Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАМЫН-ҮҮДИЙН ЧӨЛӨӨТ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

-Дэд бүтцийн ажил дуусч байгаа бөгөөд зургадугаар сараас төсөл сонгон шалгаруулна-

Гуо Ган гэх эрхэм БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдааны танхимын орлогчийн хувиар өөрийн улсын 22 хөрөнгө оруулагчийг дагуулан Замын-Үүдэд болсон ““Замын-Үүд” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д оролцохоор ирээд байв. Энэ бүрэлдэхүүн нь манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаа урд хөршийн бизнесмэнүүдийн төлөөлөл бөгөөд тэдний эрхэлдэг бизнес ямар нэг байдлаар манай улстай хамааралтай учраас чуулга уулзалтад оролцохоор ирсэн гэнэ. Харин тэднийг толгойлж буй ноён Гуо Ган “Замын-Үүдийн чөлөөт бүс нь дангаараа Монгол Улсын асуудал биш. ӨМӨЗО болон Хятадын зарим бүсийн хөгжилтэй шууд холбоотой учраас чөлөөт бүсийн асуудалд манай улсын Засгийн газар ач холбогдол өгч байгаа” гэж илүү өргөн хүрээнд ярьж байлаа. Гэхдээ чөлөөт бүсэд газар хэрхэн эзэмших, ямар чиглэлээр голлон хөгжих зэрэг асуудал бүрэн шийдэгдээгүй учраас Хятад-Монгол Засгийн газар хооронд тусгай ажиллах хэсэг байгуулан чөлөөт бүсийн хөгжлийг илүү барьцтай, бодитой болгох хүлээлт гаднын хөрөнгө оруулагчдад байгаа юм байна.
Түүнчлэн Хятадын Засгийн газар сүүлийн үед гадаадад хөрөнгө оруулах өөрийн улсын бизнесмэнүүдэд учруулдаг хүнд суртлаа багасган, зөвшөөрлийг түргэн шуурхай олгодог болж. Ингэснээр манай улсад хөрөнгө оруулж байгаа юанийн хэмжээ нэг жилийн хугацаанд (2014-2015 оны нэгдүгээр улирал) 80 хувиар өссөн байна. Дээрээс нь Хятадын бизнесмэнүүд “илүүдэл хөрөнгөтэй” болсон. Гар дээрээ маш их мөнгөтэй байгаа учраас эрсдэл багатай хөрөнгө оруулж болохуйц төслийн эрэлд мордоод байгаа гэнэ. Ялангуяа Эрээн хотын бизнесмэнүүд хөлжиж, ойроор нь Замын-Үүдийн чөлөөт бүсийг сонирхоод эхэлж. Энэ дагуу ӨМӨЗО-ы Худалдааны танхимын орлогч Гуо Ган руу ч утас цохих нь ихссэн гэж байгаа юм. Гэвч тэр нийт хөрөнгө оруулагчдын өмнөөс “Чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой Хятадын аж ахуйн нэгж олон байгаа ч төсөл тогтвортой байдалд бүтэн итгэл хүлээлгэж чадахгүй” байгаа аж. Үүнээс гадна, “Хавар шороотой. Бороогүй. Анхны хөрөнгө оруулагчид энэ байдалд их л сандрах байх даа. Хэрвээ дэд бүтэц нь хөгжөөд, барилга байшин баригдаад ирэх юм бол дараа дараагийн хөрөнгө оруулагчид илүү тайван байх учиртай. Бүр урдаас ирсэн хүмүүс (Зам-Үүдийн цаг агаарын байдлыг мэдэхгүй, Эрээнээс урагш зүгийн хөрөнгө оруулагчдын хэлсэн болов уу) ийм гантай нөхцөл байдалд байна гэвэл, жаахан зовлонтой” гэж санаашрав.
Гэхдээ түүний бүрэлдэхүүн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнбат, УИХ-ын Дэд дарга Р.Гончигдорж нараар ахлуулсан ажлын хэсгийн хамт чөлөөт бүсийн ажлын явцтай танилцсан. Үүнээс гадна, хуулийн тогтвортой байдал болоод чөлөөт бүсийн бодлого, төлөвлөгөөний талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг энэ сарын 25-нд Замын-Үүдэд болсон дээрх чуулга уулзалтаар олж мэдсэн юм. Юутай ч, гаднын хөрөнгө оруулагчид манай улсын ажлын хэсгийн танилцуулсан бодлогыг эцсийн хувилбар гэж үзэхгүй байна.

Газар доорх бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилж байна

Замын-Үүд чөлөөт бүсийн газар доорх бүтээн байгуулалт нь 2010 онд БНХАУ-ын Засгийн газрын 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр (8.8 сая ам.долларыг манай улсын Засгийн газраас санхүүжүүлсэн. Нийт төсөл 58.8 сая ам.доллар) хэрэгжиж эхэлсэн байдаг. Хөнгөлөлттэй зээл олгох зарчмын дагуу тус улсын компани гол дэд бүтцийн ажлыг гардан хийхээр “China Camc Engineering” компанийг ажиллуулж байгаа юм. Ингээд тус компани ирэх долдугаар сар гэхэд газар доорх дэд бүтцийн ажлыг улсын комисст хүлээлгэн өгч амжина гэж байлаа. Ингэснээр чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийж, газар дээрх дэд бүтцийн ажлыг эхлүүлэх боломжтой болох юм. Гэсэн ч дотоодын хөрөнгө оруулагчид 1.6 их наяд төгрөгийн хөрөнгийг чөлөөт бүсэд оруулахад бэлэн байгаагаа өөрсдийн төслөөр дамжуулан илгээгээд байгаа гэнэ.                 

Газар доорх дэд бүтцийн ажилд
1. Дулааны станц -  17.5 сая ам.доллар
2. Гүний гарцын шалган нэвтрүүлэх талбайн Цахилгааны ил хуваарилах байгууламж – 10.9 сая ам.доллар
3. Ус цэвэршүүлэх байгууламж – 11.9 сая ам.доллар
4. Авто зам холбооны ажилд – 18.5 сая ам.долларын санхүүжилт оруулаад байгаа юм.

227 га газар эзэмшүүлж, ашиглуулна

Замын-Үүдийн чөлөөт бүсийг эдийн засгийн чөлөөт бүс гэдэг утгаар нь хот төлөвлөлтийн ажлыг 2009-2029 он хүртэл гаргасан байна. Үүнд, Замын-Үүд сумын хот төлөвлөлт хамрагдаж байгаа юм. Ингээд нийтэд нь зургаан хэсэг болгон хувааж байгаа бөгөөд
• Нэгдүгээр хэсэгт нь 133 га газар
• Хоёрдугаар хэсэгт нь 119 га газар
• Гуравдугаар хэсэгт нь 182 га газар
• Дөрөвдүгээр хэсэгт нь 188 га газар
• Тавдугаар хэсэгт нь 116 га газар
• Зургадугаар хэсэгт нь 149 га газар багтаж байна.
Эдгээрээс гурав ба дөрөвдүгээр хэсгийн газрыг эхний ээлжинд эдийн засгийн эргэлтэд оруулахаар болоод байгаа бөгөөд үүнээсээ 227 га газарт нь хөрөнгө оруулагчдад ашиглах, эзэмших эрх олгох юм байна. Нийслэлийн зураг төслийн хүрээлэн, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Ганбатын хэлж байгаагаар Эдийн засгийн чөлөөт бүсэд 2029 он гэхэд  60.6 мянган хүн суурьшина гэж үзсэнээс эхний үе буюу 2019 онд 15.6 мянган хүн амьдрахаар тооцоо гаргаад байгаа юм байна. Чөлөөт бүс нь үйл ажиллагааны чиглэлээр Захиргаа, орон сууц, үйлдвэр агуулах, худалдаа, бизнес гэсэн хэсгүүдэд хуваагдаж үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Газар ашиглах дөрвөн хувилбар боловсруулж, татвараас 10 жил чөлөөлнө

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү чөлөөт бүсийн газрын харилцааны талаар мэдээлэл өгөв. Тэрээр “Газрын үнийг тодорхойлох аргачлалыг Засгийн газраас баталж байгаа. Бид суурь үнэлгээ, газрын төлбөрийн дээд доод хязгаарыг дөрвөн янзын хувилбараар гаргасан байгаа” гэв. Үүнд нь,

1.    Чөлөөт бүс оршиж байгаа Замын-Үүд сумын газрын суурь үнэ дээр чөлөөт бүсэд оруулсан хөрөнгө оруулалтыг нэмж тооцсон. Засгийн газрын тогтоолоор нэг м.кв газрын үнийг Алтанбулаг, Замын-Үүд, чөлөөт бүсэд 800 төгрөг, Цагаан нуур чөлөөт бүсэд 500 төгрөг байхаар тогтоосон байдаг. Үүгээр нэг м.кв-т газарт оруулсан одоогийн хөрөнгө оруулалтыг тоцож үзвэл, Замын-Үүд чөлөөт бүсэд 7000 төгрөг гарч байгаа юм байна. Тэгэхээр газрын суурь үнийг нэг м.кв нь 7000 төгрөг гэж үзээд нэг га-д 80 сая төгрөг болох юм. Энэ мөнгийг итгэлцүүрээр нь бодвол анхны үнэ нэгдүгээр хувилбараар худалдаа эрхлэхэд 14 сая 400 мянган төгрөг. Үйлдвэрлэл эрхлэхэд есөн сая 600 мянган төгрөг. Үйлчилгээ эрхлэхэд 14 сая 400 мянган төгрөгийн анхны үнэ төлөх тооцоо гарч байгаа юм байна. Анхны суурь үнийг төлсний дараагаар чөлөөт бүсийн захирагчтай гэрээ байгуулж, үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн хуулийн дагуу татвараас 10 жил, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа бол эхний таван жил 100 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөгдөх юм байна.  
  
2.    Чөлөөт бүс байгаа тухайн газрын зах зээлийн дундаж үнэлгээг бодож үзээд, газрын суурь үнийг тооцож үзсэн. Энэ тохиолдолд нэг метр газрын үнэ 15 мянган төгрөг болж байгаа юм байна. Тэгэхээр нэг га газрын үнэ 150 сая төгрөг болох юм. Итгэлцүүрээр бодож үзвэл нэг га газрын үнэ 37.5 сая төгрөг болж байна. Үүнээс гадна 10 эсвэл таван жилийн дараа төлж эхлэх газрын үнэ дээд, доод хязгаар нь 360 мянгаас 1.2 сая төгрөг байх юм байна.

3.    Аж үйлдвэрийн яам, чөлөөт бүсийн Захирагчийн алба, Барилга хот байгуулалтын яам, Хөрөнгө оруулалтын зөвлөл хамтарч гаргасан хувилбар. Энэ хувилбараар тооцвол нэг м.кв газрын үнэ 21 мянган төгрөг болж байгаа юм байна. Харин хувилбараар газар авч, тодорхой хугацааны дараа төлбөр төлж эхлэхэд хөрөнгө оруулагч нь 660 мянгаас 2.2 сая хүртэлх төгрөг төлөх аж.

4.    Чөлөөт бүсэд орох ирээдүйн хөрөнгө оруулалтыг тооцож үзсэн. Хэрвээ ингэж тооцвол Замын-Үүд чөлөөт бүсийн нэг м.кв газрын үнэ 32 мянган төгрөгөөр тооцжээ. Энэ нь га газрын үнэ 320 сая төгрөг болно гэсэн үг юм. Харин худалдаа эрхэлж байгаа компани 80 сая төгрөгөөр газрыг эзэмшиж эсвэл ашиглаж болох нь. Газар, эзэмших эсвэл ашиглах хугацаа дууссаны дараагаас 960 мянгаас 3.2 сая төгрөг төлөх юм. Дээрх дөрвөн хувилбарын нэгийг Засгийн газар батлах хэдий ч Аж үйлдвэрийн яам газрын суурь үнийг аль болох хямдаар тогоохоор эрмэлзэж байгаа юм байна. Мөн газар эзэмших эрх нь төсөлд сонгон шалгаруулах журмын дагуу төсөлд шалгарсан тохиолдолд хүчинтэй болохоор журамлаж байгаа аж. Харин сонгон шалгаруулалтын хугацааг 14 хоногт багтаан явуулахаар тусгаад байна.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнбат: Засгийн газар, Аж үйлдвэрийн яам, орон нутгийн удирдлагууд бүгд л нэг зарчим баримталж байгаа. Энэ нь олонд хүлээгдэж байсан төслүүдийг хэрэгжих бүрэн боломжоор хангах л юм. Хоёрдугаарт, олон жил хүлээгдсэн ажилбаруудыг одоо эхлэх цаг болсон. ӨМӨЗО-ы удирдлагууд хөрөнгө оруулах маш их сонирхолтой байгаа гэдгээ дахин илэрхийллээ. Хамгийн гол нь хоёр хөрш орны харилцан ашигтай, эдийн засгийн харилцаанд тулгуурласан чөлөөт бүс байх ёстой гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа, хамтын ажиллагаа, компаниудын хамтын ажиллагаа нь чөлөөт бүсийг урт хугацаанд амьтай байхад нөлөөлнө. Бид чуулганаар үүнийг ойлголцсон учраас ажлаа эхлүүлэх болж. Ирэх зургадугаар сард төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлана. Бүх хөрөнгө оруулагчид үүнд оролцох эрхтэй. Өнөөдөр бид Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлын явц ямар байгааг газар дээр нь ирж үзлээ. Хөрөнгө оруулагчдад ч гэсэн танилцууллаа. Тиймээс бодит нөхцөл байдлыг харуулах зорилго маань биелэгдлээ.

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг: Дорноговь аймагт орж байгаа хөрөнгө оруулалт нь юун түрүүнд Дорноговьчуудад өгөөжөө өгөх, дараагаар нь Монгол Улсын эдийн засагт экспортыг нэмэгдүүлэх, импортыг багасгах бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон ач холбогдолтой. Чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудал бараг бэлэн болчихлоо. Тиймээс хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулаарай. Нэгэнт их хэмжээний мөнгө зарцуулж чөлөөт бүсийг эхлүүлсэн учраас бид эргэж буцахгүй. Цаашаа явуулна. Мөн Монголын талын хөрөнгө оруулагчид олон улсын стандарт хангасан төсөл, хөтөлбөр явуулбал, бид бүрэн хамтран ажиллах боломжтой. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн компаниудад талархал илэрхийлж байна.

“Монгол шуудан транс” компанийн захирал Ч.Нэргүй: Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах компаниудад хамгийн чухал асуудал бол тээвэр. Гэхдээ тээвэрлэлтийг хамгийн бага зардлаар гүйцэтгэх арга нь мэдээллийн системд түшиглэх болоод байна. Монголын хэмжээнд энэ асуудлыг шийдэхээр МУИС, ШУТИС-тай бид хамтран төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тиймээс тээвэрлэлтийн өртөг зардлыг хямдруулахын тулд чөлөөт бүсийг сонирхож байгаа Хятад, Монголын бизнесийн байгууллагууд бидэнтэй нэгдээрэй.

ӨМӨЗО-ы Худалдааны танхимын орлогч Гуо Ган:
Би ӨМӨЗО-ы ажлын хэсгийг ахалж ирсэн. Манай орон олон жилийн турш Монгол Улстай эдийн засаг, худалдааны харилцааны холбоогоо дээшлүүлэхийг өндөр хэмжээнд анхаарч ирсэн. Манай ӨМӨЗО-ы Худалдааны танхимд 2014 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад хөрөнгө оруулдаг 114 аж, ахуйн нэгж байна. Харин тэд 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Хөрөнгө оруулсан байдлыг нь харвал уул уурхайн олборлолт, хайгуул давамгайлж, мал аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн хөрөнгө оруулалт удаалж байна. Харин бид өнөөдөр банк санхүү, хөдөө аж ахуй, ложистик, аялал жуулчлалын компанийн төлөөллийг энэ удаагийн чуулга уулзалтад авирчсан. Бид Замын-Үүд-Эрээний хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг урагшлуулахад хамтран ажиллаж байгаа. Энэ удаагийн чуулга уулзалт нь зөвлөлдөх анхдугаар уулзалтын дараагийн чухал алхам боллоо.
Манай ӨМӨЗО-ы Засгийн газрын зүгээс Замын-Үүдэд хөрөнгө оруулах сонирхотой аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн асуудал дээр нь дэмжлэг үзүүлнэ. Мөн хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх болно.
Надад бас Монголын талд тавих хоёр санал байна. Нэгдүгээрт, Замын-Үүдийн чөлөөт бүсэд холбогдох сурталчилгааны материалын хангамжийг бидэнд хятад хэл дээр бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Энэ нь манай улсын хөрөнгө оруулагчдад илүү хялбар байх болов уу. Мөн Монгол талаас эх үүсвэрийг хангаж өгвөл бичиг цаасны ажил болоод орчуулгын ажилд дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна бидэнд Замын-Үүдийн чөлөөт бүсийн линкийг манай худалдааны танхимын линктэй холбох замаар мэдээлэл солилцох боломж бий. Хоёрдугаарт, Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын зөвлөл манай ӨМӨЗО-д төлөөлөгчийн газраа байгуулж болно. Тэгвэл манай улсын хөрөнгө оруулах боломжтой аж ахуйн нэгжүүд шинэ мэдээллийг байнга авч байх боломжтой болно.

“Гантулга трейд” төслийн менежер н.Жаргал: Чөлөөт бүсээс Үндэсний үйлдвэрийн цогцолбор байгуулахаар үйлдвэрийн зориулалттай 10 га, агуулахын зориулалтаар мөн 10 га газар эзэмших хүсэлт өгсөн. Бид саяхан Германы талтай ТЭЗҮ боловсруулах гээд урьдчилгаа төлбөрөө өгчихсөн байгаа. Улмаар эхний ээлжийн үйлдвэрээ ондоо багтаад дулааны улиралд ашиглалтад оруулах боломжтой болж байгаа юм. Тиймээс газрын асуудлыг л хурдан шийдэж өгөх хэрэгтэй байна.

0 Сэтгэгдэл
бболгоомжтой байгаарай
Хамгийн их уншсан