Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Алтайн өдрүүд” амжилттай өндөрлөлөө

“Ширхэгхэн ганц чулуу нь ч
Сэтгэлийн угт уяатай
Сэрүүн Алтай нутагтаа би
Хүлэг морь шиг аргамжаатай...” хэмээн Тоомойн Очирхүү гуайн “Аргамжааны чулуу” шүлгийн мөртөөр Алтай нутгаар овоглодог хэн бүхэн ая дуу, шүлэг найргаа дээжилдэг. Үнэхээр ч унасан газар угаасан ус, унаган нутгийн ширхэг чулуу ч сэтгэл зүрхэнд нь аргамжаатай учир Засагт ханы гал голомт үеийн үед мандан бадарч өнөө цагтай золгожээ.

Эх орны баруун хязгаарт их бүтээн байгуулалтын шан татаж, жил сараар бус өдөр хоногоор өргөжин тэлж буй Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан зохион байгуулж буй “Алтайн өдрүүд” өдөрлөг, арга хэмжээ Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ сарын 23-нд эхэлсэн “Алтайн өдрүүд” 28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд спортын тэмцээн уралдаан, соёл урлагийн тоглолт, үндэсний бөхийн барилдаан, Говь-Алтай аймгаас төрөн гарсан бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, иргэд-зохиолч, яруу найрагч, зураачдын уулзалт, оюутан залуусыг ажлын байранд зуучлах өдөрлөг, “Алтай нутгийн ирээдүй ба шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зэрэг дэд хөтөлбөрүүдийг багтаажээ.

Говь-Алтай аймгийн онцлог, түүх соёл, ард иргэдийн амьдралыг сурталчилах, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл нээх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, аймгийн хөгжлийн гарцыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй “Алтайн өдрүүд” арга хэмжээг спортын уралдаан тэмцээнээр нээсэн нь өнгөрөгч амралтын өдрүүдээр тохиов.
Говь-Алтайчуудын хувьд брэнд спорт гэж болох оюуны спортын оргил болсон шатрын тэмцээнд найман настай балчраас 80 настай буурал оролцож ур ухаан, уран нүүдлээ уралдуулан өрсөлдсөн юм. Швейцарь системээр долоон өрөг тоглосон уг тэмцээн “Хос мастер” клубт болж Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын хорооны дэргэдэх шатрын клубээс гадна аймгийн шатрын төрөлжсөн сургууль, ерөнхий боловсролын сургуулиуд, сумдын клубийн тамирчид ч оролцсон. Түүнчлэн, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй зэрэг цолтой тамирчид, сонирхогчид оролцсон нь тэмцээнийг тунчиг өрсөлдөөнтэй болгосон гэж болно. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд 82 тамирчин оролцсоноос 20 гаруй нь спортын зэрэг цолтой тамирчин байв. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Жаргалан сумын тамирчин, спортын мастер Д.Гандуулга 6.5 оноогоор тэргүүлж аваргын алтан медалиар энгэрээ мялаасан бол дэд байрт Дарви сумын тамирчин Н.Гантулга орж Бигэрийн тамирчин Т.Төмөрбаатар удаалсан юм. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Баян-Уул сумын залуу тамирчин Б.Эрдэнэцэцэг илт илүүрхэж 6.0 оноотой хошуучилсан бол Жаргалан сумын тамирчин Н.Маралгуа дэд байрт шалгарч Хөх-Морьт сумын Б.Номин удаалсан.

Шатраас гадна шаггүй өрсөлдөөнтэй болсон тэмцээн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн байв. Эрэгтэй, эмэгтэй тус тус 17 баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн тэмцээн “Шинэ эрин” сургуулийн спорт зааланд хоёр өдөр үргэлжилж аваргуудаа тодруулсан юм. Эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Есөнбулаг сумын шигшээ баг шалгарч 18 сумаас аваргалсан бол Цогт сум хоёрт орж Эрдэнэ сум удаалав. Харин хамгийн өрсөлдөөнтэй, гал ассан тулаанууд болсон эрэгтэй багийн төрөлд Шарга сумын баг тамирчид аваргалсан бол Цогт сумын шигшээ баг дэд байрт орж Чандмань сумын тамирчид удаалсан.

Д.Батсайхан: Орон нутаг, иргэд, аж ахуй нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулж хамтран хөгжихийг гол чигээ болгож байна
Долоо хоног үргэлжлэх “Алтайн өдрүүд” арга хэмжээний арын албыг дааж ажлын хүндийг нугалж буй Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Д.Батсайханаас ирэх өдрүүдэд зохиогдох үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийн тухай цөөн асуултад хариулт авлаа.

-“Алтайн өдрүүд”-ийг Улаанбаатар хотод зохиож байгаа нь өргөн хүрээг хамарч байгаа санагдлаа. Өдөрлөгийн гол зорилго юунд чиглэж байна?
-“Алтайн өдрүүд” арга хэмжээний гол зорилго бол өнгөрсөн үүх түүх гэхээсээ илүү одоо хийж байгаа болон ирээдүйд хийх ажлаа тайлагнах юм. Мөн Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгаа гэсэн сэтгэлтэй бизнес эрхлэгчид, их, дээд сургуулийн багш ажилчид, оюутан залуус, эрдэмтэн судлаачидтай холбоо тогтоох, цаашид хамтран ажиллах зорилго чиглэлтэй.
-Шатар, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Цаашид зохиогдох үйл ажиллагаанаас онцолбол?
-Томоохон үйл ажиллагаа гэвэл энэ сарын 27-нд Чингисийн талбайд орон нутгийн уран сайханчид, урлаг соёлын одод, чуулгын дуучид, бүжигчид ая дуугаа өргөж гала тоглолт хийх юм. Мөн Говь-Алтайгаар овоглосон зохиолч, яруу найрагчдын үзэсгэлэн, номын баяр, гэрэл зургийн үзэсгэлэн, зураачдын үзэсгэлэн худалдаа зэрэг нийтийг хамарсан үйл ажиллагааг нэг өдөр зохион байгуулахаар зэхээд байна. Түүнчлэн 26-нд Гадаад хэргийн яаманд оюутан залууст зориулсан ажлын байрны үзэсгэлэн яармаг болно. Энэ үеэр ажил олгогчдыг оюутнуудтай шууд зуучлах, ажлын байраар хангах учир энэ их ач холбогдолтой ажил болно гэж бодож байгаа. Мөн 27-ны өдөр “Мишээл” экспод Говь-Алтай аймгаас төрсөн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн яармаг гарч бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах юм. Үүний дараа хамгийн том арга хэмжээ болох “Алтай нутгийн ирээдүй ба шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохиохоор төлөв­лө­сөн. Энэ хурлаар салбар сал­барын тэргүүлэх эрдэмтэн суд­лаачид өөрсдийн судалгаа шин­жилгээний ажил, төсөл хө­төл­­бөрүүдийг танилцуулж түү­­нийг нь орон нутагт шууд авч ашиг­лах боломжтой инно­ва­цын төслүүдийг танилцуулах юм.

-Аймаг, сумдаас “Алтайн өдрүүд”-эд оролцохоор хэчнээн хүн ирсэн бол?

-Орон нутгаас зохион байгуулах ажилд оролцох хүмүүс л ирсэн. Аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумдын Засаг дарга тэргүүтэй албаны хүмүүс багтаж байгаа юм. Түүнчлэн аймаг орон нутгийн урлаг соёлын байгууллагын төлөөлөл, уран сайханчид болоод 20 гаруй үйлдвэрлэгч бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж шинэ зах зээл нээх зорилгоор ирсэн байна.

-Үүнээс өмнө аймаг орон нутгаа сурталчлах ажил хэрхэн хийж байв. Энэ жи­лийнх илүү цогц арга хэм­жээ болсон нь анзаа­рагд­лаа?

-Яахав, аймгийн золгуут гэж жил бүр хийдэг байсныг эс тооцвол энэ жилийнх шиг цогц арга хэмжээ социализмаас хойш хийгдэж байгаагүй. Цаашид уламжлал болгон зохион байгуулахаас гадна цар хүрээг нь өргөжүүлэх зорилготой. Бид л хийж байна гэсэн шиг сүр дуулиан болгоод байлгүй гагцхүү орон нутаг, иргэд, аж ахуй нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулж хамтран хөгжихийг гол чигээ болгож байна. Ер нь, хүнээс хамаарахгүйгээр механизм тогтоох гэсэн оролдлого юм. Анзаараад байхад аймгуудын нутгийн зөвлөл хааяа нэг ойн арга хэмжээнд оролцдог эсвэл зуд турхан болвол хандив тусламж өгч байгаа харагддаг. Угтаа тэр нутаг уснаас төрсөн л бол эргээд өгөх юмаа өгч чаддаг байх хэрэгтэй. Тэдний бизнес эрхэлдэг туршлага, олон жилийн турш бий болгосон оюуны капиталыг нь ашиглаж шууд бэлэн мөнгө авахаас илүү нутаг оронд хөрөнгө оруулалт хийх нь чухал санагддаг.

н.Амарбаясгалан: Аймаг, орон нутгаас хүүхэд багачууд, шинэ залуу тамирчдаа дэмжиж ажилладаг

Говь-Алтай аймгийн хүүхэд залуусын дунд түгж дэлгэрсэн олон спортын төрлөөс онцлон дурдах учиртай нь шатар болон гар бөмбөг. Аймгийн хэмжээнд буюу 18 суманд гар бөмбөгийн дугуйлан хичээллэж бүс, орон нутаг, улсын аваргын тэмцээнд аймгаа төлөөлөн тогтмол оролцдог билээ. Говь-Алтай аймгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа оролцож байсан Халиун сумын шигшээ багийн ахлагч н.Амарбаясгалантай ярилцлаа.

-“Алтайн өдрүүд” арга хэмжээг спортын уралдаан тэмцээнээр нээлээ. Тэр дундаа гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн тун ч өрсөлдөөнтэй болж байгаа санагдлаа?

-Тиймээ, үнэхээр өрсөлдөөнтэй, өргөн цар хүрээг хамарсан сайхан тэмцээн болж байна. Хэдий аймаг орон нутагтаа тогтмол тэмцээн уралдаан зохион явуулдаг ч хотод ажиллаж амьдарч буй нутаг нэгтнүүдтэйгээ ингэж өрсөлдөөд байх нь ховор. Тиймдээ ч энэ тэмцээнд их ач холбогдол өгсөн. Тэр бүр таарч тоглоод байдаггүй баг, тамирчидтайгаа ингэж уулзаж өрсөлдөж байгаад сэтгэл өндөр байна. Тэмцээний зохион байгуулалт ч магтууштай, сайн байна. Манай Халиун сумын Засаг дарга, шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагч гээд спортод элэгтэй, хайртай хүн бүр оролцож байна.

-Танай аймгийн хувьд шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг түлхүү хөгжсөн гэж санагддаг?

-Ер нь, ихэнх спортын төрлүүд жигд сайн хөгжиж байгаа санагддаг. Хүүхэд залуус ч чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх үүднээс спортын дугуйлан секцэд тогтмол хамрагддаг болсон. Аймаг, орон нутгаас ч хүүхэд багчууд, шинэ залуу тамирчдаа дэмжиж ажилладаг.Манай нутгаас төрсөн тив дэлхийд нэр алдараа цуурайтуулсан тамирчид олон. Цаашдаа ч олимп, тив дэлхийн олон аварга төрнө гэдэгт итгэлтэй байна.

-Волейбол бол багийн спорт. Аймгийн БТСХ-ноос багийн спортыг хөгжүүлэхэд их анхаарч байгаа юм билээ?

-Тийм шүү, дан ганц багийн спорт гэлтгүй нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ард иргэдийг спортоор хичээллэх боломж болоцоогоор хангах тухайд чамгүй анхаарч байна. Баруун бүсийн аймгуудын дунд зарласан нийтийн биеийн тамир спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд манай аймагт “Өглөөний одод” иргэдийн нэгдэл бий болж хүүхэд багачууд, хөгшид гээд эрүүл, идэвхтэй амьдралыг эрхэмлэдэг хүн бүр хамрагдах болсон. Энэ нэгдэл улам бүр өргөжиж өглөө бүр нийтээр дасгал сургууль хийж хэвшээд байгаа.


0 Сэтгэгдэл
Ter gobialtaidaa ochij odryydee hiine biz
Хамгийн их уншсан