Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Манлай-Эрдэнэ: Говь-Алтайчууд ууж болох устай болсон нь хамгаас чухал!


Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Говь-Алтай” аймагт ажиллаж сайн малчин хийгээд тариаланчдын шагналыг гардуулсан. Говь -Алтайчууд ундны цэвэр устай болоод удаагүй байгаа.  Иймээс Л.Пүрэвсүрэн сайд  “Говь-Алтай аймгийн –Эрүүл ус” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр бид захирал П.Манлай-Эрдэнэтэй уулзаж цөөн хором ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.

“Говь-Алтайт аймгийн –Эрүүл ус” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраа танилцуулахгүй юу?
Манай үйлдвэр сая хоёр сарын эхээр ашиглалтад орлоо. Говь-Алтай аймгийн Алтай хотын 20,000 гаруй иргэдээ ундны эрүүл усаар хангах зорилготой үйлдвэр юм. Хүчин чадлын тухайд  цагт 5000 литр ус шүүх хүчин чадалтай таван ширхэг шүүлтүүртэй. Савалгааны хувьд цагт 300 торх  буюу зургаан куб метр ус савлах хүчин чадалтай. Үйлдвэр маань ашиглалтад ороод удаагүй ч зорьсон зорилгодоо хүрч чадаж байна.

Хичнээн төгрөгөөр боссон үйлдвэр вэ? Хөрөнгө мөнгийг хаанаас гаргав?
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьсан байгаа. Тэрбум 300 сая төгрөгөөр баригдсан үйлдвэр.  

Танай үйлдвэр усаа яаж гарган авч байна вэ?
Бид усаа 80 метрийн гүнээс ноцоссоор татаж гаргаж байна. Ингээд  таван төрлийн шүүлтүүрээр шүүгээд хоёр төрлийн ариутгалаар ариутгаад торхондоо савлаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага дээж авч шинжилээд ундны усанд хэрэглэж болно. Эрүүл мэндэд сөрөг муу нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа.

Үнийн хувьд ямар байгаа вэ?
20 литр буюу нэг торх ус нь 500 төгрөгийн үнэтэй худалдаалдагдаж байна.  Энэ бол хямд үнэ бөгөөд бид өөрсдийн өртөгнөөс доогуур үнээр зарж алдагдал хүлээхээр байгаа. Гэвч бид аймгийнхаа 20 мянган иргэний эрүүл мэндийг бодож , хэрэглээнд нь нэвтрүүлэхийн тулд л ажиллаж байна.

Хүчин чадлын тухайд?
Манайх өдөр 60 куб метр буюу 60 тонн ус үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор бүрэн хүчин чадлаараа хараахан ажиллаж чадахгүй байна. Ганц нэг нэмж хийх ажил бий, түүнийгээ хийж бүтээчихвэл хүчин чадлаараа ажиллах бүрэн боломжтой. Өдөрт бид 3000 торх ус борлуулах төлөвлөгөөтэй байна. Харин одоо бол өдөртөө 1000 гаруй торх ус борлуулж эхлээд байгаа. Манай усны хэрэгцээ бол өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байна. Хүмүүс өөрсдөө амсаж үзээд үнэхээр өөр юм байна гэж мэдэрч байна.

Танай үйлдвэр нээгдэхдээ усны саван дээрээ аймгийнхаа засаг даргын зураг байрлуулсан байсан. Энэ ер нь ямар учиртай сурталчилгаа байсан юм бэ?
Төсөл санаачлагч гэдэг үүднээс л бид зургийг тавьсан юм. Ер нь бол сурталчилгаа гэхээсээ илүүтэй Говь-Алтайчууд ундны цэвэр устай боллоо гэдэг байдлыг хараасай гэж би хүсч байна. Говь-Алтай аймагт амьдарч үзээгүй, ундны усыг нь ууж хэрэглэж үзээгүй хүмүүст л зураг харагдаад байгаа юм. Харин манай аймгийн иргэдэд бол ус нь илүү харагдаж байгаа. Сэтгүүлч та нартаа ч хэлэхэд Говь-Алтайчууд ууж болох  устай болсон нь хамгаас чухал юм шүү дээ.

Мэдээж ундны цэвэр устай боллоо гэдэг сайн хэрэг. Гэхдээ ийм асуудал дээр ч засаг ноёных нь пиар яваад байх юм гэсэн шүүмжлэл байгаа шүү дээ?
Манай аймгийн засаг дарга бол залуу хүн. Гэвч тэрбээр ихийг хийж бүтээж байгаа. Төсөл санаачилж, Говь-Алтайчуудын ундны ус, цаашид эрүүл мэндэд нь анхаарсан хүн бол яах аргагүй манай засаг дарга. Энэ утгаараа би зургийг нь тавьсан юм. Ер нь бол цаашид энэ зурагны оронд бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын реклам сурталчилгааг байрлуулж, өөрсдийн алдагдлыг нөхөж яагаад болохгүй гэж. Одоо бид аймгийнхаа Голомт, Хаан гээд банкуудтай хамтран ажиллаж, сурталчилгааг нь усныхаа саван дээр байрлуулах тухай ярьж байна. Айл бүрт хүрч байгаа учраас энэ бол маш сайн сурталчилгаа байх юм байна гэж бодож байна.

Алтайчууд өмнө нь хаанаас ундны усаа зөөж байсан юм бэ?
Өмнө нь манай иргэд аймгийн төвөөс 45 км явж Завхан голын мөснөөс авч ундны усандаа хэрэглэдэг байлаа. Гэхдээ хөгшид л голдуу ингэж хол явж мөс авч хэрэглэдэг байсан.  Харин одоо хөгшид гэлтгүй залуус ч эрүүл мэндээ хайрлаж, ууж болох цэвэр ус хэрэглэж эхэлж байна.

Говь-Алтайчуудтай уулзаж ярилцаж үзлээ. Ам сайтай байна. Ер нь Говь-Алтайчууд өмнө нь ямар ус ууж байсан юм бэ?
Манай Алтайчуудын ууж байсан усны хувьд хатуулаг нь байх ёстой хэмжээнээс тав дахин их, магни нь байх ёстой хэмжээнээс 10 дахин их байсан. Энэ ус нь Алтайчуудыг ходоод гэдэсний өвчнөөр өвчлүүлж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байсныг эмч, эмнэлгийн ажилчид ч хэлдэг юм. Харин өнөөдөр шинжилгээний хариугаар ундны усанд хэрэглэж болно гэсэн ус хэрэглэж байна.

Аймгийн төв рүүгээ яаж тээвэрлэж байна вэ?
12 тонны даацтай машинаар дөрөв удаа татах ёстой. Бидний гол  зардал тээврийн зардал юм. Дээр нь сав баглаа мөнгө зарцуулна. Чанрын шаардлага хангасан бөглөө л гэхэд нэг ширхэг нь 100 гаад төгрөгийн өртөгтэй. Ингээд бодохоор манай ус бол их хямд байгаа.

Дэлгүүрүүдээр тараах юм уу? Айлуудаар явж байна уу?
 Борлуулалтын гурван суваг сонгосон. Нэгдүгээрт аймгийн төвд баригдсан ус түгээх найман цэг бий. Барилгын  ажил нь хараахан дуусаагүй бөгөөд дөрвөн сараар жигдэрчихнэ. Дэлгүүрүүдэд түгээж өгнө.  Найман нэрийн бүх дэлгүүрт хүргэх гэхээр дэлгүүрүүдийн багтаамж их муу байна. Иймээс цөөхөн ширхэгээр авч байна.  Бид хаягаар хүргэж өгч байна. Ингэхдээ замын зардал, хүргэлтээ оруулаад 2500 төгрөгөөр тооцож байгаа.

Тодорхой тооны хүмүүсийг ажлын байраар хангажээ?
Манай үйлдвэрт 12 хүн ажиллаж байна. Яг өөрсдийн хүчин чадлаар ажиллавал 27 хүнийг ажлын байраар хангах боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан