Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Боролдой: Англи хэл сурахгүй яав даа гэж амаа барих жүжигчид цөөнгүй байна

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Мини” гэх тодотголтой ч дэлхий нийт хүлээн зөвшөөрч “Аугаа” хэмээн үнэлсэн абсурд жүжгүүдийг дэглэн тавьж, Монголын театрын хөрсөнд буулгаж буй “Блайк бокс” театрын найруулагч М.Боролдойтой театрынх нь тухай ярилцлаа.

-Таны хувьд театрынхаа тухай ярьж байсан удаа цөөн. Тиймээс энэ тухай болоод удахгүй болох “Гэгээн муза” наадмын тухай хөөрөлдье үү гэж бодсон юм?
-“Блайк бокс” Монголын хамгийн анхны хувийн, гэр бүлийн театр. Гэрийнхэн маань ч бүгд урлагийн хүмүүс, анх үүсгэн байгуулсан хүн нь аав маань. Харин дууны инженер, тайзны зураач гээд энэ бүгдийг хийж театраа авч явах гэж хичээж яваа хүн нь би.

-Жиргээнээс олж уншсан юм. Хамрын хийдэд гараа алдалж зогсоод авч болох энергийг театраас авч болно гэж. Нэг талаар үнэн. Хэрвээ санал нийлж байвал танай театр ямар энерги авч болох газар вэ?
-Манайхаас янз бүрийн энерги авч болно. Театр болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Онцлог нь юундаа байдаг вэ гэхээр нэг жүжиг тавигдах хоёр цаг хүрэхгүй богино хугацаанд үзэгчдэд тодорхой мэдрэмж өгч байдаг. Мэдээж энэ мэдрэмж бүр нь өөр. Зарим нь инээлгэж, уйлуулж магадгүй бухимдуулах нь ч бий. Гэтэл хуучин дурсамж, дурдатгал, хайр дурлалыг нь сэргээж өгөх нь ч байна. Ер нь театр үзэгчийг гадаад ертөнц, өнөөдөр болж буй элдэв үйл явдал, нийгмийн стрессээс хэсэг хугацаанд ч болов чөлөөлдөг. Зарим нь хүнийг ингэж үзэн ядах хэрэгтэй ч юм уу гэсэн бодол өвөрлөөд гарч байгаа. Харин манай театрын хувьд абсурд гэдэг чиглэлээр хүний амьдралын чиг хандлага, хүн төрөлхтөн юу хийж бүтээсэн юм, ер нь юу хийж бүтээх гээд байгаа юм, юуны төлөө амьдрах ёстой, амьдралын утга учир, нууц нь юунд байдаг юм гэсэн асуултуудад бага ч болов хариулт өгөхийн тулд үзэгчдэд өөрийг нь өөрт нь харуулдаг. Энэ ч утгаараа театр бол өөрөө өөрийгөө тольдох толь юм.

-Миний ойлгодгоор абсурд жүжгүүд юмыг яг байгаагаар нь, эрээ цээргүй дэлгэж харуулдаг болохоор зарим хүн театрт ирэхээс эмээдэг байх. Үнэнтэй нүүр тулахаас айдаг байх?
-Яг ч тийм биш л дээ, болж буй үйл явцыг эрээ цээргүй харуулж байгаа мэт боловч өөр өнцгөөс харуулдаг, гаднаас. Яагаад гэвэл бид өөрсдөө энэ эрээ цээргүй байдлын нэг жижигхэн элемэнт, эд эс. Үүнийг бүр гаднаас, том зургаар харна гэж ярьдаг. Нэг ёсны дотор нь буй хайрцгаа гаднаас, дээрээс нь харах боломж олгодог хэрэг.

-Товчхондоо нүдээ нээх боломж олгодог гэж болохоор?
-Тийм, нүдээ нээ, жүжиг үз. Үүлэн дээр хөвж яваа бол өнд­рөөс унаж үз, өвдөлт мэ­дэрч, бодит байдалтай нүүр тул.

-Манай үзэгчид сэтгэлгээний хувьд их ядуурсан, гижигдхээс нааш инээхээ больсон гэж аав тань нэг удаа хэлж байсан. Мэдээж та аавтайгаа санал нийлэх байх. Гэтэл “Блайк бокс” театрт тавигдаж буй абсурд гэх жүжгүүд аль 1920-иод онд Европын зарим оронд тавигдаж байсан шүү дээ. Тэгэхээр манай нийгэм хоцроод байна уу эсвэл театр, үзэгчид хоцроод байна уу?
-Үнэндээ аль аль нь хоцрогдолтой байгаа. Өөрөөр хэлбэл, стандарт, хуучны суурь үзлээс манайхан салаагүй байгаа. Салахгүй л дээ, салгаж ер нь болохгүй. Энэ бол байх ёстой суурь. Гэхдээ үүнээс цааш таван алхам явах ёстой байтал манайхан эхний нэг алхам хийгээд, хоёр дахь алхам хийх гэж үзээд л байгаа юм. Бидний хувьд нэг алхам ч болтугай урагшлуулах болов уу гэж боддог, хичээдэг. Яагаад гэхээр абсурд жүжиг маань 1920-иод оноос Англи, Францад үүсч эхэлсэн зүйл. Харин тэр үед Монголд юу болж байсан юм.

-Хөдсөн дээлтэй хувьсгал хийж явсан?
-Тэгэлгүй яахав, морьноосоо ч бууж үзээгүй явсан. Тэгэхээр цаг үеэ буруутгах аргагүй байгаа биз. Дараа нь коммунизм орж ирсэн. Улаан тугаа намируулаад давхиж явахад станиславскийг яс маханд нь суулгаж өгсөн. Гэтэл энэ хуучин үзэл суртлаасаа салж чадаагүй байтал ардчилал гарч ирсэн. Нийгэм юу юугүй хувьсан өөрчлөгдөхтэй зэрэг хүмүүс хаашаа харахаа мэдэхээ байсан. Ядаж байхад мэдээллийн эрин зуунтай нүүр тулсан ч мэдээллээ авч чадахгүй байсан.

-Мэдээллийн зөв бурууг ч ялгаж салгаж чадахгүй байсан. Одоо ч хэвээрээ гэж боддог?
-Тийм, бид Оросыг дагаж ура ура гээд л гүйдэг байсан. Сургалт нь ч Оросоосоо салаагүй. Хуучин Жордан пүүз гоё гээд л хөлтэй болгон угладаг байлаа л даа. Одоо бүлэг бүлгээрээ өөр өөр урсгалууд бий болгосон, өөр өөр пүүз өмсч, өөр сонголт өөр сонирхол, өөр мэдээллийн эх сурвалжтай, өөр зүйл таашаадаг болж. Энэ байдал Монголд үнэхээр хурдтай хөгжиж байна. Дагаад театрын урлаг ч өөр өөрөөр хөгжих ёстой. Тэгэж байж нийгмийнхээ сигментүүдэд мэдээлэл өгч, тэдний алжаалыг тайлж байх ёстой. Тэгэхгүй бол хүн дотроо бухимдалтай л явна шүү дээ. Жишээ нь, рокеруудад нийгэм ерөнхийдөө жаахан дургүй, тийм үү. Гэвч рокерууд бол яг өөрсдийнхөөрөө л байгаа хүмүүс шүү дээ. Рок сэдэв, тавилттай жүжиг тоглоход ирж үзнэ. Үзэгч, сигмент нь байгаа биз. Тиймээс байгаа сигментүүдэд зориулагдсан зүйл байх л ёстой.

-Тэгвэл танай театрын үзэгч хэр байна. Таны ярьж буй сигмент байна уу. Массын хувьд авч үзвэл?
-Яахав, масстай харьцуулахад жижиг сигмент байна л даа. Гэхдээ, бидэнд харамсах юм байхгүй. Яагаад гэвэл 1990-ээд оноос хойш монголчуудын тархи урлаг тал дээр алжаалаа тайлах тухайд их муу болсон. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олигтой кино ч сонгон үзэж чадахаа байж. Сайн кино хийгдээд, театруудаар гарч байхад түүнийг нь үздэггүй. Гэртээ, дэрээ тэвэрчихээд л сериалаа үзээд суудаг.
Манай театрын хувьд үйл ажиллагаа явуулаад хоёр жил гаруй болж байна л даа. Анхны тоглолтуудаа тавихад яг зорьж ирж үзсэн арваад л хүн байсан.

-Нисванисын тоглолт шиг?
-Тийм, Нисванисын тоглолт шиг л үнэхээр дурлаж, хүсч хүлээж байж ирсэн хэдхэн хүн байсан. Харин одоо үзэгчдийн тоо өссөн. Тэр бүү хэл бид сүүлд туршилт хийгээд алдсан зүйл гэвэл заалаа хэт дүүргэж тоглосон. Хэт их хүн оруулж үзэгчдээ гомдоосон тал бий. Одоо бол зорьж ирдэг үзэгч 100-140 хавьцаа байна.

-Аавыг тань зарим хэвлэлүүдээр “Боролдой” Мягмар гээд л янз бүрээр бичдэг?
-Сайн ч бий, муу нь ч бий.

-Тийм, муу нь юутай хутгалдаад байдаг вэ гэхээр нам, улстөрчийн пиарчин гэдэг. Гэвч миний зүгээс зөвтгөх нэг шалтгаан нь зах зээлийн нийгэмд театр байгуулна гэдэг эрсдэл, эр зориг биз. Би үүнийг л их таашаадаг юм. Анх театр байгуулах болсон нь юунаас үүдсэн юм бол?
-Ер нь бол мөрөөдөл, жижигхээн мөрөөдөл байсан юм билээ. “Секрэт” буюу нууц гээд ном байдаг даа. Тэр номонд бичсэнээр ханандаа жижигхэн зураг наачих гэж байгаа юм. Түүнийгээ 20 жилийн дараа эргээд хар. Хүссэн тэр зүйлдээ хүрч үү үгүй юу. Яг үүн шиг 1990-ээд оноос хойш театр театр л гээд байдаг байсан. Аавыг 1980 оны үед театрт ажиллаж байхад тухайн үеийн мундаг найруулагч нар энэ абсурдыг тавих гэж үзсэн. Гэвч бүтэлгүйтсэн, намаас хааж боодог байсан. Улс төртэй зөрчилддөг. Гэтэл ид хийж бүтээхийн оргил үедээ үзэгчдэд цоо шинэ зүйл хүргэж, нүдийг нь нээхийг хүсдэг байсан.

-Энэ л аавын тань мөрөөдөл, театр байгуулах сэдэл байжээ дээ?
-Бүх найруулагчийн мөрөөдөл байсан. Драмын театрт байгаа найруулгачдын мөрөөдөл, өмнө найруулагч байгаад больсон тэр бүү хэл тэнгэрт хальсан хүмүүсийн ч мөрөөдөл. Монголд амьдарч чадахаа болиод явсан найруулагч нарын ч мөрөөдөл байсан. Яагаад гэхээр энэ нь өөрсдийнх нь дотоод сэтгэлийн илэрхийлэл байсан юм. Тийм ч учраас дотроосоо бүтээл болгон гаргах гэж үздэг. Магадгүй архи уухын оронд абсурд жүжиг тавьж нэг уужрах байсан биз.
-Жүжгээ тавимаар байдаг хааж боогоод байвал архи л ууна биз?
-Тийм, ер нь их олон найруулагчтай ярьж байсан. Хуучин цагт ийм л байсан. Хүсэл мөрөөдлийг нь хааж цагддаг.

-Танай театрынхан сонгомол жүжиг гэж ярьдаг. Сонгодог сонгомол хоёрын ялгаа юунд байдаг юм бэ?
-Сонгодог гэж Шекспир ч юм уу одоо хэн байдаг юм. Бүр хуучнаасаа хүмүүс дунд дэлгэрчихсэн, мэддэг болчихсон, хэдэн мянган удаа, өчнөөн төрөл, найруулгаар тавигдчихсан тэр жүжгүүдийг хэлж байгаа юм.

-Нэг ёсны улиг болчихсон?
-Нэг талаар тийм, гэхдээ улиг болгож болохгүй. Тоглох болгонд өөрөөр тавьдаг. Жүжиг болгон өөр байдаг. Тиймдээ ч сонгодог сонгодгоороо үлддэг. Харин сонгомол гэдэг нь XX зуунаас хүчээ авсан, сонгогдож эхэлсэн, сайн дэлгэрээгүй хэр нь маш сайн гэдэг үнэлэмж авсан бүтээлүүд юм.

-Танайх театраа мини гэж тодорхойлдог. Мини театрыг сонгодог урлагийн тэр дундаа театрынхан хэрхэн хүлээж авав?
-Яахав, тодорхой хэмжээний цочрол өгсөн байх. Хэрэв тэр хүмүүст цочрол өгч нээрээ л өөрөөр харж өөр юм руу орох цаг нь болсон юм байна гэж хүлээн зөвшөөрч чадвал бидний зорилго биелэх нь тэр. Урлагт өрсөлдөгч гэж байх ёсгүй. Манайхан л өрсөлдөөд байдгаас урлагт өрсөлдөөн гэж байхгүй. Болж өгвөл бие биенээ дэмжих ёстой, ялангуяа ийм жижигхэн улсад. Гуравхан сая хүнээс хэд нь жүжигчин юм, 100-гаад мянга нь сургууль төгссөн. Түүнээс хэд нь яг тайзан дээр гарч байгаа юм. Цөөхөн шүү. Тэгэхээр энэ хүмүүс харилцан биенээ дэмжиж илүү сайн, өөр бүтээл хэрхэн хийх вэ, цаашид хэрхэн ахиж дэвших вэ гэдэг талаас нь л ажиллах ёстой. Бидний зүгээс ч үүнд нөлөөлсөн. Хийж байгаа зүйлээ эргэж харсан, арай өөр болоод байгаа. Үүнд би баяртай байна.

-Санал нэг байна. Яагаад гэвэл театрууд моно драм гэж их ярьж, тоглох боллоо?
-Моно драмыг бид эхлүүлсэн юм биш. Гэхдээ аль болох өргөн дэлгэр байлгахын тулд хувь нэмэр оруулж байгаа. Ийм жижигхэн улсад бага зардлаар жүжиг тавина гэдэг хүнд. Моно жүжиг юун дээр тогтдог вэ гэхээр жүжигчин дээр. Тухайн жүжигчин өөрийн авьяас, чадварыг дээшлүүлэхийн тулд ажилладаг. Одоо моно жүжигт тоглосон жүжигчид ямар ч байсан ганц хоёр алхам илүү ахисан байгаа. Ганцаараа тайзан дээр хэрхэн ажиллаж байна, яаж үзэгчдийг өөртөө татаж, барьж чадаж байна гээд жүжигчнээс маш их зүйл шаардана. Ер нь, моно жүжиг өөрийгөө жүжигчин гэх хүмүүсээс авдаг маш том шалгалт.

-Манай жүжигчид хэр байна, шалгалтад ямар дүн авах юм?
-Ер нь манай жүжигчид сайн, жигд. Тэр дундаа залуу жүжигчид магтууштай байгаа. Яагаад гэхээр суурь маш сайн тавигддаг. Гэхдээ нэг сул талтай, орчин үеийн жүжгийг ерөөсөө судалдаггүй.

-Уншдаггүй гэсэн үг үү?
-Үгүй, багш нар нь өгдөггүй. Нэг ёсны танхимаар энэ талын мэдлэг, мэдээлэл өгдөггүй. Яахав, шинэ залуу багш нар гарч ирж байна, өөрсдийн сурч мэдсэн орчин үеийн урлагийн төрлүүдийг зааж сургаж байна. Энэ талаараа сүүлийн үеийн оюутнууд азтай. Өмнө төгссөн, тодорхой хэмжээний нэр алдартай жүжигчид бол чадвартай ч амьдрал хөөгөөд уран бүтээлээ жаахан хазгайдуулах талын юм анзаарагдаж байгаа. Жишээ нь, манай талийгч арзгар царайтай нөхөр, маш чадвартай жүжигчин. Эхлээд мөнгө хөөж явж байгаад “За, энэ миний амьдрал биш юм байна, би уран бүтээлдээ эргэж орох ёстой юм байна” гэж ойлгосон. Тиймдээ ч дөрвөн жилийн өмнөөс яг уран бүтээл тал руугаа явж эхэлсэн. Жишээ нь, “Хоёр ертөнцийн буудал” гэх жүжгээр үнэндээ өөрийгөө харуулж, нотолсон. Энэ мэт тэдний үеийнхэн, дээд үеийнхэн гээд мундаг чадвартай жүжигчид бий. Театраас салж, ойр зуурхан кино шийнд тоглох нь ч байна. Мэдээж амьдралын эрхээр энэ бол байх зүйл. Тэр хүмүүс талхаа идэх ёстой биз. Уурхай ухаж чадахгүй шүү дээ.

-Миний хувьд өмнөөс нь заримдаа харамсах тохиолдол байдаг шүү. “Ээ чи минь яаж яваад ийм юманд тоглочихов доо” гээд л..?
-Байна аа, ийм тохиол­дол мундаг мундаг Холливу­дынханд ч байдаг. Үнэхээр шүтэн биширч, дүр бүрийг нь үздэг агуу амьтан жижигхэн сериалд орчихсон л явдаг. Үүнийг нэр хүндтэй нь холбож үзэх буруу. Яахав, шинэ экспермент хийж буй эсвэл зүгээр л амьдралын эрхээр хийж буй алхам.

-Энд ярих ёстой зүйл бол “Гэгээн муза”. Энэ жилээс олон улсын наадам болж цар хүрээгээ тэлж байна. Гадны зохиолч, найруулагч, жүжигчид манайд биечлэн ирж эл наадамд оролцоно. Танай театрын хувьд “Гэгээн муза”-г хэрхэн харж, дүгнэдэг вэ?
-Мэдээж хэрэг улс болгон өөрийн гэсэн фестивальтай.  Янз янзын фесвивальд оролцож үзлээ л дээ. Кино гэвэл Канын фестиваль, NC-ийн хүүхэлдэйн киноны фестивальд орж байлаа. Япон, Англи руу ч явсан. Ер нь, анзаараад байхад улс бүрд фестиваль байгаа нь театрын урлагийг хөгжүүлэх нэг хэлбэр юм. Үүнийг хийж, хөгжүүлэхээр эрмэлзэж байна гэдэг талаасаа “Гэгээн муза” академи мундаг, том ажил хийж байгаа. Үүний төлөө жил бүр тодорхой ажил зохион байгуулж түүнийгээ өргөжүүлж байгаа нь магтууштай. Яахав, анхандаа ямар байсныг би мэдэхгүй ч янз бүрийн л юм ярих юм билээ. Гэхдээ том зургаар нь хараад байхад Монголыг дэлхийн театрын ертөнцөд танилцуулах маш том боломж. Мэдээж сайн, муу тал бий. Тэр болгоныг тоочвол хоёулаа өдөржин сууна. Ерөнхийд нь харахад олон улсын гэх статустай болж байгаа нь их том завшаан юм.

-“Гэгээн муза”-г тойр­сон элдэв яриа байдаг. Энэ тухайд?
-Мэдээж зарим нь “Би гэгээн муза авч чадаагүй” гэж ирээд уур нь хүрч байх жишээтэй. Тэр бол ялагдаж сураагүй хүний л зан. Ялагдаж сурсан хүмүүс яадаг вэ гэхээр “За яахав, дараа жил гэж байна. Ялагдлаа гэхэд би энэ дундаас юу олж авав” гэж хардаг. Энэ жил ч мөн ялгаагүй, нэг нь ялна нөгөө нь ялагдана. Харин би юун дээр алдав, яагаад алдав, хэнтэй өрсөлдөв гэдгээ харах хэрэгтэй. Тэгээд дараа жил яаж ажиллах ёстой юм, алдаагаа яаж засч болох уу гэдэг дээр ажиллана. Түрүү жил ч ийм юм болсон, энэ жил ч болно.

-Энэ жилийн “Гэгээн муза”-д хоёр хүн нэр дэвшсэн гэсэн?
-Энэ жил хоёр жүжигчин нэр дэвшиж байна. Баасанжаргал маань “Ялаа” жүжгээр, Оюунзул нь “Хүний дуу хоолой”  жүжгээр дэвш­сэн. Түрүү жил дэвшсэн уран бүтээлчид маань энэ хоёр­тойгоо өрсөлдөөд яахав гээд уран бүтээл хийгээгүй. Гэхдээ халаас хоосонгүй, юм бий.

-Ам нээвэл уушги нээ гэж магадгүй миний асуугаагүй, нэмж хэлэхээр зүйл байгаа болов уу?
-Нэмж хэлэхэд, Монголын жүжигчид, уран бүтээлчид бие биетэйгээ өрсөлдөх биш хүч хавсарч ажиллавал илүү дээр юм болов уу. Түрүү жилийн Марко пологийн монгол сонгон шалгаруулалтыг би хийсэн. Энэ ажлыг барьж аваад сууж байхад манай жүжигчид англи хэл үнэхээр тааруу нь анзаарагдсан. Зөвхөн англи гэлтгүй хэлний мэдлэг муу байна. Мэдээж Англи, Америкт төгссөн, гадаадад сурч ирсэнд нь хэл байна. Гэхдээ ер нь л цөөн байна. Сайхан сайхан залуучууд байна, гоё бие хаа, царай зүс, дүр төрхтэй жүжигчин байна. Тэгсэн хэр нь англи хэл байхгүй. Хэлгүй болохоороо л гадны кино, дүрээс хасагдчихаад байдаг. Тиймээс англи хэлтэй болооч ээ, тэгэх юм бол үүд хаалга нээлттэй байна. Тусалж дэмжих боломж байна. Одоо дараа дараагийн гадны киноны дүр шалгаруулалт хийгдэж байна. Хубилай хааны тухай кинонд хүн хэрэгтэй л гэнэ. Марко Пологийн бүрэн хэмжээний киноны шалгаруулалт удахгүй явагдах гэж байна. Жишээ нь, Николас Кейж, Оддын дайны Скайволкерт тоглодог залуу хоёрын “Outcast” гэж кино оны өмнөхөн нээлтээ хийлээ. Тэр кинонд хүртэл монгол хүн хэрэгтэй байна гээд л асуугаад байсан. Гэтэл манайхаас хүн байдаггүй.
Англи хэлтэй болох минь яав даа гээд амаа барьж буй жүжигчид цөөнгүй байна. Марко Пологийн шалгаруулалт руу жүжигчдээ явуулаад л байдаг явуулаад л байдаг хэлгүй гээд л хоосон гуяа ганзаглаад ирдэг. Гэтэл энэ байдлыг казахстанууд олоод харчихсан, бас нэг жаахан англи хэлтэй, холбогдож явсаар байгаад цаашаа Казахстанд зураг авалт хийлгэж байна. Ийм ийм сайхан боломжууд байгаад байвч нэгийг нь ч шүүрч авахгүй л байна. Үнэхээр харамсалтай.

0 Сэтгэгдэл
Yran byteelchidee angli xelee syraach ee yasan zalxyy yum be
Хамгийн их уншсан