Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Одонхүү: Манайд улаанбуудайгаас илүү ашиг өгөх ургамал байхгүй

Хаврын урь орж тариаланчдын завгүй ажиллах өдрүүд айсуй. Тиймээс Хүнс хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тариалалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар  зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил хэдэн аж ахуйн нэгж иргэн тариа тарих бэлтгэлээ хангаж байгаа вэ. Бэлтгэл ажлууд бараг хангагдсан байх?
-Энэ онд хэдэн га-д үр тариа тарих талаар мэдээгээ аж ахуйн нэгжүүд тариаланчид харьяа аймгуудынхаа удирдлагуудад өгч эхэлсэн. Гуравдугаар сарын сүүл ирэх сарын эхээр тариаланчдын улсын зөвлөлгөөнийг зохион байгуулна. Үүгээр хэдэн тонн шатахуун, бордоо хэрэгтэй мөн хэдий хэрийн үр тариалах талаар тодорхой болох байх. Ер нь нэг үеэ бодвол аж ахуйн нэгжүүд боломжтой болсон. Тариалалтад ашиглах машин, трактор, сэлбэг хэрэгслээ гадаадаас өөрсдөө яваад авч ирж байгаа.

-Ургац хураалт дууссанаас хойш салбарын яам, тариаланчдын маргаан үргэлжилсээр байна. Тэгэхээр энэ жил тариа тарих тариаланч цөөрчихгүй байгаа гэх сэрэмж ч бий. Энэ тухайд?
-Аль аль талаас нь бодсон ч улаанбуудайгаас илүү ашиг өгөх ургамал манайд одоогоор байхгүй. Гурилын үйлдвэрүүд хангалттай хүчин чадлаараа ажиллаж байна. Үр тариа, тэжээлийн ургамал борлуулах гэхээр эрчимжсэн мал аж ахуй тэр болгон тэжээл хэрэглэхгүй байгаа. Тиймээс борлуулалт тааруу байдаг. Харин тосны ургамал рапсыг сүүлийн хоёр гурван жил тарьж байна. Гэсэн ч боломжтой хэмжээндээ хүртэл үр өгөөжөө өгч чадахгүй байна. Тарихад ч эвтэйхэн ургамал биш. Их л болгоомжтой нарийн техно­логийн дагуу тарих хэрэгтэй. Сүүлийн дөрвөн жил га-гаас таваас зургаан центнер ургац авч байгаа. Гэтэл улаан буудай тариалсан аж ахуйн нэгжүүд га-гаас 30 хүртэл центнер дээд тал нь 40 центнер авсан ч тохиолдол бий. Борлуулалтаа бодсон ч мөн үр өгөөжийг нь бодсон ч баталгаатайгаар нь улаанбуудайгаас илүү ашиг өгөх ургамал байхгүй учраас тариа тарих тариаланч цөөрнө гэж айлтгүй. Мөн аж ахуйн нэгжүүд ч гэсэн бэлтгэсэн уриншдаа тариагаа тарина гэсэн.

-Буудайн цавуулаг хамгийн их хэл ам дагуулж байгаа. Аймгийн лабораториудад буудайн цавуулгийг шалгахаар өндөр гардаг хэрнээ хотод ирээд шалгахаар нь бага байдаг. Энэ тухайд?
-Буудайн чанар бол тухайн жилийнхээ байгалийн цаг уурын нөхцөл хөрсний үржил шимээс хамаардаг. Мөн тариа тарих технологийг чанд мөрдөх хэрэгтэй. Дээр нь нутагшсан сайн сортын үр тарих нь чухал байдаг. Хөрсний үржил шим хөрсөн дэх цавуулгийг бүрдүүлдэг элементүүдийн хангамжийг сайжруулах, бордоог хэрэглэх ийм л арга хэмжээг авч байж цавуулаг өндөртэй сайн буудай гарна. Өнгөрсөн жил зарим нутагт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан буудайн чанарт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, өдөр шөнийн хүйтний ялгаа их байснаас тухайлбал, шөнөдөө сэрүүн байхаар цавуулаг бүрдүүлэхэд муугаар нөлөөлдөг. Цавуу­лаг бүрдүүлэх цаг хугацааг саа­руулдаг. Энэ бол ер­дөө манай орны цаг агаарын нөхцөл байдалтай л холбоотой. Түүнчлэн хур тунадас ихтэй долоо, наймдугаар сард цавуулаг буурдаг үе бий. Гэхдээ чанаргүй болтлоо буурдаггүй. Энэ жилийн хувьд тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд эртнээс буудайн чанарт анхаарч ажиллана гэсэн. Үр технологи дээрээ их анхаарч байна. Харин сайн буудай тарих боломж бололцоог нь төрөөс хангах нь чухал.

-Буудайн урамшууллын мөнгө болон гурилын үйлдвэрт тушаасан буудайн мөн­гөө тариаланчид олж авч чадахгүй байна гэж байсан. Энэ мөнгийг олгосон уу?
-ТЭДС-д буудайгаа тушаасан аж ахуйн нэгж иргэдэд мөнгийг нь бүрэн олгосон. Харин гурилын үйлдвэрүүд энэ жил авсан буудайнхаа мөнгийг өгч чадаагүй байгаа. Гурилын үйлдвэрүүдэд тариагаа өгсөн тариланчид эхнээсээ мөнгөө авахаар хөөцөлдөж л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан