Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Тендерт гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглох заалт тусгасан

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ажлын хэсгийн ахлагч  Г.Батхүү нар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн талаар цөөн хором ярилцлаа.


-УИХ-ын чуулганы ху­ралдаанаар Үйлдвэр­лэ­лийг дэмжих тухай хуу­лийн төслийг хэлэлцэж, баталлаа. Ямар харилцааг зохицуулахад илүү түлхэц  үзүүлэх вэ?  
-Монгол Улс эдийн засгийн олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжилд шилжихийн  тулд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг төрөөс онцгойлон анхаарч нэгдсэн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага байсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг УИХ-аар батлууллаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Үйлдвэржилтийг эрчим­жүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг, “Төрөөс Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” -ийн эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд бодит алхмуудыг хэрэгжүүлэн энэхүү хуулийг УИХ батлан гаргалаа. Хуулийн зорилт нь өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний экспортын чиг баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй хол­богд­сон харилцааг зохи­цуулахад чиглэгдсэн.
-Үйлдвэрлэлийг ямар хэлбэрээр төрөөс дэмжих юм бэ?
-Нэгдүгээрт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгоно. Хоёрдугаарт, өндөр үр ашиг бүхий дэвшилтэт болон өндөр технологи бий болгон нэвтрүүлж,  нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгохоор хуульд заасан байгаа. Гуравдугаарт, экспортын үйлдвэрлэлийг экспортын санхүүжилтийн төрөл бүрийн арга хэрэгсэл, түүний дотор факторингийн үйлчилгээг хөгжүүлэх замаар дэмжинэ. Эдгээр дэмжлэгийг санхүүжүүлэх зорилгоор “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг” байгуулан ажиллуулах юм.
-Үйлдвэрлэлийг дэм­жих тухай хуультай холбогдуулан дагалдах бусад хуулиудад өөрчлөлт орсон уу?
-Энэ хуультай холбогдон дагалдах бусад хуулиудад маш чухал өөрчлөлтүүд орж байгаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглох заалтыг тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгасан. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд ноос, ноолуур, арьс ширэн түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад НӨАТ-ын хувь хэмжээг Засгийн газар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгаж өгсөн. Ингэхдээ “Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнэд нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тус тус тооцно” гэсэн заалтад ноос ноолуурыг хамруулж өгсөн. Мөн Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын  1999 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан. Үндэсний үйлдвэрээ дэмжин, дотоодын зах зээлээ хамгаалсан бас нэг чухал зохицуулалт болж байна.

 Энэ хүрээнд 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, дотоодод үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүнд ногдуулж байгаа гаалийн тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын дагуу хүнсний зарим бүтээгдэхүүн, ноос, ноолууран болон оёмол бүтээгдэхүүн зэрэг дотооддоо үйлдвэрлэж чаддаг барааны одоо мөрдөж байгаа гаалийн импортын тарифын таван хувийн  татварын тарифын түвшинг 20 хувьд  хүргэх эрхийг Засгийн газарт олгохоор боллоо. Импортын зарим бараанд ногдуулах гаалийн татварын хувь, хэмжээг нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнтэй ижил, нэр төрлийн бүтээгдэхүүний импортын бараа буурах, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх, өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлөх, экспорт нэмэгдэх, ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн орлого өсөхөөс гадна шинэ ноу-хау нэвтрэх өргөн боломж бий болно. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд оруулсан байгаа. Энэ бол үнэхээр ач холбогдолтой хууль. Эцэст нь бид хэрэглээний эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу шилжиж байна. Энэ эдийн засгийг бий болгоход манлайлан оролцох нийт үйлдвэр, худалдааны төлөөлөгч нартаа Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

0 Сэтгэгдэл
Волur
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан