Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эш Дайкес: Монгол бол гайхамшиг

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Уншигч таны толгойд урьд хожид эх орноо хөндлөн гулд туулах тухай бодол төрж байв уу. Мэдээж энэ тухай эргэцүүлж бодож байсан удаатай биз. Гэхдээ явганаар туулна гэж хэний ч санаанд багтахгүй. Тэгвэл алс холын будант Альбионоос Азийн цээжинд орших талын Монголыг зорьсон нэгэн Монгол орны баруун хязгаараас зүүн зах хүртэл явган аялжээ. Энэ хүн бол Их Британийн иргэн Эш Дайкес. 23-хан настай тэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Дорнод аймгийн Чойбалсан хүртэл 2600 км замыг 78 хоног явган туулсан аж. Урт холын аян бэрх байсан нь ойлгомжтой. 200 орчим кг жинтэй ачаагаа чирнэ, өлсөнө, цангана, халуунд нь халж хүйтэнд нь хөрж хүний газар ихийг үзнэ. Гэхдээ эхлүүлсэн замынхаа эцсийг үзнэ гэдэг сайхан. Энэ л хүсэл зорилгоороо хүч сэлбэн явсаар талын Монголыг хөндлөн гулд туулж өмнө нь хэний ч тогтоож байгаагүй амжилт гаргасан түүнтэй ярилцсанаа хүргэе. Тэрээр Английн 2014 оны шилдэг аялагч хэмээх шагналын эзэн болсон тухай “Дэйли мэйл” сонин мэдээлсэн байна.

-Монгол орныг хөндлөн гулд туулсан хүний хувьд юуны өмнө манай эх орны тухай сэтгэгдлээс тань яриагаа эхэлье гэж бодож байна?
-Гайхалтай, та бүхэн үнэхээр азтай хүмүүс. Монгол бол үлгэрийн орон. Танай нутагт хангай говь, тал хээр тэр ч бүү хэл асар уудам цөл, мөнх цаст уулс гээд байгалийн бүхий л тогтоц зэрэгцэн оршиж байна. Мөн тэдгээр нь онгон дагшин, яг л байх ёстойгоороо байгаа нь намайг бишрүүлсэн. Ер нь, Монгол орон миний хувьд цоо шинэ ертөнц байлаа. Монгол хүмүүс, ёс заншил, амьдралын хэв маяг гээд бүгд их дотно санагдсан.
Хязгааргүй уудам цөлд ганцаархнаа явж байхад алсаас айлын бараа тодорно. Би яваад л байна, яваад л байна. Нөгөө ганц гэр зэрэглээн дунд сүүмийгээд байж л байна. Гэвч 100 орчим км явж байж тэр айлдаа очно. Уудам цөлд ганц айл намайг хүлээж байсан мэт санагдана гэдэг гайхалтай биз.
Тэрхүү ганц гэрт ямар хүмүүс амьдардаг, аюултай юу, гэрийн эзэд чамд хэрхэн хандах бол гэх мэт зүйлсийн тухай огтхон ч санаа зовох хэрэггүй. Яагаад гэж үү, яагаад гэвэл чи Монголд яваа. Ердөө л энэ. Зочилсон айл бүхэн, хүн бүр үнэхээр найрсаг, дотно. Яг л миний гэр бүл шиг. Эцэст нь дахин хэлэхэд Монгол бол гайхамшиг.

-Өмнө нь аялж байсан улс орнуудтай тань харьцуулахад ямар байна?
-Маш том ялгаа бий. Би урьд нь Хятад, Тайланд гээд 20 орчим улс орноор явган аялал хийсэн, ихэвчлэн Азийн орнууд. Тэдгээр улсаар явж байхад ус, хоол хүнс гэх мэт хэрэгцээт зүйлсээ авч явах шаардлага гардаггүй. Учир нь жаахан явж байгаад л дэлгүүр, шатахуун түгээгүүр, үйлчилгээний цэг таардаг. Гэтэл Монголд тэс өөр. Би бараг долоо хоног ямар ч хүн, амьтантай тааралгүй талаар алхсан. Энэ нь л Монголыг амь өрссөн  аялал гэж хэлэхэд хүргэж байгаа юм. Мөн надаас хүчирхэг байхыг шаардсан хэрэг. Хоол унд, ус гээд бүхий л хэрэгцээт зүйлсээ чирж, Монголын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл явсан болохоор миний хувьд өөрийгөө сорьж шалгасан аялал байлаа.

-Магадгүй хамгийн эрсдэлтэй аялал нь байсан болов уу?
-Тийм шүү, хамгийн эрсдэлтэй нь ч гэлээ хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь. Би ирэхээсээ өмнө 14 сарын турш аялалд бэлтгэж, Монголын тухай судалгаа хийсэн. Явах ерөнхий маршрутаа гаргаж цаг агаарын байдлыг эртнээс тооцоолсон. Мөн Монголын түүхийг судалж танилцсан. Чингис хаан болоод түүний байлдан дагуулал гэх мэт түүх талаас нь илүү их танихыг хичээсэн дээ.

-Нийт замын хэчнээн хувь нь хангай газар байв. Таныг 200 орчим кг ачаа чирж энэ замыг туулсан гэхээр сонирхолтой санагдаж байна?
-Нийт замын 40 орчим хувь нь уулархаг нутаг байсан. Мэдээж өөрөөсөө гурав дахин хүнд ачаа чирж 2000 гаруй км зам туулна гэдэг амаргүй. Дээр хэлсэнчлэн бүхий л хэрэгцээт юмаа авч явахаас өөр аргагүй байсан учир 25 литрийн саванд усаа хийх жишээтэй. Хэрэглээгээ бодоод ахиухан ус авч явъя гэвэл ачаа л хүндэрнэ. Тиймээс бүх юмаа боломжит хэмжээгээр авч явсан.
Ачаагаа чирээд алхаад л байна, алхаад л байна. Уул, ус, намаг цөөрөм, хад чулуу, элсэн цөл гээд бүгдийг давж гарахаас өөр аргагүй. Төсөөл дөө, цельсийн 40 градусаас дээш халж байхад зах хязгаар үгүй мэт уудам говьд, элсэн далайд ганцаараа алхаж явна гээд. Зузаан ултай гутал өмсөхгүй бол хөлийн улнаас шатаж байгаа мэт аймшигтай хална. Тэнгэрт нэг ч үүлгүй. Өчүүхэн төдий салхи ч сэвэлзэхгүй. Гэтэл гэнэт хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй асар том элсэн шуурга нөмрөөд авна. Гайхалтай биш гэж үү.
Далайн түвшнээс дээш 3000, 4000 гаруй метр өндөр Алтайн уулсаар тэргээ чирээд явна. Хад чулуу, гол горхи бүхнийг туулахаас өөр аргагүй. Эргээд бодоход Баян-Өлгий, Ховдод их хүнд байсан шүү.

-Хамгийн их сэтгэгдэл үлдээсэн аймаг аль нь байв?
-Яг тэр нь гэж хэлэхэд хэцүү ч Дундговь аймгийг онцолно. Яагаад гэвэл тэнд л би жинхэнэ шалгууртай учирсан. Нөгөө аймшигтай халуунд алхаж яваад наршсан. Наршсанаасаа болоод долоо хоног халуурч нэг газраа байрлаж байгаад цааш явсан. Бие маань их сульдсан болохоор чирж яваа ачаа минь 500 кг болчихсон мэт санагдаж байсан. Түүнчлэн ачаагаа чирж явсан тэрэгний маань дугуй элсэнд шигдэж явахад их тээртэй байсан. Ер нь, Дундговь аймаг бол миний хувьд хамгийн хүнд хэр нь маш их дурсамж үлдээсэн даваа байсан.

-Таны аялал зүгээр нэг сонирхлын бус сайн үйлсийн зорилго агуулдаг тухай дуулсан. Энэ тухай дэлгэрүүлбэл?
-Английн Улаан загалмайн нийгэмлэг надаар дамжуулан танай орны ган, зуд, үер усны аюул гэх мэт байгалийн гамшигт өртсөн ард иргэд, малчдад тусламж үзүүлдэг юм. Товчхондоо, Улаан загалмайн нийгэмлэгт Монголд хаягласан гамшгийн хандивын данс үүсгэнэ. Тэр дансанд сайн санаат хүмүүс хандив өргөж тэрхүү сэтгэлийн илгээмж нь эмзэг, ядуу айл өрхөд гурил, будаа, малын тэжээл болж хүрдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл миний туулсан замын км бүр, гаргасан хүч, хөлс бүхэн бусдын сайн сайхны төлөө зориулагдаж байгаа хэрэг. Мөн миний өөрийн сонирхол аялахад маань нөлөөлдөг.

-Тантай уулзахаас өмнө бусад аялагчдын адил сонирхлоороо ирсэн болов уу гэж бодож байлаа. Гэтэл ярилцаад суухад үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Ийм хүмүүнлэг үйл хэргийг тань манай ард түмэн үнэлэх нь дамжиггүй. Тэдний өмнөөс танд талархсанаа илэрхийлье?
-Баярлалаа. Энэ бол миний хувьд асар их хүндлэл. Анх экспедиц байгуулаад багаараа ирэх бодолтой байсан ч ганцаараа аялж хандив цуглуулах тухай бодож эхэлсэн. Тэгээд л Улаан загалмайн нийгэмлэгт хандаж санал тавихад нааштай хүлээн авсан. Миний хувьд аяллаас ямар нэг ашиг олохгүй. Бүхий л зардлаа өөрөө гаргаж энэ аяллыг дуусгалаа. Надад ийм гайхалтай бас өндөр шалгууртай аяллын ард гарсан нь л сайхан байна.

-Манай улс хүн ам нь хэт тархсан, сийрэг орон. Нийт газар нутгийн ес орчим хувийг ойн бүс нутаг эзэлдэг. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй явагдаж байгаа. Үүнд уул уурхайн нөлөө ч их. Хэрэв та Өмнөговь аймгаар явж өнгөрсөн бол үүнийг илүүтэй ойлгох байсан болов уу. Тиймээс танай улс орны байгаль хамгаалах туршлага бидэнд их хэрэгтэй?
-Намайг явж байхад уурхай таараагүй. Ажиглаад байхад дэлхийн дулаарлаас шалтгаалж малчин ардын аж амьдралд асар их өөрчлөлт гарч байгаа гэж ойлгосон. Монголын эрс тэс уур амьсгал ч илүү ширүүн болж байгаа тухай сонссон.
Зундаа хэт халж хуурайшиж байхад өвөлдөө маш хүйтэн болсоор байна. Зуд болж малчин иргэд төв, суурин газар бараадах болж. Энэ нь миний бахдан бишрээд байгаа нүүдэлчин амьдрал, түүнийг дагасан ёс заншил, мал аж ахуй эрхлэх нь үгүй болох шалтгаан юм. Монголчууд та бүгд бол энэ гарагт үлдсэн цорын ганц нүүдэлчин ард түмэн шүү дээ. Энэ нь та бүхний хувьд давуу тал. Гэтэл ийм гайхалтай соёл иргэншил устаж мөхөхөд цаг уур гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байна. Би л гэхэд аяллын хугацаандаа нэлээд олон гэнэтийн шуургатай таарсан. Уул уурхай ч тэр маш их нөлөөтэй. Ер нь, уул уурхай гэдэг тийм ч сайхан зүйл биш.
Байгаль хамгааллын хувьд алсыг харсан ухаантай шийдвэр чухал. Сөөм газар ч гэсэн асар өндөр үнээр үнэлэгддэг болсон цаг шүү дээ. Дэлхий улам жижгэрч байна. Ийм үед хүчтэй нь хүчгүйгээ газар нутгийн төлөө барьж иднэ. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг ганц л хууль үйлчилнэ. Яг л зэрлэг байгаль шиг.

-Өмнөх аяллууд тань энэ удаагийнхтай ижил зорилготой байсан уу?
-Үүнээс өмнөх аяллууд өөрийгөө сорих сорилт байсан. Би Монголыг явган туулна гэдэг шийдвэрийг маш их зориг гаргаж өөртэйгөө зөрчилдөн, хүчлэн байж гаргасан. Зорилгын хувьд мөн л өөрийгөө сорихоос гадна хандив цуглуулах байсан л даа. Ер нь, явах бүртээ ямар нэг үйл хэрэг бүтээхийг хичээдэг. Огт зорилгогүй явна гэдэг утгагүй хэрэг.
Биеийн амрыг бодоод энэ удаагийн аяллыг машин ч юм уу унадаг дугуйтай хийж болох л байсан. Гэхдээ өөрийгөө шалгах нь надад илүү чухал байсан учир явган аялсан хэрэг. Мөн явган аялсан нь байгаль, цаг агаар, ард иргэдтэй илүү ойр, дотно танилцах боломж олгодог. Бороо орж байхад алхаж л байсан, шороо шуурч байхад ч алхаж л байсан. Энэ нь онгон зэрлэг байгальтай илүү ойр байх боломж олгосон юм.

-Нүүдлийн соёл иргэншил, малчин ард түмэнтэй илүүтэй танилцсан гэж ойлгож болох нь?
-Тэгэлгүй яахав. Жилийн дөрвөн улиралд ердийн хөсгөөр нүүдэллэн амьдарна гэдэг гайхалтай. Өвөрмөц байгалийн тогтоц, цаг агаартай нутагт ийнхүү аж төрж байна гэдэг түүнээсээ ч илүү гайхамшиг. Надад, малчин амьдралын хамгийн сонирхолтой хэр нь сайхан санагдсан нь эрх чөлөөтэй байдал. Хээр талд нэг айл байхад хашаа хороо гэх юм юу ч байхгүй. Морио унаад хэдэн зуун км хаашаа л бол хаашаа давхиад явчихдаг.
Малчин ард түмэн маш тайван, юутай ч зүйрлэмгүй амар амгалангийн дунд амьдарч байна. Мөн тэдгээр хүн хамгийн шим тэжээлтэй, хоргүй хоол хүнс хэрэглэж байна. Хамгийн тэжээллэг мах иддэг.Монгол гэр бол хамгийн шилдэг орон сууц. Богино хугацаанд буулгана, барина. Өвлийн хүйтэнд дулаахан, зуны халуунд сэрүүхэн.
Тэр ч бүү хэл асар хүчтэй шуурганд хүртэл тэсээд л байж байдаг үнэхээр сонирхолтой.

-Аялж явахад хамгийн их айдас төрүүлдэг зүйл юу вэ?
-Бэлтгэл сайн хангадаг учраас нэг их айгаад байдаггүй ээ. Гэхдээ л болгоомж хэзээд илүүдэхгүй шүү дээ. Хэрэв зам зуур надад ямар нэг асуудал гарвал сансрын холбоогоор яаралтай дохио дамжуулж аврах баг намайг хаа байгаа газраас минь өдөртөө очоод авч болно. Би Дундговьд долоо хоног халуурч хэвтэхдээ энэ тухай бодож байсан ч эцсийг нь үзэхийн төлөө тэвчсэн. Үнэндээ шантрах үе бишгүй л байлаа.
Баян-Өлгийд явж байгаад хээр ууланд хоносон юм л даа. Гэтэл өглөө нь хэдэн анчин таараад “Энд их чонотой, айхгүй байна уу” гэж асуусан. Би чонотойг мэдээгүй байсан болохоор юунаас айх билээ.  Ер нь, айдсаа даван туулж байж зорилгодоо хүрнэ биз.

-Их олон наадамтай таарсан байх?
-Тийм ээ, Дундговь, Говь-Алтайд наадам болж байхад очсон. Тэр үедээ наадамлаж нэг өдөр амраад явж байсан.

-Морь унаж үзэв үү?
-Унасан, бүр амьдралдаа анх удаа морь унаж үзсэн. Үнэхээр сонирхолтой байсан ч морь маань хэт их хурдлаад тэгээд буучихсан. Таван минут л унасан байх. /инээв/

-Тань шиг явган аялал хийдэг хүмүүст туршлага болж магадгүй. Аялж явахад хамгийн чухал юм юу байдаг вэ?
-Ус. Ус бол хамгийн үнэтэй, хамгийн чухал зүйл. Түүнчлэн аялж яваа хүн сайхан зурагнуудтай буцах нь чухал болохоор зургийн аппарат камер их чухал.

-Хүнс?
-Хүнс, хоол муудаагүй, эрүүл байх ёстой. Би Оросоос авсан лаазалсан бүтээгдэхүүнээрээ хооллож явсан. Хэлэхээ мартсан байна, аялагчдад ус шиг чухал зүйл бол мөн гал асаах найдвартай хэрэгсэл, сайн гутал.
Би нутагтаа буцаж очоод Монголын тухай баримтат кино хийнэ. Мөн ном бичих юм. Номны хувьд анх удаа л бичиж үзэх гэж байгаа учир мэргэжлийн хүнээс зөвлөгөө авна. Юутай ч танай гайхалтай орноор аялснаа заавал бусдад түгээх болно. Тиймээс л ном бичих гэж байгаа юм.

-Аяллын тань турш тохиолдсон сонирхолтой, хөгжилтэй явдлаас дурдвал?
-Аяллын маань дөрөв дэх өдөр байсан санагдаж байна. Их хүйтэн өдөр байсан юм. Явж явж Баян-Өлгийд нэг айлд ортол намайг их халуун дотно хүлээн авч дайлж цайлсан юм. Идэж уугаад тэр айлд нэлээд сууж байтал нөхөр нь надад эхнэрээ санал болгосон. /инээв/ Тэр үед би үнэхээр их гайхсан. Хүүхэдтэй хэр нь надад эхнэрээ санал болгоход нь би юу хэлэхээ мэдэхгүй ёстой шоконд орсон доо. Сүүлд бодоод байхад надаар тоглосон ч байж магадгүй юм билээ. Энэ мэт яриад байвал маш их хөгжилтэй түүх ярьж болно. Бод л доо 78 хоногийн турш юу эс тохиолдох билээ.

-Ганцаараа ярьдаг уу?
-Тэгэлгүй яахав. Хааяа хөдөө хээр явж байгаад хөгжилтэй дурсамжуудаа сэргээж ганцаархнаа инээнэ. Өөрөө өөртэйгөө ярина. Хүмүүс намайг галзуу гэж бодох байх. /инээв/

-Дахин ирэх үү?
-Мэдээж ирэлгүй яахав. Би заавал буцаж ирнэ.Магадгүй Монголын өвлийг үзэж болох юм.

0 Сэтгэгдэл
mundag zaluu bna, neg ch gesen hun mongoliig boditoor ni uzsen bna
Ийм өргөн агуулгатай ярилцлаганаас үүнийг л анхаарч сэтгэгдэл бичих гэж. Хэлэх ч үг алга...
Зориг тэвчээртэй залуу байна. Бидний сэтгэж хийж чадаагүйг амжуулчихаад буцсан байна шүү. Машинаар ч болтугай Монголоо нэг тойрно доо...
ter aild n ochij honoh yumsan
Ийм өргөн агуулгатай ярилцлаганаас үүнийг л анхаарч сэтгэгдэл бичих гэж. Хэлэх ч үг алга...
Хамгийн их уншсан