Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Уртнасан: Хань маань ардчиллыг анх гэртээ оруулж ирсэн

Б.ЦЭДЭВ

“Ардчилал” сонины 25 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс манай сонины түүхийг бичилцэж явсан Сандуйдоржийн Адъяахүү гэгч эрхмийг эргэн дурслаа. Тэрээр ганц өөрийн хөдөлмөрөөр “Ардчилал” сониныг уншигчтай уулзуулж байсан ч үе бий. Хэдийгээр бидний дунд одоо байхгүй, бурхны оронд одсон ч түүнийг дурсан санах хүн бол түүний хань билээ. Ингээд Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасантай ярилцлаа. Тэрээр манай сонины ууган ажилтны гэргий билээ. Түүний 70 насны ой тохиож, үе үеийн шавь нар нь түүнд зориулан энэ сарын 19-ний өдөр “Их яруу дуун” цэнгүүнийг зохион байгуулсан юм. Энэ үеэр манай сонины зүгээс түүнд хүндэтгэл үзүүлсэн билээ.

-Энэ онд манай сонины 25 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойгоор таны нөхрийг дурсахгүй байхын аргагүй. Түүний талаар танаас илүү мэдэх хүн үгүй учраас таныг зорьж ирлээ...
-Юуны түрүүнд “Ардчилал” сониныхоо хамт олонд 25 жилийн ойгоо хийж байгаад баярын мэнд хүргэе. Би яагаад “Ардчилал” сонинтой холбоотой, мэддэг вэ гэвэл ардчилсан хувьсгал эхэлсэн цагаан морин жилийн жагсаалын тухай мэдээ мэдээллийг ард нийтэд хүргэх үүргийг хүлээсэн “Ардчилал” сонины анхны эрхлэгч нь миний нөхөр Сандуйдоржийн Адъяахүү гэж хүн байлаа. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн дээ. МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгссөн, Явуухулан гуайн шавь ийм хүн байсан. Ардчиллын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан. Би яагаад “Ардчилал” сонинтой холбоотой, мэддэг вэ гэвэл ардчилсан хувьсгал эхэлсэн цагаан морин жилийн жагсаалын тухай мэдээ мэдээллийг ард нийтэд хүргэх үүргийг хүлээсэн “Ардчилал” сонины анхны эрхлэгч нь миний нөхөр Сандуйдоржийн Адъяахүү гэж хүн байлаа. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн дээ. МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгссөн, Явуухулан гуайн шавь ийм хүн байсан. Ардчиллын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан.
Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бага хурлын гишүүнээр сонгогдоход түүний итгэмжлэгдсэн ухуулагчаар ажиллаж, ухуулах материалуудыг нь бэлтгэж байсан. Цаг үеэ дагаад “Хонхны дуу”-ны Цогоо гээд л залуучууд гэрт ирээд ярьж хөөрнө.

-Ардчилсан хувьсгал нууц байдлаас эхэлсэн. Улмаар ил болсон ч тухайн үеийн үйл хэрэгт оролцож байсан хүмүүсийн ар гэрийнхэн мэдэж байсан гэдэг. Улс төрийн хэрэгт гэр бүлийн хүнээ оролцоод явахаар танд болгоомжлох сэтгэл төрж байв уу?
-Ардчилсан хувьсгалын эхэн үеэс л эхэлж явсан юм билээ. Би түүнийг нь ч сайн мэдээгүй. Гэр орноороо залуучууд оруулаад л уулзаж учирдаг байсан. Нууц юм ярьдаг байсан юм уу мэдэхгүй. Цогтсайхан, Баасан лам гэж байсан, зураач Тэнгисболд гээд хэсэг залуучууд орой үдэш болтол манайд ярьж суудаг байсан. Манай өвгөн ч тэр залуучуудтайгаа их үг хэлээ олдог байлаа. Урлагийн талаас Сосорбарам маань ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан. Манай өвгөнийг Унд эгчийн нөхөр гээд их сайн байсан. Ийм л ойр дотны холбоотой хүмүүс. Одоо хаа нэг архивын бичлэгээс Зоригийн хөшөөн дээр цэцэг тавьж, Ерөнхийлөгчтэй хамт явж байгаа нь харагдаж л байдаг. Өөд болоод 11 жил болж байна.
-Ардчиллын төлөө явсан хүмүүс их үзэл бодолдоо тууштай байснаар өнөөдрийн нийгмийг авч ирсэн. С.Адъяахүү агсны зан аашийг тодорхойлж хэлэхгүй юу?
-Өвгөн маань ардчиллыг анх гэртээ оруулж ирсэн. Би ч улс төр мэддэггүй. Урлагийн ажлаа л гэдэг байсан. Тэр үед болсон явдал юм даа. Би орой тоглолттой гээд л гэртээ амарч байлаа. Тэгсэн хань маань гаднаас орж ирээд л “Хүүе чи бос. Цаана чинь талбай дээр хэдэн хүүхэд өлсөөд болохоо байлаа. Цай ч болсон чана” гээд л ороод ирсэн. Би чинь орой тоглолттой юм болохоор юун цай чанах. Ер нь хань маань өөрийн бодолдоо их тууштай, ардчиллын үнэ цэнийг ойлгодог, мэддэг хүн байсан.

-Хэдийгээр нэг гэр бүл ч гэлээ өөр өөрийн замаар амьдарч иржээ...
-Нэгнээ хүндэтгэх хүндлэлийн нэг хэлбэр юм даа. Өвгөн маань “Ардчилал” сонинд олон жил ажилласан. Би чинь урлаг, уран сайхан гээд явчихдаг болохоор ажлыг нь нэг их сонирхоод байхгүй. Нөхөр маань ч намайг ингэлээ, тэглээ гэх юмгүй л амьдарсаар ирсэн дээ. Одоо амьдралын баяр баясгалан, жаргалтай цаг мөч бүрт аав, ээж, ханийгаа эргэн санана. Тэднийгээ санахгүй байхын аргагүй л дээ.
Нэг гэрийн хоёр заавал хэн нэгэндээ золиослогддог. Тэр тусмаа урлагийн гэр бүлд. Хоёулаа гялалзах боломж байхгүй. Ар гэр, үр хүүхэд гэж байна. Заавал нэг нь нөгөөдөө зай тавьж өгөх хэрэгтэй болдог. Тэгээд л миний өвгөн үлдчихсэн байх. Миний төлөө өөрийгөө зольсон гэж хэлж болно доо.

-С.Адъяахүү агсан ардчилсан хувьсгалд гар бие оролцож, манай сонины их ажлыг нуруун дээрээ үүрч явсан нэгэн. Тэгвэл хэр сайн эр нөхөр, аав байсан бэ?
-Миний муу өвгөн “Норовбанзадын нөхөр Банзрагч бид хоёр шиг тор бариад 20 дугаар дэлгүүрээс салдаггүй хүн алга” гээд л гомдоллоно. Тэгэхээр нь одоо тэгээд яах билээ 45 хоног гадаад явна. 50 хоног баригад явна. Тэгээд гурван хүүхэд маань өлсөөд үхэх юм уу. Адилхан таван цагт тардаг эхнэртэй бол хамтдаа тороо бариад л явахсан гэхээр чимээгүй болчихдог байсан. Би гурван хүүхдээ тээсэн, төрүүлсэн нь л үнэн. Миний өвгөн чинь их сайн хүн байлаа. Үе тэнгийнхнээсээ сонсдог л байсан. Нөхөр маань хардсан, зодсон гээд л. Миний өвгөнд ёстой тийм юм байгаагүй. Нэг удаа хойшоо яваад ирсэн чинь онгоцноос буунгуут автобусаар тосч аваад юмаа гэртээ тавьчихаад гараад ир гээд л театр руу аваад явсан. Улс тунхагласны 50 жилийн ой болох гэж байсан байх. 40 гаруй хоног яваад ирсэн болохоор гэртээ ороод гарах гэтэл өвгөний маань уурлаж байгаа гэж жигтэйхэн. “Энэ юмнуудаа буцаагаад аваад яв” гээд нөгөө чемодануудыг маань шидчихлээ. Би ч гараад л яваад өгсөн. Өвгөн маань үлдсэн. Сургуулилт хийж байгаад шөнө дунд харьтал өвгөн, хүүхдүүд маань унтчихсан байна. Өглөө босоод гэрийн эзэгтэй байна даа хоол цайгаа хийгээд л “Ээж нь хүүхдүүддээ ёстой гоё юм авч ирсэн” гээд чемоданаа уудаллаа. Тэр үед бохь байдаггүй байсан болохоор хүүхдүүддээ өгөхөөр бохь авсан байсан. Гэтэл аав нь чемоданы маань шидээд задалчихгүй юу. Тэгсэн хүүхдүүд аль хэдийнэ аваад, орцныхоо хүүхдүүдэд тараагаад өгчихсөн байсан. “Хүний ам хаах гэсэн юм. Чи эд нарт өгөөд” гээд үглэх гэсэн “Чи дуугүй бай” гээд загначихсан. Тэгэхэд л хамгийн их уурласан даа.
Манай өвгөний нар нь гардаг байсан зүйл гэвэл “Манай эхнэр гавьяат болох гэж байна” гээд л нөгөө зохиолч нөхөдтэйгээ ууна. Болчихлоо гээд ууна. Би ч шагнал урамшуулал дараа дараагаар нь олон ч авдаг байлаа даа.

-Эмэгтэй хүн аав ээж дээрээ байсан өнгөөрөө эр нөхөртөө байх тавилан ховор. Таныг харахад өнгөө алдаагүй эрх танхи хэвээрээ байгаа нь бас их хувь тавилан. Таны нөхрөөр бахархаж байна...
-Баярлалаа. Би ийм сайхан үгийг ярилцаж байгаа хүнээсээ сонсч байгаагүй. Нээрээ л тийм. Би аав ээждээ л ямар байсан тэр хэвээрээ л нөхөртөө эрхэлж ирсэн. Нэг юманд татгалзаж, нэг удаа намайг цохиж авч байгаагүй. Цохиод авбал чигтэйхэн юм болно биз дээ. Газар тэнгэр хоёр нийлнэ биз дээ.

Үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл "АРДЧИЛАЛ" сонин

0 Сэтгэгдэл
Пөөх сонин юм. Ардчилалынхан анх гарч ирэхдээ Филатово уртнасан төмөрбаатар энэ тэр гэж элдвээр хэлж гарч ирсэн дээ. Хэлэх үг хийх ажил нь тэр юм шиг л элдвэлдэг байж билээ. Нөхөр нь ардчиал***** сонины эрхлэгч байсан гэж сонссон чинь ардчилалынхан Уртнасан гуайд талархаж мэхийн ёслох ёстой юм байна гэж бодогдож байна шүү.
Хамгийн их уншсан