгуулын, 17 нь ашиглалтынх. Харин тус уулын Гацуурт орчмоор дээр үеэс алт олборлодог байсан. Манай улсад бичил уурхай эрхлэгчдийг зохицуулах хууль байхгүй журам л бий. Тиймээс журмаар тэдгээр иргэнийг зохицуулахад бэрхшээлтэй” гэж хариулсан юм. Харин “Ноён уулаа аваръя”, “Босоо хөх Монгол” бүлгэмүүд өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ “Бид эх орноо гэсэн сэтгэлээр л энэ тэмцлийг хийж явна. Гадуур тархаад байгаа нинжа гэдэг зүйлийг огт мэдэхгүй. Таних ч үгүй” гэж үгүйсгэсэн юм.

Мөн “Сентерра Гоулд” бол зөвхөн ашиг харж л байгаа гаднын компани. Тэдний хувьд бидний өвөг дээдсийн бунхан бол юу ч биш. Тэд зүгээр л шарил ухагч шиг алт мөнгөө түүж аваад, өв соёлыг минь сүйтгээд одно. Хэдийгээр хуурай өлсгөлөн зарлах үед албадан эмчилгээнд хамруулсан ч бид цаашдаа Ноён уулаа  аврахын тулд олон арга хэмжээ авна. Ирэх гуравдугаар сарын 1-нд Чингисийн талбайд 12.00 цагт Ноён уулаа аврах хөдөлгөөнийхөн цуглаж, тайван жагсаал хийх болно. Биднийг дэмждэг урлаг, соёлынхон ч энэ үеэр өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлнэ” гэсэн юм. Харин тэдний эсрэг нийгэмд цацагдаад байгаа мэдээллийн талаар “Бид мөнгө авч өлсгөлөн зарлаагүй. Хэрэв захиалагч нь хэрэгтэй, байх ёстой юм бол тэр хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгч өөрийн сонгуулийн өмнө Р.Гончигдорж Х.Тэмүжин нартай Мандал сумын иргэдтэй уулзах үеэрээ “Нутгийн иргэд та нар л Ноён уулаа ухуулахгүй гэвэл ухуулахгүй. Та нар минь доороос нь сайн тэмцээд өг, би дээрээс нь сайн дэмжээд өгье” гэж хэлсний дагуу тэмцэл явагдаж байгаа” гэлээ. Юутай ч, өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газар, орон нутгийн төлөөлөл, археологчид зэрэг салбаруудын төлөөллүүд Ноён уулын талаар хэлэлцүүлэгт орохоор боллоо.
 
АРДЧИЛАЛ СОНИН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01