Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Богд хаан-ыг хаан ширээнд залсан тухай архивын баримт

Эдүгээ уламжлан дотоод яамнаас бүгдээр зөвлөлдөн Богд хаан эзнийг хэвээр эрдэнийн сууринаа залж дотоод зэрэг таван яамны тамга ба хэрэг зүйлийг Ардын засгийн газар шилжүүлэн өгч, шийтгэн явуулах явдлыг айлтган зарлиг ёсоор болгосныг хичээнгүйлэн дагаж шийтгүүлэхээр зарлан илгээсэн хэрэг
Хан хэнтий уулын чуулганы дарга арван таван зэрэг нэмсэн, зургаан зэрэг тэмдэглэсэн чин вангийн зэрэг эрдэнэ далай засаг төрийн жүн вангийн бичиг
Гучин нэгэн зэрэг нэмсэн арван найман зэрэг тэмдэглэсэн Халхын Махасамади далай сэцэн ханы хошууг захирагч тамгийг хамаарсан туслагч Сүрэнжав туслагч түшмэдэд илгээв.

Явуулах учир: Эдүгээ Дотоод яамнаас бидний да жанжны тушаал хамт тушаан хүрч ирсэн бичигт тушаан явуулахын учир: байцааваас уржнан жил манай Монголчууд цагийн байдалд гачигдаж Хятадын харгис эзэрхэгт автономит засаг хилсээр булаагдан автагдсан ба ноднин жил Оросын харъяат цагаан намын цэргийн түшмэл Барон унгерний цэрэг авч хязгаарт ороод Монгол цэргийг элсэж хүчин хавсарч Хүрээнд суугаа гамингийн түшмэл цэргийг байлдан хөөн гаргасан хирд, Монголын автономит засгийг дахин байгуулваас зохимой хэмээн Хүрээнд бүхий ван, гүн, хутагт лам нарт хэлснээр бүгдээр зөвлөлдөж Богд хааныг Эрдэнийн сууринаа дахин залж Дотоодын зэрэг таван яамыг нээн байгуулаад элдэв хэргийг шийтгэн явуулсан ба энэ жил Барон унгерн харъяат цэргийг авч хойт зүг одсон нь цагийн байдал түгшүүртэй хязгаарт бүхий цэргийн хүчин нимгэн зэвсэг цөөхөн болох учир Хятад харгис дайсан халдахаар ирэхээс ихэд айн болгоомжилж бүхийд ноднин жил Богд хаан эзэн ба олон ван, гүнгийн төлөөнөө гадаадаас тусламж эрэхээр одсон төлөөлөгч нар их Орос улсын Зөвлөлт засгийн газраас тусламж олж Хиагтын газар Монгол ардын төр засгийн газар байгуулаад журмын цэрэг элсэж, Хиагтын газар суугаа харгис гамингийн түшмэл цэргийг хядан арилгаад засгийг явуулах үндсэнийг бататгах ард бүхнийг сайжруулан бүхүйлэн байдал төлвийг бүтээлхийлэн тогтоогоод Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он зургаадугаар сарын шинийн нэгний өдөр Нийслэл хүрээнд ирсэн манай таван яамны сайдуудын хамт нийлэн хянан хэлэлцээд шинэ байдал ба цаг тухайд нийлүүлэн сайжрах боловсрохыг хичээнгүйд эрхбиш ард эрхтэй засгийн газар байгуулваас зохих ба Богд хаан эзнийг хэвээр Эрдэнийн сууринаа залж одоо буй Дотоод, Гадаад, Цэрэг, Сан, Шүүх таван яамны тамга ба эл хэрэг зүйлийг Ардын засгийн газар шилжүүлэн өгч шийтгэн явуулах явдлыг айлтгаад зарлиг ёсоор болгосныг хичээнгүйлэн дагаж энэ зургаадугаар сарын шинийн таванд Дотоод яамнаа бүгдээр хуралдан Дотоод зэрэг таван яамны тамга ба данс харыг Ардын засгийн газрын дарга түшмэдэд шилжүүлэн өгсний тулд үүнийг Монгол ардын засгийн зэргийг түр захиран шийтгэх газар явуулаад олдвоос байцаан хураах ажаамуу. Үүнийг басхүү зохих олон газар мэдтүгэй хэмээн явуулсугай хэмээн тушаан хүрч иржихүй. Иймийн тул үүнийг олон хошуу шавь өртөө харуулын захирлуудад мэдтүгэй хэмээн хуваан явуулаад тушаасугай. Үүнийг басхүү жанжин эрх гүн таньд явуулаад байцаан үзүүлэв. Үүний тулд тушаан илгээв.
Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он зургаадугаар сарын арван нэгэн
Энэ бичгийг 6 сарын 15-наа Бошигийн Чүлтэм хүргэн ирэв.

ТБТ-ийн архивч С. Оюун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан