Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван толгойн гэрээ парламентын үүдэнд бүдэрчихлээ

Л.НОМИН

Таван толгойн гэрээний төслийг УИХ-ын даргад өргөн барих тодорхой шаардлагуудыг хангаагүй гэж үзжээ. Иймээс УИХ-ын Тамгын газраас Ерөнхий сайдад төслийг буцааж буйгаа өчигдөр өглөө мэдэгдэж, албан бичиг явууллаа. “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасны дагуу холбогдох дутуу бичиг баримтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны 16 цагаас өмнө ирүүлэхийг хүссэн манай 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 14/746 тоот албан бичгийн хариу, холбогдох дутуу баримт бичгүүдийг ирүүлээгүй тул Таны “Тов тогтоох тухай” 2015 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн ХЭГ/769 тоот албан бичигт хавсаргасан баримт бичгийг буцаав. УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолын төсөл нь УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4-т заасны дагуу хууль, тогтоолын төсөлд тавих нийтлэг шаардлага болон албан бичиг хэргийг хөтлөх нийтлэг шаардлагыг хангасан байхыг анхаарна уу. Тогтоолын төслийн бүрдлийг нь хангаж ирүүлтэл УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлох боломжгүй болохыг мэдэгдье” гэж албан бичигтээ дурдаж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 14/746 тоот албан бичгийг 200 хуудас бүхий хавсралтын хамт илгээжээ.

Харин үүнийг УИХ-ын дарга З.Энхболд фэйсбүүк, твиттер хуудастаа “Хоёр сая хувьцаа эзэмшигчээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул Таван толгойн тогтоолыг буцаав” хэмээн бичиж тогтоолын төслийг оруулсан байлаа. Энэ шийдвэрийн араас Таван толгой төслийн гэрээг хариуцаж буй М.Энхсайхан сайд “Тэнэглэлийн туйл гэж харж байна. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдахгүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй. Саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломж байхгүй. УИХ Засгийн газраас зарим нэг бичиг баримт нэхсэн. Үүний дагуу Засгийн газар өчигдөр /даваа гарагт/ ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс Таван толгой”-н өмчлөгч нь өөрөө гэдгээ баталсан шийдвэр гаргасан” гэж хариу мэдэгдлээ. Энэ нь олон нийтийн сүлжээгээр нэлээд хэлэлцүүлэг өрнүүлж, зөв буруу гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөн юм.

УИХ-ын хаврын чуулганы нээлтээс хойш олны анхаарлын төвд орсон гэрээний төслийг ил болгосны дараа УИХ-ын гишүүд байр сууриа янз бүрээр илэрхийлээд байгаа. АН болон МАН-ын бүлгийн гишүүд Таван толгойн гэрээний асуудалд өөр өөр байр суурьтай байгаа гэсэн мэдээлэл яваа. “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд МАХН-ынхан энэ хэвээр гэрээг явуулахыг дэмжихгүй байгаа гэнэ. Хариуцсан сайд М.Энхсайханы МҮАН-ынхны хувьд байр суурь нь мэдээж тодорхой.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Таван толгой Оюу толгойн араас яваад байна. Яагаад гэвэл Таван толгойн талаар ямар ч нээлттэй мэдээлэл алга. Ард иргэдийг төлөөлж байгаа УИХ-аар энэ асуудлыг оруулахгүй гэж ярьж байна. Харин ч гэж Оюу толгой УИХ дээр яригдсан юм шүү. Өөрийгөө Монголын хувь заяаг шийднэ, дэлхийн төв гээд бодчихсон хэдхэн хүн энэ талаар гадаадын хөрөнгө оруулагчидтай яриад шийдчихнэ гэж байгаа бол хууль зөрчсөн зүйл. Таван толгойг гацаах сонирхол хэнд ч байхгүй. Энэ ордод Монголын талын эзэмших хувь 51 байна гэдэг шаардлага хангагдахгүй байна. Ганцхан хүнд хувь заяагаа даатгана гэдэг дэндүү эрсдэлтэй. Төмөр зам төрийн мэдэлд байх ёстой. Хэн уурхайтай байх нь чухал биш хэн нь зөөх вэ гэдэг чухал зүйл болоод байна. Гэрээний төсөлд Монгол Улсын тусгаар тогтнол эрх ашигт ноцтой зөрчил гарсан гэдэг үндэслэлээр гэрээг цуцлах ямар ч эрхгүй гэж Монголын тал хүлээн зөвшөөрсөн байсан. Энэ бол гадаадын том түрэмгийлэл, тулгалт гэж үзэж байна” хэмээсэн.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч талтай Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулахаар тохирсон. Төслийн эхний хувилбарын танилцуулгыг үзэхээр 49 хувийг “Шенхуа”, 51 хувь нь Монголынх гэсэн заалт бий. Гэвч 51 хувь нь оногдох Монголын талын компани нь үнэхээр үндэсний компани мөн эсэхийг нягтлах хэрэгтэй. Мөн төмөр зам болоод хувьцааны асуудал, УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг зөрчсөн эсэхэд хяналт тавих шаардлагатай гэж үзэж байгаа. УИХ-ын дарга З.Энхболд л эсэргүүцээд зогсоочихсон мэт ташаа мэдээлэл их түгээж байна. Парламентад бүлэгтэй МАХН, МАН, АН анхнаасаа л хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурьтай, санал нэгдсэн байсан. Дэлхий нийтэд уул уурхайн төслийг Уул уурхайн сайд л хариуцдаг биз дээ. Гэтэл манайд  уул уурхайн төсөл дээр Уул уурхайн сайд юуг нь хариуцах юм. Ойлгомжгүй. Салбар салбарыг хариуцсан мэргэжилтнүүд ч энэ асуудалдаа давамгайлан оролцож байх нь чухал. Бүгдийг мэдэгч дүр эсгээд, хууль зөрчсөн гэрээгээ явуулах гэж улайраад байх хэрэггүй” хэмээн “Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн.

Таван толгойн гэрээний төслийг энэ сарын 6-ны өдөр УИХ-ын албан ёсны цахим хуудас  parlament.mn-т байршуулсан. Үүний дараа дахин нэг гэрээний төсөл гарч ирж түүнийг ч мөн нийтэд нээлттэй харуулах үүднээс дээрх цахим хуудаст байршуулаад байтал өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барина хэмээн УИХ-ын Тамгын газарт хянуулахаар өгсөн гэрээний өөр нэг хувилбар гарч ирэв. Энэ талаар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх твиттер хуудастаа бичсэн байлаа. Тэрээр гэрээний төслүүдийг хооронд нь харьцуулан үзэж хууль зөрчсөн ноцтой заалтууд орсныг “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр тайлбарласан. Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг зүгээр л шороо асгаад 280 сая ам.доллар авсан, юу ч хийгээгүй гэж бичих болсонд А.Гансүх зөвлөх ийм хариулт өгөв. “Төмөр замын далан барихад 200 сая ам.доллар зарцуулсан. 280 биш. Энэ асуудлаар хаана ч шалгуулахад бэлэн. Хэтэрхий гүтгэлэг явуулж байна. Төмөр замын ажилд аудит оруулахгүй байж гүтгэж байна. Шалгуулах хүсэлтээ өөрөө Аудит болон АТГ-д өгнө” гэлээ. Түүнийг Зам тээврийн сайдаар ажиллаж байх үед “Монголын төмөр зам” ТӨХК-ийн уг чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч, захиалагчаар “Самсунг Си энд Ти” компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, дотоодын 12 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан билээ. Уг чиглэлийн төмөр замын газар шороо, далангийн ажил 86,6 хувийн гүйцэтгэлтэй яваа юм. Таван толгой төслийн гэрээнд төмөр замыг гадаадын компаниараа бариулж, өмчлүүлэх тухай заалт орсныг эсэргүүцэж төмөр замыг төрийн өмч байх ёстой гэж үзэх УИХ-ын гишүүд, эдийн засагчид цөөнгүй байгаа. Харин М.Энхсайхан сайд олон улсын стандартаар барьж буй төмөр замын далангийн ажлыг Хятадын талын шаардлагад нийцэхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн удаатай. Гэхдээ Хятадын тал энэ асуудлыг хөндөөгүй гэдэг. Гэрээний төслийн хууль зөрчсөн заалтуудын нэг болох төмөр замын асуудал гэлтгүй өөр бусад зүйлд талуудын байр суурь ийнхүү зөрүүтэй байгаа  учир телевизийн халз мэтгэлцээн явуулах санаачилга ч гаргав.

Таван толгойн гэрээний төсөл УИХ-ын даргын гар дээр очихоосоо өмнө бүдэрсэн нь Засгийн газарт багагүй ачаалал болж мэдэхээр байдал үүсгэлээ. Ард түмний эрх ашигт нийцсэн нэг ч заалт оруулаагүй хэмээн үзэж буй энэ гэрээний төслийг засч залруулах гэрийн даалгавраа Засгийн газар, Мега төсөл хариуцсан М.Энхсайхан сайд нар хэрхэн хийхээс бүх зүйл шалтгаална. Дараагийн удаад гэрээний төсөл парламентын үүдээр улаан гэрэл анивчуулалгүй нэвтэрч, УИХ-ын дарга, гишүүдийн гарт хүрч чадах хувь заяаг тэд л атгаж байна.

0 Сэтгэгдэл
ard tumen zugeer l tawantolgoig hudulguhiig huleej baisan
Гэрээний төсөлд үнэхээр буруу заалт байгаа бол тэрийг нь засаад гэрээгээ хийгээчээ. Юун 2 сая хувьцаа эзэмшигч вээ. Үнэн бодит судалгаатай юм яриачээ. Ихэнх өндөр настангууд мөнгөө авчихсан мөн нэлээд хэсэг нь мөнгөө авна гээд өргөдөлөө өгчихсөн, сая хүрэхгүй хүн л хувьцаа эзэшигч байгаа байх тэр хүмүүсийн хувьцааг ингэж үнэгүйдүүлэхээ болиочээ. Харин ч тэдний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна ш дээ. Битгий ард түмнээрээ тоглож улс төржөөд байгаачээ.
Ер нь хувьцаанаасаа татгалзах аян өрнүүлэх шаардлага үүсч байх шиг. Үнэхээр зөвшөөрөл гэж байгаа бол тэгж бүх нийтээрээ урагшлах шийдвэрийг зоригтой гаргаж Засгийн газрын ажлыг нь хийлгүүлэх нь зөв!
bid uws idej us uuj amidarmaargui bn enhboldoo yugaa bodood baigaa erguu tugtsug we
buteen baiguulaltaa hudulguj ajiltai orlogotoi amidarya
Хамгийн их уншсан