Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨВСГӨЛИЙН ХҮНД ӨДРҮҮД

Монголын их талаар Ардчиллын салхи үлээгээд 25 жилийг үджээ. Нийслэл хотноо 1989 оны арванхоёрдугаар сарын сүүлээр байгуулагдсан МоАХ 1990 оны хоёрдугаар сарын 18-нд анхдугаар их хурлаа хийснээр аймгуудад дуу дуугаа авалцан салбар зөвлөлүүд мэндэлж байсан билээ. Энэхүү салбар зөвлөлийн анхдагчдын нэг нь Хөвсгөл аймгийн МоАХ. 1990 оны гуравдугаар сарын 4-ний өдөр 15 гишүүнтэй байгуулагдсан Хөвсгөлийн салбар зөвлөлийнхэн 11-ний өдөр анхны цуглаанаа зохион байгуулжээ.

1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд Мөрөн хотын Даваадоржийн талбайд МоАХ-ын салбар зөвлөлөөс цуглаан зохион байгуулсны дараа зохицуулах зөвлөлийн найман хүнийг  цагдаа нар баривчлан шөнө болтол цагдаагийн хэлтэс дээр саатуулсан байна. Ердөө маргааш өдөр нь буюу 28-нд аймгийн шүүхийн даргын шийдвэрээр  МоАХ-ны салбар зөвлөлийн зохицуулагч Д.Чилхаажав, зохицуулах зөвлөлийн гишүүн Л.Жамбалдорж, Л.Батсуурь, Б.Олзбаатар  нарыг баривчилсан аж.
Мөн өдрөө аймгийн цагдаагийн хэлтсийн урьдчилан хорих байранд Д.Чилаажав, Л.Жамбалдорж, Л.Батсуурь, Б.Олзбаатар нар улс төрийн өлсгөлөн зарласан юм. Ийн энэ өдрөө хууль зөрчиж цуглаан зохион байгуулсан хэргээр МоАХ-ын дөрвөн нөхөр нь баригдаж мөн Д.Цогбадрах, Т.Баяржаргал, Л.Жамбалдорж, Ч.Ганхүү   нарын 500 төгрөгөөр торгуулах шийтгэл авсан гишүүд нь Даваадоржийн талбайд мөн өлсгөлөн зарлав. 9 өдөр 8 шөнө үргэлжилсэн энэ өлсгөлөнгийн тухай ардчиллын түүхэнд “Хөвсгөлийн хүнд өдрүүд” хэмээн тэмдэглэсэн байдаг юм. Энэ тухай 1990 оны тавдугаар сарын эхний “Ардчилал” сонинд Батын Эрдэнэбаатарын бичиж нийтлүүлсэн “Хөвсгөлийн хүнд өдрүүд” тусгай сурвалжлагыг ахин хүргэж байна.

\Тусгай сурвалжлага\
- Яагаад
- Цаадуул чинь бужигнавал яана?
- Энэ хүмүүст итгэж байна гээд л гарсан. Гэтэл намайгХөвсгөлд байхыг хүсч 478 хүний гарын үсэгтэй бичиг хариу гардуулсан. Гэтэл намын хорооны хурал хийж, 178 намын гишүүний гарын үсэгтэй хариу бичигт мөн л маргаашийн онгоцоор нэн даруй буцахыг шаардсан байв. Талбайд олон хүнтэй байна. Өлсгөлөн зарлагчдыг өр зүрхээрээ дэмжиж зохиосон “Морин жилийн төөрөг” гэдэг дуу тэнд цуурайтаж байв.
“Улс төрийн өлсгөлөн: Бид ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө амь насаараа дэнчин тавьж байна” гэж хар даавуун дээр тодоор бичжээ.
ӨЛСГӨЛӨН ЗАРЛАГЧДЫН ШААРДЛАГА НЬ:
1. Ардын Түр Хурал байгуулах
2. Ард Түмний Онц Зөвлөл байгуулах
3. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 86 дугаар зарлигийн зарим заалтуудыг өөрчлөх.
4. Мөрөн хотын АДХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгох
5. “Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Намын гишүүдийн эрхийг хамгаалах, баталгаажуулах” гэж бичсэн байв.
ТЭДНИЙ УРИА ЛООЗОН НЬ:
1. Эвээ нэгтгэн ардчиллынхаа тэмцлийг бадруулъя.
2. Ардчиллыг зарлиг тогтоолоор хүлж баглаж болохгүй.
3. Төмөр нүүртэй төрийг халъя.
4. Төрийг ард түмний гарт шилжүүлье.
5. Хоёрдогч цэдэнбализм байх ёсгүй.
6. Шударга сонгуулийн төлөө
7. Хэлмэгдлийг зогсоо.
8. 1922, 1932, 1937, 1990 гэж бичжээ. Тэгээд л хамгийн гол нь тэнд татсан майхны бөөрөн дээр “ Үнэний төлөө тэмцсэн тэмцэл хэзээд ялна” гэжээ.
Маргааш өглөө нь Даваадоржийн талбайд явж очлоо. Нар сүрхий хурц ээж байв. Бид гайгүй ээ гэж ярьж байвч зарим эмэгтэйчүүд үнэхээр ядарч байгаа бололтой. Өлсгөлөн зарлаад үнэхээр олон хоног өнгөрч байна. Засгийн газраас хүн ирж уулзсангүй.
Өлсгөлөн зарлагчдад үнэхээр дэндүү хайхрамжгүй хүнлэг биш хандаж байгаа нь манай Засгийн газар төмөр нүүрээ харуулж чадаж байна. Санаа зовж шагширсан хүмүүс.
Талбайд байсан гэрийг буулгажээ. Тийм учир хүмүүс нарших аюулд ч учирч мэдэхээр байна.
-Яагаад гэр буулгасан юмбэ?
-Хэл ам гараад л
-Ямар
-Гэрт нийлж суучихаад орой үдэш шөнө хоол цай идэж байна гэсэн яриа гарчээ. Тэгээд л гэр буулгасан байна. Толгой хоргодох сүүдрэвч хэрэгтэй байж.
Тийм ээ үнэн хэзээд ялна. Хэзээ ч ингэж хөвсгөлчүүдийн сэтгэлийг Даваадоржийн талбай эзэмдэн татаж байсангүй. 40 гаруй жилийн тэртээ хэдэн нөхрийнхөө хамт амь насаараа дэнчин тавин газар шороогоо Даваадорж хамгаалсан бол хувь заяагаа хамгаалахаар энд тэд суужээ. Ард түмний үнэнч хөвгүүд, эрэлхэг баатрууд цөөддөггүй юм.
Энэ хүмүүсийг магадгүй Даваадорж, Тэгшээ, Лхагвадоржийн эрэлхэг зориг дуудсан ч юм бил үү. Даваадоржийн талбай ийнхүү эх оронч тэмцлийн өндөрлөг болжээ. Цуглаан Даваадорж, Сүхбаатарын талбайд болох болохгүйдээ биш юм аа. Үүний цаана хүнд суртлыг ялах, ард түмэн эрх чөлөөгөө олжавах хоёр мөн чанар оршиж байгаа юм.
Даваадоржийн талбайд өлсгөлөн зарласан тэр хүмүүс чухамхүү хэн байв аа.
Яагаад гэвэл тэднийг ард түмэн, түүх хоёр мэдэхийг хүсч байна.
1.Лааганы Жамбалдорж 29 настай, Мөрөн хотын 2-р арван жилийн дунд сургуулийн багш, МоАН-ын гишүүн, эрэгтэй, 4-р сарын 28-ны 13 цагаас.
2.Ядамжавын Дагва-Очир, 39 настай, Хөвсгөлийн экспедицид геологич-инженер. Аль ч намын гишүүн бус. 5-р сарын 3-ны 13 цагаас
3.Паламын Баатарцогт 28 настай, Дарханы орон сууцны 1-р конторт цахилгаанчин, МоАН-ын гишүүн 5-р сарын 2-ны 19 цагаас.
4.Мягмарын Сэрдорж, 32 настай, зураглалын экспедици- эдийн засагч, МоАХ-ны гишүүн 4-р сарын 30-ны 13 цагаас.
5.Лувсандагвын Галбаатар 34 настай, “Ёл” хоршооллын ажилчин, 4-р сарын 30-ны 16 цагаас
6.Санжаагийн Баянмандах, 29 настай, Дархан, МоАН-ын гишүүн, 5-р сарын 2-ны 19 цагаас.
7.Данзангийн Батжаргал 27 настай, Дүрслэх урлаг уран барималч, МоАХ-ны гишүүн, 4-р сарын ЗО-ны 16 цагаас
8.Чимидцэрэнгийн Оюунгэрэл 28 настай, Дорнод, 1-р 8 жилийн сургуулийн багш, МоАХ-ны гишүүн, 5-р сарын 5-ны 20 цагаас.
9.Дашзэвэгийн Саранцэцэг 36 настай, Ахуйн үйлчилгээний гуталчин, 4-р сарын 29-ны 19 цагаас.
10.Балдангомбын Мөнхжаргал 28 настай, Хөвсгөл, Хатгалын 10 жилийн сургуулийн багш, МоАН-ын гишүүн, 4-р сарын 29-ны 22 цагаас.
11.И.Данзангийн Бохьшарга 33 настай, Мөрөн хотын 2-р арван жилийн түүх газарзүйн багш, МоАХ-ны гишүүн 4-р сарын 28-ны 17 цагаас.
12.Дамбадаржаагийн Чилхаажав, 33 настай, Геологийн инженер, МоАХ-ны гишүүн, 4-р сарын 28-ны 13 цагаас.
13.Должингийн Цогбадрах Мөрөн, 10 жилийн сургуулийн математикийн багш, МоАХ-ны гишүүн 4-р сарын 28-ны 17 цагаас
14.Лувсангүрийн Батсуурь, 37 настай, Барилгын инженер, МоАХ-ны гишүүн, 4-р сарын 28-ны 13 цагаас
15.Бэгзсүрэнгийн Олзбаатар, 36 настай, ахлах геологич, МоАХ-ны гишүүн, 4-р сарын 28-ны 13 цагаас
16.Гомбожавын Оюунгэрэл, 29 настай, сантехникийн инженер, МоАХ-ны гишүүн, 4-р сарын 29-ны 20:30 минутаас
17.Чулуунбаатарын Ганхүү 28 настай. Музейн ажилчин, 4-р сарын 28-ны 17 цагаас
18.Төгөлдөрийн Баяржаргал 29 настай, Холбооны инженер, МоАХ-ны гишүүн 4-р сарын 28-ны 13 цагаас эдний дөрөв нь эмэгтэй. Ес нь дээд боловсролтой хүмүүс байв. Дарханаас хоёр, Улаанбаатараас нэг хүн тэмцлийг дэмжиж тэнд ирж өлсгөлөн зарласан байна. Гэтэл үүнийг ганц нэг хүн эсэргүүцэж, “Хөвсгөл бол өлсгөлөнгийн талбар биш ээ” гэж байсан. Эх оронч Даваадоржийн талбай хувьсгалын талбай болсноо батлан харуулав.
Өлсгөлөн зарлагчдын сэтгэгдлээс сонсвол:
Бид нэгдсэн эмнэлэгт очиж дотрын тасагт албадан эмчилгээ хийлгэж буй 5 хүнтэй уулзлаа. Зориг тэдний биеийн байдлыг асууж “Та нарт баярлалаа. Та нар хөдөө орон нутгийг сэрээлээ. Та нар ардчилсан хувьсгалын бамбарыг унтраалгүй барилаа ” гэж хэллээ.
Энэ өдөр холбооны инженер Төгөлдөрийн Баяржаргалын төрсөн өдөр болж байгаа ажээ.
-Бие ямар байна вэ?
-Гайгүй
-Урьд нь их өлсөж байсан уу?
-Үгүй. Амьдрал дажгүй. Гэвч би өөрийгөө яагаад ч юм улс төрийн тэмцэлд орохгүйгээр байж чадахгүй гэдгээ мэдсэн юм. Сэтгэл санаа өндөр, хатан зоригтой байж чадах юм бол хүн өлсгөлөнг давж болно гэдгийг энэ өдрүүдэд мэдэрлээ. Анх баривчлагдсан 8 хүний нэг.
-Яаж баривчлагдсан бэ?
-Жамбалдорж бид хэд Төмөр-Очирыг онгоцны буудалд  үдэж өгөхөөр очсон юм. Онгоцны буудлын дарга Бирваа хэдэ- сэргийлэгчийн хамт гарч ирсэн. Хажууд зогссон Төмөр-Очир “байдал нэг л биш ээ цаадуул чинь баривчлах гэж байна” гэхэд би “Арай гайгүй биз дээ” гэсэн юм. Гэтэл та нарыг урьж байна гэж и л соёлтой хэлсэн юм.
-Юунд?
-Цуглааны тухай асуух гэсэн юм.
-Бид хүнээ үдэж өгөөд дараа нь МоАХ-ны салбар зөвлөлөөрөө тайлбарлаж өгье гэхэд ширүүхэн
-Ер нь та нарыг барина гэж хоёр хоёроор нь барьж авсан юм Ингэж л Хөвсгөлийн хүнд өдрүүдийн эхлэл тавигджээ.
Должингийн Цогбадрах хоёр хүүхэдтэй, Улаан-Уул сумынх
-Үнэн үгээ хэлсний төлөө баривчлагдсан учраас өлсгөлөн зарласан юм. Төрөлх Монгол улсад маань баталгаатай ардчилсан төр бий болоход миний тэмцэл туслаасай гэж хүсэж байна.
Бэгзсүрэнгийн Олзбаатар 4 хүүхэдтэй.
-Би бол хайгуулын ажил хийгээд л эх орноороо хэрэн тэнэх хүсэлтэй хүн. Гэтэл яагаад би улс төрийн тэмцэлд орох болов оо гэвэл манай амьдралд дэндүү шударга биш явдал олонтаа байгааг мэдэрсэн юм. Би олон нөхдийнхөө нэгэн адил сайхан ажиллаж сайхан амьдрахыг хүссэн. Гэтэл манай хамт олон хамтын тооцоонд орсон. Хичнээн сайн хөдөлмөрлөлөө ч, ямар сайхан ажил хийж санаачлага гаргалаа ч авдаг хэд маань ижилхэн. Би бол Хөвсгөл нуурын эрэг хөвөө, Уран дөш ууланд фосфорын хайгуул хийсэн. Харамсалтай нь, газрын хөрсийг эргүүлэн хайран байгалийг сүйтгэж байгаа нь миний сэтгэлийг маш их өвтгөсөн. Хөвсгөл нуурын орчим ямар ч нөхцөлд газар ухахыг үнэхээр хориглох хэрэгтэй. Ер нь, Монголд хэзээ ч хайгуул хийж болохгүй онцгой дархан газрын нэрсийн жагсаалтыг гаргах ёстой.

Лувсанцэрэнгийн Батсуурь 4 хүүхэдтэй.
-Бие ямар байна даа?
-Анх нүд чинь шарлаж байна шарын шинж тэмдэг байж магадгүй гэсэн. Гэтэл одоо гайгүй, цөсний үрэвсэлтэй гэсэн онош гарсан. Монголд цоо эрүүл хүн цөөхөн юм байна. Бидний өлсгөлөн зарласны дараа аймгийн захиргаа ахмад гавъяат хүмүүсийг бидний эсрэг тавьж ятгаж эхэлсэн байна. “Монголын Ардчилсан Холбооны дээр байгаа хэдэн хүний гар хөл болж та нар хохирч дууслаа. Энэ өлсгөлөн ямар ч үр дүнг та нарт авчрахгүй, олон түмний асар их дургүйцлийг хүргэж байдал гунигтай дуусна. Ер нь эндээ хэлэхэд үйлс заяа нь хазайхаар азгүй муу өдөр байна” гэх мэтээр хүүхэд чихрээр хуурах гэж байгаа юм шиг байсан.

Чимидцэрэнгийн Оюунгэрэл, Төв аймгийн Дэлгэрхаан сумынх:
-Өлсгөлөн зарлагчдыг өөрийн биеэр дэмжихээр өр зүрхээрээ зовлон жаргалыг хуваалцахаар ард түмэн, эх орон, Улаанбаатар нийслэл чинь дэмжиж байгааг нь харуулахаар дөнгөж өчигдөр энд ирээд өлсгөлөн зарлаж эхэллээ. Намын хүнд сурталд миний амьдрал өртөж байсан. Бүхэнд гэнэн цайлган сэтгэлээрээ итгэж явсан. Гэвч аажим аажмаар итгэл маань буурч, хэсэг бүлэг хүмүүсийн удирдлага нь хөөрхий, энэ ард түмнийг хэрхэн хуурч байгааг ойлгон мэдрэх болсон. Ам бүл 8. Аав минь эрт нас барсан. Ээж маань 26 жил манаа хийж, үр хүүхэд биднийхээ тарчигхан амьдралыг нуруундаа үүрч явна. Борчуулын хороололд сууж байна. Мэргэжил эзэмшлээ, ажил хийлээ. Гэтэл биднээс гадна олон олон хүүхэд гэр хороололд тун ядуухан амьдарч байна. Олон хоног өлсгөлөнд сууж ядарсан нөхдөө өрөвдөж харж суухад ард түмний мөнгө, улсын зардлаар Очирбат Бээжинд дайлуулж байгаа нь аймшигтай санагдлаа. Түүнийг гадаад оронд явахыг хэн ч хориогүй. Гагцхүү ард түмнээ өрөвдөж хайрлах нинжин сэтгэл байгаагүй гэж үү?. Гэлээ ч гэсэн сэтгэл шулуухан улс төрийн тэмцэлд гар бие оролцохоор шийдэж гэр дотроо ярьж талхныхаа мөнгийг нийлүүлж энд нисэж ирсэн маань энэ ээ. Төрийнхөө тэргүүнийг олж сонгож чадсангүй. Хүний амийг шумуул алахын дайтай санаж байна. Улаанбаатарт улс төрийн суулт эхлэхэд би тэнд сууж байсан. Тэгээд л Хөвсгөл явах болсон тухайгаа илэрхийлэхэд нэгэн хүн:
-Чи хүүхэдтэй юу? гэсэн
-Тиймээ гэхэд
-Хэдэн настай.
-Хоёр
-Маш тэнэг юм хийж байна даа. 70 жил тогтсон намыг 7  хүн дийлдэггүй юм гэж хэлсэн. “Ар гэр, үр хүүхдээ боддоггүй тэнэг үү” гэж биднийг хэллээ. Энэ үгийг ард түмнээ боддоггүй төмөр нүүртэй, төмөр зүрхтэй дарга нартаа хэлээсэй гэж хүсэж байна гэлээ. “Түүх түүхээ бичих цаг холгүй. Энэ хүмүүс надад ч гэсэн ажиллаж амьдрах, бичиж туурвихын хатуужил, баяр бахдал өгч байна. Би бор толгой хар амиа бодоогүй. Олон олон хүн, олон олон эх дэмжиж хүн ард маань үеийн турш ядуучууд битгий яваасай” гэж өлсөгчдийг дэмжсэн нэгэн залуу эр надад хэлсэн юм.
Үзэл бодлоосоо урваж битгий шарваасай
Үнэн үг хэлэхээсээ хулчийж битгий айгаасай
Үеийн олон нөхөд минь тэмцэх цаг чинь ирсэн биш үү
Үлгэн салган ингэж хэдий болтлоо явах юм бэ? гэж тэднийг дэмжсэн нэгэн залуу шүлэглэснээ уншив.
Лувсандагвын Галбаатар- МоАХ-г төрж мэндчилсэн өдрөөс л анхааран сонирхож эхэлсэн. Одоо миний өлсгөлөн 5 дахь хоног дээрээ үргэлжилж байна.

Балдангийн Мөнхжаргал:
МоАХ-г анх дуулаад л үнэн зүрхээрээ дэмжиж эхэлсэн. Сонин сэтгүүл дээр муулж бичиж байгаа хэдий ч үнэн гэдгийг яагаад ч юу мэдэрч байсан. П.Очирбат гэгч хүнийг Хөвсгөлд нэн даруй хүрэлцэк ирэхийг урьж байна.
Дамбадаржаагийн Чилхаажав: Шударга, тэгш эрх жинхэнэ ардчиллын төлөө тууштай тэмцэх итгэл төрж эхэлсэн юм. Биднийг баривчлаад л үс авна гэж дайрсан. Энэ цуглааныг та нар зохион байгуулаагүй, зөвхөн МоАХ, МоАН-ын “дээд удирдлага нь" хөвсгөлчүүдээр турхирч байна гэсэн дайралт хийхийг оролдсон. Үүнийг бид эрс шийдэмгий эсэргүүцсэн. Бид “хэт даврагсдын гар хөл”, “турхирагчдын золиосонд ороогүй”. Зөвхөн ардчиллын төлөө шударга тэмцэл хийснийг нөхөд маань ойлгох байх аа.
Одоогийн удирдлага нь хуучнаасаа  илүү хүнд сурталтай хөшүүн хойрго удирдлага болох нь харагдаж байна. Хийсэн мэдэгдэл нь зөвхөн төр төмөр нүүртэй гэсэн агуулгандаа зохицсон мэдэгдэл хийж хүнээ үл ойшоон энэрэнгүй биш байдлаар хандсаныг жигшин зэвүүцэж байна гэлээ.

Ядамжавын Дагва-Очир:
-Яагаад та өлсгөлөн зарласан бэ?
-АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын мэдэгдлийг сонсоод.
Санжаагийн Баянмандах: МоАХ-ны анхдагчдын нэг Мөрөн хотын төвд өлсгөлөн зарлагчдыг сэтгэл санааны хувьд дэмжихээр Дархан, Мөрөн хотын тэмцлийг холбохоор анд нөхөд чинь тэмцэгчдээ дэмжиж байдгийг үзүүлэхээр энд ирсэн юм. Яаж намайг тамлалаа ч, хэзээ ч бууж өгөхгүй, хүнд суртлаас айхгүй, Очирбатын “төрийн төмөр нүүрээс” айхгүй, цэрэг цагдаагаас хулчийхгүй. Ариун тэмцэлд амиа алдахаас бүр ч айхгүй. Амьсгалынхаа эцсийг хүртэл тэмцэнэ. Бидэнд итгэл найдлага авчрах жинхэнэ улс төрийн шинэчлэлтийг хүсэж байна.
Дашзэвэгийн Саранцэцэг: Өлсгөлөн зарлаад найм дахь хоног дээрээ явж байна. Бид үнэхээр тарчигхан амьдарч байна. Дарга нараасаа айгаад л чангахан дуугарч ч чадахгүй л өдий хүрлээ шүү дээ. Хойч үед маань энэ золгүй байдал ахин бүү давтагдаасай гэж амиараа дэнчин тавин энэхүү өлсгөлөн зарласан юм. Эхлээд гэр бүлийнхэн дургүйцэж байсан. Элбэгдоржтой уулзаж тэмцлийн учрыг ойлгоод одоо бүрэн дэмжиж байна.
Манай Мөрөнчүүд биднийг дэмжиж байсан нь сэтгэл санааны асар их хүчтэй тэжээл болж байсан.

Гомбожавын Оюунгэрэл: - Би 3 хүүхэдтэй. Найм дахь өдрөө сууж байна. Толгой бага зэрэг эргэн бие суларч байна. МоАХ-г анх гарч ирэнгүүт дэмжиж гишүүн нь болсон юм. Үнэн юм гэж үнэхээр байдаг бол энэ тэмцэл ялна гэдэгт итгэж байна. Өлсгөлөн намайг төдийгүй манай олон нөхдийг тэмцлийн замд эргэлт буцалтгүй оруулсан юм.

Данзангийн Бохьшарга: Манай цуглаан ердөө л 15 минут үргэлжилж цааш нь чөлөөт микрофон ажиллууллаа. Хэвлэл зарсан юм. Би тэр үед хичээлээ зааж байтал танай холбооны нөхдүүдийг онгоцны буудал дээр барилаа гэсэн мэдээ сонссон. Гэртээ иртэл гадаа машин давхиж ирж сэргийлэхийн ахлах дэслэгч орж ирсэн.
-Таныг манай дарга дуудаж байна.
-Та намайг барьж байна уу? Дуудаж байна уу?
-Таныг урьж байна.
Ингэж л сэргийлэхэд очсон юм даа. Хөвсгөлийн энэ өдрүүд үнэхээр хүнд өдрүүд байлаа. Гэвч олон түмэн зүйл бүрээр дэмжиж байв. Улаанбаатараас лам нар ирж сэтгэл санааны асар их дэмжлэг өглөө. Тус аймгийн удирдлагуудын нэг Өлзийбат даргатай уулзаж ярилцсан юм. Өлсгөлөн зарлах гэж байсан анхны мөчөөс нь эхлэн бид уулзан учирч байсан. Одоо бид 13 дахь удаагаа уулзаж ярилцаж байна. Аймгийн удирдлагаас хамаарах бүхий л арга хэмжээг аваад байна. Цаашид ч авах болно. МоАХ-ны нэг ч гишүүнийг ажлаас нь гаргахгүй, хавчихгүй ажлаа чөлөөтэй явуулахад нь бүх талаас нь дэмжиж тусална. Мөрөн хотын захиргаанаас гаргасан тогтоолоос хүчингүй болгож байна. Гурван цаг тутам эмчийн үзлэг хийж байна. 6 хүнийг албадан эмчилгээнд оруулсан. Төв рүү олон удаа утсаар хариу шаардсан. Өчигдөрхөн хотод болсон яриа хэлэлцээрээр нааштай арга хэмжээ авлаа гэж бодож байна. Үнэхээр энэ долоо хоногт тухтай амарч унтаж чадсангүй.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигийг эргэн харахыг албан ёсоор уламжилсан. Энэ зарлигт хэн хэндээ хүндрэл учруулсан заалтууд байгааг үнэхээр эргэж харах хэрэгтэй гэж тэрээр хэллээ. Үнэндээ хүнд өдрүүд өнгөрч байна гэж Мөрөн хотын 2-р арван жилийн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч Лувсанцэрэнгийн Цэцгээ хэллээ. “Өлсгөлөнд манай сургуулиас 3 багш оролцож байна. Хамт олноороо бид тэднийг сэтгэл санааны хувьд дэмжсэн. Бас өлсгөлөнгөө зогсоох уриалга гаргаж байдлыг болох талаас нь авч үзэхийг хүссэн цахилгааныг Очирбат даргын нэр дээр явуулсан. Сануулгатай хоёр цагийн ажил хаялт хийснийг зарим талаар мушгин гуйвуулсан явдал ч бий”. Өлсгөлөн зогслоо, тэмцлээ үргэлжлүүлнэ.

20 цаг: Хүмүүс дахиад л Даваадоржийн талбайн зүг цувж эхэллээ. Энэ талбай ингэж ард түмний анхаарал татаж байсан удаагүй. Хааяа нэг буюу жагсаал төдийхөн болж өнгөрдөг, бусад цагт эл хульхан байдаг байв.

“Ардчилал" 1990 он
5.1-10 № 12

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан