Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын сайд нар Засгаас гарна. Гэхдээ хэзээ...

Б.БИЛГҮҮН

“…Нэгэнт хамтрагч АН улстөрийн шийдвэрээ гаргасан тул МАН албан тушаалтай зууралдахгүй болохоо албан ёсоор мэдэгдэж байна” гэж МАН-ынхан өнгөрсөн сарын эхээр олон нийтэд хандсан мэдэгдэлдээ дурдаж байв. Сөрөг хүчний зангараг гаргаж, Засгийн газраас зургаан сайдаа жишим ч үгүй эргүүлэн татах нь бараг л цаг хугацааны асуудал мэт дээрх өгүүлбэр даанч өчигдрийг хүргээд “нүд анив”.

Учир нь тус намын УИХ-д суудалтай 26 гишүүн УИХ-ын дарга З.Энхболдын зарласан ээлжит бус чуулганы нээлтэд оролцсонгүй. Хоёрдугаар ээлжийнхэнд хоол хүртээхийг хүсээгүй МАН-ынхан энэ үйлдлээ УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн зэрэг шалтгаанаар хаацайлж байгаа. Ер нь, ямар ч шалтгаантай бай хэтэрхий хожимдсон гэдгээ мэдэж буй тэд эцсийн мөч хүртэл сандал, ширээтэйгээ зууралдсаар дуусах замыг сонголоо. Энэ талаар АН-ын бүлэг “УИХ-ын гишүүд чуулган болон байнгын хороодын хуралдаанд суух, хэлэлцэж байгаа асуудалд идэвхитэй оролцох ёстой. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ суусангүй. Энэ нь юуг харуулж байна вэ, гэхээр тэд зөвхөн сандал ширээгээ хамгаалахын төлөө шантааж хийж байгаа юм шиг харагдаж байна. МАН-ын гишүүдгүйгээр УИХ-ын чуулган үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэдэг нь харагдлаа” гэж байр сууриа нэгтгэсэн юм.

Үүнээс үзвэл, биднийг Засгийн газарт гуйж оруулсан гэж МАН-ынхан ярьдаг ч, өдгөө хөөгдөөд ч гарахгүй байгаа нь хамгийн хачирхалтай улс төрийн тоглолт болж байна. Гэсэн ч энэ удаагийн ээлжит бус чуулган дуусч, МАН-ын сайд нарын хувь заяа шийдэгдэхэд 14 хүрэхгүй хоногийн л хугацаа үлдэв. Харин энэ хооронд өөрийнх нь ахалж буй аппаратад асуудал үүсгэхийг хүсээгүй Ерөнхий сайд ч тус болохоосоо өнгөрч байгаа бололтой.

УЧИР НЬ ҮЗХ ХУРАЛДАХГҮЙ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга З.Энхболдод намынхаа ҮЗХ-г ээлжит бус чуулганы өмнө зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Намын даргын ажлыг би хийе гэсэн албадан маягийн энэ шаардлагад З.Энхболд хариу хүргүүлээгүй ч, ҮЗХ-г хуралдуулалгүй байсаар, ээлжит бус чуулганыг өчигдөр нээлээ.  Харин үүний дараагаар МАН-ын сайд нарыг Засгаас гаргах АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэртэй холбоотой УИХ-д суудалтай, нам бүлгийн эвслүүд өчигдөр бүлгийн хуралдаанаа хийж хэд, хэдэн асуудлыг тодорхой болгосны дотор Ерөнхий сайдын УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагатай холбоотой асуудал ч багтжээ.

Сийрүүлбэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод “Хамтарсан Засгийн газраас улс төрийн бусад намтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын тулд парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишиг болсон Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхын буюу эрх баригч намын лидер, тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой. Эдийн засаг, улс төрийн энэ торгон агшинд УИХ-д хамгийн олон суудалтай Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь Ардчилсан намын даргын албыг хамт хашин улс орны өмнө тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлж, улс төрийн бодлого, манлайллыг хослуулан гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд үүнийг зөвхөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайд, УИХ-д суудалтай Ардчилсан намын төдийгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжлийн язгуур үндэс шаардаж байна” гэсэн байдаг.

Харин өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, намын дарга З.Энхболдод хүргүүлсэн албан бичгийн дагуу ҮЗХ-ны хуралдааны талаар ярьсан байна. Ингээд бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Энэ асуудал Ардчилсан намын өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрмийн хүрээнд шийдэгдэнэ гэдгийг албан ёсоор хэлье. Улс төрийн намуудын тухай хууль хараахан гараагүй байгаа учир хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Манай намын дүрэмд зааснаар намын дарга ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргадаг. Мөн ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийн саналаар хуралдуулах боломж байдаг ч намын дарга л эцсийн шийдвэрийг гаргадаг дүрэм үйлчилж байгаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Намын дарга ҮЗХ-г хуралдуулаагүй учир тус намын ҮЗХ Ерөнхий сайдын хүссэнчлэн дахин хуралдахгүй нь тодорхой болж байх шиг байна.

ЕРӨНХИЙ САЙД ЗААВАЛ НАМЫН ДАРГА БАЙХ АЛБАГҮЙ

Тэгвэл Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын лидер, тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой гэсэнтэй холбогдуулан мөн л АН-ын бүлэг эсрэг байр суурь илэрхийллээ. Учир нь таван цаг орчим хуралдсан бүлгийн гишүүд энэ асуудлыг нухацтай хэлэлцсэний эцэст олонх болоогүй олон намаас бүрдсэн Засгийн газрын тэргүүн заавал намын дарга байх шаардлагагүй гэж үзсэн байна. Тиймээс заавал намын дарга Ерөнхий сайд байх албагүй гэж байр сууриа нэгтгэжээ. Мөн бүлгийн гишүүд МАН-ын сайд нарыг Засгийн газраас гаргах нь зөв гэдэгтэй санал нийллээ. Ингэснээр МАН-ын гишүүдийг Засгийн газарт торгоож үлдээх шалтаг, шаардлага бараг үлдсэнгүй гэж болох нь. Ээлжит бус чуулганы хугацаанд МАН-ын сайд нарын асуудлыг хэлэлцэж амжихгүй бол ээлжит бус чуулганыг сунгах боломж ч байгаа гэдгийг АН-ынхан бас хэлэхээ мартсангүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан