Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Нармандах: Багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүгчдийн ёс зүйд ахиц гарсан

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Ч.Нармандахтай ярилцлаа.

Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргагчдын тоо өмнөх жилийнхээс ихэссэн нь ил тод, нээлттэй байдлын эерэг нөлөө гэж Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга ярьж байна.Тус хороонд шүүгчийн эсрэг гомдол гаргагчид сэтгэлийн хөөрлөөр хандах, зарим иргэдийн нэрийг барьж өмнөөс нь асуудал үүсгэх явдал ч гардаг аж. Тиймээс ёс зүйн хорооны гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу боловсронгуй болгох шаардлага ч үүсч байгаа юм байна.

-Шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргаж байгаа иргэд шүүгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаа, ёс зүй, хариуцлагын талаар хэр мэдлэгтэй байдаг вэ?

-Иргэдийн гомдол саналыг ярихаасаа өмнө шүүгчдийн сахилга хариуцлага, ёс зүйн тухай хэдэн зүйл хөндөх хэрэгтэй. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр гол нь шүүгчдийг хариуцлагажуулья гэсэн бодлого баримталсан. Үүний тулд шүүх хуралдааны танхимыг дүрс бичлэгжүүлж, үйл ажиллагааг нь олон нийтэд нээлттэй болгосон. Ил тод, нээлттэй болгоно гэдэг олон нийтийн хяналтанд оруулж, цаана нь хариуцлага өндөрт тавигдаж байгаа юм. Хэдийгээр ёс зүйн хороонд ирж байгаа гомдлын тоо өмнөхтэй харьцуулахад өссөн ч, агуулга зорилгын хувьд шаардлага хангахгүй байгаа. Тухайн гомдлыг шүүгчийн шүүн таслах  ажиллагаатай, эсвэл харилцаа хандлага, зан төлөвтэй холбоотойгоор ирж байна уу гэдгийг нарийн ялгаж, зааглах шаардлага тулгардаг. Америк, Герман зэрэг олон улсын түвшинтэй харьцуулахад ч ийм байдаг. Багц хуулиас өмнө шүүхийн сахилгын хороо гэж байхад гомдлыг нэг гишүүн маань хүлээж аваад, харьяаллыг нь шийддэг байсныг субьектив хандлага нөлөөлөл орох магадлалтай гэж үзсэнээр Ёс зүйн хороо бүрэлдэхүүнээрээ авч хэлэлцэх болсон. Энэ нь нэг талаас шүүгчийн хариуцлага, нөгөө талаар шүүгчийн хараат бус байдлыг нь хамгаалсан шийдэл. Гомдол шийдвэрлэлт сунжирч байна гэх шүүмж байж болох авч, бүх гомдлыг олон талаас нь хянаж шийдвэрлэж байгаа.

-Манай шүүгчид ёс зүйтэй байж чадаж байна уу? Олон улсад энэ асуудлыг хэрхэн хүлээн авч, шийддэг юм бэ?


-Америкт шүүгчийн эсрэг гаргасан гомдлын 90 хувь нь буцдаг юм билээ. Бид өргөдөл гомдлын тоонд ач холбогдол өгөөд, шүүгчид ёс зүйгүй, эсвэл ёс зүйтэй гээд мэдээлээд байх нь гол биш. Сөрөг мэдээллийг шалгаад олон нийтэд ил тод болгохоос биш бусдад таалагдсан шийдвэр гаргах нь Ёс зүйн хорооны үүрэг биш. Хороо өөрөө ёс зүйтэй байх ёстой. Шүүгчийн эсрэг гаргаж байгаа эдгээр гомдол нь хүний нэр төртэй холбоотой учраас тал бүрээс нь нухацтай хандах ёстой. Мэдээлэл нь ил байхад шүүгч өөрөө ч хараад би энэ дээрээ алджээ гээд анализ хийдэг. Нээлттэй байдал шүүгчдийг хариуцлагажуулах том хөшүүрэг юм. Шүүгчийн ёс зүй бол албан үүргийн хүрээнд тогтсон хэм хэмжээний шаардлагаас гадна хувь хүний төлөвшилтэй холбоотой асуудал. Хүнтэй холбоотой асуудал учраас хүн гэдэг бодьгалыг шүүгч заавал ийм байна гэсэн хэмжээ хязгаараар бүрэн томьёолох боломжгүй. Тухайн улсын соёл, уламжлал, төрж өссөн орчноос шалтгаалах учраас ёс зүй гэдэг яг энэ  гэх хэцүү. Харин Банглорын ч гэдэг юм уу, олон улсын тодорхой зарчмуудыг бий болгосон. Шүүх үйл ажиллагаандаа юуг баримтлах, шүүгчийн ажилд ямар зарчмыг дээдлэх үү гэсэн үндэслэлүүдэд тулгуурлаж, ёс зүйн зөрчлийг бид авч хэлэлцдэг. Агуулгын хувьд эрх зүйн зохицуулалт талаасаа шүүгчдийн хариуцлагыг өндөрсгөсөн мэт харагдаж байгаа. Ирсэн гомдлын тоог харахаар Ёс зүйн хороонд хандах нь ихэссэн ч, шүүгчид ёс зүйн зөрчилд орчихгүй ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь ажиглагддаг. Шүүхийг олон нийтэд нээлттэй болгоод ирэхээр мэдээллийн үнэн бодит байдал хангагдаж байгаа юм. Ёс зүйн хороонд 2013 онд 180 гомдол ирж байсан бол нээлттэй болгосноос хойш 2014 онд 300 болж өссөн нь иргэд шүүхийн мэдээллийг тэр хэрээр нээлттэй авсных гэж үзэж байна. Гомдлын тоо огцом өсөхөөр нь юунаас болж байна гээд судлаад үзэхээр сонгон шалгаруулалтын өмнө олширдог нь анзаарагддаг. Би хувьдаа манайд ирүүлж байгаа гомдлыг мэдээллийн шинжтэй талаас нь илүү хардаг.

-Мэдээллийн шинжтэй гэхээр ёс зүйн бус асуудлаар гомдол ирүүлдэг гэсэн үг үү?

-Зарим иргэд шүүгчийн ёс зүйд тавигдах шаардлагыг мэдэхгүй учраас түүнээс хаа хамаагүй асуудлаар хандаад байдаг л даа. Иргэд энэ шүүгч шүүгчийн ёс зүйн дүрмийн тэр заалтыг зөрчсөн тул гэж хандаж болно. Шүүн таслах ажиллагаатай холбоотой асуудлаар буруу шийдлээ гээд гомдол гаргаж байгаа бол түүнийг шүүхийн дараа дараагийн шатандаа хянаад явдаг. Шүүх нь зарим хүмүүсийн ойлгодог шиг төрийн захиргааны босоо удирдлагатай байгууллага биш. Шүүгчтэй холбоотой асуудлаа дээд байгууллагад нь ч юм уу өгөөд шийдүүлдэг гэсэн ойлголт байхгүй. Шүүхэд шатлан захирах ёс байхгүй гэдгийг иргэд маань сайн ойлгоорой. Шүүх бол зөвхөн хуулиар ажилладаг, хуулиар ярьдаг байгууллага. Шүүн таслах ажиллагаатай холбоотой гомдол тухайн хэргийг эцэслэн шийдэгдээгүй байхад их ирдэг.

-Иргэдээс ирүүлж буй гомдлыг хянан  шалгах ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

-Бид Шүүхийн ёс зүйн хорооны өнөөдрийн мөрдөгдөж байгаа дүрэм журмын хүрээнд гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Гэхдээ Ёс зүйн хороо өөрөө ямар эрх хэмжээний хүрээнд ажиллаж байна вэ гэдгийг бас авч үзэх шаардлагатай. Мэдээллийг хянан шалгах ажиллагааг сайжруулах хэрэгтэй гэдгийг бид олж харсан. Цаашдаа ч судалгаа хийж, хууль тогтоогчдод уламжлах ажил хийгдээд явж байгаа. Хянан шалгах ажиллагааг сайжруулж, процессыг нь тодорхой болгосноор аль шатанд ямар арга хэмжээ авах, сахилгын хэрэг үүсгээд шүүгчээс тайлбар авах уу,үгүй юу гэдэг нь ойлгомжтой байх хэрэгтэй. Аливаа байгууллага чиг үүргийнхээ хэмжээнд л ажиллана. Гомдол шалгаж байгаа хэр хэмжээ маань ямар байгаа билээ? Бид өнөөдөр ёс зүйн хороонд ирж байгаа гэрчийг асууна. Тэр хүнд хууль сануулахгүй, ЭБШХ-ийн дагуу аливаа нэгэн хариуцлага хүлээлгэхгүй. Эдгээртэй холбоотой процессуудыг манай ёс зүйн хорооны эрх хэмжээнд бас суулгаж өгөх ёстой. Өнөөдөр Шүүхийн ёс зүйн хороо шүүгч нараа хамгаалдаг байгууллага боллоо гэсэн шүүмжлэл явдаг л даа. Хамгаалж байгаадаа биш. Гомдол шалгах ажиллагааг ил тод болгох гээд бид сайтад байршуулаад эхэлсэн. Ингэснээр хэн, хэний тухай ямар гомдлыг ямар үндэслэлээр гаргав, ёс зүй зөрчсөн гэдгийг яаж харж байна вэ гэдэг нь тодорхой болох юм.Үүнд нь судлаачид эрдэмтэд,иргэд маань судалгаа шүүмжээ бичиж, дүгнэлт хийж болно.Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүгчдийн ёс зүйд ахиц гарсан гэж бид үзэж байгаа.

-Олон улсад бол хараат бус байдал талаасаа нарийн зохицуулагдсан байдаг байх?

-Олон улсын түвшинд сахилгын хэрэг үүсгэхээс өмнө шүүгчээс тайлбар авах юм уу, гомдол шалгах ажиллагаа руу орно.Түүнээс өмнө шүүгчийн хараат бус байдалд нөлөөлнө гэж үзээд тухайн асуудлыг шүүгчийн ёс зүйн хороо бие даан шийдвэрлэж байгаа. Шүүгчид мэдэгдэхгүйгээр манайх шиг эрх хэмжээтэй байгууллага нь шалгачихдаг.Харин манайд бол Шүүхийн ёс зүйн хорооных нь шалгах эрх нь тэдэнтэй харьцуулахад хамаагүй хумигдмал.
Шүүхийн ёс зүйн хорооны эцсийн шийдвэр болох магадлалыг шүүх хянан хэлэлцэж байгаа нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулдаг. Бид үүнд шүүхийн шийдвэр зөв, буруу эсэхэд дүгнэлт өгөхгүй. Шүүх олон нийтийн итгэл, тэдний хяналт дээр явж байдаг учраас шүүгч шүүгчээ шүүж байна гэсэн шүүмж бий. 

-Ийм нөхцөлд шүүгчид өөрсдийнх нь эсрэг гаргасан гомдолд хэрхэн ханддаг нь сонирхол татаж байна?

-Энэ бол их чухал, анхаарууштай асуудал. Шүүгч хэргийг аваад эцэслэн шийдээгүй байхад манай хороонд гомдол ирдэг. Өнөөдрийн явагдаж байгаа процессоор бид гомдлыг шууд тухайн шүүгчид танилцуулж, хариу тайлбар авч байгаа. Тэгэхээр нөгөө шүүгч маань хэргээ тайлбарлаж ярих уу, гарах  үр дүнг урьдчилж ярих уу гэдэг эргэлзээнд орж байна. Эндээс л гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг сайжруулах шаардлага урган гарч байгаа юм. Магадгүй шүүгчээс шууд тайлбар авч байгаа байдал маань  овжин зальжин, бусдын өмнөөс хэргийг зохицуулах гэж явж байгаа хүмүүс өөрсөндөө ашигтайгаар  нөлөөлүүлэх гэж манай хороонд хандаж байгаа тохиолдол байхыг ч үгүйсгэхгүй. Гомдол гаргагчтай уулзахад “Миний өмнөөс өөр хүн бичсэн” гэх  тохиолдол ч гарч байсан. Хэргийн материалаас тухайн хүний баримт бичгийг аваад хавсаргаад өгчих тохиолдол байна. Ийм хийдэл байгаа учраас асуудлыг хоёр талаас нь харах ёстой. Бид шүүгчдийг 100 хувь өмөөрөхгүй. Сахилга хариуцлагын хувьд доголдолтой хүн байж болно. Тэр бүгдийг олон нийтийн хяналтанд ил тод болгохын төлөө Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллаж байгаа. Ирж байгаа гомдол болгоныг Ёс зүйн хороо хянан хэлэлцээд, ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа. Мэргэжлийн ёс зүй, хувийн ёс зүйг ялгахад төвөгтэй асуудал үүсч байгаа. Хуульчид мэргэжлийн ёс зүйгээ зөрчлөө гэж үзвэл Хуульчдын холбооны мэргэжил хариуцлагын хороонд хандаж бас болно. 2014 онд Шүүхийн ёс зүйн хороо 7 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ асуудлыг шүүх хэрэгсэхгүй болгосон. Үндэслэлүүдийг үзэхээр ёс зүйн хорооны харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж байгаа юм. Харьяаллын хэрэг биш гэсэн жишгийг шүүх дээр тогтоож байна.

-Шүүх хуралдааны танхимыг камержуулснаар гомдол багассан уу, ихэссэн үү?

-Шүүх хуралдаантай холбоотой гомдол бараг ирэхээ больсон. Энэ бол шүүхийн шинэтгэлийн маш том үр дүн. Хэргийн нэг талд үйлчилсэн гэж шүүгчийг хий харддаг, гүтгэдэг байдал байхгүй болсон. Шүүхийн ил тод, нээлттэй  байдал манай иргэдийн эрх зүйн ухамсарт ч бас дөхөм болж байна. Шүүхийн ёс зүйн хороонд ирж байгаа гомдол, түүнийг хянан шалгаж байгаа ажиллагаа, гарсан шийдвэрүүдийг олон нийтэд ил тод болгож байгаа нь өмнө нь байгаагүй үзэгдэл. Гэхдээ бид аль болох ярихаасаа илүү хийж байгаа. Шүүгч ийм байнаа гээд, эсвэл иргэд маань ёс зүйтэй холбоотой өргөдлөө гаргаж чадахгүй байна гээд ярих нь өрөөсгөл юм. Ийм зохицуулалтуудыг иргэдэд зөв ойлгуулах шаардлагатай. Шинэ шүүгчийн ёс зүйн дүрмийн сүүлийн үеийн заалтуудад Шүүхийн ёс зүйн хороо шүүхийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг хянан хэлэлцэнэ гээд харьяалал заачихсан. Мөн ёс зүйн дүрэмд шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой гомдол шүүгчийн ёс зүйн зөрчил биш гэж заасан.

-Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан