Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Үдийн цай” хөтөлбөрт гэнэтийн шалгалт хийлээ


НИТХ-ын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооноос “Үдийн цай хөтөлбөр”-т гэнэтийн шалгалт хийлээ. Төлөөлөл болгож хотын төвийн болон захын сургуулийг сонгож шалгалтын хэсгийнхэн ажилласан юм. НИТХ-ын  Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, нийслэлийн Боловсролын газар, НМХГ, Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэр­гэ­жилт­нүүдээс бүрдсэн баг Нийслэлийн ерөнхий боловс­ролын нэгдүгээр сургууль болон 79 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгалаа.

Нэгдүгээр сургуулийн бупетэд хориотой
бүтээгдэхүүн зарж байв
Шалгалт нэгдүгээр сургуу­лиас эхэлсэн. Тус сургуулийн  цайны газарт хэт чихэрлэг амттан, хийжүүлсэн энергийн ундаа худалдаалж байсан нь Эрүүл мэнд спортын сайдын тушаалыг зөрчсөн үйлдэл болжээ.  Нийслэлийн зарим сургууль “үдийн цай” хөтөлбөрийг “үдийн хоол” болгон хэрэгжүүлж байгаа нь учир дутагдалтай гэдгийг албаныхан хэлж байлаа. Учир нь, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын  200 орчим сургуулийн цайны газар нь  зориулалтын бус стандартын шаардлага хангаагүй  нөхцөлд ажилладаг аж.  Ийм эрсдэлтэй нөхцөлд бага насны сурагчдад хоол бэлтгэж өгөх нь тохиромжгүй гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн хэлсэн.

Засгийн газраас нэг сурагчийн  “үдийн цай”-г 600 төгрөгт багтаахаар тооцож санхүүжилт олгож байгаа. Гэвч энэ мөнгө нь хүүхдийн авбал зохих илчлэгт яагаад ч хүрэхгүйг  сургуулийн удирдлагууд албаны хүмүүст учирласан. Нэгдүгээр сургуулийн хувьд энэ мөнгөн дүнгээр нэг хүүхдэд 266,8 ккал илчлэг бүхий хоол өгдөг  гэнэ. Гэтэл Эрүүл мэндийн сайдын 2014 онд гаргасан тушаалаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэм хэмжээ, дэглэмийг тогтоосон байдаг. “Хүүхдийн байгууллагуудад хүүхдийн хоолыг хүйсийн ялгавартайгаар бэлдэн, үйлчлэх боломжгүйг харгалзан 1-3 настай хүүхдэд 1200 ккал, 4-6 настай хүүхдэд 1600 ккал, 7-10 настай хүүхдэд 2000 ккал, 11-14 настай хүүхдэд 2100 ккал, 15-18 настай хүүхдэд 2300 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэхээр тооцно” гэжээ. Ингэхдээ өглөөний хоолноос 20 хувь, бага үдийн цайнаас 10-15 хувь, үдийн хоолноос 30-35 хувийг нь, их үдийн цайнаас 10 хувь, оройн хоол, цайнаас 20-25 хувийг авах ёстой гэжээ. Харин сургууль цэцэрлэгт идэж буй хоолноос бол “Найман цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт хүүхэд өдөрт авах ёстой илчлэгийнхээ 75-80 хувь, 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт 100 хувь, сургуулийн дотуур байранд 100 хувь, үдийн цай хөтөлбөрөөр 10-15 хувь, сургуулийн үдийн хоолоор 30-35 хувийг авахаар тус тус тооцож, хоолны цэсийг төлөвлөж, хүнсний бүтээгдэхүүнээр хангах шаардлагатай” хэмээн заасан байна. Ингээд бодохоор бага ангийн хүүхдүүд өдөрт хамгийн багадаа үдийн хоолноосоо 600-700 ккал илчлэг авах ёстой. Гэтэл нэгдүгээр сургуулийн хүүхдүүддээ өгч байгаа үдийн хоолны илчлэг үүний тал хувьд ч хүрэхгүй байгаа аж.

“Өсвөр үе-Хүнс” НӨҮГ-ын барилга актлагджээ

Шалгалт хийхээр төлөвлөсөн дараагийн газар бол Нийслэлийн БЗД дэх “Өсвөр үе-Хүнс” НӨҮГ байлаа. Тус байгууллага нь Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүргийн 60 гаруй цэцэрлэгийн хүн­сийг нийлүүлдэг. Биднийг очи­­ход махаа буулгаж байв. “Өс­вөр үе-Хүнс”-ийнхэн “Маши­наас машинд” гэсэн уриатай ажиллахыг хичээдэг талаараа ярилаа. Энэ нь барилга нь актлагдсан зориулалтын бус учраас бүтээгдэхүүнээ агуулахдаа хадгалахыг боддоггүйтэй холбоотой аж. Тус байгууллагын захирал Б.Наранчулуун “Би энд 2013 оны наймдугаар сард томилогдож ирсэн. Тэгэхэд ажилчид маань гараа угаах ч газаргүй шахам болчихсон байсан. Ямар ч байсан байраа төвийн шугамд хол­бож, бохирын асуудлаа шийд­сэн учраас ажилчид маань ариун цэврийн наад захын хэрэг­цээгээ хангаж чадахаар бол­сон. Мөн хашаагаа бүрэн камер­жуулсан” хэмээн хийсэн ажлаа танилцуулсан юм. Өмнө нь 50:50-ийн харьцаатайгаар дий­лэнх бараагаа импор­тын бүтээг­дэ­хүүнээс сонго­дог байсан ч тэ­рээр үн­дэс­ний үйлдвэрлэлээ дэм­­жих зорилгоор 70:30-ийн харь­цаатайгаар сонгол­тоо хийж, до­тоодын бүтээг­дэхүүний хэмжээг нэм­жээ.
Шууд хэрэглэх бүтээгдэ­хүүнээ гэрээт борлуулагчдаасаа цэцэрлэ­гүүддээ хүргүүлдэг гэнэ. Хуурай хүнсээ агуулахдаа хадгалдаг ч хурдан хугацаанд түгээлтээ хийхийг зорьдог аж. Түгээлтийн хоёр машинтай ч нэг нь хөргөлтгүй гэдгийг тус байгууллагынхан хэлж байлаа. Уг нь Нийслэлийн төсвөөс хоёр ч машин нэмж өгөхөөр тендэр зарлаж, шалгаруулсан ч өгсөн машин нь шаардлага хангахгүй учраас буцаасан байна.
Хоёрхон машинтайгаас цэ­цэр­лэгүүддээ долоо хоногтоо хам­гийн доод тал нь нэг л удаа хүр­гэлт хийдэг аж. Ингэхдээ бэ­лэн бүтээгдэхүүн болон бэлэн бус бүтээгдэхүүнээ хамт ачдаг гэв. Үүн дээр НИТХ-ын  Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хан­гах асуудал эрхэлсэн дэд хо­рооны дарга НИТХ-ын тө­лөө­лөгч Ж.Амарсанаа “Айлууд мах, талх хоёроо тусдаа модон дээр хэрчдэг. Энэ нь түүхий мах­наас өвчин үүсгэгч паразит ял­гарч бэлэн бүтээгдэхүүнээр дам­жих хүний биед ороод өвчин үүс­гэдэгтэй холбоотой. Тиймээс ма­шин­даа хаалт хийж, талх зэрэг бэ­лэн бүтээгдэхүүнээ тусгаарлах хэ­рэгтэй” гэсэн зөвлөмж өгсөн юм.
Нийслэлийн хэмжээнд цэцэр­лэ­гийн хүүхдүүдийн хүнсийг бэлт­гэх зориулалт бүхий үйлдвэрийн га­зар тав байдаг ч тэд нийтдээ зургаан машинтай аж. “Өсвөр үе-Хүнс”-ийнхний хувьд хоёр ма­шинтай гэдэг нь давуу тал гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн онцоллоо.

79 дүгээр сургууль ч 600 төгрөгөө голов

Нийслэлийн захын сургуулиудыг төлөөлүүлж, БЗД-ийн 79 дүгээр сургуулийг сонгосон байлаа. Тус сургуулийн хувьд сургуулийн цайны газартаа хоол хийж, үдийн хоолыг хүүхдүүдэд өгдөг. Нэгдүгээр сургуулиас ялгаатай тал нь энэ сургуульд зөвхөн үдийн хоолоор өдрийн өл залгадаг хүүхэд олон. Тиймээс хоолны илчлэг нормын дагуу байх ёстой ч өмнөх сургууль дээр яригдсан. “Үдийн хоолонд зориулагдсан 600 төгрөг хангалтгүй байна” гэсэн үгийг давтагдав.
Тус сургуулийн цайны газарт хориглосон бүтээгдэхүүн зардаггүй ч чихрийн төрлийн бүтээгдэхүүн ихээр худалддаг аж. Үүнийгээ багасгах талаар мэргэжилтнүүд зөвлөгөө өгсөн. Сургуулиудын үдийн хоолонд нийтлэг ажиглагдсан алдаа тус сургууль дээр ч гарсан. Тэр нь хоол хүнсэндээ хэрэглэж байгаа “Орос” масло нь масло биш маргарин гэдгийг тогооч нар нь ч мэдэхгүй байгаа явдал аж. Маргарин нь өөрөөр хэлбэл ургамлын тосыг царцааж, хатуу биет болгосон хэлбэр гэнэ. Үүнд транс тос ихээр агуулагдсан байдаг нь элэг, цөс, дотор эрхтний үйл ажиллагаанд маш муугаар нөлөөлдөг гэдгийг НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа хэлсэн. Мөн тэрээр “Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульдаа ямар хоол унд идэж байгаад анхаарал тавьдаггүй. Сургуульд нь даатгаад үлдээдэг. Иймээс тухайн сургууль сурагчдын  хоол тэжээлээс гадна эрүүл мэндийн байдалд нь  үүрэг хариуцлага хүлээн ажиллах ёстой. Хүүхэд өвдөх, хоолны хордлогод орвол яах вэ гэдэг эрсдэлийг үргэлж бодож ажиллах хэрэгтэй. Тухайлбал, бидний шалгалт хийсэн цайны газрын тогооч нар хоол бэлтгэхдээ зориулалтын бээлийгүй, түргэн мууддаг зарим хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын дэглэм зөрчсөн байна.  Мөн бага ангийн сурагчдад хэт чихэрлэг бүтээгдэхүүн, энергийн ундаа худалдаалж буй нь Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж байна” гэлээ.
Тус шалгалт нь нийслэлийн 40 сургуульд хийгдэж, 200 хоолны дээж цуглуулан лабораторт шинжилсний дагуу ЭМС-ын сайдын тушаал гаргаж, хүүхдэд хэрэглүүлж болох хүнсний жагсаалтыг шинэчлэх зорилготой гэсэн. Ямартаа ч энэ удаагийн шалгалтаар багагүй зөрчилтэй таарсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан