Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баасансүрэн: Бид хэрэглэгчдийнхээ итгэл даасан түнш хэдийнэ болж чадсан

“Эвридэй интернэшнл” ХХК Баянзүрх дүүрэгт худалдааны томоохон төв нээж буй билээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Эвридей бол Япон үйлчилгээний соёл, дэлхийн стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнээрээ монголчуудад танил болсон. Тэгэхээр та бүхний үйлчилгээний онцлогийн талаар эхлээд сонирхоё?
-Эвридэй хүнсний сүлжээ дэлгүүр  20 жилийн турш  бөөний болон жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирлээ. Бид хэрэглэгчиддээ аль болох чанартай, үнийн хувьд боломжийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорьдог. Энэ  зорилгынхоо үр дүнд Япон, Франц, Герман зэрэг оронд үйлдвэрлэсэн олон улсын зах зээлд брэнд болон хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний бараагаараа манайх олны танил болсон гэж боддог. Манайхаас хүнсээ авах гэж зорьж ирдэг хүний тоо  жилээс жилд нэмэгдэж буй нь бид хэрэглэгчдийнхээ итгэл даасан түнш  хэдийнэ болж чадсан гэдгийг бататгаж байгаа юм. Манай толгой компани “Бридж групп”-ийн хувь нийлүүлэгчид  бүгд Японд суралцаж, япон менежмент эзэмшсэн улс гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Хувь нийлүүлэгчид маань япон менежментийг Монголд анх нэвтрүүлсэн анхдагчууд гэж хэлж болно. Тэр ч утгаараа манай компани япон менежмент дээр тулгуурлаж ажилладаг. Японы үйлчилгээ нь худалдан авагчаа дээдэлсэн уламжлалт соёлыг агуулснаараа агуу гэж боддог.  Бид тэр үйлчилгээний соёлыг өөрийн хөрсөн дээр буулгахаар хичээж байна. Эвридэйгээр үйлчлүүлэх гээд  зориод ирж байгаа үйлчлүүлэгчээ найрсагаар угтан авч аль болох сайхан үйлчлэхийг хичээдэг. Нэг ийм үг байдаг. Үйлчлүүлэгчээ  инээмсэглэлээр угтаж инээмсэглэлээр үд. Тэгэж чадах юм бол та үйлчлүүлэгчтэйгээ үүрдийн найзууд болно гэж. (инээв)

-Удахгүй та бүхэн худалдаа үйлчилгээний томоохон төв ашиглалтанд оруулахаар ажиллаж байгааг харлаа. Сүүлийн жилүүдэд ялангуяа 2015 онд Монгол улс бүхэлдээ эдийн засгийн хямралын талаар ярьж байна. Энэ хямралтай үед үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь зөв менежментийн үр дүн байх. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Манай компани Засгийн газрын “Хүнсний хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах ” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн болон  БЗД-ийн хэрэглэгчдийн чанар, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн  бараа, бүтээгдэхүүн худалдах худалдааны төв, агуулах  ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Төслийн санхүүжилтийн зээлийг  Голомт банкаар дамжуулан авч байгаа.  Төслийн зээл учир хүү нь харьцангуй бага. Монголын хувийн хэвшил бусад орны хувийн хэвшил, аж ахуйн нэгжээс  ялгаатай нь зээлийн хүүгийн өндөр дарамтанд ажилладаг. Энэ нь манай компаниудын өрсөлдөх чадвар, барааны үнэд сөргөөр нөлөөлдөг. Эдийн засгийн хямрал гэхээсээ илүү эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн өсөлт саарсан гэж ойлгох нь зүйтэй болов уу. Учир нь 2014 оны Монголын эдийн засгийн өсөлт Азидаа эхний гуравт орсон байдаг. Өсөлт саарсан нь манай экспортод дээгүүр байр суурь эзэлдэг төмрийн хүдэр, нүүрсний үнэ сүүлийн гурван жилд 50-70 хувиар буурсантай холбоотой байх. Дээр нь 2010-2012 оны хооронд ашигт малтмалын түүхий эд үнэтэй үед хуримтлал бүрдүүлэлгүй сонгуулийн амлалтаас  бэлэн мөнгө тарааснаас гадаад валютын нөөц тодорхой хэмжээнд багасч төгрөгийн ханш суларсан. Энэ нь импортын хэрэглээ ихтэй манай орны иргэдийн худалдан авах чадварыг сулруулсан. Ийм үед бид зардлаа багасгаж, аль болох ажлын байраа хадгалах, мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорин ажиллаж байна. Энэ бол нэг талаасаа ажил олгогч бидний нийгмийн хариуцлага. Хувийн хэвшилд ажиллаж байгаа бид чинь энэ жижиг зах зээлд өөрсдийнхөө амьдралыг залгуулах, хүмүүст ажлын байр бий болгох, улмаар татвар төлөх гээд нэлээд ачаа үүрдэг. Зах зээлийн эдийн засагтай бүх оронд ийм байдаг байх.Тэгэхдээ Монголын хувийн хэвшилд зээлийн өндөр хүү томоохон дарамт  болсоор байна. Харин Шинэчлэлийн Засгийн газар аль болох бага хүүтэй зээлээр импортыг орлох, экспортын бараа үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийг дэмжиж байгаа нь нүдээ олсон бодлого болсон гэж манай бизнес эрхлэгчид үзэж байгаа.

-Хэчнээн ажлын байр шинээр буй болох вэ? Өөрийн гэсэн зоорьтой байна гэсэн байх аа. Энэ тухай жаахан дэлгэрүүлээч. Түрээслэгчид маань яг үнэндээ бараа материалаа хадгалахад нэлээн хүндрэлтэй байдаг л даа?
-“Эвридэй интернэшнл” ХХК-ийн худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарт нийт 200 гаруй ажилтан ажиллаж байна. Шинээр хэрэгжих төслийн хүрээнд 50 орчим ажлын байр, түрээслэгч нэмэгдэх болно. Худалдааны төвийн барилгын зоорийн давхарт 800 орчим ам.метр  хуурай хүнсний агуулах, зоорь байхаас гадна барилгын гадна талбайд стандартын шаардлага хангасан 864 ам.метр төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүн болон бусад хуурай хүнс хадгалах агуулах баригдана. Тиймээс түрээслэгчдийн хувьд стандартын шаардлага хангасан цэвэр, аюулгүй орчинд бараа материалаа хадгалах боломжоор хангагдах юм.

-Өнөөдөр та бүхэн хэчнээн компани хувь хүнтэй хамтран ажилладаг вэ. Нийлүүлэгч нартаа хамгийн түрүүнд ямар шаардлага тавьдаг вэ. “Хэрэглэгч хаан” гэдэг уриа орчин үед бодитоор биеллээ олоод байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд хэрэглэгчиддээ эрүүл хүнс нийлүүлэх нь чухал байх л даа?
-Манай компани жижиглэн худалдааны хувьд 650 орчим бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажилладаг. Харин өөрсдийн импортын барааг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт түгээж, 500 орчим байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж байна. Бид хамтрагчдаасаа чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхийг нэн түрүүнд шаардаж, хяналт тавьж ажилладаг. Эвридэй дэлгүүр “Өдөр бүр-Эрүүл хүнс” уриатай үйл ажиллагаагаа явуулдаг.

-Үйлчилгээний төв гэсэн утгаараа зөвхөн худалдаа байхаас гадна үсчин гоо сайхан гээд хүний наад захын хэрэгцээт хэрэглээг бас санал болгох байх л даа?
-Баянзүрх дүүрэгт амьдардаг хүн амын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээний төв байгуулах үүднээс хэрэглэгчийн зан төлөв, эрэлт хэрэгцээ болон орчны зах зээлийн судалгааг хийлгэхээр Монголын судалгааны тэргүүлэгч компани болсон MMCG ХХК- тай хамтран ажиллаж байна. Эдгээр судалгааны үр дүнг харгалзан үзэж, хамгийн оновчтой байж болох бүхий л үйлчилгээг нэвтрүүлэх зорилт тавиад байгаа. Шинээр нээгдэх худалдаа, үйлчилгээний төвд “Эвридэй MY NICHI BAKERY 2”- дахь салбараа нээх болсонтой холбоотой хэрэглэгчдэд япон технологиор үйлдвэрлэсэн өдөр тутмын амттай, шинэлэг талх нарийн боовыг газар дээрээс нь  шууд савлан авах үйлчилгээ бий болгоно.

-Тав тухтай үйлчлүүлэхэд нэг чухал зүйл бол автомашины аюулгүй зогсоол. Танайх энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Үйлчилгээний байгууллагын хамгийн чухал асуудал бол хэрэглэгч, харилцагчдын тав тухтай үйлчлүүлэх боломж олгох авто машины зогсоол, гадна талбайн тохижилт маш чухал. Ойролцоогоор 150 орчим автомашин зогсох бүрэн чадалтай стандартын зогсоол гаргаж тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хэрэглэгчид манай үйлчилгээний төвөөр зочлохдоо өөрсдийн автомашины аюулгүй байдалд санаа зоволтгүй тайван тав тухтай үйлчлүүлэх бүрэн боломжтой байх үүднээс гадна талбайд орчин үеийн гэрэлтүүлэг, орчны бүрэн камержилт гээд орчин үеийн тоноглолыг суурилуулах юм.
Ингээд ярилцлагынхаа төгсгөлд шинээр нээгдэх гэж байгаа манай үйлчилгээний төвөөр үйлчлүүлээрэй. Бид үйлчлүүлэгчдийнхээ ая тух, хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан үйлчилгээгээр та бүхнийг угтах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан