Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дээдсийн” дуучдын тоглолт баячуудад л нээлттэй

Санхүүгийн хямрал айл болгоны хаалгыг тогшиж бүсээ чангалж амьдрахыг өдөр бүр сануулсаар. Энэ өрх айлуудад дуучид, жүжигчид, яруу найрагчид гээд урлагийнхан амьдарч л байгаа. Бас хөршүүдээ тоолбол цөөнгүй үзэгч, сонсогч амьдарна. Хоёр идэхгүй хоосон хонохгүй нь тулд дор бүрээ хэмнэлт гаргаж, хичээж буй.

Ингээд бодохоор хаа сайгүй хэмнэлт зарлаад, бүгд л зугаа цэнгэлд илүүчлэх мөнгөгүй байгаа болов уу. Гэсэн хэдий ч сэтгэл сэргээх ганц сайхан тоглолт үзчих юмсан гэсэн нууцхан хүсэл хүн бүрт л бий.

Шил шилээ даран болох олон баярын “буянаар” энэ сард үзвэр үйлчилгээний газрууд амрах завгүй ажиллаж, урлагийн тайз тун завгүй байх нь. Болсон болоогүй тоглолтуудаар бөмбөгдөх нь орой бүр телевизийн суваг болгоноор гарч буй рекламнаас нь харахад тодорхой. Харамсалтай нь, дуучид маань улс даяараа хямраад байгааг мэдээгүй бүр мэдрээч үгүй байж магадгүй нь.

Үүнийг нь тоглолтын тасалбараа хэрхэн үнэлснээс нь харж болно. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Харанга” хамтлагтай хамтарч энэ сарын 7-нд, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Б.Дашдондог, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат болон Н.Наранбаатар /Naagii&Jazz band/, A Cool нарын таван эрэгтэй дуучин бүсгүйчүүддээ зориулж энэ сарын 8-нд тоглолт хийхээр болжээ. Энэхүү VIP гэж онцолсон тоглолтыг “Up music” продакшнаас санаачилсан бөгөөд тасалбарын үнэ нь 160 мянга. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц үнэтэй энэ тоглолтыг ердөө 300 хүнд зориулж хийж буй юм билээ.

Мөн энэ сарын 8-нд “Увертюра” хамтлаг “UNPLUGGED VIP” тоглолтоо Маршал таун хотхоны “Luxury” ресторанд 800 мянган төгрөгийн үнэтэйгээр тоглохоор болжээ. Гэхдээ та дээрх хамтлагийн тоглолтыг үзэхийн тулд 800 мянган төгрөгөөс гадна халаасандаа 80 мянган төгрөгтэй байх хэрэгтэй. Учир нь, 10 хүний суудалтайгаар тусгайлан зассан ширээнээс сонголтоо хийж суухдаа та 80  мянган төгрөг төлөх болж байгаа юм. Өөрсдийн гэсэн дуугүй, бусдыг даган дуурайдаг хэрнээ ийнхүү хүний санаанд ч оромгүй өндөр өртөгтэй тоглолт хийхээр болсныг нь дуу алдан гайхах хүн даанч олон.

Энэ мэтээр тоглолтын толгой эргэм үнэ ханшийн мэдээлэл аргагүй л үнийн өмнө сөхөрч буй дундаж орлоготой та биднийг нэвтрэх ч эрхгүйг хэлээд өгчихлөө. Үнэндээ урлагийн акулууд ойрын хугацаанд тоглолт хийгээгүй болохоор тэднийг фэнүүд нь дэндүү санажээ. Харин тэд олонхи сонсогч, үзэгч, фэн нь дундаж болон түүнээс бага орлоготой гэдгийг мартаж орхиж. Ийнхүү өндөр өртөгтэй, цөөхөн үзэгчтэй тоглолт хийхээр төлөвлөсөнд дундаж орлоготой хүмүүсийг тавлаад ч байх шиг.

Хэдэн жилийн өмнө дэлхий даяар нүүрлэсэн их хямралын үед ч дуучид тасалбарын үнээ хямдруулж  6000 төгрөгийн жишиг тогтоож байсан удаатай. Тэр бүү хэл тухайн үед хамгийн хямдад тооцогддог байсан хошин урлагийнхны тасалбарын үнэ рүү дөхөж байсныг тодхон санаж байна. Харин энэ удаагийн хямрал манай дуучдад огт нөлөөлөөгүй бололтой.

Анхнаасаа тэднийг Монголын ард түмэн сонсч, хайрлаж, дэмжиж гавьяат гэх эрхэм цолоо хүртэл харамгүй өгч хайр хишгээ хүртээсэн. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цолыг олгодог боловч, дундаж орлоготой жирийн иргэд биднийг баярлуулах гэж энэ цолыг олгосон болов уу. Харамсалтай нь, өндөр үнэтэй тоглолтыг нь овоо зузаахан хэтэвчтэй цөөн хүн л үзэх нь ойлгомжтой. Овоож оцойсон хэдэн төгрөгтэй үзэгч хэрэгтэй л байсан юм бол анхнаасаа “өндөр зэрэглэлийн дуучин” байгаад, тэдэнд л зориулж дуу хийхгүй яасан юм бол гэх бодол эрхгүй төрнө.

Үүгээрээ тэд өөрсдийгөө “өндөр зэрэглэлийн”, “дээдсийн” дуучин гэдгээ зарлачихаж байгаа хэрэг. Ард түмний хайр ивээлээр тэжээгддэг урлагийнхны хувьд “дээдсийн” гэх тодотгол оновчгүй мэт санагдана. Гавьяатуудынхаа хийсэн бүтээснийг үгүйсгэх гээгүй ч сонсогчийнхоо хэтэвчин дэх мөнгөний хэмжээг бас бодолцож үзсэн бол.

Цөөхөн хүн амтай, дээрээс нь ядуу гэгддэг манайх шиг улс оронд дээдсийн дуучид төрсөн нь үнэндээ цагаа олсонгүй ээ.

“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр манай сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа “Манай хамтлагийг өдий олон жил Монголын ард түмэн тэжээлээ. Бидний хувьд энэ олон жил үерхэлдээ үнэнч байсан үзэгч, сонсогчдодоо баярлалаа. Бид чадах бүхнээ хийж, үргэлж та нартайгаа холбоотой байх болно. “Хурд” хамтлагийнхан ард түмэндээ өртэй” гэж байсан удаатай. Ийм бодолтой дуучид илүү олон болоосой.

1 Сэтгэгдэл
Neg shireend 10 laa suugaad 800 tulnu neg hunii 80 hamgiin hymdhan vip toglolt l edniih baisan
Хамгийн их уншсан