Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Сарантуяа: Миний эрч хүчтэй байдал жүжиглэлт биш шүү

Б.ЦЭДЭВСҮРЭН

Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа өөрийн төрсөн өдрөөр буюу энэ сарын 20-нд ээлжит тоглолтоо үзэгч олондоо өргөн барих гэж байна. “Сэхүүн салхи” дуугаараа нэрлэсэн тоглолтынхоо өмнө сэтгүүлчидтэй уулзлаа. Ингэхдээ сэтгүүлч бүртэй 10 минутад ганцаарчлан уулзаж, хүссэн асуултад нь хариулсан юм. Ингээд өөрт ногдсон 10 минутад түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Олон янзын салхи байдаг. Хүмүүс гоёчилж, амьдшуулж олон янзаар хэлдэг. Та өөрийгөө ямар салхитай зүйрлэх вэ?
-Би бол хуй салхи биш. Зөөлөн салхи ч биш. Үе үе салхилдаг салхи юм уу даа. Миний урын санд “Сэхүүн салхи”, “Хуй салхи” гэж хоёр уран бүтээл байдаг. “Хуй салхи” “Сэхүүн салхи”-ийн дүү нь. Гэхдээ би тэр дуунд дуртай биш. “Сэхүүн салхи”-даа л дуртай. Энэ дуунд зориулж их гоё, бардам бүжиг дэглэсэн байдаг. Түүнийгээ шинэчилж Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын бүжиг дэглээч Баттөрөөр дахин дэглүүлж байна. Энэ дууг дуулахад сэхүүн, ихэмсэг байхын аргагүй сэтгэгдэл төрдөг юм.

-Та эмэгтэй хүний хүсдэг дүрүүдийг дуундаа шингээж дуулдаг. Ийм дуу дуулах нь эмэгтэйлэг чанараа төгс хадгалахад тусалдаг уу?
-Имижээ их гоёмсог, ихэмсэг байлгах гэж хичээдэг. Тийм ч учраас гоё гялгар сэтгүүлийнхэнтэй хамтран ажил­­ладаг. Дуучин хүний ими­жийг тодорхойлдог зүйл бол зураг авалтууд. “Би жаргалтай” дууны клипэн дээр гардаг цагаан хувцастай, сувдан зүүлттэй Сараа гэдэг ч юм уу яг тухайн үедээ байгаа байдлаараа хоногшиж үлдэхийг хичээдэг. Үе үеийн дүр төрхийг маань дуулсан дуунууд минь бүрдүүлж өгдөг. Тиймдээ ч өөртөө итгэлтэй харагдаж чаддаг юм болов уу.

-Саяхан дуучин Лхамаа­гийн фэйсбүүк хуудаснаас та хоёрын хамтдаа дуулж байгаа зургийг харсан. Тухайн үед сургуулийнхан тань та хоёрыг хурдан төгсөөсэй, урлагийн үзлэгт түрүүлж үзэх юмсан гэдэг байсан гэсэн. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Лхамаа бид хоёр наймдугаар ангиасаа эхлээд л хамтран дуулдаг болсон. Би Дарханаас шилжиж ирсэн юм. Лхамаа банзан гитар сайн тоглодог байсан.

-Хөгжим бүжигт үү?
-Үгүй бид Хөгжим бүжигт байгаагүй. Байсан бол одоо Чинбаа шиг төгөл­дөр хуур тоглоод сууж байх­гүй юу. Зөвлөлтийн есдүгээр сургуульд байсан. Бид “Мөнгөн харандаа” хамт­лагт хамт дуулдаг байлаа. Аравдугаар ангиа төгсөөд зам замаа хөөсөн дөө. Үнэхээр урлагийн үзлэгийн бүх шагналыг түүдэг байсан шүү. Адтай ч охид байлаа.
Саяхан “17” нас ток шоунд Лхамаа оролцсон. Тэгээд хоёулаа дээр үеийн дуунуудаа эргэн дуулах тухай ярьсан. Лхамаа “Би ганцаараа гитартай дуулдаг байсан. Гэхдээ Сараа их гоё хоолой салгадаг байсан учраас хамтдаа дуулахад их гоё мэдрэмж төрдөг байсан” гэж ярьж байна билээ. Ангийн охиноосоо ийм үг сонсоод их баярласан. Тухайн үед би орос дууны найралд дуулдаг байсан учраас хоолой салгаад сурчихсан байсан л даа. Сонсголоороо л дуулдаг байлаа.

-Тэр үед гитараа бариад ямар дууг хамгийн ихээр дуулдаг байв?
-Итали дуу дуулна. /дуулж өгөв/

-Яг үгээр нь үү. Хаанаас үгийг нь олдог байсан юм бэ?
-Үгүй ээ. Сонсголоороо дуулна. Дараа нь караокед ороод англи хэл дээр дуулах гэсэн чинь чадахгүй байсан. Гадаад дуу дуулахад галиг садаа болж байгаагүй. Сэтгэл байсан юм чинь. Тэгээд ч электрон магнетофон, пянз тоглуулагч хоёр л байсан цаг үе шүү дээ.

-Аз жаргал гэж таныхаар юу вэ. Яг одоо аз жаргалыг юунаас мэдэрч байна вэ?
-Аз жаргал гэдэг бол хайртай хүүхдийнхээ хөлсийг үнэрлээд унтах, өглөө цоо эрүүл ямар ч зовиургүй суниах, өглөө босоод хөл нүцгэн гал зуухны өрөөндөө очоод ус уух, тайзан дээр алга ташилттай бүрэн дүүрэн хөлрөөд зогсох, ээжийгээ үнсэх, эрүүл агаартай Монголд Улсад төрснөөрөө бахархаж зогсох, тусгаар улсын иргэн гэдгээ мэдрэх маань ч хүртэл аз жаргал юм даа.

-Таныг харах бүрт эрч хүчтэй байдаг...
-Энэ жүжиглэлт биш л дээ. Сайхан харилцаанаас эрч хүч авдаг. Хэрэв чамтай хүмүүс муухай харилцаад, ад үзээд байвал тэр хүрээгээр явахгүй л байх ёстой юм билээ. Хэн наашаа гэнэ тийшээ явна. Хэн цаашаа гэнэ тэндээс явна гэж байгаа. Болмоорыг нь дагаад жаргана даа хө гээд ардын дуу байдаг. Сараа наашаа, наашаа гээд л байвал би ойртоод л байна. Чин сэтгэлээсээ сонсч, зөвлөгөө өгдөг, өөрийнх нь орон зайг хүндэлж чаддаг тийм газраар эмэгтэй хүн явж байх ёстой. Хавар бүр биеэ, оюун санаагаа, энергиэ цэвэрлэж байвал зүгээр. Би өөрийнхөө хэмжээнд бясалгал хийдэг. Амралтын өдрөөрөө Шарга морьтын ам орсон. Их эрч хүч авлаа.

-Ер нь, ойрд их хөдөө явж байна аа. Хамгийн сүүлд тантай утсаар холбогдоход аялан тоглолтоор явж байна гэсэн?
-Хөдөө явах дуртай. Алсыг ширтэхээр хараа маань улам сайжирдаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан