Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цөлийн өгүүлэмж” монголчуудын хүртээл болов

Австралийн зураач Женни Митчелл, Мервин Ханнан нарын урилгаар Монголын зураач С.Төгс-Оюун одоогоос зургаан жилийн өмнө Австралийг зорьжээ. Гурван зураач хамтдаа нэг сар орчим Австралийн цөлөөр уран бүтээлийн судалгаа хийж аялсан байна. Уг аяллын дараа Викториа мужийн Мельбурн хотын ойролцоохь Эльтам дахь зураачдын Монтсалват нэгдлийн Барна галерейд хамтарсан “Desert sharing I” үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тус үзэсгэлэнд зураач С.Төгс-Оюун Монголын говийн байгаль, амьдрал ахуйн тухай болон Австралийн цөлийн байгаль, цэцэгс, кенгуру, нэг бөхт тэмээ, цөлийн давст нууруудын байгалийн сайхныг харуулсан олон бүтээлээ дэлгэн үзүүлжээ. Үүний дараагаар 2010 онд Женни Митчелл, Мервин Ханнан нар Монголд зочилж Өвөрхангай аймгийн Хар Хорин, Хөгнө хан уул, Өвгөн хийд, Элсэн тасархай болон Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуур, Хангал нуур, Балдан бэрээвин хийд, Өглөгчийн хэрэм, Биндэр, Дадал сумын нутгаар аялж олон тооны судалбар зураг бүтээсэн байдаг. Эдгээр судалбар дээрээ тулгуурлан энэ сарын 7-ныг хүртэл Монголын үндэсний түүхийн музейд гурван зураач маань  хамтарсан “Desert sharing II” үзэсгэлэнгээ толилуулах аж. Уг үзэсгэлэнд гурван зураачийн өөр өөрийн өвөрмөц арга барилаар бүтээсэн уран зураг, зураасан зураг, торгон дээр зурсан зургууд дэлгэгдэж Монголын үзэгчдийн мэлмийд хүрэх юм. Энэхүү үзэсгэлэнгийн дараа гурван зураач Дорноговь, Дундговийн нутгаар уран бүтээлийн хамтарсан аялал зохиож уг бүтээлүүд дээрээ тулгуурлан “Desert sharing III” үзэсгэлэнгээ энэ сарын 25-наас ирэх сарын 2-нд Монголын урчуудын эвлэлийн хорооны “Арт” галерейд нээж үзэгч түмэндээ хүргэх аж.

А.Цагаан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан