Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгойн 30 сая ам.долларын татварыг тэглээгүй гэв

Л.НОМИН

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Өмнө нь нэг удаа хойшлуулж байсан түүний мэдээллийн үеэр татварын тухай хуулийн өөрчлөлтүүдийг гацаанаас гаргаж парламент яаралтай хэлэлцэж шийдэх хэрэгтэй, татвар төлөгчдөө шахаж, дарамталж сууж болохгүй гэх гишүүн цөөнгүй байлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Нэг хувийн орлогын татварыг аж ахуйн нэгжүүд хүлээж байна!!!” гэсэн бичиг өмнөө тавьсан байв. Тус бүлгээс УИХ-д өргөн барьсан татварын хөнгөлөлтүүдийг тусгасан хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардсан нь энэ. Харин уг асуудалд УИХ-ын дарга болон Ерөнхий сайд өргөн баригдсан олон хуулийн төслийг нэгтгэж, хэлэлцэх хэрэгтэй гэв. Орлогын албан татвартай холбоотой нийтдээ дөрвөн, Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хоёр, гаалийн тарифтай холбоотой гурван, онцгой албан татварын, татварын ерөнхий хуулийн, улсын тэмдэгтийн хураамжийн, нийслэл хотын татварын, хөрөнгийн хуулийн төсөл, Татварын ерөнхий хуулийн төсөл УИХ-ын гишүүд болон Засгийн газраас парламентад өргөн мэдүүлжээ. Мөн хүлээлт үүсгэсэн эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг ч гэсэн хэлэлцэж шийдэх хэрэгтэй гэсэн санал гарч байв.


“Татварын хувь хэмжээг нэмэхгүй”

Татварын хууль, тогтоом­жийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий учир илүү шударга, энгийн, ойлгомжтой, элдэв хийдэлгүй, олон улсын жишигт нийцэхүйц, бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс татварын хувь хэмжээг нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтлахаар болжээ. Тэрээр “Тогтмол орлоготой боловч аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгийн татвар төлж байхад өдрийн 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин жилд 720 мянган төгрөгийн татвар төлж байгаа нь өнөөгийн татварын тогтлолцоог өөрчилж илүү шударга байдлыг хангах шаардлагатайг харуулж байна.  Ажилтай, орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд хувь хүний орлогын албан татвар, харин бэл чинээтэй хөрөнгөтэй хүмүүст чиглэсэн хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулан танилцуулна” гэлээ.

Жижиг, дунд бизнес эрх­лэгч­дийг дэмжих зорилгоор боловсруулсан НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, сайн дураар бүртгүүлэх босгыг 10 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэх юм байна. Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлого бүхий жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгааг ч Засгийн газрын тэргүүн сануулсан юм. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг  ажлын байр бий болгох, ирээдүйд хөг­жүүлэх шаардлагатай байгаа тодорхой салбаруудад чиг­лүүлэхтэй нийцүүлж дэмжсэн бодлого баримтлах аж. Импортын зарим бараанд тарифын зохицуулалт хийх аргаар дотооддоо хэрэглээгээ бүрэн хангах боломжтой, нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх гэнэ.

Иргэн худалдан авалтаа бүртгэж төлсөн татварынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан авах ажлыг цахим хэлбэрээр нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тойрсон ойлгомжгүй бай­дал, маргаан ихээр гарч бай­гааг цэглэхээ Ерөнхий сайд амлалаа. Уул уурхайн сал­барын татварын ачааллыг нэмэг­дүүлэхгүйгээр орлогын хуваа­рилалтыг боловсронгуй болгож, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлэх бодлого барим­тална гэсэн юм.

Татварын албаны үйл­чилгээг бүрэн цахим­жуу­ла­хаа мөн хэлэв. Хяналт шал­галтыг татвар төлөгчдөд да­рамт учруулахгүйгээр урьд­чилан мэдэгдэж, хамтран ажиллаж, зөвлөн тусалж, татварын хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэр­гийлдэг болгоход чиглэсэн өөрчлөлтийг хийхээр төлөв­лөжээ. Татварын маргаан таслах зөвлөлийг нэг шаттай болгох, татвар төлөгчийн гомдлоос хамаарч хэрэг хянан шалгах хугацааг уртасгах эрх зүйн боломжийг бүрдүүлэх аж. Татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүйн төлөө ногдуулдаг торгуулийг хүчингүй болгохыг хуулийн өөрчлөлтөд тусгажээ. Нөгөөтэйгүүр, татвараас зайлс­хийхэд л эрүүгийн ял авч, шоронд хоригддог одоо­гийн тогтолцоог өөрчлөх зайлш­гүй шаардлагатай гэж Ч.Сайханбилэг сайд хэлээд Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад буй Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажиглаж байгааг сануулав.

Ч.Сайханбилэг: Татвартай холбоотой мэдээлэл хийдэг нь ойлголтуудаа нэгтгэх гэсэн санаа

УИХ-ын гишүүн Я.Сод­баа­тар: УИХ дээр татварын хуулиуд гацаж байна. 2014 оны тавдугаар сард аж ахуйн нэгжийн орлогын ал­бан татварын тухай хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өр­гөн барьсан. 1,5 тэрбум төгрөгийн орлогод нэг хувийн татвар оногдох, жижиг дунд бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр санал өргөн барьсан. Бизнес эрхлэгчдийн 84 хувийг эзэлдэг жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэлээд том дэмжлэг болно гэж харж байгаа. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцүүлж өгөхийг УИХ-ын удирдлагуудаас хүсье. Бизнес эрхлэгчид татвараас зугтаах зайлсхийх биш орлого орж ирэхгүй болохоор төлж чадахгүй байгаа. Оюутолгойн татварын 130 тэрбумын асуудалд байр сууриа илэрхийлээч. Яагаад хөнгөлөөд 30 тэрбум болсныг тайлбарлаач. Оюутолгойн татварыг авахгүй гээд амлачихсан юм уу.

Ерөнхий сайд Ч.Сайханби­лэг: УИХ дээр татвартай холбоотой мэдээлэл хийдэг нь ойлголтуудаа нэгтгэе гэсэн санаа юм. Татварын олон хуулийн төсөл байгаа учир бодлого, концепцоо нэгтгэж нэгдсэн нэг ойлголтод хүрэх шаардлага бий. Оюутолгойтой холбоотой асуудалд хэлэлцээр үргэлжилж байгаа болохоор манайхан янз бүрийн мэдээлэл тараахгүй байвал Монгол Улсын эрх ашигт нийцнэ. 30 сая ам.долларын татварыг тэглээгүй. Энэ татварыг төлнө. Оюутолгойн хэлэлцээр дуусахаар УИХ-д болон холбогдох газарт мэдээллээ өгнө. Тийм учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.  

УИХ-ын гишүүн Ч.Хүрэл­баатар: Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай, татварын хуулийн төслүүд УИХ дээр гацчихлаа. Аж ахуйн нэгжүүд нь үүнийг хүлээгээд суучихсан. Энэ бүхэн хүлээлт үүсгэчихсэн байгаа учраас татварын орлого чинь бүрдэхгүй байгаа. Тэгэхээр татварыг нэг хувь ч нэмэхгүй, бууруулна гэж хэлж өгөөч.

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг: Бид татвар нэмэхгүй. Бас буулгахгүй. 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгоход буулгана. Хөрөнгө оруулалт гацсан үед зөвхөн зээлээ явахад ямар хүндрэл гардгийг өнгөрсөн хугацаанд бид харлаа. Хөрөнгө оруулалтаа нээж өгөх юм бол том төслүүд явах ёстой.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан: Эхний улирлын байдлаас харахад татвар цуглуулалт 80 гаруй хувьтай явж байна. Эндээс харахад татвар төлөх чадвар буурч байна. Эдийн засгийн өршөөлийн, эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэнэ гэж бараг жил яригдаж байгаа. Тиймээс татвар төлөгчид хүлээлтийн байдалд байгаа. Өршөөгдөх болов уу, татвар багасчих болов уу гээд татвар төлөгчид хүлээж байгаа нь бий.

Сангийн сайд Ж.Эрдэнэ­бат: Том татвар төлөгчид буюу 1.5 тэрбумаас дээш орлоготой 900 аж ахуйн нэгж байдаг. Тэдгээр аж ахуйн нэгжийн төлсөн татвар төсвийн орлогын 87 хувийг бүрдүүлдэг. 50 саяас 1.5 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой 4000 аж ахуйн нэгж бий. Тэдгээр аж ахуйн нэгж төсвийн орлогын 11.4 хувийг бүрдүүлж байгаа. Үндсэндээ 5000 хүрэхгүй аж ахуйн нэгж төсвийн орлогын 98.4 хувийг бүрдүүлдэг.

УИХ-ын гишүүн Ж.Энх­баяр: Засгийн газар яаж ийгээд алт, зэс, төмөр, нүүр­сээ ухъя. Стратегийн ор­дууд­даа буулт хийгээд ч хамаагүй цааш нь явуулъя. Ямар ч үнэтэй эх үүсвэрээ хамаагүй зээл авч, түүгээрээ дутагдаж байгаа мөнгөний нийлүүлэлтээ хангаад явъя гэсэн бодлоготой байна. Уул уурхайн хэт хамааралтай болж, түүний ард гадаад дотоодын цөөхөн хэдэн аж ахуйн нэгжүүд байна. Энэ аж ахуйн нэгжүүд нь эргээд монгол төрийг дарамтлах, шахалт үзүүлэх байдал руу орж эхэлж байна. Эвлэрлийн гэрээгээр буулт хийж, Засгийн газар хөтлөгдөх байдал руу орж байна. Ингэж байхаар эртхэн мэдэгдэл хийгээд улс төрийн нөхцөл байдлыг шинээр эхлүүлж болдоггүй юм уу. Монгол Улсын гадаад өр 20 тэрбум ам.доллар давлаа. Дотоодын зах зээлд эргэлдэж байгаа төгрөгийн гуравны нэгийг танай Засгийн газар хэрэглээд дууслаа шүү дээ. Эдийн засгийнхаа нөхцөл байдлыг ярихгүй татварын асуудал тойроод л яриад байна. Эдийн засгийн уналтыг гол буруутан нь УИХ болж байна. Цаашдаа эдийн засгаа улам унагаад байх юм бол УИХ тарах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан