Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бэхбилэг: Хүүхдэд зориулсан жүжгийн зохиол олдохгүйн зовлон байна

А.ЦАГААН

Орон нутагт хүүхэлдэйн урлагийн төрлөөр үйл ажиллагаа явуулж буй ганц байгууллага нь Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр гэдэгтэй маргах хүн үгүй. Тус театр байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхэд багачуудад хүүхэлдэйн урлагийг таниулах, тэдэнд урлагаар дамжуулан гоо зүйн хүмүүжил олгох зорилго тавин ажиллах явцдаа, олон сорилттой нүүр тулж байсан ч өнөөг хэр нь үүд хаалгаа барилгүй үзэгчдэдээ уран бүтээлээ толилуулсаар өдгөө 24 жилийнхээ ойтой золгож буй юм. Ингээд тус театрын захирал Д.Бэхбилэгтэй ярилцсанаа хүргэе.

-24 жилийнхээ түүхэнд Эрдэнэтийн багачуудын хүс­лийг гижигдсэн хэчнээн бүтээл тайзнаа тавь­сан байна вэ. Ингэхэд теат­рынхаа нэрийг яагаад өөрчлөх болов, сүүлийн үеийн сонин сайхнаас ярилцлагаа эхэлье?
-1981 оны аравдугаар сард Эрдэнэт хот дахь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд томилолтоор ажиллаж байсан үйлдвэрийн “Гоо зүйн сектор”-ын зураач Хүрэлбаатар 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Хүүхэлдэйн дугуйлан” байгуулан ажиллаж эхэлсэн нь өнөөгийн Орхон аймгийн Хүүхэлдэйн театр байгуулагдах үндэс суурийг тавьсан түүхтэй. Хүүхэлдэйн театр нэрээрээ 20 жил тасралтгүй  үйл ажиллагаа явуулсан. Харин 2012 оноос хойш Хүүхэд залуучуудын театр нэртэйгээр ажиллаж байна. Урын сангийн бод­логотой холбоотойгоор нэрээ өөрчилсөн хэрэг ч голлох уран бүтээл нь хүүхдэд зориулсан байдаг. Орон нутагт Хөгжимт драмын театр, Дуу бүжгийн чуулга байдаг ч манайх шиг урын сангийн бодлогоороо хүүхдэд зориулсан уран бүтээл туурвидаг байгууллага өөр байхгүй. Манай театр урын сандаа 64 бүтээлтэй. Хүүхэд залуучуудын театр нэртэй болохоосоо өмнө ч бид драмын, дэлхийн сонгодог жүжиг тавьдаг байсан. Жилдээ хамгийн багадаа гурван уран бүтээл тайзнаа тавьдаг. Нэг нь хүүхэлдэйн жүжиг, нөгөө нь хүүхдэд зориулсан драмын жүжиг, гурав дахь нь насанд хүрэгчдэд зориулсан уран бүтээл. Ингэж л ажлаа төлөвлөж явуулдаг юм.

-Танай театр дэргэдээ цирк ангитай болсон гэв үү?
-Тийм ээ. 2014 оноос театрын бүтцэд өөрчлөлт оруулж шинээр цирк ангитай болсон. Орон нутагт циркийн урлагийн үүсэл хөгжлийг тавья гэж шийдсэн хэрэг л дээ. Төрийн бодлогоор циркийн урлагийг дэмждэг ганцхан аймаг нь манайх болж буй юм. Сонирхуулж хэлэхэд, Монголын циркийн урлагийг авч яваа хүмүүсийн 60 хувь нь Эрдэнэтийнх байдаг. Манай цирк ангийн багшаар СТА Баатар, Отгонбаяр нар ажилладаг.

-Одоо ам бүл хэдүүлээ болсон бэ. Шинээр ямар жүжиг үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн бол?
-Ам бүл 40-үүлээ. Үүний 15 нь жүжигчин. Манай театрын найруулагчаар СТА Баярмагнай ажилладаг. Шинээр тавигдах уран бүтээл гэвэл энэ сарын 20-нд Батнасангийн “Илбэчин тогоруу” гэдэг хүүхдэд зориулсан драмын жүжгийг тайзнаа тоглохоор болсон. Одоо бэлтгэл ажил, зураг эскизээ хийж байна. Бага ангийнханд зориулсан жүжиг байгаа юм. Жүжгийн зохиолоо хүүхдүүдэд зориулж захиалж бичүүлсэн. Хүүхдэд зориулсан жүжгийн зохиол олдохгүй зовлон байна. Харин ирэх сард цэцэрлэгийн хүүхдүүддээ зориулсан бас нэг уран бүтээл гаргахаар төлөвлөсөн. Мөн оны төгсгөлд насанд хүрэгчдэд зориулсан уран бүтээл хийх гэж байна. Монголын үндэсний онцлогийг шингээсэн жүжиг тавих гээд сонголтоо хийж байна.

-Зохиолч  Б.Батрэгзэд­маа “Зохиол хомс гэдэгтэй санал нийлэхгүй байна. Теат­рын найруулагчид зо­хио­лоо сонгож чадахгүй бай­на” гэж “Цензургүй яриа”-нд орохдоо хэлж бай­сан. Үүнтэй та санал нийлэх үү?
-Батрэгзэдмаагийн ярилц­л­агыг хараагүй л дээ. Яг театрын урын сангийн бод­ло­готой нийцэх зохиол сонгож авах тал дээр хомс гэдгийг би хэлээд байгаа юм. Түүнээс жүжгийн зохиол бичиж байгаа хүмүүс бий. Бичсэн болгоныг нь бид аваад урын сангийн зөвлөлийнхөнтэй хамтарч уншаад энэ зохиолыг бүтээл болгох уу, болгож чад­вал үүгээрээ юу хэлэх вэ гэдгээ ярилцдаг. Дараагийн асуу­дал нь санхүү. Орон нутагт Улаан­баатартай харьцуулахад уран бүтээл арай бага зардлаар босдог юм. 10 сая төгрөг зарж тухайн жүжгээ амилууллаа гэхэд дараагаар нь яаж тэр мөнгөө олж авах вэ гэдэг асуудалтай тулгар­даг болохоор зохиолын сонголт хий­дэг юм. Үнэндээ бидний шаард­­лагыг хангасан зохиол ховор.

-Сүүлийн үед эдийн зас­гийн хямрал гэж яриад бай­гаа хэрнээ л тоглолтын та­­салбарын үнэ тэнгэрт тул­тал өндөр байх болж. Та­най театрын уран бүтээл та­салбараа хэрхэн үнэлдэг вэ?
-Өнгөрсөн жил бид таван уран бүтээл тайзнаа амилуулжээ. Хүүхэлдэйн хоёр ч жүжиг тавьсан. Хүүх­дийн драмын хоёр жүжиг, Шекспирийн “Гамлет”, “Отел­ло”, “Макбет”, “Ромёо Жулетта” гээд сонгодог жүжгүүдийг багцлаад цомор­лиг хэлбэрээр тайзнаа тавьсан. Хамгийн оргил хэсгүүдийг нь сонгон авч хүргэсэн хэрэг. Нэг талаараа туршилт болсон. Дан дангаар нь тавина гэхээр бас л зардал мөнгөтэй холбоотой асуудал гарч ирнэ. Нэг сонгодог жүжиг тавихад хоёр цаг гаруй хугацаа болно. Үнэндээ тэгж сууж үзэх үзэгч нь бэлтгэгдээгүй байна. Тийм учраас багцалж тавьсан юм. 2013-2014 онд Ээрдэнэтийнхээ сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж, 12 уран бүтээлийг багц болгон хүргэсэн. Харин 2014-2015 онд оюутан залуустаа зориулж гурван жүжиг багцалж хүргэхээр болсон юм. Энэ ажлын эхлэл болгож Шекспирийн сонгодог жүжгүү­дийн цоморлигийг хүргэсэн. Удахгүй Роберт Тома­гийн “Урхи”, Жаргалсай­ханы “Солиотой залуус” гэдэг драмын жүжгүүдийг багцалж хүргэнэ. Багцын уран бүтээл болоод ирэхээр нэг жүжгээ 5000 төгрөгөөр тоглодог. Тэгэхээр гурван жүжгийг 15 мянган төгрөгөөр үзэх боломжтой болж байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд хүүхдүүд маань нэг жүжгийг 2000 төгрөгөөр үзсэн. Давхардсан тоогоор 17 мянга гаруй хүүхэд үзсэн байдаг. Манай Эрдэнэтэд ерөнхий боловсролын 20 мянга орчим хүүхэд бий.

-Тэгвэл шинэ уран бүтээл тавихад бүх суудал дүүрч чаддаг уу?
-Бүтээлийн чанараас л шалтгаалдаг. Үнэндээ насанд хүрэгчдэд зориулсан уран бүтээл тавихад суудал нь дүүрч өгдөггүй. Гол үзэгч маань хүүхдүүд байдаг учраас хүүхдийн үзвэрийн суудал байнга дүүрнэ. Дээрээс нь эдийн засгийн хямрал их нөлөөлж байна. Манай үзэгчид өөрсдөө эдийн засгийн чадавхитай хүмүүс биш шүү дээ. Хүүхэд өөрөө үзвэр үзье гэсэн ч эцэг, эх нь мөнгө өгөхгүй бол тэд манай театрыг зорьж ирж чадахгүй. Эцэг, эхчүүд өөрсдөө хэдэн мянгаар ч хамаагүй тоглолт үздэг хэрнээ хүүхдээсээ 2000 төгрөг харамладаг зовлон бий.

-Уран бүтээлээ үзэгчдэд хүр­­гэхийн тулд маркетинг сайн байх ёстой юм шиг ээ. Сур­­­талчилгаагаа яаж хийдэг вэ?
-Манай аймаг 11 теле­визтэй. Реклам, суртал­чил­­гаа­гаа үзэгч олонтой телевиз сонгож гаргадаг. Бас болоогүй жүжгийнхээ дүрүүдээ хувцастай нь сургуулиудаар явуулж сурталчилгаа хийнэ. Бидний гол зорилго нь ирээдүйн үзэгчдийг бэлтгэх. Багаас нь үзэж сургахгүй бол том болсон хойноо театр руу зүглэдэг хүн ховор болчихоод байна. Тийм ч учраас бид цэцэрлэгийн хүүхдүүдээс эхэлж бэлтгэж байна.  Манай театрын урын санд цэцэрлэгийн насны хүүхдээс эхлээд бүх насны хүмүүст зориулсан уран бүтээлийн архив байна. БСШУ-ы сайдын гаргасан Хүүхдэд гоо зүйн мэдлэг боловсрол олгох бүтээлийн жагсаалт гэж бий. Тэр жагсаалтаас дунд ангийн хүүхдүүд ямар бүтээл үзэх ёстой юм бэ гэж харж байгаад л уран бүтээлээ сонгож авдаг.

-Ингэхэд та энэ театртай амьд­ралаа холбоод хэдэн жил болж байна вэ. Ажиллах хугацаандаа ямар шинэчлэл хий­сэн талаар сонирхмоор байна?
-Миний хувьд энэ байгууллагад 1994 оноос эхэлж ажиллаж байна. Хон­гор зүстэй байхаас эрийн цээнд хүртэл нь гэдэг шиг л юм болж байна л даа. Энэ хугацаанд театрыг мэргэж­лийн болов­сон хүчний хувьд бэхжүүлж чадсан. Манай театр сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. 1991 онд л улсын театр болж санхүүжилтээ харьяа яамнаасаа авдаг болсон. Бас болоогүй манай театр чинь өөрөө орлогын төлөвлөгөөтэй. Сүүлийн хэдэн жил 27 сая орчим төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй байна. Орлогын төлөвлөгөөгөө нийт төсвөөсөө хасаад санхүүждэг. Уран бүтээл хийх зардал, орлогын төлөвлөгөө хоёр маань яг л балансаа барьдаг. Тэгэхээр бид орлогын төлөвлөгөөгөө  олж байж уран бүтээл хийх зардлаа босгодог гэсэн үг. 

-Энэ олон жүжгийг тайзнаа амилуулж хүмүүст хүргэж буй жүжигчдийн талаар асуулгүй өнгөрч боломгүй санагдана.  Танай 15 жүжигчин мэргэжлийнх үү аль эсвэл...
-Эхний үед сургууль төгссөн хүүхдүүд Эрдэнэтийг зорьж ирдэггүй байлаа. Бид “Тусгал театр студи” гэж байгуулаад урлагт дур сонирхолтой 80 гаруй хүүхдээс 20-ийг шилж сонгон хоёр жил сургалт явуулсан. Тэднээс дөрөв нь л одоо бий. Тэгээд СУИС, Кино урлагийн дээд сургууль төгссөн мэргэжлийн боловсон хүчин болсон хүүхдүүд орж ирсэн л дээ. Манай уран бүтээлчид цөөхөн боловч ямар ч уран бүтээл дээр ажиллах чадвартай. Урлагийн ажилтны холбоо, БСШУЯ-наас зохион байгуулдаг, төвийн бүсийн уралдаанд хүртэл оролцож чамлахааргүй амжилт үзүүл­сэн. 2012 онд дөрвөн жилд нэг удаа зохиогддог Дэлхийн хүүхдийн театруудын холбоо­ноос зохион байгуулсан фести­вальд Монгол Улсаа төлөөлж оролцож амжилт гаргасан. Манай театр Хятад, ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Тяньжинд гурван жил тутамд Олон ул­сын хүүхдийн урлаг соёлын фес­тиваль гэж болдог. Уг арга хэмжээнд манай цирк ангийнхан оролцохоор бол­сон. Одоо бэлтгэл ажлаа базаа­гаад байна. Дэлхийн өн­цөг булан бүрээс уран бү­тээлчид ирж оролцдог юм би­лээ. Долдугаар сард болох юм.

