Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойн төслийг хойшлуулж, газар дээр нь очиж танилцахаар явлаа

Л.НОМИН

Тавантолгойн гэрээний төсөл энэ долоо хоногийн Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуваарьт багтсан ч хэлэлцэхийг хойшлуулсан. Ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-д хараахан өгөөгүй байгаа. УИХ-ын дарга З.Энхболд болон ажлын хэсэг Тавантолгойн ордод очиж ажиллахаар болж, өнөөдөр замдаа гарах юм. Түүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцах мэдээлэл мөн бий. УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн ахалж буй ажлын дэд хэсэг “Эрдэнэс Тавантолгой” компанид энэ сарын 14-15-нд ажиллаад иржээ. Тус компанийн агуулахад 2,3 сая тонн нүүрс хадгалж байгаа бол хоёр сая тонн нүүрс олборлохоор хөрс хуулаад бэлэн болгож. Эдгээрийг борлуулах юм бол 140 сая ам.долларын үнэ хүрэх тооцоо хийсэн байна. Энэ нь Хятадын “Чалко” компанид төлөх 142 сая ам.долларын өрийг төлөх боломж бүрдүүлнэ хэмээн үзжээ. Өдөрт 20 мянган тонн, сард 600 мянган тонн нүүрс “Чалко” компанийн өрөнд нийлүүлж буй гэнэ. Олборлох, тээвэрлэх ажилд нийтдээ 1400 гаруй хүн ажиллаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг танилцуулжээ.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Засгийн газрын 268 дугаар тогтоол гаргасан хурлын протокол, тендерийн шалгуур үзүүлэлтүүд, “Энержи Ресурс”, “Шенхуа” хооронд хамтарсан компани байгуулах гэрээ, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” хоорондын эрх шилжүүлэх гэрээ зэргийг шаардаж байгаа. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт компани хоорондын гэрээг гаргаж өгөх боломжгүй, тухайн компаниудаас авах хэрэгтэй гэсэн. Тэгвэл Ажлын хэсэг компани хоорондын асуудал биш Монгол Улсын баялаг, иргэдийн хувьцаа эзэмшиж буй ордтой холбоотой учир Засгийн газраас дамжуулан авах ёстой гэж буй. Түүнчлэн “Сумитомо” компанийн гэрээнд гуравдагч зах зээлд гаргах нь үнэн эсэхийг тодруулах аж. Гэрээний төслийг англи хэл дээр бэлтгэсэн болон орчуулсан эзэн тодорхойгүй, албан ёсны орчуулгыг Гадаад хэргийн яам хийгээгүй гэх мэтчилэн шалгах асуудал цөөнгүй байгааг хэллээ. Энэ мэтчлэн тодорхой бус асуудал нэлээд байгаа учир Засгийн газар гэрээний төслөө татан авах санал дүгнэлтдээ тусгаж, тогтоолын төсөл үндсэндээ бэлэн болжээ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

-Англи хэл дээрх эхээс ямар асуудал нь зөрсөн юм бол?
-Англи эхээс зөрүүтэй байгаа асуудлыг ажлын хэсэгт танилцуулаагүй байгаа. Энэ долоо хоногт англи, монгол эхийн зөрүүг бид үзэх болно. Ямар ч байсан англи хэл дээр анх гэрээг боловсруулж монгол хэл рүү орчуулсан юм байна. 

-Ажлын хэсэг дүгнэлтээ гаргах ёстой хугацаа гэж байгаа юу?
-Ерөнхий сайд чуулган дээр ажлын хэсгийг 14 хоногийн дотор хэлэлцээд дүгнэлтээ гаргаад өгөөч гэж байсан. УИХ-ын даргын захирамж болон удирдамжинд ямар нэг хугацаа заагаагүй. 60 жилийн хугацаанд 60 тэрбум ам.доллар Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх гэрээ байгуулах асуудалд маш нухацтай хандах ёстой. 3000 гаруй хуудас материал дээр ажиллаж байгаа. Яарах шаардлага ч байхгүй гэж харж байна. Хөндлөн чиглэлийн төмөр замд Японы Засгийн газраас хөрөнгө оруулалт хийх гэрээ Гадаад хэргийн яаманд байгуулан гарын үсэг зурагдах мэдээлэл байгаа. Тиймээс хөндлөн болон урд чиглэлийн төмөр замд хамт хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд Тавантолгойн олборлолт хийх эрх өгөх талаар тогтоолын төсөлд тусгасан. Бусад хөрөнгө оруулагчийг татах замаар илүү ашигтай хувилбарыг сонгох нь зөв гэж бодсон. Энэ хаврын чуулганаар заавал хэлэлцэж дуусах ёстой гэсэн шахалтад ажлын хэсэг автахгүй.

-Гэрээг цуцална гэсэн үг үү?
-Цуцлах уу эсвэл гэрээнд бусад хөрөнгө оруулагчдыг оруулахыг нэмж тусгахыг Засгийн газар өөрөө шийдээд, гэрээний төслөө хуулийн дагуу болгож засаад оруулж ирэх байх.

-“Эрдэнэс Таван­тол­гой”-н 142 сая ам.долларын өрийг маш олон жил ярилаа. Одоо болохоор дарах боломжтой болчихлоо гэж байна?
-“Чалко” компанид 350 сая ам.долларын өртэй байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өрөө дарсаар байгаад 142 сая ам.доллар үлдсэн. Өдөрт бүр 24 цагаар олборлолтоо хийгээд гаргасан нүүрсийг “Чалко” компани уурхайн аман дээрээс тээвэрлэж байгаа юм билээ. Сард 600 мянган тонн нүүрс өрөнд өгч байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилд огт зогсоогүй.

-УИХ-ын гишүүд ажлын хэсгийг УИХ-ын дэгийн ту­хай хуулийн дагуу хууль бус гэж тайлбарласан. Аж­лын хэсгийн дүгнэлтийг хууль бус ажлын хэсгийн дүг­нэлт гэж үзэх юм биш биз?
-УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Оюу­толгойн гэрээ байгуулахын өмнө яг иймэрхүү байдлаар ажлын хэсэг байгуулан ажиллаад УИХ-аар оруулах эсэх дүгнэлт гаргасан юм билээ.     
  
-“Шенхуа”-гаас өөр хөрөнгө оруулагч тендерийг сонирхоогүй, “Пибоди” гэхэд ёс төдий орсон гэдэг. Одоо өөр хөрөнгө оруулагч байгаа юу?
-2010 онд анх Тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалга­руулах тендерт зургаан компани шалгарсан байдаг. 2014 оны наймдугаар сард дахин шалгаруулалт хийхдээ хаалттай тендер зарласан. Ажлын хэсэг материалуудтай танилцаад “Пибоди” тендерийн сүүлийн өдөр хүртэл консерциумд багтаж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байхад Засгийн газар шалгаруулаагүй. Японы 4-5 компанийн консерциум оролцсон юм билээ. “Иточу” компани 10 гаруй жил Тавантолгойд ажилласан учир Хятад, Монголын консерциумд багтах хүсэлтээ илэрхийлсэн боловч Засгийн газар хүлээж аваагүй гэсэн дүгнэлт байгаа. ОХУ-ын Якунинаас захидал ирсэн байсан. “2010 онд зарлагдсан тендерийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдсөн. Хөндлөн чиглэлийн төмөр зам байхгүй урд чиглэлийн төмөр зам бариулахаар сонгон шалгаруулалт хийгдэж байгаа нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлахдаа ярьж тохиролцсоноос эсрэг байдлаар сонгон шалгаруулалт хийсэн учир манай улс орол­цохоос татгалзаж байна” гэж захидалдаа бичиж. Бусад 2-3 компани дэндүү богино хугацаа өглөө гэж тайлбарласан. 2014 оны есдүгээр сард тендер зарлаад гурван сарын дараа шалгаруулахад тухайн компаниуд Монголын талын компаниудтай яриа хэлэлцээ хийх боломж үүсээгүй. Энэ төрлийн үйл ажиллагааг таваас доошгүй жил хийсэн гэдэг шалгуур тавихаар “Энержи Ресурс” компаниас өөр нийцэх нь байгаагүй. Бусад компанийг оруулахгүй байх шалгуур үзүүлэлт тавьжээ гэж ажлын хэсэг үзсэн.

-Тавантолгой-Гашуун­сухайт чиглэлийн төмөр за­мын төсөлд 200 сая ам.дол­ларын хөрөнгө оруул­сан нь үр дүнгүй болсон гэдэг мэдээлэл байгаа учир ажлын хэсэг аудит хийлгэх үү?
-Солонгосын банкнаас 600 сая ам.доллар, “Чингис” бондоос 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болоод ажлууд эхлээд явж байсан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөөд дараагийн 25 жилд 1,2  тэрбум ам.долларын тээвэрлэлтийн ашиг төсөвт өгөхөөр төсөл. Тэгтэл Тавантолгойн тендерт шалгарсан консерциумд энэ чиглэлийн төмөр замын ажлыг дундуур нь зогсоосон. Хөгжлийн банкны “Чингис” бондын 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэм­жээний нэлээд ажил хийсэн. Аудитын компани ч шалгаад дүгнэлтээ гаргах байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан