Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганзориг: МоАХ-д 300 мянга, Социал демократуудад 200 мянга, Шинэ дэвшлийнхэнд 100 мянган төгрөг анхны сонгуульд оролцоход нь зориулж хувиарласан

Монгол Улсад анхны
чөлөөт сонгууль явагдсаны
25 жилийн ойд


Н.УУГАНБАЯР


Дугарын Ганзориг гуайг 1989-1990 онд ардчилсан хөдөлгөөнд оролцож зүтгэж явсан ардчиллын анхдагчид маань андахгүй. Тэрээр анхны чөлөөт сонгуульд ардчилсан хүчнийхэн МАХН-тай өрсөлдөхөд томоохон хувь нэмрээ оруулсан хүн. Чухам ямар хувь нэмэр оруулав аа гэдгийг бидний ярианаас сонирхоно буй заа. Бидний яриа халуун дулаан дурсамжаар хөглөгдөж, хаяахан санаа алдалтаар хачирласаар хэдэн цаг үргэлжилсэн. Ингээд 1990 онд болсон сонгуулийн тэр л халуун өдрүүдийг танд эргэн сануулья.


“Энэ бичиг дээр чинь социализм гэдэг нэг ч үг алга”

-Ардчиллын анхны цуглаанд оролцоогүй ч ардчиллын анхны санхүүчээр тохоон томилогдож ажилласан хүн бол та. Анх С.Зоригтой хэрхэн хэзээ танилцаж байв?
-1989 оны арванхоёрдугаар сарын дундуур бид хоёр танилцсан юм. С.Зориг багш байсан шүү дээ. Би сайн танихгүй. Миний ах Батзориг МоАХ-ны /Монголын ардчилсан холбоо/  анхны Ерөнхий зохицуулах зөвлөлийн 35 хүний нэг.   Ах маань нэг өдөр “Чи С.Зоригийг МУИС-ийн нэгдүгээр байрны үүдэнд өглөө 08 цагт очоод хүлээж бай. Лоовууз өмссөн залуу байгаа” гэсэн. Би ч хэлсэн газар нь очоод хүлээж байтал С.Зориг гарч ирээд “Би хичээлтэй, даалгавар өгөөд гараад ирье. Тэгээд чи бид хоёрт хөөцөлдөх ажил их бий гээд л” ... танилцсан.

-Шууд танилцаад л ямар ажил хөөцөлдөхөөр явсан хэрэг вэ?
-МоАХ байгуулагдчихсан, үйл ажиллагаа явуулах гэхээр санхүү мөнгө хэрэгтэй. Хүмүүс жаахан хандив өгье гэдэг.  Шууд бэлэн мөнгө аваад байж болохгүй учраас бид хоёр албан ёсоор данстай болохоор гарч байгаа нь тэр. Хотын банкин дээр очоод данс авах гэтэл банкны нөхөр түр хүлээ гээд суулгаад байдаг. Даалгавар өгөөд л шалгуулаад байсан хэрэг. Хүлээлгэж хүлээлгэчихээд “Та хоёрын ирсэн ажил ч бүтэхгүй нь дээ. Танай МоАХ гэдэг чинь ямар статустай байгууллага юм бэ” гээд л. Аргагүй л дээ. Монгол Улс ийм байгууллага байгуулж байгаагүй. Ямар нэгэн холбоо, төрийн бус байгууллага заавал АИХ-ын депутатуудын тогтоол шийдвэрээр байгуулагдаж байсан үе. Марк сонирхогчдын холбоо, анчдын нийгэмлэг ч байсан заавал тогтоолоор батлагддаг байлаа.  Бидэнд ямар ч тогтоол шийдвэр байхгүй. Зөвхөн үндсэн хуулийн эвлэлдэн нэгдэх эрхтэй гэсэн ганцхан заалтан дээр л тулгуурлаж байлаа.

-Гэтэл банк танай статус юу вэ, ямар эрх мэдэлтэй байгууллага вэ гээд байдаг?
-Зүйрлээд  хэлчих байгууллага байхгүй учраас олон түмнийх гэхээс өөр хариулт байдаггүй.  Улс төрийн байгууллага гэдгийг нь тэд мэдэж байгаа болохоор “Та нар ер нь хаашаа явах зорилготой хүмүүс вэ, энэ бичиг дээр чинь социализм гэдэг нэг ч үг алга” гэх мэтээр тулгаад байдаг. Үнэндээ бид капитализм гэж шууд хэлж ч чадахгүй байлаа. Өөрсдөө ч тэр нийгмээ сайн мэдэхгүй. Хамгийн гол нь хүнд суртлын, нэг намын дарамттай энэ нийгмийг халж, хүн үгээ чөлөөтэй илэрхийлж, сонгох, сонгогдох эрхээ эдлэх, чөлөөтэй гадагшаа явдаг ийм л нийгмийг хүсч байлаа. Ингээд Зоригоо бид хоёр хэд хэдэн удаа банкин дээр очлоо. Банкны нөхөр “Та нар тооцооны кассан дээр очоод Зоригийн нэр дээр данс нээлгэ. Хувь хүний данс учраас нээгээд өгнө” гэж зөвлөөд л сүүлд нь гаргасан. Ингээд Зоригийн нэр дээр данс авлаа. Хувь хүнийх учраас Зоригоос өөр ямар ч хүн гүйлгээ хийх боломжгүй болчихсон.  Үнэндээ  хувьсгалын удирдагчаар алдаа хийлгэх гэсэн нэг л арга. За ингээд бид хоёр сар явчихаад Зоригийн нэр дээр л данстай боллоо.

-Та МоАХ-ны санхүүчээр томилогдохоос өмнө ямар ажил алба хашиж байсан юм бэ?
-Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байсан.  Үзэл суртлын хэлтэст нь ахмад цолтой. Яг үнэндээ надад үнэхээр хүнд байлаа. Нийгмийг аюулаас хамгаалах яаманд алба хашиж байгаа хүн МоАХ-г дэмжиж байгаа бол тэр өдрөө ажлаас гарч болно гэсэн сайдын тушаал гаргачихсан байдаг.  Эхлээд ажилтайгаа давхар хийгээд л гүйгээд байсан. Сүүлд нь С.Зоригийн гарын үсэгтэй бичиг боловсон хүчиндээ өгөөд албан ёсоор ажлаа хүлээлгэж өгсөн. Өлсгөлөн зарласны дараа 1990 оны дөрөвдүгээр сард ажлаасаа гарсан. МоАХ-ны ажлаа гардаж хийхгүй бол түмэн ажил задгай байдаг. 1990 оны зургадугаар сард анхны сонгууль болох гээд. Миний хийх ажил ёстой жаран хагархай гэгч болсон.  Намайг НАХЯ-наас гараад МоАХ-д албан ёсоор орж байхад үнэндээ яамныхан маань гайхсан шүү. Ардчиллын анхны санхүүч нь манай хүн байдаг гээд.

-Таныг ах чинь С.Зоригтой танилцуулсан гэсэн. Ах тань эхлээд энэ холбоонд элссэн байх нь ээ?
-Манай Батзориг их барууны үзэлтэй нөхөр байсан л даа. Батаагийн тухайн үед гүйцэтгэсэн үүргийг өнөөдөр хэн ч ярьдаггүй нь харамсалтай. МоАХ-ны бүх техник хэрэгсэл апратурыг хариуцдаг ганц хүн нь манай ах. Тэр үед хэнд ч байгаагүй Батаад л камер байсан.  Хүргэн ах Машбат маань тухайн үед эмэгтэй жүдогийн багтай болчихсон, жагсаал цуглааны хамгаалалтад эмэгтэй жүдочид маань гарч байлаа.  