-Орон нутгийн театр, Дуу бүжгийн чуулгын байр гэж айлын хажуу өрөө шиг л тохь тух муутай бай­даг. Харин танай театр эс­рэгээрээ юм. Хотын театрын барилгуудаас дутах юм алга?
-Тав тухтай орчин бүрдүү­­лэхээр бид Засаг дар­га, иргэдийн хуралдаа санал тавиад 175 сая төгрөг батлуулж, театрынхаа байранд засвар хийсэн. Тэрнээс өмнө нь бол хүндхэн нөхцөлд байсан. Мөн холбогдох яамны удирдлагуудад хүсэлт тавьж байгаад үзэгчдийн зориулалтын суудал авсан. Сандлуудаа тавьсан чинь орчин нөхцөл нь гологдоод байсан хэрэг. Тэгээд л засвар хийсэн. Одоо хэний ч өмнө нүүр улайхааргүй болсон. Манай театр их, бага гэсэн хоёр танхимтай. Бага зааланд маань цирк ангийнхан үйл ажиллагаа явуулж байна.

-Жүжиг бүрт өөр өөрийн гэсэн өнгө төр­хийг харуулсан хувцас хэрэг болох нь мэдээж. Хувцас­ныхаа асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Хийж буй шинэ уран бүтээл бүртээ шинэлэг зүйл хийхийг зорьдог. Аль болох хуучнаараа аргацаахыг боддоггүй. Сонгодог жүжгийн цоморлиг хийсэн нь нэг талаараа бас хувцастай болох юм шүү дээ. Өмнө нь бидний тавьдаг байсан жүжгүүд орчин үеийн сэдэвтэй байсан учраас Европ хувцас л хэрэглэдэг байсан. Одоо сонгодог, монгол уламжлалыг харуулсан жүжиг тавихаар энэ талын хувцастай болно гэсэн үг. Ингэж л хувцасныхаа архивыг баяжуулж байна даа.

-Соёл, спорт аялал жуулч­лалын гэсэн тусдаа яамтай болсон ч эргээд соёлыг боловс­ролын сал­бар­тай нэгтгэчихлээ. Ингэ­хэд тусдаа яамтай байсан нь та нарт хэр нөлөөлсөн бэ. Ер нь, үр нөлөөгөө өгч чадсан уу?
-Соёл, спорт аялал жуулчлалын яам гээд соёлоо урдаа авсан нь  соёлыг тэргүүлэх салбар болгохыг зорьсон юм болов уу гэж ойлгосон. Бас их зүйл хийх байх гэж найдаж хүлээж байсан. Харамсалтай нь, манай театр дээр салбарын сайд маань нэг ч удаа ирээгүй. Ирэх сард Гантөмөр сайд ирнэ гэсэн.  Боловсрол бол өөрөө том масс. Яамны төсвийн бараг гурван хувь нь л соёлын салбарт байгаа байх. Манай гол үзэгчид боловсролын салбарт байгаа учраас соёлтой хамт байх давуу чанар нь болж буй юм. Соёлын яамтай байхад соёлын өвийн хэлтэстэй, бодлогоо барьдаг газартай байсан болохоор арай өргөн хүрээнд ажиллаж байсан. Соёлын өвийн чиглэлээр багагүй ажил хийсэн. Одоо боловсролын салбартай нэгдсэн болохоор соёлын бодлогын газар гээд арав хүрэхтэй үгүйтэй мэргэжилтэн ажиллаж байгаа гэж би хувьдаа ойлгодог.

 -Ирэх сард Л.Гантөмөр сайд ирнэ гэлээ. Хамгийн түрүүнд сайдаас юу хүсэх вэ?
- Ганц хүсч буй зүйл маань манай театрыг автобустай болгож өгөөч ээ гэдэг. Энэ талаар яаманд удаа дараа хүсэлт гаргасан. Манай театрын хамт олон бусад аймгийн хүүхдүүдэд бүтээлээ хүргэмээр байна. Тэгэхээр хил залгаа аймгийн хүүхдүүдэд бүтээлээ хүргэхийн тулд бид өөрсдийн гэсэн автобустай болох хэрэгтэй байна. Жилд хоёр удаа урлагийн аялан тоглолт хийдэг. Явах болгондоо гаднаас машин хөлсөлдөг. Уг нь, 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яам байхдаа орон нутгийн хэд хэдэн театрыг автобусаар хангасан юм билээ. Энэ ажил нь үргэлжлээд бодлогоор явна гэж байсан чинь хариуцсан яам маань татан буугдсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан