Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“1990 оны улс төрийн өлсгөлөн зарлагчдын холбоо” байгуулагдлаа

Б.ШИРНЭН

“1990 оны улс төрийн өлсгөлөн зарлагчдын холбоо”-г МоАХ-ны партизанууд байгуулжээ. Тэд “Монголын улс төр болоод нийгмийн байдлыг өөрчлөхөд оготны хамраас цус гараагүй гэдэг ч наад зах нь ажил амьдрал, цаашилбал амь насаараа дэнчин тавьж байсан олон, олон залуусын эр зориг, тэмцэл, хүсэл эрмэлзлийг төр засаг мартах ёсгүй. Тухайн үед өлсгөлөнд оролцож, тэмцлийн хамгийн хүнд хэцүүг даван туулсан зарим партизан өнөөдөр нийгмийн доод давхаргад очиж, хэн ч дурсдаггүй эсвэл хэн нэгэн дурсахыг хүсэхгүй байдалд орхисон” учраас дээрх холбоог байгуулсан аж. Гэхдээ энэ холбоо хэн нэгэнтэй тэмцэх, улс төрийн үйл ажиллагаанд өөрсдийн дуу хоолойг хүргэх зэрэг улс төр эсвэл улстөрчийн үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд зөвхөн 1990 оны улс төрийн өлсгөлөнд оролцож байсан иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй ажиллах юм байна.

Бид энэ талаар тодруулахаар 1990 онд улс төрийн өлсгөлөнд оролцож байсан партизануудын төлөөллөөс Яагаад “1990 оны улс төрийн өлсгөлөн зарлагчдын холбоо” байх ёсой вэ, гэдэг асуултад хариулт авлаа.


ЯАГААД “1990 ОНЫ УЛС ТӨРИЙН ӨЛСГӨЛӨН ЗАРЛАГЧДЫН ХОЛБОО” БАЙХ ЁСТОЙ ВЭ

Хөвсгөл дахь МоАХ-ны партизан, 1990 онд хуурай өлсгөлөн зарлаж байсан С.Баянмандах: Эрх ашгаа хамгаалах цаг нь болсон

Монголд олон төрөн бус байгууллага байдаг. Эдгээр нь эрх ашгаа, хамт олноо, өөрийн үзэл бодлоо, үйл ажиллагаагаа хамгаалах зэрэг олон шалтгаанаар л бий болдог байх. Улс орныхоо хөгжил дэвшилд үнэхээр хувь нэмрээ оруулах гэсэн чинь хүсэлтэйгээр төрийн бус байгууллага, холбоо байгуулж байгаа хүн ч бий. Харин бидний “1990 оны улс төрийн өлсгөлөн зарлагчдын холбоо” нь их онцлогтой. Бид улс орны тусгаар тогтнол, шударга ёс, тэгш эрх, хараат бус байдал, зөв ч бай, буруу ч бай хуулиа өөрсдөө гаргаж, түүнийгээ сахин хамгаалдаг, шүүмжилдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нийгмийг өөрсдийн ажил амьдрал, амь нас, нэр төрөөрөө солихоос буцаагүй. Харин тэр эрх ашгийг хамгаална гэдэг нь өөрөө өвөрмөц зүйл шүү дээ. Өдгөө 1990 онд өлсгөлөн зарласан хүмүүсийн зарим нь нийгмийн дээр, дунд бүр ядуурлын түвшинд хүртэл байна. Тиймээс эрх ашгаа хамгаалах, энэ нийгмийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсны хувьд бид эвлэлдэн нэгдэж энэ холбоог байгуулъя, хэмээн хуран цуглараад байгаа нь энэ. Яг одоо бол энд 1990 онд улс төрийн өлсгөлөн зарлаж байсан Улаанбаатар, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ аймгуудын МоАХ-ны партизанууд байна. Одоо энд суугаа Баатарцогттой хамт Дархан-Уул аймгаас Хөвсгөлд очиж өлсгөлөн зарлаж байсан. Монгол Улс даяар аливаа нэг газар болж байгаа журмын нөхдийгөө дэмжиж байгаа шүү, гэдгийг харуулахын тулд  Хөвсгөл аймагт очиж байсан юм. Монголын өнцөг булан бүрд нэг зүйлийн төлөө тэмцэж, үзэл бодлоо нэгтгэж нэгэн зэрэг хөдөлж байсан олон мянган партизанууддаа талархаж явдаг шүү гэж хэлмээр байна. Мөн энд байгаа өлсгөлөн зарлагч журмын нөхдийнхөө өмнөөс сайн сайхныг хүсч байна.


Дарханы МоАХ-ны партизан С.Мөнхбат: Сор нь байсан хүмүүс шороо мэт харагддаг болж

МоАХ-ны “1990 оны улс төрийн өлсгөлөн зарлагчдын холбоо”-г байгуулах ёстой гэдэгтэй 100 хувь санал нийлдэг. Аав, ээжээс заяасан энэ бие, цогцсыг ардчиллын төлөө зориулах эрхэм үүрэг гэхээсээ илүү эрхийг эдэлсэн нөхдүүддээ баяр хүргэе. Яагаад гэвэл, манай Сосорбарамын хүүхэд өлсгөлөн зарлаж байхад, ээж нь ирээд “Чи юугаар” дутаав гээд чирээд аваад явсан байдаг. Харин хүүхэд нь ээждээ ойлгуулчихаад буцаж ирээд өлсгөлөн зарлаж байсан. Тэгтэл нь бид эцэг эхээс заяасан бие, цогцсоо энэ ардчилалд зориулсан. Харамсалтай нь, ардчилсан нийгэм маань ямар үнээр олдсон бэ, гэдгийг ойлголгүй 25 жил боллоо. Тиймээс үүнийг санаачилсан Нороврагчаадаа баярлалаа. Дээрээс нь энэ холбоог байгуулах цаг нь болчихсон юм. 1990 оны үед Дарханы МоАХ-ны дэд зохицуулагчаар Ц.Энхболд гэж хүн ажиллаж байсан. Тухайн үедээ Дарханы МоАХ-г удирдаж, дахин зохион байгуулсан улс төрийн өлсгөлөнг манлайлж байсан. Одоо тэр хүн Урт цагааны траншейнд амьдардаг. Бид өвгөнтийн хөндийнхэн гэж ярьдаг. Уучлаарай, гашуун үнэн байгаа учраас би нэрийг нь дурдаж ярьж байгаа юм шүү. Түүнээс тухайн хүний нэр хүндэд халдаад, нэг хүнд зориулж холбоо байгуулж байгаа мэтээр ойлгуулахыг хүсээгүй юм шүү. Харин ийм хүн олон байгаа учраас ярьж байгаа юм. Монголын ардчилал, монголын засаглал энэ хүмүүсийг тодорхой хэмжээгээр харж үзэх цаг болсон, харин ч өнгөрчихсөн байна. Тухайн үед ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхад энэ улсууд ойлгож, дэмжиж, олон мянган хүн цуглаж байсан. Нэг чулуууг өргөөд дийлэхгүй бол хоёулаа, гурвуулаа, дөрвүүлээ, болохгүй бол хөшүүрэг авч ирээд тэр чулууг хөдөлгөж л таарна. Үүн шиг энд байгаа “залуучууд” Монголын улс төрийн нийгмийг өөрчлөхийн тулд амь насаараа хөшүүрэг хийсэн гавьяатай хүмүүс. Тиймээс  “1990 оны улс төрийн өлсгөлөн зарлагчдын холбоо” гээд байгаа юм. Сүүлийн үед “Босоо хөх Монгол”-ынхон өлсгөлөн зарлаж байсан. Энэ бол эх орон, газар шороогоо хамгаалах нэг тэмцэл. Харин улс төрийн өлсгөлөн гэдэг бол энэ тэмцэх эрхийг нь нээж өгөх явцыг хэлж байгаа юм. Цаг хугацаа нь оройтсон ч манай холбоо сор нь болж гялалзаж явсан улсууд хог шороо мэт харагддаг байдлыг өөрчлөх хэрэгтэй болсон. Тухайн үед Монголын төртэй  тэмцэж, өлсгөлөн зарлаж байсан. Хүмүүс оготны хамраас цус гаргалгүй хийсэн хувьсгал гэдэг. Гэхдээ зоригтой, золбоотой, эрч хүчтэй, өөрийгөө золихоос илүү зорилготой залуучууд амь насаараа дэнчин тавьсан хувьсгал юм шүү.


МоАХ-ны Сэлэнгэ аймгийн анхны зохицуулагч Г.Нороврагчаа: Амь насаараа дэнчин тавьсан ч одоо “нийгмийн гадна” үлдсэн учраас


Би 1990 оны улс төрийн өлсгөлөнд эдгээр хүмүүс шиг баатарлагаар оролцож байгаагүй. Харин миний эхнэр тухайн үеийн улс төрийн өлсгөлөнд оролцож байсан. Яагаад “1990 оны улс төрийн өлсгөлөн зарлагчдын холбоо” байх ёстой вэ гэдэгт олон зүйлээр жишээлэн хариулж болно. Гэхдээ би аль болох товч хариулъя. Юун түрүүнд эдгээр хүмүүс бол ардчилсан хувьсгалыг хамгийн анх манлайлж, Монгол Улс ардчилсан улс болох уу, аль эсвэл коммунист хэвээрээ үлдэх үү, гэдэг эгзэгтэй мөчид амь насаараа дэнчин тавьж, тайван замын хувьсгалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Гэвч эдгээр хүмүүс өнөөдөр “нийгмийн гадна” хоцорч. Зовж зүдэрсэн ч бай, амьдрал ахуй ар гэрийн баталгаа байхгүй ч бай эдгээр хүмүүс түүнийгээ тоочиж, энд тэнд үглэж дуулж явсангүй өдийг хүрлээ. “Миний гавьяаг үнэлээд өгөөч” гэж жинхэнэ өлсгөлөнд оролцож байсан хүмүүс хэнээс ч, хэзээ ч гавьяа, шагнал нэхэж байсангүй. Гэвч тэднийг мөрөөрөө явах тусам энэ нийгэм, төр тэднийг мартаж байна. Зарим нь албаар мартах сонирхолтой ч байж магадгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг мартуулах явдлыг зогсоож, энэ ардчилсан хувьсгалд чинь эгэл баатрууд байдаг юм шүү, ийм хүмүүс зүтгэж явсан юм гээд тэднийг “баталгаажуулах” хүсэл зорилготой байгаа. Үгүй бол түрүүчээсээ цөөрч байгаа эдгээр жинхэнэ партизанууд “дууслаа”. Эд маань хэрэгтэй цагт нь хэрэг болсон ч бусад үед нь мөрөөрөө л явж байдаг. Тиймээс би ингээд  дуусгахгүйн тулд тэднийг зохион байгуулж, “1990 оны улс төрийн өлсгөлөн зарлагчдын холбоо”-г санаачилсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гээд ардчилсан хувьсгалыг удирдан оролцож байсан хүмүүс бий. Өөр өндөр албан тушаалд очсон олон ч партизан байдаг. Гэхдээ бид тэднийг албан тушаалд очсон гэдэг талаас нь огтхон ч бодоогүй, бас барьцаагүй. Хэн нэгэнтэй тэмцэх асуудал бол бүр биш юм шүү. Хэдийгээр партизануудын өөрөө болгоно гэж байгаа зан чанар нь сайхан ч гэлээ, гавьяагаа үнэлүүлж, амьдралдаа нэмэр тус болох зүйлийг энэ нийгмээс авах л ёстой. Тиймээс түүнийг авахуулах, туслах, ахуй амьдралын баталгаанд нь бага гэсэн ч тус дөхөм болох юм болов уу л гэж бодож байгаа.

0 Сэтгэгдэл
Ene hvmvvs tuhain vyd ingej temtseegvi bol manai uls odoo iim bahgvi bsan baih. Ardchilliig bii boloson edgeer agua hvmvvst chin setgeleesee bayarlalaa gedgee helmeer bna. Ene holboo baig. Ene holboo baiguulagsan ni ih sain bna. Zuwhun 1990 on gehgvigeer, odoonii ardchilaldaa dun shinjilgee hiij, Ardchilliig jinhene utgeer ni hugjvvlehed duu hooloogoi negtgen zutgemeer ban shuuu.
Тийм л дээ Энэ хүмүүсийн л ач буянаар Ардчилсан хувьсгал ялах анхны алхамыг хийсэн юм.тэдний гавъяаг өнөөгийн УИХ.Засгийн газар, ард түмэн мартах ёсгүй.Эдний л ачаар өнөөгийн хүмүүс гар утастай,өнгөт ТҮ тэй компютэртэй дураар баядан явах эрхтэй,үг хэлэх хэвлэн нийтлэх,эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг олсон юм...1994 онд ч гэсэн өлсгөлөн зарлаж Сүүлчийн коммунистуудтай үзэж тарсан л юм
ene xumuus alban tushaaliin toloo xolboo baiguullaa gedgee shuud xelj bx shib dee ene teneg uls torjiltoos ard irged zalxaj bn
Хамгийн их уншсан