-Данстай боллоо. Гэтэл орох оронгүй байдаг. МоАХ-ны жагсаал цуглаан, хурал зөвлөгөөн дугуй заалнаас эхтэй гэдэг. Яг хэзээ өөрийн гэсэн байртай болов оо?
-Үнэндээ хэн нэгнийхээ албан байгууллага дээр очоод ардчилал энэ тэр гээд ярих хэцүү байсан.  Тэгээд подвальд ч гэсэн орчихьё гэж байсан үе. Энхтүвшин, талийгаач Галсандорж бид гурав Ардын их хурлын дарга Очирбат гуайтай уулзаж байр гуйхаар боллоо. Гэтэл Очирбат гуай бидэнтэй уулзахыг хүсдэггүй.  АИХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь хүлээж авна гэж байна. Ерөнхий сайд Гунгаадорж гуайн нэгдүгээр орлогч Бямбасүрэн гуай, АИХ-ын нарийн бичгийн даргатай хамт биднийг угтлаа. Бид ч хэллээ. Үйл ажиллагаа явуулах байр өгөөч. Хэрвээ байр өгөхгүй бол Сүхбаатарын талбай дээр гэр барина гэлээ. Энхтүвшин “Ганзориг оо, гэр бэлэн биз дээ” гэхээр нь “Бэлээн, бэлэн гурван гэр бэлтгэсэн. За тэгээд гэрт юу хэрэгтэй байдаг тэр бүгдийг Сүхбаатарын талбайд бэлтгэнэ. Үнэндээ Сүхбаатарын талбай базаар болно” гэсэн үг гээд л. Бид мэдээж үүнийг хүсээгүй л дээ. Нөгөөдүүл маань “та нар гурав хоног өг” гэсэн. Тэгээд ямар ч байсан хотын эвлэлийн хороонд түр байрлаж бай гээд өрөө гаргаж өглөө. Би тэр чигт нь нэг давхрыг нь аваад гурван давхарт санхүүгийн нэг өрөө авч ингээд ажил эхэлсэн. Хоёр давхарт нь хотын эвлэлийн хороо ажлаа явуулж байгаа. Нэг давхарт Зоригт нэг өрөө авлаа.

-Зоригтой уулзах гэсэн, гар барих гэсэн, яриаг нь сонсох гэсэн хүмүүс асар их байсан биз?
-Түүнтэй уулзаж ярилцахыг хүссэн хүний цуваа урсгал ус шиг л болчихсон байсан үе. Хувьсгал гэдгийг, хувьсгалын удирдагч гэдгийг бид жинхэнэ мэдэрч байлаа. Дандаа танихгүй хүмүүс ардчилал ярьж ирдэг байлаа. Малчин тариаланч, гэмт хэрэгтэн  гээд ардчилал гэдэг үг нийгмийн бүхий л давхаргыг нэгтгэж бидэнд дээр хөтөлж авчирдаг байв. Манай Ардчилсан холбооны гишүүд бие биеэ танихгүй учраас хүссэнээ хэлнэ, хэрэлдэнэ, уралцана.

-МАХН-ын нүсэр аппаратынхантай анх хэрхэн уулзаж байсан бэ. Та анхны уулзалтанд орж байсан уу?
-МоАХ байгуулагдаад хотын намын хорооныхонтой хийсэн анхны уулзалтын бичлэгийг манай Батаа хийсэн байдаг юм. Тэнд л анх МоАХ болоод олон намын системийн талаар дурссан. МАХН-аас нам  гэж байгаа юм чинь та нар манай намд ороод ир. Тэгээд дотроо сайхан олон ургальч үзлээ уралдуулаад  нэг нам дотроо ойлголцоод ажиллая гэсэн утгатай юм ярьж байсан. Харин тэр уулзалтаар олон намын системийн тухай дурдаад хэзээ ч нэг намын системээр өндөр хөгжсөн улс дэлхийд байдаггүй тухай ярьсан. Хотын намын хорооны дарга Лантуу гуай өөрөө оролцоогүй ч нэгдүгээр орлогч Бямбаа гэдэг хүн  байсан санагдана. Бидний төр засгийнхантай уулзсан анхны уулзалт шүү дээ.

-Анхны хөрөнгө оруулалтыг та санадаг уу?
-Хүмүүсийн хандив. Таван  төгрөг, нэг төгрөг, гурван төгрөг гээд л хандив цугласаар л байсан. Олны олон цэн чинь 100 мянган төгрөг болсон. Дээрээс нь сонины орлого. Би чинь бас их зовлон үзсээн нээрээ. Гуравдугаар сарын 7-нд өлсгөлөн зарласан даа, 1990 онд. Өлсгөлөн тарсан чинь би баахан өрөнд уналаа. Чонын арьсан дээл л гэнэ. Ширээ сандал эвдэлсэн. Хотын эвлэлийн хорооны ширээ сандлыг авчирч эвдсэн хэрэгт ороод “За за би төлнө өө” гээд л суугаад байсан. Дарга нар маань тэрэнд орооцолдохгүй шүү дээ. Жагсаал цуглаан хийх, үгээ хэлэх гээд л талбай руу явна. Гэтэл ард нь энэ том моторыг зогсолтгүй ажиллуулна гэдэг бэрх ажил байлаа. Төрийн ордонд манайхныг явахад МАХН-ынхан холуур тойрно. Ямар сайндаа манай жагсаал цуглаан болоход махны оочер тарж байсан гэдэг. Үнэхээр массыг хамарч, бүхний түрүүнд явж байлаа.

-Та түрүүн хэлсэн. Нэг намын системээр яваад хөгжсөн улс гэж үгүй гэдгийг л анхны уулзалтаар МАХН-д тулгасан гэж. Гэхдээ тухайн үед яг үнэндээ Ардчилал гэдгийнхээ тухай төгс ойлголттой хүн байгаагүй ч ардчилсан нийгэм байгуулах хувьсгал хийсэн гэж  зарим хүн ярьдаг. Та аппаратанд нь ажиллаж байсан хүний хувьд энэ талаар мэдэж байгаа байх?
-1990 онд Гунгаадорж гуайг Ерөнхий сайд байхад биднийг өрөөндөө хүлээж авч уулзсан юм. Ардчиллын тухай ярья гэж Гунгаадорж гуай хэлж цуглуулсан ч ургац хураалтын ажил зогсчих гээд бидэнтэй бас ярилцаж зөвлөх гэсэн юм билээ. Гунгаадорж гуай энэ ардчиллынхаа талаар ярихаа түр завсарлаад эхлээд хэдүүлээ ургац хураалтаа хуучин аргаараа шийдчих үү гээд л уулзалт эхэлсэн. Тэгсэн манай халзан Ганболд тэргүүтэй хэд үгүй ээ, ардчилсан маягаар хураана бололтой юм ярилаа. Та нар нэг аймагтаа л тэр ардчилсан маягаараа хураахаа туршиж үз. Дараа нь туршлага болгож ярья. Цаг алдаж болохгүй, хүйтэрчихнэ гээд энэ удаад би хуучнаараа шийдье, Ерөнхий сайдын хувьд гэлээ. Тэгснээ “Ер нь ардчилал гэж юу юм бэ та нар надад нэг сайхан тайлбарлаад өгөөч. Би сайн мэдэхгүй шүү дээ” гэлээ. Да.Ганболд, Гончигдорж, Энхтүвшин гээд нэлээн хэдэн хүн уулзалтад байсан даа. Гунгаадорж гуай “Энэ ардчилал гэдгийг чинь зах зээл гэдэг юм заавал дагаж явдаг юм байна. Зах зээл гэдэг нь эрсдэлтэй шүү дээ” гэсэн утгатай юм ярилаа. Усаар бодоход эхлээд гүехэн газраар нь явж, хөл гараа дүрж байгаад сэлэх энэ тэр зүйл байх байлгүй гээд асуусан чинь манай нэг нөхөр “Үгүй ээ тийм юм байхгүй шууд л цүлхийтэл орох ёстой” гэж авдаг байгаа. Живнэ биз дээ, нөхөд минь гэсэн чинь Гончигоо мэдээж эхлээд шавшина аа гэж тайлбарлаад л. Энэ ардчиллын тухай ном энэ тэр байна уу нөхөд минь гээд асуусан чинь Да.Ганболд сейфэнд бий л гэлээ. Та нар харуулж болох уу гэсэн маягтай яриа л өрнөсөн юм. Үнэндээ ном энэ тэр байсан ч үгүй. Ардчиллын тухай иймэрхүү ойлголттой л  ярилцаж байсан нь үнэн. Гэхдээ гадны нөлөө их байсан. Оросын престройка маш их нөлөөлсөн. “Хөдөлмөрийн бүтээмжээ сайжруулья”. “Фондоо нэмэгдүүлье” гээд л үзэл  суртлын уриа лоозонгууд яг үнэндээ муу ч юм биш байлаа. Гэхдээ нэг намын дарангуйлал гэж нэг зүйл байсныг мартаж болохгүй.

“1990 оны сонгууль бол үнэхээр хүч тэнцвэргүй болсон”

-Анхны сонгуульд бэлтгэх их ажил эхэлсэн. Эхний сонгуульд МоАХ хэрхэн оролцсон талаар хоёулаа яриагаа үргэлжлүүлье?
-Польшийн сонгуулиас туршлага судлахаар анх удаа МоАХ-ноос томилолт аваад Зориг маань Энхбаатарыг дагуулаад явж байлаа. Цүнхэндээ  баахан далбаа, тэмдэг хийчихсэн. Ингэж хуралдаж, ингэж сонгуульд өгдөг юм  байна гэдгийг харах гэж явсан хэрэг. Бидэнд сонгуулийн талаар ямар ч мэдлэг, мэдээлэл байсангүй. 1990 оны сонгууль бол үнэхээр хүч тэнцвэргүй бас туршлагагүй болсон л доо. Би хүртэл Хайлаастын тойрогт нэр дэвшчихсэн. Юун тэрэнтэй орооцолдох, мөнгөний  асар их хэрэгцээ байдаг. Гэтэл гол өрсөлдөгч МАХН маань аймаар том бааз суурьтай.

-Гэтэл та хэд аппаратынхаа хэдийг хэрхэн цалинжуулах талаар сэтгэл зовниж байдаг. Санхүүгээ хэрхэн босгосон юм бэ?
-Тухайн үед Бямбасүрэн гуай сонгуулийн өмнөхөн дэлхий нийтийн хандлага хаашаа явж байна, бид зөв зам сонгож чадсан уу гэдгийг судлахаар  дэлхийг тойрсон юм. Явж ирээд нэг их уртаар амьсгаа аваад “За сайхан яваад ирлээ, бид ер нь зөв замдаа явна” гэж билээ. Ингээд сонгуулиа хийе, өрсөлдөөн гэж юу байдгийг харуулья гэлээ. Тэгэхээр нь би “Анхны сонгуулиа хийе, болж байна. Гэхдээ анхных учраас шударга тал руу нь ойртуулья” гэлээ. Тэгсэн Бямбасүрэн гуай “За чи юу хүсээ вэ” гэхээр нь би “Тэгш бус сонгууль болох нь гэж хэлээд байгаагийн гол утга нь бидэнд техник, машин, мөнгө гээд юу ч алга” гэлээ. Тэгсэн чи хэн билээ гэж байна. Би МоАХ-ны ерөнхий санхүүч Ганзориг гэж хүн байна аа гэтэл “За тэгвэл чамд 300 мянган төгрөг” гээд шууд амаараа хэлж байна. Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшил холбооны нөхдүүд ч бид гээд өндөлзлөө. Баабар энэ тэр байсан. Социал демократуудад танайд 200, Шинэ дэвшил холбоонд 100 мянган төгрөг гэтэл Ажилчин тариачны нам гээд хувь хүн зохион байгуулчихсан нэг жижиг нам бас манайд гэж байна аа. Та нарт байхгүй. Ингээд л тэр өдөрт нь санхүүгийн асуудлыг шийдээд маргааш нь манай холбооны дансанд мөнгө орлоо. Энэ бол бидний анхны сонгуулийн санхүүжилт.

-Анхны сонгууль үнэхээр хүнд байсан. Гэхдээ багагүй суудал авсан санагдана?
-Анхны сонгуульд оролцох МоАХ-ны мөрийн хөтөлбөрийг Зориг хийгээд Бат-Үүл, жижиг Болд, бид дөрөв  хамт ярилцаад баталж байлаа. Ингээд л сонгуульд орсон. Элбэгдорж маань нэгдлийн даргатай үзээд ялж дийлээгүй. Энхтүвшин, Сүх-Эрдэнэ, Амарсанаа унасан. За миний өрсөлдөх ч бүүр өнгөрсөн. Миний тойрогт МАХН-аас Мөнхөө гуай байсан. Буурал Очирбат гуай Мөнхөөгөө дагуулаад л яваад байгаа сураг гарна. Би ямар юмны сонгуульд өрсөлдөх, нөгөө нэр дэвшигчид чинь бүгд л над дээр шавчихна.
Ганцхан Улаанбаатарынхан биш аймаг болгон надтай холбогдоно. Би гурван зуун мянган төгрөгийнхөө 180 мянгыг орон нутагт тараалаа. Аймаг бүрт 10 мянган төгрөг хуваарилаад 40 гаруй мянгаар кароса автобус авч, туг энэ тэрээ хатгаад хотоор явууллаа. Засгийн баазаас ганц лада өгөх гэж бөөн юм болов. Зоригтой ярья гээд л хангамж хариуцсан дарга Шаравсамбуу гуай утасдана. Би  очоод авах гэтэл баазын дарга нь  “Та нар чинь хүний төлөө байгууллага шүү дээ. Энэ жолоочтой нь авна биз дээ “ гэж байна. Гэтэл надад өчнөөн жолооч байдаг. Машин л авах гэж ирсэн. Та бусад асуудлаа шийд гээд зүтгэчихсэн.

-МоАХ гэсэн байгууллагын талаар гадаад дотоодгүй мэддэг болсон. Лидерүүд нь гадагшаа томилолтоор явах хэрэгтэй болно?
-Японтой, АНУ-тай, Англи¬тай харилцах хэрэгтэй болсон. Бидэнд улаан мөнгө байхгүй. Гэтэл МАХН-ын төв хорооныхон гадаад арга хэмжээний зардалд жилд 75 мянган доллар зарцуул¬даг төсөв байдгийг би сонслоо. Үнэндээ МАХН-тай барьцаж, мөнгө хүсэх ганц хүн нь би шүү дээ, холбоогоо төлөөлөөд. Тэгээд Гадаад харилцааны яам, Монголбанк дээр очлоо. Өөдөөс гадаад арга хэмжээний төсвийг урьд жил нь хийж батлуулдаг юм гэж байна.Тэгэхээр хувьсгал гарна, МоАХ байгуулагдана гэж мэдрээд 1988 онд гадаад арга хэмжээний төсөв оруулах ёстой болох нь ээ.  Гэтэл хувьсгалын үйл ажиллагаа хэнээс ч хамаарахгүй шүү дээ. Бага зэргийн зардал л хэрэгтэй гэсээр байгаад 25 мянган долларын лимит авлаа.

-Их л мөнгө авч дээ. Тухайн үеийн ханшаар бол. Гадаад томилолтоор хэн хаашаа явж байв тэгээд?
-Гадаад арга хэмжээний зардлаар Энхтүвшин АНУ, Цогтсайхан Япон, Элбэгээ Англи явж байсан. Жилдээ л 25 мянган доллар маань дууссан юмдаг.

-Нэг хэсэг МоАХ-ны санхүүгийн эх үүсвэр нь “Ардчилал” сонин байсан гэж сонссон.
-Миний гол спонсор чинь “Ардчилал” сонин байлаа шүү дээ.  Тэгсэн Амарсанаа бид биеэ даамаар байна гэж нэг өдөр хэлсэн юм. Би ч өөдөөс нь харж инээчихээд буруу харж уйлах нь дөхөж байлаа. За тэг дээ л гэсэн. Миний орлогын 80 хувь нь энэ сониноос орж байсан юм шүү. Тэр үед сонин маань нэг төгрөг. 100 мянган хувь хэвлэчихсэн. Ачааны машинаар авч байлаа. Орон нутагт томилолтоор явж байгаа нөхөд маань хэдэн сонин аваад л гарна. Энүүгээр унаа хоолны зардлаа хийгээрэй гээд явуулчихна.

-Таны зорьсон ардчилал өнөөдөр бүрэлдэж чадсан гэж үздэг үү?
-Миний хүсэл бол хүн үзэл бодлоо их чөлөөтэй илэрхийлдэг, санасан бодсоноо хэлж чаддаг бас бусдын санааг сайхан сонсдог, тэр дундаас тунгааж чаддаг, сонгох сонгогдох эрхээ эдэлдэг тийм л нийгэм байсан. Ардчиллын гол зарчмууд болсон эрх чөлөө, тусгаар тогтнол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонин хэвлэлд ярьж чаддаг, олонхын шийдвэрийг дагаж чаддаг тийм л байх.  Хэн олонх байна, тэрний засаглал байх ёстой. Олонх гэхээр ард түмнээ л харах ёстой. Ард түмний чинь 80 хувь нь ядуу байгаа бол тэдний л засаглал байх ёстой. Яагаад гэвэл тэд өөрсдөдөө зориулсан засаглалын төлөө саналаа өгнө. Гэтэл үйл ажиллагааг нь харахаар арваад хүн л дэвжээд дээшлээд байдаг. Нөгөө 80 хувь хэвэндээ л амьдарсаар. Яагаад олонхын засаглал олонхдоо  үйлчилдэггүй юм бэ гэдэг дээр би бухимдаад шүүмжлэлтэй ханддаг.  Бүгд л бурхан болчихгүй бол баяжина гэж байхгүй. Дундчуулынхаа эгнээг л тэлэх ёстой. Хамгийн гол нь амьдралын энэ баталгааг төр засгаас бүрдүүлж өгөх ёстой. Ардчилал маань хүнийг ялгаруулж, ялгах ёстой. Гол нь ялгарал зөв явагдаж байна уу гэдэг л асуудал.  Ухаантай, сайхан сэтгэлтэй, зөв хүн нь сайхан амьдрах ёстой. Ард иргэдээ оюуны потенциалаа  дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хүн алдаж болно. Гэхдээ алдаа нь олон байж болохгүй. Ардчилал өнөөдөр Монголд тогтвортой, тэнцвэртэй болж. Хэн ч зэвсэг бариад  төр засгийг унагаж чадахгүй.  Улс орон хөгжиж байна гэдэгтэй би санаа бодол нэг байгаа. Ардчиллын гайхамшгийг ч бид амсана. Тиймээс үүнийг хайрлаж хамгаалж зөв бурууг нь хэлж байх хэрэгтэй. Ардчилал гэдэг бол  заавал социалист нийгмийг харанхуйгаар будах арга биш. Социалист нийгэмд сайн юм байсан уу гэвэл байсан. Сайныг нь авч хөглөөд саарыг нь хаяад урагшаа л явах хэрэгтэй. Оюун санааны юмнууд давтагдана. Хөдөлмөрч шинж чанар хайр халамж давтагдана. Ардчилал гэдэг эцсийн дүндээ боломж олгодог л нийгэм.

-Та нэг хэсэг МоАХ-ны дэд даргаар ажилласан байх аа?
-1996 онд МоАХ-ны  дэд даргаар ажилласан. Элбэгдорж, Баттулга хоёр парламентад ороод ажлаа өгсөн. Баттулга Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болоод МоАХ-ны ажил цалгардлаа гээд ордонд хуралдаж, Билэгт дарга болоод би дэдээр томилогдож, Элбэгдоржоос  тамга, ажлаа авсан. 1999 он хүртэл хийсэн. Засаг ялчихсан үе ч байсан. Тэгээд ганц нэг хүмүүстээ халамж үзүүлээд байр сууц авч өгсөн. Одоо энэ ахмадын чөлөөт холбооны Баасандаа хүртэл хоёр сая төгрөг өгч байлаа. Архив хариуцдаг байсан юм. Самааранзад машинаа өгсөн. Билэгт бид хоёрын ажлыг Билэгсайхан авсан. Хувьтөгөлдөр, Эрдэнээ хоёр өрсөлдөөд саналаа хуваагаад дундуур нь Билэгсайхан гэнэт гарч ирээд дарга болсон. Хоёр жил болсон байхаа.  Билэгсайхан, Түвдэндоржид тэгээд Энхтүвшин Эрдэнээ хийгээд л  явсан.

-Харин та юу хийв?
-Таван нам нэгдэхэд би ҮЗХ-нд орж байсан юм.  2000 онд нам ялагдсаныхаа дараа шүү дээ. Тойрог бүрт хоёр хүнээ хуваарилж байсан шүү дээ. Тэгэхэд бөөндөө ялагдсан даа. Ганцхан Наранцацралт гарсан үе. Гүндалай, Оюун хоёр гарч ирсэн. Тэгээд 73 суудал МАХН-ынх болсон. Элбэгээ АНУ-д явж байсан үе. Би ч хүүхдээ боловсролтой болгоё гээд 2001 оны аравдугаар сарын 20-доор явсан. Хүнд үе нь байсан л даа. Зургаан жил тэнд амьдарсан. 2008 онд Монголдоо ирээд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Элбэгдоржийн сонгуулийн багт ажилласан. Өөрийнх нь гарын багт. Бүх дотоод ажлыг нь зохицуулна гэсэн үг.

-Таны хувьд ардчилалд оруулсан өөрийнхөө хувь нэмэрт сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Ардчиллын төлөө хэн ямар үүрэг гүйцэтгэв гээд зэрэгцүүлээд ярих гэхээр жаахан хэцүүхэн л болж. Гэхдээ би хувьдаа хийх ёстой юмаа хийсэн хүн гэж өөртөө бардам явдаг. Өнөөдөр хүмүүс маань ардчиллынхаа хар талыг л илүү хараад дэвэргээд яриад явна. Нөгөө нуухаа аваад нүдээ сохлов гэгч болчих вий дээ гэж бодох үе гардаг л даа. Гэхдээ арай ч тийм болчихгүй байх аа.

-Удахгүй Ардчилсан хувьсгал 25 жилтэйгээ зол¬гоно. Нэг дүгнээд сайхан ярил¬цах цаг болсон байх аа?
-25 жил гэдэг хувь хүний хувьд их хугацаа. Нийгмийн дэвшил хөгжлийн хувьд их хугацаа биш. Хормын төдий юм. Хоёр нарны хооронд амьдардаг хүний хувьд их хугацаа шүү. Гэхдээ ер нь 25 жилийн хугацаанд бид юу хийчихэв ээ гэдгээ эргээд нэг харах цаг нь болсон. Би 30 жилээ тэмдэглэхдээ сэтгэл нэг амар болж, залуус маань нэг үеийг эхлүүлээд зөв гольдиролдоо ардчилал маань орчихно гэж боддог. Монгол хүний буян заяа түшээд төв гольдиролдоо орчих цаг удахгүй гэж боддог.

-Ерөнхийлөгчийн командад ажиллаж байна гэж ойлгож болох нь ээ?
-Тийм тийм. Монголын аюулгүй байдалтай холбоотой бүхий л судалгаа манай хүрээлэнд явагдаж байдаг. Судалгааны дүн эхлээд төрийн гурван өндөрлөгт очино гэсэн үг. Ах нь нэг сайхан дурсамжийн ном гаргана гэж бодож яваа. Ардчил¬сан холбоо түүхэнд гүйцэтгэсэн үүрэг ч гэдэг юм уу тийм агуулга дор ардчиллын тухай ойлголтыг энгийнээр тайлбарласан сайхан  ном гаргана гэж бодож л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан