Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн хүндрэлийг давах хамгийн дөт зам нь эхний ээлжинд Оюутолгой


Бараг хоёр сарын өмнө УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах Засгийн газрын төлөвлөгөөг батал­сан. Ингэхдээ Засгийн газарт энэ төлөвлөгөөнийхөө үг үйлдэл бүрийг задалж, яг хэзээ юу хийх тухайгаа нарийвчлан гаргаарай гэж үүрэг болгосон юм. Харин Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь уржигдар болсон Засгийн хуралдааны үеэр нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, батлуулжээ. Үүнд нь, Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх урт, дунд болон богино хугацааны хөтөлбөрүүд багтаж. Гэхдээ ямар ч хугацаа заасан бай хөтөлбөрийн үр дүн бүгд 2016 оны сүүлийн хагас жилд л үр дүнгээ өгөхөөр бичигдсэн байгаа юм. Тухайлбал, зогсонги байдалд орсон Оюутолгой, Тавантолгой гэсэн төслүүдийг ойрын гурван сарын дотор хөдөлгөөнд оруулж, үр шимийг 2016 оноос эхлэн хүртэх нь монголчуудын хувьд нэн түрүүнд шийдэх ёстой асуудал болж. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг дэмжих богино хугацаанд үр дүнд хүрэх хамгийн боломжит хувилбар гэж Засгийн газар үзэж байгаа юм. Ингэхдээ, далд уурхайн болон хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг энэ ондоо багтаан дуусгаж, ирэх оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр тооцоолоод байна.

Юутай ч, эхний ээлжид Оюутолгойн асуудлыг цэгцэлж, олон улсын санхүүгийн байгууллагаас хөрөнгө босгож чадвал Засгийн газар амьсгаа авахтайгаа болж дунд болон урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Тэд энэ хувилбарыг сонгохын тулд иргэдээс санал асуулга авахаас гадна, Засгийн газрын гишүүд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, яам, агентлагууд, хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон Төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг нэгтгэн тусгаж гаргасан юм. Харин даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар үүнийг хэлэлцэн эдийн засгийн хүндрэлээс гарахад зайлшгүй авах ёстой гэж үзсэн 592 санал байсныг давхардсан болон агуулгын хувьд адил гэж үзсэн саналуудыг хассанаар 220 саналыг батлаад байна.

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна

Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сайжруулах нь эдийн засгийн хүндрэлийг даван гарах чухал бодлогуудын нэг. Гэхдээ хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин тогтворгүй байдгаас дээрх асуудлыг нэг тийш шийдвэрлэхэд багагүй маргаан гардаг юм. Тэгвэл Шийдлийн Засгийн газар хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгахад анхаарч, бизнест ээлтэй орчин бүрдүүлнэ гэж үзжээ. Үүнээс гадна, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулсан этгээдүүдийн тухайн сангийн үйл ажиллагааны үр дүнгээс авах ногдол ашгийн татварт 3-5 жилийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг сөхөж, боломжтой бол шийдвэрлэх, уул уурхайн капитал малталтуудын элэгдлийн шимтгэлийг олборлосон нөөцтэй уялдуулах зэргээр татвар, шимтгэлийн дарамтыг багасгах бодлого баримтлах юм байна. Харин дараагийн Засгийн газар гарахад дээрх бодлого нь өөрчлөгддөг, тогтвортой бус гэдэг шүүмжлэлийг гэрчилгээ олгох замаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч талд гэрчилгээ олгож, түүн дээрээ авах татварынхаа хэмжээг тусгаж өгөх юм байна. Мөн НҮБ-ын Худалдаа хөгжлийн Бага хурал буюу UNCTAD-ын гаргасан Монгол Улсын хөрөнгө оруулалтын талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Дээрх байгууллага нь манай улсын хөрөнгө оруулалтын бодлоготой танилцдаг бөгөөд үүнд нь үндэслэн цаашид ямар арга хэмжээ авах ёстой талаар зөвлөмж гаргаж өгдөг юм. Өнөөдрийн байдлаар манай улс 43 улстай байгуулсан хоёр талт хөрөнгө оруулалтын хэлэлцээртэй бөгөөд ирэх хоёр жилийн хугацаанд зарим улстай хийсэн хэлэлцээрээ шинэчлэх аж.

10 тонн алт олборлоно

Гацууртын орд нь ойн сан бүхий газарт байрлалтай, “Урт нэртэй” хуулиар хамгаалагдсан онцгой бүс байсан. Харин өнгөрсөн битүүний өдөр УИХ хуралдаж, “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулснаар Гацуурт ордоос гадна, хуулиар хамгаалагдаж байсан зарим бүст олборлолт явуулах боломжтой болсон байдаг. Хэдийгээр тус хуульд өөрчлөлт оруулснаар гол ус сүйдэхгүй харин ч хамгаалалт нь илүү сайжирлаа гэж Уул уурхайн яамнаас мэдэгдэж байсан ч тийм биш гэдгийг Засгийн газрын тогтоол баталлаа. Юу гэвэл, Засгийн газар “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, алтны тодорхой ордуудыг ашиглах гарцыг эдийн засагт тустай гэж үзлээ. Тухайлбал, “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулснаар олборлолт явуулах боломжтой болсон байршлуудад олборлолт явуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдээс үйл ажиллагаа явуулах өргөдлийг хүлээн авч эхэлсэн байна. Үүнээс гадна, алтны уурхайнуудын нөөцийн тодотгол, техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол, байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө, санхүүжилтийн нөхцөл, шаард­лагыг хангасан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг судалж, шийдвэрлэх замаар энэ оны сүүл гэхэд таван тонн алт олборлох, ирэх жил 10 тонн алт олборлох босго тогтоожээ.    

Татварын бодлогоор эдийн засгийг дэмжинэ

Бага орлоготой иргэд, жижиг, дунд үйлдвэрийн татварын хувь хэмжээг бууруулах замаар дэмжлэг үзүүлэх мөн татварыг энгийн ойлгомжтой болгон олон улсын жишигт нийцсэн шинэчлэл хийх замаар эдийн засгийг дэмжиж болно гэж Засгийн газар үзлээ. Дээрх асуудлыг Сангийн яам хариуцаж байгаа бөгөөд жижиг, дунд хэмжээний ажил үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэнд тогтмол татвар ногдуулах замаар дэмжлэг үзүүлэхээр холбогдох хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль зэргийг Засгийн газрын хуралдаанаар батлуулаад байгаа юм.

Харин эдийн засгийн хүндрэлийн нийгмийн эмзэг хэсэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар үндсэн найман ажлыг зохион байгуулах аж. Тухайлбал, төрөөс нийгмийн халамж хэлбэрээр гарч байгаа зардлыг хуримтлалын даатгалын үйлчилгээ хэлбэрээр гаргах боломж байгаа эсэхийг энэ оны сүүл гэхэд эцэслэн тогтоож ажил хэрэг болгохоор болсон байна. Харин хөтөлбөр нь боловсруулагдаад байгаа түрээсийн орон сууц хөтөлбөрийг ирэх ондоо хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна. Энэ нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур буюу моргейжийн зээлд хамрагдаж чадахгүй иргэдийг түрээсийн орон сууцанд оруулж, тодорхой хугацааны дараа хуримтлалтай болохоороо моргейжийн зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх агуулгатай. Гэхдээ “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сантай зээлийн хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллах боломж нь  ирэх оны сүүлээр бүрдэнэ гэж үзсэн учраас Шийдлийн Засгийн газрын үед дээрх хөтөлбөр хэрэгжих боломж хомс байгаа юм.

0 Сэтгэгдэл
Оюутолгой биш дээ хө. Амархан сонсогдож байвч цаг нь биш. Их яарвал хамтрагчынхаа аманд л улам орох болно. Харин Концес бол гарц, амьсгал авах боломж гэж бодож байна.
Хамгийн их уншсан