Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн “Африк”


7.Term Loan Agreement (Урт Хугацааны Зээлийн Гэрээ)- Багц гэрээ
Дээр дурдсанчлан, тодор­хой нөхцөлүүдийг хангасны дараа “зөөлөн нөхцөлтэй” Term Loan буюу Урт Хугацааны Зээлийн мөнгөөр Бүтээн Байгуулалтын зээлийг эргэн төлөх замаар төслийн зээлийн анхны нөхцөлийг зөөллөдөг ба энэхүү зээлтэй холбоотой харилцааг Term Loan Agreement  буюу Урт Хугацааны Зээлийн Гэрээгээр зохицуулна.

“Оюу Толгой” дээр болж буй үйл явц, IFC-ийн “Оюу Толгой”-д хөрөнгө оруулалт хийх гэж бэлтгэл хангаж байгаа байдал, хөрөнгө оруулалтын дүн, анхны бүтээн байгуулалтын дүнтэй ойролцоо байгаа зэрэг нь бүтээн байгуулалтын зээлийн нөхцөлийг зөөллөх үйл ажиллагааны бэлтгэл хийгдэж байгааг харуулж байна. Энэ бол мөнгө дутагдаад дахин зээл аваад байгаа хэрэг бус юм.   
“Түнш” мөн үүнийг нэ­мэлт санхүүжилт хийж бай­на гэж заль зохион Бүтээн Байгуулалтын Зээлийг “хаал­гүйгээр” тус зээлийг ба­ланс дээрээ үлдээн (мэ­дээж балансын нөгөө талд зард­лаа өсгөж бичин) бид­нээр зээлийн дүнг давхар төлүүлж, төслийн ашгийг зохиом­лоор бууруулж мөн­гө “саах” бас нэг хэрэг­сэл зо­хион бүтээх санаатай байж болзошгүй.     

Энэхүү гэрээ бидэнд тодор­хойгүй байгаа нь “түнш”-д зээлийн хэм­жээ, хүүг зохиомолоор нэмэг­дүүлэх замаар төс­лийн ашгийг бууруулах мөн шинээр санхүүжилт хий­сэн мэтээр харагдуулж биднээр зээлийг хоёр дахин “төлүүлж” мөнгө “саах” бас нэгэн хэрэгсэл зохион бүтээх боломж олгож байна.
Мөн дээр яригдаад байгаа хоёр зээлийн гэрээ тодорхойгүй байгаа нь энэ хоёр зээлийн уялдаа, холбоог далдлан гэмт үйлдлээ нуух нөхцөлийг бүрдүүлж байна.
Урьдах зээлийн талаар ярихад дурдагдсан Дэлхийн Банкны Группийн салбар болох IFC, MIGA-ийн асуудлууд нь энэ санхүүжилтийн үе шатанд мөн адил гарч ирэхийг анхаарах хэрэгтэй.

8.Барьцааны гэрээнүүд (Collateral Agreements) – Багц гэрээ
Ярианы эхэнд дурд­санч­лан, гуравдагч санхүүгийн бай­гууллагууд төслийн зардлын ихэнх хувийг санхүүжүүлж, төслийн санхүүжилтийн хам­гийн их эрсдэлийг үүрсэнийхээ хариуд төсөл эзэмшигчдэд маш өндөр шаардлагуудыг тулгадаг. Тухайлбал, тухайн төслийн бүхий л өмч, өмчлөл, хөрөнгө, гэрээ хэлэлцээр, зөвшөөрөл, лиценз, эрхийг барьцаалдаг ба хэрэв тухайн төслийг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарвал зээлийн гэрээнд заасан журмын дагуу эдгээр өмч, өмчлөл, хөрөнгө, гэрээ хэлэлцээр, зөвшөөрөл, лиценз, эрх бүгд санхүүжүүлэгчдийн эзэмшилд шилжиж, зээлийн мөнгөө эргүүлэн авах бүх боломжийг бүрдүүлдэг.

Дээр дурдагдсан барьцаан дахь өмч, өмчлөл, эд хөрөнгө, гэрээ хэлэлцээр, зөвшөөрөл, лиценз, эрхийн шинж чанараас хамааран Personal Property Security Agreement буюу Хөдлөх Хөрөнгө Барьцаалах Гэрээ, Mortgage буюу Үл Хөдлөх Хөрөнгө Барьцаалах Гэрээ, Pledge of Ownership Interests буюу Төсөл Эзэмшигчдийн Эзэмшилийн Хувийг Барьцаалах Гэрээ зэргийг байгуулж, төслийн санхүүжилтийн барьцаатай холбоотой харилцааг зохи­цуулдаг.

Ингэж барьцаанд тавих­гүйгээр “түнш” дээр дурдсан зээлийн санхүүжилтийг олж авах ямар ч бололцоогүй ба бидний өмчийг (үндсэн хуулийн заалт 6.1: Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна; 6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.) биднээс зөвшөөрөл авалгүйгээр (би хувьдаа манай талтай байгуулсан гэх 4 гэрээнээс олж хараагүй) хулгайгаар барьцаанд тавьсан хэрэг.

Гуравдагч санхүүгийн байгууллагуудад “Монгол Улсад барьцааны харилцааг зохицуулдаг хууль байхгүй. Энэ харилцааг зохицуулж болох хууль тогтоомжийг энэ “ашиглалтын лиценз” орлоно гэж хууран мэхлэсэн байх магадлал өндөр. Гэтэл Монгол Улсын “Үндсэн Хууль”-ийн 6.2 “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” байгаа нь хэрэв энэ сэжиг үнэн бол манай хуулийг зөрчсөн болж таарч байна.  

Манай талтай байгуулсан гэрээнүүдэд “Оюу Толгой” ХХК-ний манай талын эзэмших хувийг барьцаалсан тухай үг, үсэг тусгагдаагүй байгаа нь энэ “Оюу Толгой” ХХК нь тэдний “санхүүгийн инженерчлэл”-ийн “ачаар” үнэн хэрэгтээ хуурамч, халхавч компани болсныг нэг талаар харуулж байна. (Үүнийг батлах өөр олон сэжмүүд байгааг энд дурдсангүй). 

Дээр энэ төрлийн санхүүжилтийг хийхэд ашиглагддаг зөвхөн зарим нэгэн гэрээнүүдийг дурдлаа. Үүнээс гадна олон гэрээ хийсэн байх магадлалтай. “Оюутан Толгой” шиг том төслийн хувьд дээр дурдагдсан гэрээ тус бүр нь магадгүй хэдэн мянга, зуу, арван гэрээнээс бүрдэх багц гэрээ байх магадлалтай. Аливаа нэг гэрээ биднээс далд, тодорхойгүй байгаа нь тэнд бидний ашиг сонирхол хөндөгдөж байгааг дээр бид харсан.

ДҮГНЭЛТ

Болоод өнгөрсөн явдлыг амьдралд ойр жишээн дээр тайлбарлах гэж оролдвол бичиг үсэгт тайлагдаагүй аав, “Осор оосор авав” гэдгийг дөнгөж үсэглэж, 10-ын дотор тоог нэмж, хасах төдий байгаа хүүдээ найдан насаараа өсгөсөн хэдэн малаа мөнгө болгохоор  явуулсан дайны л юм болоод байгаа юм уу даа. Харьцуулж байгаа жишээ маань танд нэлээн болхи, баахан амьдралгүй сонсогдож байгаа байх, хийсэн зүйл нь ийм л жишээтэй дүйгээд байгаа учир би яалтай ч билээ. 

Үр дүн маш тодорхой, Монгол Улс “Оюу Толгой” ХХК гэгч “тоглоом”-ын компаний 34 хувийн эзэмшигч болоод хоцорч байна. Энэ хэвээрээ үргэлжилвэл “тоглоом”-ын компаний хувь эзэмшигч Монгол Улс “Оюу Толгой” ХХК гэх халхавчтай “үл үзэгдэгч” төслийн компаний зувчуулж, зувчуулаад үлдсэн мөнгөний (мэдээж хэрэг үлдвэл, гэхдээ бас юу ч үлдэж болохыг бодолцох хэрэгтэй байх: өр төлбөр, бусад элдэв хариуцлага гээд юу ч байж болно, хорвоо баян шүү дээ) 34 хувийг “авах” юм. Дээрх гэрээ болон гэрээний багц тус бүр мөнгө хөрөнгийн зарцуулалт эсвэл орлоготой холбогдож байгааг та анзаарсан байх. Уул нь компаний хувь эзэмшигч өмч эзэмшлийн 34 хувь, менежментийн саналын эрхийн 34 хувь, бас ашгийн мөн тийм хувийг хүртэх эрхтэй баймаарсан. Миний дээр хэлээд “бид ОТ-гоо тавиад туучихаж гээд байгаа”-н бас нэг шалтгаан энэ шүү дээ.  

Энэ “Оюу толгой”-н эргэн тойронд буман булхай, түмэн нугалаа байгаагийн зарим тоймтой нэгнээс дурдвал иймэрхүү байна. Эхийнхээ сүүнээс гараагүй шахуу хэд хүний ийм юм хийсний буруу гэж юу байхав дээ. Бичиг үсэг үзээгүй хүнээр роман бичүүлнэ гэж мугуйдлавал зөв үү. 10-ын дотор тоо боддог хүнээр интеграл, дифференциал бодлого бодуулах гэж муйхарлах нь зөв үү. Дээр хэлсэнчлэн санхүүгийн иймэрхүү үйл ажилллагаа үүсч хөгжөөд 400 гаруй жил болсон байна шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд хэдэн мянган Баяр, Баярцогт, Зоригт, Гансүхтэнгүүдийн алдаа оноон дээр сургамж авч бүхэл бүтэн салбар шинжлэх ухаан, мэдлэгийн тогтолцоо бүрэлдэн тогтож, хэдэн мянган ном, шинжилгээний бүтээлүүд туурвигдсан байх юм.
Энэ их мэдлэгийн сангаас ядаж нэг ном уншаагүй, уншиж чадах ч үгүй (гадаадад сурсан гэх манайханы 70-80 хувь нь сурах бичгээ ч уншиж чадахгүй ирдэг нь бодит үнэн юм) эдгээр эрхэмүүдээс бид өөр юу ч хүлээх билээ дээ. Тэдний ард бүхэл бүтэн Засгийн газар, яам тамгын газар, тэдний элдэв сэтэртэй, сэтэргүй хүмүүс байгааг бас мартаж болохгүй. Энэ байдал зөвхөн тэднээр зогсохгүй ээ. Монгол Улсын үнэн дүр төрхийг л харуулаад байгаа хэрэг. Энэ бол зөвхөн тэр хэдийн зовлон биш нийт Монголын зовлон. Бид бичиг үсэгт тайлагдаагүй хэрнээ эрдэмтэн болж, хүнтэй хоёр үг эвтэйхэн сольж чадахгүй хэрнээ их улстөрчийн дүрд тоглож, байгаагийн хар гай.   
Бид үнэндээ хулгайд юмаа алдчихаад хулгайчийн талаар хазгай үг хэлж чадахгүй сууж байна шүү дээ. Тэд бидний хөрөнгөөр хэвлэл мэдээллийнхнийг худалдаад авчихсан. Бидний хэлж ярьж байгаа болгоныг өөртөө ашигтайгаар гуйвуулуулаад олон улсад цацаж, хэлмэгдсэн, дээрэмдүүлсэн хүний дүрд хувирч байгаа юм. Түүгээр ч зогсохгүй “хулгай хийлгэхгүй” бол танайд нэг ч доллар оруулахгүй (биднийг олон улсын түвшинд системтэйгээр гүтгэж гүжирдээд) гээд сууж байна шүү дээ. Манай зарим толгой нь эргэсэн эвэртэн туурайтнууд тэднийг даган баясаж байгаа нь бодит үнэн билээ.
 Оюу Толгойг өнөөгийн ханшаар 500 тэрбум ам.доллар болно гэдэг тооцоо бий. Энэ бол Монгол Улсад төдийгүй дэлхийд алт, зэсийн нөөцөөрөө томоохонд тооцогдох төслүүдийн нэг юм. Тус ордын дагалдах металлуудыг нь зэсэнд дүйцүүлсэн 0,3%-ийн зэсийн эквивалент захын агуулгаар тооцож үзвэл 45.032 сая тонн зэс, 1.838 тонн алт агуулсан нийт 6.451.5 сая тонн хүдрийн нөөцтэй гэж 2009 оны долдугаар сарын 1-нд Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцэж улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэн авсан. Тэгэхээр ийм баялгаа   тавьж туучихаад “гайхамшиг”-ийг бүтээлээ гээд яаж хэлж  чадаж байна аа. Ингэж улс орноороо дэнчин тавин  хийрхэгчдийн үйлдэл бүрийг олон нийтэд ил тод дэлгэж салхи оруулан, олноороо хэлэлцдэг, бусдын үгийг сонсдог, хүндэлдэг, олон санаа оноог хүлээн зөвшөөрч чаддаг сэтгэлгээг орон даяар бий болговол жинхэнэ сэтгэлгээний ХУВЬСГАЛ тэр болох бус уу.
Одоо ийм “гавьяа” байгуулсан үл мэдэх “ИХ МЭДЭГЧИД”-д Оюу толгойн далд уурхайн төсөл, Гацуурт, Таван толгойг зөв явуулж чадах уу. Ийм хүмүүсийн хийж байгаа зүйлийг нийтэд ил тод болгох ёстой. Эдний хийж буй зүйлийг улсын нууц гэж, буруу үйлдлийг нь ажил хийлээ гэж  өргөмжлөх нь нөхөж баршгүй хохирол авчирна. Тэдний хийсэн зүйлсийг алхам тутамд нь бүх нийтэд ил тод болгох нь учирч  болзошгүй хохирлыг бууруулах, арилгах НЭГ гарц юм.   
        
Л.Сансараа
/Lsansara@yahoo.com/

0 Сэтгэгдэл
Ene niitleluud nadad mash ih taalagdlaa.Oyu tolgoin unen bodit baidliiig mergejliin undur tuvshind bodoj bolovsruulj dugnelt hiisen bna.Manai ard tumen ene ih baylagaa hulgaid aldchaad zugeer l haraad suuhuu bodoh heregtei shuu!
Хамгийн их уншсан