Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Сайханбилэг: Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эмэгтэйчүүдийн оролцоог бүтээлчээр дэмжих нь Засгийн газрын бодлого юм

2013 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Эмэгтэйчүүдийн хөгжлийн үндэсний чуулганыг Эрдэнэт хотод зохион байгуулж, гэр бүлийн хөгжил, гэр бүлийн гишүүд,  эцэг, эхчүүдийн тэгш эрх,  үүрэг, хариуцлагын талаар хэлэлцэн зөвлөмж гаргасан байна. Энэ арга хэмжээний хэрэгжилт, биелэлтийн талаар дахин  дүгнэхээр  Төрийн ордонд Үндэсний чуулган зохион байгууллаа.

“Эмэгтэйчүүдийн оролцоо-Хөгжилд” Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг илгээлт хүргүүлснийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг танилцуулж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд гардуулан өглөө.

Илгээлтэд “..Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал нь хүний эрхэд суурилсан хөгжлийн гол зарчим  болсноор Дэлхийн улс орон бүр анхаарлаа хандуулж, улам өргөн хүрээнд ярилцдаг болсон.

Монгол Улсын хувьд бид олсон амжилтаа бататган хуулийн хэрэгжилтийг хангах  үндэсний  механизм, тогтолцоог улам боловсронгуй болгох, санхүү, төсөв, хүний нөөц, чадавхийг сайжруулах гээд 2015 оноос хойшхи тогтвортой хөгжлийн бодлогод тусган анхаарах, ялангуяа, эмэгтэйчүүдийн эдийн засгийн  чадавхи, улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгэм, соёл, байгаль орчин, улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан ажиллах  хэрэгцээ байсаар байна.

Монгол Улсад  сүүлийн жилүүдэд  уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж  эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа хэдий ч нөгөө талаараа сөрөг хандлагуудыг бий болгож байгааг бид анхааралдаа авах ёстой. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийн цар хүрээ хязгаарлалттай байгаа нь эмэгтэйчүүдийн ачааллыг  улам бүр нэмэгдүүлж, хүний эрхийн зөрчлийг бий болгосоор байна.  Хөдөлмөрийн зах зээл дээр авч буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин хөлсний зөрүү 14 хувьтай байгаад бид анхаарал хандуулан засаж залруулах хэрэгтэй. Мөн бидний өмнө тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эмэгтэйчүүдийн оролцоог бүтээлчээр дэмжих нь Засгийн газрын бодлого юм.

Айл өрхийн орлого муу, амьдралын чанар хангагдахгүй байгаа нь гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэх нэгэн  шалтгаан болж, гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй улам илүү харгис хэрцгий болж байгаад харамсаж байна. Жендэрийн үндэсний хорооны даргын хувиар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай  хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед  анхаарлаа хандуулан ажиллах болно.

Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөрийн үр нөлөө хүн бүрт, айл өрх бүрт эерэгээр тусаж үр өгөөжөө өгөх ёстой. Иймээс бид иргэдээсээ асууж, тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц жендэрийн мэдэрмжтэй  бодлого, хөтөлбөр хэрэгжүүлбэл үр нөлөөгөө өгч төсвийн хөрөнгө үр дүнтэй зарцуулагдана. Үүний төлөө Засгийн газраас цаашид жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах дунд хугацааны стратегийн хэрэгжилтэд анхаарлаа хандуулан ажиллана.

Эмэгтэйчүүд ажиллаж, амьдарч байгаа газарт эмх цэгц, шударга ёс  үргэлж оршдог бөгөөд эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоотой байх нь нийгэмд тунгалаг байдлыг улам бэхжүүлж, авилгыг үгүй  болгож чаддаг.

Иймээс  бид нийгмийн хөгжилд хүний эрхийн зарчмыг ханган, саад тотгор болж буй  асуудлын талаар санал бодлоо нээлттэй хэлэлцэн, харилцан суралцаж, хамтын шийдлийг тодорхойлж дэлхийн, бүс нутгийн, үндэсний хэмжээнд эв нэгдэл, энх тайван, тэгш байдлыг эрхэмлэн хамтдаа зүтгэх ёстой” гэж дурджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан