Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дагнасан шүүхийн тогтолцоог хадгалах ёстой”


Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, УИХ-аас баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн. Шинээр мөрдөгдөж байгаа Шүүхийн шинэтгэлийн багц хуульд Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай зэрэг зургаан хууль багтаж байгаа юм. Дээрх хуулиуд хэрэгжиж эхэлснээр олон жил шинэчлэгдээгүй байсан хуулийн байгууллагад өөрчлөлт орсон ч дагнасан шүүхийн улмаас иргэдэд бага­гүй зардал, чирэгдэл үүссэн зэрэг шүүмжлэл дагуулсан юм. Гэхдээ Монгол Улсын хуулиар “Аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тог­тоос­ноор шүүхүүд даг­наж, тэр хэрээр шүүгчид мэргэ­ших, эрүү, иргэний, захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны чанарт ахиц гарах зэрэг наад захын өөрчлөлт ажиглагдана гэж хууль санаачлагч тодорхойлсон юм.

Гэхдээ энэ хууль хэрэгжиж эхлээд удаагүй байхад буюу өнгөрсөн оны зургадугаар сард С.Номынбаясгалан гэх иргэн Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-д Шүүх байгуулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрсөн гэдэг үндэслэлээр хандсан юм. Энэ дагуу ҮХЦ хуралдаж, “…Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай” гэж ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс шүүхийн бүтцийг хуучнаар нь болгохоор шийдвэрлэсэн.

Харин өчигдөр Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болж, ҮХЦ-ийн шийдвэртэй холбогдуулан дагнасан шүүхийн зохион байгуулалтын асуудлаар ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан мэдээлэл өгсөн юм. Мөн “Шүүгчийн ажлын ачаалал” сэдвээр Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн нар мэдээлэл хийлээ.

Т.Мэндсайхан: Шүүхийг иргэдэд ойртуулах боломж бий

ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан дагнасан шүүхийн зохион байгуулалтын асуудлаар “ҮХЦ-ийн дүгнэлтээс үүдээд Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа. Манай байгууллага хуульд заасны дагуу Засгийн газарт танилцуулаад, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр уламжлан хуулийн төсөл өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна” гэж мэдээллээ. Мөн тэрбээр ҮХЦ дараах байдлаар шийдвэр гарсан учраас шүүхийг хуучин хэлбэрт нь буцаах бус, шүүхийг иргэдэд ойртуулах боломж илэрхийлж байгаа гэдгээ хэлсэн юм.

• Нэгдүгээрт, Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар буюу гурван аймгийн дунд, хоёр аймгийн дунд байгуулсан нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэдэг шийдвэр гаргасан.

• Хоёрдугаарт, дүүргийн Эрүүгийн болон Иргэний шүүхийг дүүрэг дундын хэлбэрээр байгуулсан нь хуульд нийцэхгүй байна гэж үзсэн.

• Түүнээс гадна Дархан, Орхон-Уул аймагт захиргааны хэргийн шүүх байгуулахдаа Булган, Сэлэнгэ аймгийг хамруулсан нь бас хууль зөрчжээ гэдэг үндсэн гурван чиглэлээр шийдвэр гарсан.

Тиймээс Сэлэнгэ, Булган аймагт Захиргааны хэргийн шүүх байгуулах бололцоог судалж, иргэддээ шүүхийн үйлчилгээг ойртуулах ёстой гэж тус байгууллага үзжээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн үйлчилгээг иргэдээс холдуулсан байна гэдэг асуудлын хүрээнд шийдвэр гарсан учраас шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тухайлбал аймаг тус бүрт давж заалдах шатны хуралдаан хийдэг, тэнд нь шийдвэр гардаг бүтэц рүү орохоор зорьж байгаа юм байна. Мөн энэ талаар ШЕЗ-өөс улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 79 шүүхийн нийт ерөнхий шүүгч нарын дунд санал асуулга явуулахад дийлэнх нь “Дагнасан шүүхийн тогтолцоог хадгалах ёстой” гэдэг байр суурь илэрхийлжээ. Тиймээс тус байгууллагын хувьд ч эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнасан шүүх байгуулах алхмаас ухрахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг Т.Мэндсайхан дарга хэллээ.  
Харин Цэцийн шийдвэрээс үүдээд Нийслэлийн хувьд дүүрэг тус бүрт шүүх байгуулахаас аргагүй байдалд хүрч байгаа тул үүнд нь нийцүүлэн шүүхийн үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ зохион байгуулалтын хувьд одоогийн дагнасан хэлбэрээ хадгалах ямар бололцоо байгааг судалж байна. Цэцийн шийдвэрийн дагуу шүүхийн бүтэц, зохион байгуулалтыг аймаг тус бүрт байгуулахаар болбол эдийн засгийн хувьд үр ашиггүй бөгөөд зөвхөн нэг жилийн хугацаанд 8-10 тэрбум төгрөг зарцуулахаас гадна шүүхийн тоог 24 дахин, шүүгчийн тоог 90 орчим хүнээр нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа аж.  

Л.Бямбаа: 718 шүүгч ажиллах ёстойгоос 475 шүүгч байна

УИХ-аас баталсан орон тоогоор 718 шүүгч ажиллах ёстой ч өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 475 шүүгч ажиллаж байгаа нь батлагдсан орон тооноос 33 хувиар дутуу үзүүлэлт гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа хэллээ. Хэдийгээр орон тооны хувьд дутагдалтай байгаа ч шүүгч нар ажлын ачаалал дааж, иргэдийг чирэгдүүлэхгүйгээр ажиллаж буйг энэ үеэр онцолсон юм. Тухайлбал “Анхан шатны шүүхэд 341 шүүгч ажиллаж байгаа бөгөөд эрүүгийн 6375, иргэний 33996, захиргааны 1187, цагдан хорих 3610, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан болон чөлөөлсөн 1627, захиргааны зөрчил 16475 хэрэг буюу нэг шүүгчид жилд 185.5 хэрэг ногдож байна.

Харин давж заалдах шатны шүүхэд нийт 109 шүүгч ажиллаж, жилд нэг шүүгч 405.4 шүүх хуралд оролцдог үзүүлэлттэй гарчээ. Харин Хяналтын шатны шүүхэд нийт 25 шүүгч ажилладаг бөгөөд нэг шүүгчид 137.3 хэрэг ногдож байгаа аж. Энэ талаар Л.Бямбаа “Зөвхөн тоогоор бус хэргийн мөн чанар, оролцогчдын тоо, маргааны төрөл зэргээс хамаарч тухайн хэрэгт зарцуулах хугацаа, шүүгчийн ажлын ачаалал харилцан адилгүй байдаг. Иргэний хэрэг ялангуяа сүүлийн үед маш олон хавтастай болж байгаа. Жишээлбэл, нэг хавтаст архивын нэгжээр 250 хуудас байдаг гээд бодохоор иргэний 140 хавтастай хэрэг дээр шүүгч 35 мянган хуудас материалтай танилцана гэсэн үг. Хэргийн маргааны төрөл, шинэ төрлийн хэргүүд нэмэгдэж байгаатай холбоотойгоор хэргийн хавтас маш ихээр нэмэгдэж байгаа. Тийм учраас хэргийн тооноос гадна хэргийн мөн чанар дээр бас анхаарлаа хандуулах шаардлагатай. Ийм ч учраас шүүгч нар хэрэг маргааны төрлөөр дагнаж ажиллах зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна. Эндээс харахад ялангуяа нийслэлийн дүүргийн эрүү, иргэний анхан шатны болоод хяналтын шатны, давж заалдах шатны шүүхийн орон тоог яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн статистик гарч байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан