Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний үйлдвэрлэгчид гамшгийн эсрэг нэгдэж эхэллээ

-80 орчим сая төгрөгийн өртөг бүхий хоол хүнс, гал унтраах багаж хэрэгсэл, эм тариа хүргүүлжээ-

 Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Яруу гэх газраас дэгдсэн хээрийн түймэр Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамарч гамшгийн хэмжээнд хүрсэн.

Гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг хамарсан түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас дөрвөн автомашинтай 34 алба хаагч, аймгийн төв, Түмэнцогт, Мөнххаан сумаас 22 автомашин, 201 иргэн, Хэнтий аймгийн ОБГ-аас дөрвөн автомашин, 47 алба хаагч, Баян-Овоо сумаас 14 автомашин, 165 сайн дурынхан, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан овоо сумдаас 72 хүн, найман техниктэйгээр ажиллаж байгаа аж.

Одоогоор түймрийн нөхцөл байдал хүндэрсэн, Түмэнцогт сумын нийт газар нутгийн 80 хувь түймэрт автаж цааш аймгийн төв рүү ойртож буй гэнэ. Мөн салхины хурд, хүч их байгаагаас түймрийн тархац хурдасч Дорнод аймгийн нутаг руу орсон тухай ОБЕГ-аас мэдээлж байна.

Одоогоор зүүн гурван аймгийн Аврах тусгай ангийн 24 алба хаагч, хоёр автомашин, Онцгой байдлын албанаас 141 гал сөнөөгч 13 автомашинтайгаар түймрийн голомтод ажиллаж байгаа бол нутгийн иргэд, сайн дурынхан нийлсэн мянга орчим хүн, 70 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.

Түймэр газар авахын хэрээр сайн дурынхан, хүн хүч нэмэгдсээр байгаа ч гал унтраах багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу, хоол хүнсгүй болсон тухай мэдээлж байна.
Тиймээс үндэсний үйлдвэрлэгч компаниуд гамшигт нэрвэгсдэд тусламж үзүүлж, сэтгэлийн дэм өгөхөөр нэгдэж эхэлсэн байна. Тодруулбал, “Мах Импекс” ХК, “Талх чихэр” ХК, “Том бат”  компани, “Милл хаус” гурил тэжээлийн үйлдвэр, “Баянгол” зочид буудал, “Ардчилал” сонин, С1 телевизийн нийт 2000 орчим ажилтан, албан хаагч нэг өдрийн цалинтай тэнцэх 50 гаруй сая төгрөгийн хоол хүнс, эм тариа, 100 ширхэг гал унтраах багажийг түймэр унтраахаар ажиллаж буй онцгой байдлын алба хаагчид, иргэд, сайн дурынханд тусламж болгон илгээв.


Ж.Чинзориг: 17 хүн гал унтраах ажилд өөрийн саналаар оролцохоор Сүхбаатар явсан

Өнгөрсөн баасан гарагт дээрх компаниудын удирдлагууд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянд тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргүүлэх тухай хүсэлтээ уламжилсан юм. Энэ үеэр “Милл хаус” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Чинзоригтой ярилцлаа.

-Үндэсний үйлдвэр­лэг­чид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж гамшгийн бү­сэд ажиллаж буй албна хаагч, иргэд, гамшигт нэр­вэгс­дэд тусламж үзүүлж эхэллээ. Танай компани энэ ажилд оролцохоор уриалга гаргажээ?
-Цаг үеийн эгзэгтэй байдлыг бид ойлгож, эмзэглэж хүлээн авч байгаа учир үндэсний үйлдвэрлэгч компани болох “Мах Импекс”, “Талх чихэр”, “Баянгол” зочид буудал мөн манай “Милл хаус” гурил тэжээлийн үйлдвэрийн нийт 2000 орчим ажилчдын нэг өдрийн цалинтай тэнцэх хүнсний бүтээгдэхүүний тусламжийг Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт ажиллаж буй Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчдад мөн энэ ажилд оролцож буй Зэвсэгт хүчний цэргийн ангиудын бие бүрэлдэхүүн, нутгийн иргэд, гамшигт нэрвэгдсэн ард түмэнд явуулж байгаа юм.

-Хүнсний бүтээг­дэ­хүү­нээс гадна эмнэлгийн баг, гал унтраах сайн дурынхан явж байгаа гэсэн. Энэ тухай?
-Эмнэлгийн баг сайн дурынхан ч тэр бүгд дээрх дөрвөн компанийн ажилчид байгаа. Мэдээж түймэр унтраахаар тэмцэж буй хүмүүс түлэгдэх, бэртэж гэмтэхээс аваад угаартах гэх зэргээр эрүүл мэндэд нь аюул учирч байгаа. Тиймээс эмнэлгийн баг, шаардлагатай эм тариаг явуулах нь зөв гэж шийдсэн. Түүнчлэн өөрсдийн саналаар 17 хүн гал унтраах ажилд оролцъё гэснийг тусламжийн цуваатай хамт явууллаа. Мөн түймэр унтраахаар ажиллаж буй хүмүүст нэн тэргүүнд хэрэгтэй, хомс байгаа зүйл нь уух ус болсон учир эндээс уух цэвэр усыг их хэмжээгээр бэлтгэн явуулсан. Дээр дурдсан үйлдвэрлэгчид дан гурил, талх нарийн боов, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учир ус, болоод эм тариаг худалдан авч явуулсан байгаа.
 
-Эдгээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд өмнө нь ч сайн үйлсийн аян эхлүүлж бас нэгдэж байсан санагдана?
-Тэр тийм шүү. Богд уулын Зүүн ширээтийн ам буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Хүүшийн аманд гарсан түймрийг унтраахад гар бие оролцож байсан. Мөн ХААИС-ийн оюутнуудтай хамтарч сар орчмын хугацаанд Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл Туул голын эрэг хавийг цэвэрлэсэн. Түүгээр ч барахгүй Туул гол ширгэж буйтай холбогдуулан 16 мянган модыг голын эх болсон Галтай булнай гэдэг газар тарьсан. Яармагт нийтийн байр шатаж, амьдарч байсан хүмүүс нь орон байргүй болоход дээрх хүнсний үйлдвэрлэгчид маань хандив өргөж байсан гээд дурдвал олон бий.   
Түймрийн голомтод манай хэвлэлийнхэн шуурхай хүрч ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн манай сурвалжлах баг ч Сүхбаатар аймгийнгзориод буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан