Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн орлогын тасалдал 508.7 тэрбум төгрөгт хүрчээ

Т.ЖАНЦАН

Уул уурхайгаас хэт хараат болсон манай эдийн засаг өнөөдөр хямралын сүүдэрт дайруулаад байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар ДНБ-ий 20, аж үйлдвэрийн 60, экспортын 90 хувийг эзэлж буй. Иймд ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл ямар байхаас манай эдийн засаг шууд шалтгаалах болсон. Тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт саарч, нүүрс, зэс, газрын тос, алт гээд бусад ашигт малтмалын эрэлт буурч үнэ хямдрgхад манай улс хямарч байгаа юм. Өнөөгийн энэ хямрал гурван жилийн өмнөөс эхтэй. 2012 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувиас 12.3 болж буурсан. Өнгөрсөн оны байдлаар 7.8 боллоо. Олон улсын банк санхүүгийн байгууллага, Монголбанкны төсөөллөөр 3-5 хувьтай гарах төлөв бий. Гэтэл улсын төсөв болон гадаад худалдааны алдагдал хэвээр байгаа юм. Энэ нь ам.доллар болон бусад валюттай харьцах төгрөгийн ханш сулархад хүргэж буй билээ.

Хэрэв улсын төсвийн орлого бүрдэхгүй бол төлөвлөсөн зардлаа санхүүжүүлж чадахгүйд хүрнэ. Иймд Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Энэ оны улсын төсвийн алдагдал хэвээр үргэлжилбэл төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй” хэмээн мэдэгдсэн. Тус яамнаас Монгол Улсын макро эдийн засаг  энэ оны нэгдүгээр улиралд ямар байсан талаарх тайлан гаргасан. Энэ тайлангаас  үзвэл улсын нэгдсэн төсвийн  нийт орлогын бүрдүүлэлт 93.3, зарлага 69.7 хувийн гүйцэтгэлтэй гарав. Иймд төсвийн тэнцэл 144.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Харин төсвийн орлого нь төлөвлөсөн дүнгээс 508.7 тэрбум төгрөгөөр дутуу байгаа юм.  
Тэгвэл гадаад зээлийн үндсэн төлбөрт 24, дотоод зээлийн үндсэн төлбөрт 5.3, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 408.6 тэрбум төгрөг  тус тус төлжээ.  Мөн 38.8 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл авч, Засгийн газрын 419.6 тэрбум төгрөгийн богино хугацаат, 26  тэрбум төгрөгийн урт хугацаат бондыг тус тус арилжаалсан аж. Энэ оны нэгдүгээр улиралд улсын нэгдсэн төсөвт төвлөрсөн нийт орлогын 88.8 хувийг  татварын орлого эзэллээ. Үлдсэн 11.2 хувь нь татварын бус орлогоос  бүрдсэн байна. Ингээд улсын нэгдсэн төсвийн зарлага ямар байсныг сонирхъё.

Улсын төсвийн  “Халамжийн сан”-гаас ахмад дайчин, алдар цолтой ахмад настанд 1.2 тэрбум төгрөгийн халамж олголоо. Мөн алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжид 26, Засгийн газрын нөөц хөрөнгийн зардал 5.1, хөрөнгийн зардал 99, эрчим хүч, дулааны алдагдлын татааст 4.6, тариаланчдын улаан буудайн урамшуулалд  24.3, малчдад ноосны урамшуулал гэж  16.6 тэрбум төгрөгийн татаас тус тус олгосон  аж. Үүнээс гадна улсын төсвөөс орон нутагт 49.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв. Бас 21.8 тэрбум төгрөгийг  “Орон нутгийн хөгжлийн сан”-д шилжүүлсэн байна.

Энэ оны төсвийг анх батлахдаа нийт орлого нь 7.1 их наяд гаруй төгрөг буюу  ДНБ-ий 29.8 хувьтай тэнцэхээр тооцсон. Харин  нийт зарлага  нь 7.6 орчим их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нийт алдагдал  439  тэрбум  төгрөг байхаар төлөвлөсөн билээ. Гэтэл дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас ашигт малтмалын үнэ буурч буй юм. Иймд энэ онд манай улсын ДНБ-ий өсөлт, экспортын орлого, төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй болж байгаа юм. Товчхондоо макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурна гэсэн үг.

Ингээд энэ оны төсөвт УИХ тодотгол хийсэн. Тэгэхдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого зургаан их наяд 632 тэрбум 600 сая төгрөг буюу ДНБ-ий 27.6 хувьтай тэнцэх нь. Нийт зардал нь долоон их наяд 837 тэрбум 400 сая төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь болохоор байна. Ингээд алдагдал нэг их наяд 204 тэрбум 800 сая төгрөгт хүрэх тооцоо хийсэн. Иймээс төсвийн алдагдал ДНБ-ий таван хувьтай тэнцэх юм.  Энэ тооцооны үндсэн дээр УИХ энэ оны төсвийн орлогыг  518.1 тэрбум төгрөгөөр бууруулан баталсан. Улсын нэгдсэн төсвийн тодотгол хэлэлцэх гэж байх үед эдийн засагчид дор хаяж 1.1 их наяд төгрөгөөр танах ёстойг  сануулж байсан билээ. Гэтэл он гарснаас хойш сар төлөвлөсөн орлого нь бүрэн орж ирэхгүй байгаа тул улсын нэгдсэн төсвийг дахин танахад хүрээд байна. Төр засаг “Хэмнэлт бас дахин хэмнэлт” гэсэн зорилт дэвшүүлж эдийн засгаа агшаахгүй байхыг хичээж байна. Гэвч энэ нь үр дүнгээ төдийлөн өгч нэмэр тус болох нь бага байгаа юм. Хэмнээд хэмнээд хөрөнгө оруулалт хийх олигтой мөнгө болж чадахгүй гэж эдийн засагчид хэлдэг. Учир нь улсын нэгдсэн төсвийн 70 хувийг төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэр, тэтгэмж эзэлдэг аж. Улсын нэгдсэн төсвийг танана гэдэг нь хөрөнгө оруулалтаа бууруулж эдийн засгаа агшаадаг. Энэ үед ажилгүйдэл нэмэгдэж иргэдийн орлого багасна. Нэг ёсондоо гэдэс, ар нуруу хоёроо наалдтал  бүсээ чангална гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн өнөөгийн хүндрэл улам даамжирч хямрал болох нь.

Олон улсын банк санхүүгийн байгууллагынхан болон эдийн засагчид энэ хүндрэлийн эсрэг ямар арга хэмжээ авч болох талаар өөр өөрийн байр сууриа илэрхийлж буй. Тухайлбал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас манай улсыг төсөв, мөнгөний хатуу болдлого баримтлахыг зөвлөж байгаа. Тэгвэл зарим судлаач, эдийн засагчид эдийн засгаа агшаахгүй төсөв, мөнгөний зөөлөн бодлого баримтлах арга зам, боломжийг аль болох эрэлхийлэх хэрэгтэй гэдэг. Ямартай ч энэ оны эхний хагас жилд макро эдийн засгийн үзүүлэлтүүд ямар гарахаас их зүйл шалтгаалах ажээ.  Гэвч  эдийн засагчид нэг зүйлд санаа нэгдэж буй. Тэр нь эдийн засгийн энэ хүндрэл удаан үргэлжилж магадгүй хэмээж байгаа. Яагаад гэвэл дэлхийн улс орнуудын эдийн засаг бие биенээсээ ихээхэн хамааралтай болсон. Гадаад орчинд эдийн засгийн байдал ямар байна, тэр нь манайд шууд нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр Хятад болон дэлхийн эдийн засгийн өсөлтын хурд саарсан. Энэ онд ч үргэлжилэх төлөв байгаа юм. Иймд  дэлхийн эдийн засгийн байдал болон, дотооддоо хэрэгжүүлж буй бодлого манай эдийн засгийн гол залуур болох ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан