Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говийн айлаар зочлов

Б.ЦЭДЭВСҮРЭН

Тэнэг хүн тэнгэр зүхнэ гэдэг. Өнөө цагт тэнэг биш ч тэнгэр зүхэх хүн олон болж. Бороо нь цөөрсөн зун, цас нь нэмгэрсэн өвөлтэй жилүүд үргэлжилсээр...
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн нутагт байх Хамарын хийдээр аялангаа замаараа нутгийн айлаар буув. А.Доноров гэх өвгөнөөр овоглосон малчин айлынх энэ нутгийн уугуул. Биднийг очиход айлын эзэгтэй болох 60 дөхөж яваа болов уу гэмээр Б.Нэргүй эмээ гэртээ ганцаараа байв. Өдийг хүртэл өвөлжөөндөө байгаа нь сонин санагдсан ч түүнээс ч илүү сонин зүйл бол энэ айлынх хоёр нохой, нэг муур тэжээхийн хажуугаар өвөлжөөн дээр нь үүрээ засаад өндөглөчихсөн гурван хэрээг маллах. Тэднээс гадна хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ гээд таван хошуу малаа тал дүүрэн бэлчээсэн айл аж. Хотын мань мэтэд бол амьтны хүрээлэн энэ айлын хотонд байх. Гэрт орвол Нэргүй эмээ хаанаас хаа хүрч явааг маань лавлаад нутгийнхны бахархал болсон Хутагт, Хамарын хийдийн талаар яриа өрнүүлэв. Тэгснээ өдийг хүртэл өвөлжөөндөө байгаагаа “Хүн хүч цөөнтэй болохоор зургадугаар сар гаргаж байж л нүүнэ дээ. Тэгээд хаашаа ч нүүдэг билээ гэж гайхаж сууна. Манай нутагт энэ жил сүүлийн хэдэн жил байгаагүй их шуургатай байна. Уг нь тал ногоороод  сайхан зун болох төлөвтэй байсан юмсан. Гэвч одоо шуураад дөнгөж ургаж байгаа ногооны үндсээ хийсгэх нь. Хүмүүл, таана хоёр хуруу хэртэй гараад ёстой л хүн малын нуруу тэнийж байтал шуураад байх болоо. Тавдугаар сард хоёр, гуравхан өдөр л шуургагүй байсан. Бороо хаа нэг орох юм. Орох ч гэж дээ дусагнаад л алга болчихно. Нэг их бороо хаясан юм шиг араас нь хүйтрэхийг нь яана” хэмээн санааширлаа. Тэгснээ “Энэ тэнгэр ажлаа хийхээ мартчихсан бололтой. Шуурганы хаалгаа хаахаа мартсан юм байлгүй” хэмээн инээвхийлээд жаахан уужрав бололтой.

Эмээ биднийг хүйтэн цайгаар дайлав. Говийн шороо хөвсөн ч гэлээ амны цангаа тайлж байгаа гэж жигтэйхэн. Халуун наранд говийг машинаар туулах амаргүй. Тэгээд бороон дусал цонх тогших шиг элсний ширхэг шил нүдэх нь даанч залхуутай байсан учраас эмээгийн өгсөн хүйтэн цайг уунгаа түүнтэй элдэв яриа дэлгэх нь хэсэг зуурын амралт болов. Удалгүй гэрийн эзэн ирлээ. “Хужаа” хэмээн цоллох ч хөдөөгийнхний хөл болсон мотоцикл хөлөглөсөн өвгөн хоёр хорийн сав ус гэрийн гадна буулгаад орж ирэв. Говьд уул нуруу бага учраас бидний ирж байсныг аль эртнээс л хараад амжиж. Уг нь эднийхээс холгүй булаг гардаг ч өнөө жил хургүй учраас хатсан гэнэ. Тиймээс гэрээсээ таван км алс байх худгаас ундны усаа аваад ирж байгаа нь энэ. Говьд, тэгээд шуургатай учраас энэ хотонд ойрд гадны хүн ирээгүй бололтой гэрийн эзэд биднийг холын хүн болгож яриа өднө.

Эмээ байсхийгээд л ярианы сэдвийг тэнгэрийн ааш руу хандуулна. Тэр бүрт өвгөн нь доог хийнэ. Үнэхээр хэдэн малынхаа тарга тэвээрэгт санааширсан эмгэн санаа муутнуудад хуурагдсан аж. Тэрээр хотод суудаг үзмэрч найзтайгаа утсаар ярьж учраа хэлтэл “Бор халзан хонь амьдаар нь явуул. Алсаас нутаг усыг чинь тахина” гэж. Хэлсэн ёсоор эмээ хүүхдүүдээ хотоос ирээд буцахад нь хонь өгч явуулжээ. Түүнээс хойш 10 гаруй хоноод байгаа ч хонь, хур, хэл сураг ч үгүй. Утсаа өдөржин сахиж, өвгөндөө шоолуулах болж.

Ийн ярьж суутал утас дуугарав. Жи мобайлийн утсаа уньнаас зүүгээд хөнгөн цагаан утсаар анетин хийж тооноороо гаргажээ. Эмээ уньнаас зүүлттэй утсаа авч чанга яригч дээр нь тавиад ярьж эхлэв. Түүнийг ярьж дууссаны дараа гэрт эмээг шоолж бидний дунд өрнөсөн хөгжилтэй ярианы уур амьсгал огт алга боллоо. Учир нь Доноров гуайн охин саяхан айлд очжээ. Гэтэл биднийг очихын өмнөх өдөр шинэхэн хүргэн нь ирж охиндоо тасдаж өгсөн адууг нь туугаад явж. Хол замд нэг унагатай гүү зуурчихсан гэнэ. Ус ч уухгүй болсон гүүгээ яах эсэхийг аав, ээжээсээ охин лавлаж залгасан нь энэ. Гэрийн эзэд хүний амьны тухай ярьж байгаа мэт л гунигт дарагдлаа. Өвгөн гаансаа нэрж сууснаа “Тэр муу унага нь яана аа” хэмээн шүүрс алдав. Эмээ “Унага ч яах вэ. Гүү нь хөхүүл юм хөөрхий. Уг нь тийм ч хол газар авч яваагүй юм л даа. Замд байдаг худаг нь битүүрсэн байна гэнэ. Тэгээд ус уулгалгүй хөөсөөр байгаад зууруулчихаж л дээ” хэмээн балмагдав. Хонины хүүхэд ирнэ хэмээн борц нүдэж гурилтай шөл хийх зуураа эмээ олон зүйлийн тухай ярив. Тэрээр “Ойрд хонь хургаа нийлүүлж бэлчээж байгаа. Тугалаа ч бүр эхэд нь тавиад өгчихсөн. Улаан шуурганаар эх нь юугаа олж идэх вэ. Төл нь дагаад жаахан ч гэсэн гол орно биз. Тэгээд ч би өөрөө удахгүй малчин эмэгтэйчүүдийн чуулганд явна” хэмээн ярив. Үүнийг сонссон Доноров гуай “Манай хөгшин “манлай” цол авах юм” хэмээн тайлбарлав.
Хол ойрын сонин хэлэлцэх зуураа тэнгэрийн аашийг ярилцсаар бидний хөдлөх цаг болов. Зах зээлийн нийгэмд шилжиж хүний ааш хувирсан энэ цагт замын биднийг ундалж, санасан бодсоноо цензургүй ярих нүүдэлчин сэтгэлгээ одоог хүртэл байгааг Доноров гуайнхаар буугаад мэдэрсэн маань энэ.

Малын зоо тэнийлгэсэн халиурсан их өвс биш юм аа гэхэд хамар шүргэх хүмүүл, тана нь шуурганд хийсчихгүй үлдээсэй хэмээн бодож Нэргүй эмээгийн яриаг замын турш тээсээр их хотдоо ирэв. Ай даа тэнгэрийн аашийг дээ...

0 Сэтгэгдэл
60 нас хүрээгүй эмэгтэйг эмээ гэж тэнэгтдэг сэтгүүлч бас байх юм. Чи 60 хүрэхгүй үхэх юм биш биз
Хамгийн их уншсан