Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол луувангаар дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй гэв

Н.БАТ

Нэг кг лууван энэ жил 1500-1800 төгрөг байна. Уг нь өдийд лууван кг нь 600 төгрөг байдаг даа. Чухам яагаад зөвхөн лууван ийм өндөр үнэтэй байгаад байна вэ. Энэ жил эх орны хөрсөнд ургасан лууван лав идэхгүй нь бололтой хэмээн бодсоор Сэлэнгийн Шаамараас ирсэн ногоочин н.Оюун эгчээс энэ талаар лавлалаа.

“Зуны хэт халуун нарийн ногоонд эерэгээр нөлөөлсөн ч лууван төмс манжин гэх мэт талбай дээр ил тарьдаг ногоонд маань жаахан сөргөөр нөлөөлчихлөө. Лууван ялангуяа долоо хоногийн дотор л хорчийгоод байна. Усалгаагүй талбай учраас аль болох услахгүй л бол лууван хурааж авч чадахгүй болчихоод байгаа. Энэ жи­лийн хувьд луувангийнхаа дотоодын хэрэгцээг манай ногоочид хангаж чадахгүй байх аа” хэмээн хэлээд өнөөдөр ногоогоо хямдралтай зарж байгаа шүү төмс кг нь 1000, манжин 1500, лууван 1500, брокли 3500 гээд л но­гоо­ныхоо үнийг танилцуулж гарав. 

Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн хоршоологчид өчигдөр Барилгачдын талбай дээр өөрсдийн талбайд тарьсан хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг дэлгэв. Манай ногоочид энэ жилийн үзэсгэлэндээ төмс, лууван манжин байцаанаас гадна өргөст хэмх, улаан лооль, брокли, салатны навч, хулуу, тарвас болон олон янзын нарийн ногоо авчирч тавьсан байлаа.  Мөн өөрсдийн дарсан өргөст хэмх, нарийн ногоо, сармис, компот гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг нийслэлийнхэндээ санал болгожээ. Сэлэнгийн Шаамарынхны хувьд тун сайн ногоочноос гадна сайн зөгийчид олонтой. Бараг л лангуу бүр дээр нь зөгийн бал харагдана. Нэг кг нь 15000-20000. Мөн цэцгийн тоос гэгч бүтээгдэхүүн тавьжээ. Гаднаасаа жимсний цайтай төстэй цэцгийн тоос нь 240 гаруй төрлийн витамин агуулдаг учраас хүний биед олон талын тустай гэнэ. 100 гр нь 20000 төгрөг. Сониуч зангаар лавлавал зөгий цэцгэн дээр суугаад үүрэндээ ирэхдээ цэцгийн хамгийн шим тэжээлтэй тоосыг хөлөндөө атгаж авчирдаг гэнэ. Үүнийг түүж аваад эмийн журмаар ашиглаж болдог. Дангаар нь усанд хандалж эсвэл зөгийн балтай хамт ашиглаж болдог аж. Харин Төв аймгийн Борнуурынхан дарсан өргөст хэмх мөн артишок авчирчээ. Артишокийг хүлэмжинд тариад гурван жил болж байгаа бөгөөд арвин ургац авдаг. Артишокийн цэцгийн хатаамлыг 25 гр нь 5000 төгрөгөөр үнэлж зардаг аж. Хандалж элэг цөсний өвчин, хорт хавдрын эсрэг ууж бол­дог хэмээн тайлбарлаж өгөв.

Энэ жил ногоочид тарвасыг маш их хэмжээгээр тариалсан бололтой. Манай талбайн тарвас элдэв “но”-гүй шүү хэмээн сурталчилна. Кг нь 1000 төгрөгөөр үнэлжээ.  Үнэр нь сэнхийх Монгол тарвасыг хятад тарвасаас хэрхэн ялгах вэ хэмээн лавлавал хальс нь нимгэн, амт нь өөр дөө хэмээнэ. Гэвч энгийн худалдан авагч бидний хувьд амсч үзэхгүй л бол ялгахгүй нь тодорхой. Мөн кимчиний байцаа, цагаан лууван гээд Хятадаас өргөнөөр орж ирдэг ногоонуудыг манайхан тун дажгүй тарьж, ургац авч байгаа  аж.
Үзэсгэлэнг зохион бай­гуулж буй  АНУ-ын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Глобал коммунитис олон улсын байгууллага нь  Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн хоршоологчидтой хамтран ажилладаг юм байна.
Тус байгууллагын мэргэ­жилтэн Ц.Оюунчулуунтай уулз­сан юм.  Тэрээр “Бүлэг хоршоод маань хоршоожуулах аяны хүрээнд байгуулагдсан ч  чухам хэрхэн хамтран ажиллахаа төдийлэн ойлгохгүй зөвхөн нэр төдий л ажиллаж  байхад нь бид тэдэнтэй хамтран ажилласан. Одоогоор 53 бүлэг хоршоо 200 гаруй гишүүнтэй ажиллаж байна.

Манай зүгээс тэднийг чадавхжуулахын тулд сургалт семинар зохион байгуулж, туршлага солилцуулах, яам тамгын газраас гарч байгаа шинэ соргог мэдээллийг таницуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны есдүгээр сар хүртэл үргэлжлэх хөтөлбөр. Гэхдээ хэрвээ амжилттай хэрэгжиж чадвал цаашдаа  хөгжөөд явах байх.

Бидний хувьд бэлэн мөнгөний тусламж дэмжлэг өгдөггүй. Тоног төхөөрөмж авах, төсөл хөтөлбөр боловсруулахад нь зөвлөгөө өгөх, мөн зээлийн батлан даалтын сан, банк, банк бус санхүүгийн байгууллагатай холбож, мэдээллээр хангадаг. Сүүлийн үед бүлэг хоршоод маань маш сайн ажиллаж, өргөжин дэвшиж, дундын бизнестэй болж байна. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сүү цагаан идээ боловсруулах Тансаг гэх хоршоог анх хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс байгуулж байсан бол өнөөдөр сүү сүүн бүтээгдэхүүний “Сайхан” брэндийг гаргаж, хэрэглэгчдийн гарт хүргээд байна. Энэ хоршоонд 14 гишүүн өрх бий. Тэдний ард 100-гаад хүний амьдрал хөгжиж дэвжиж байна. Бүлэг хоршоод маань хөгжихийн хэрээр орон нутаг ч хөгжиж байна. Бид сар бүр бүлэг хоршоодынхоо 200 гаруй гишүүнтэй уулзчихдаг юм. Тэдэнтэй уулзах бүртээ амьдралд нь ямар өөрчлөлт гарч байна вэ гэдгийг ажиглаж байдаг. Мэдээлэл сайтай байх тусам харилцан бие биедээ тусалж, арвин ургац авч, малынхаа үүлдэр угсааг сайжруулахын төлөө ажилладаг болдог.Эхний жил очиход байшин барьж байсан бол дараа жил очиход малын байртай болчихсон үүлдэр угсаагаа сайжруулчихсан, дараа жил нь хүлэмжтэй болчихсон гээд бага ч гэсэн байнга ахиц гарч буй нь харагддаг. Бидэнтэй хамтарч байгаа бүлэг хоршооныхон маань ихэвчлэн ногоо тариалдаг, сүү цагаан идээ боловсруулдаг хүмүүс. Гишүүд маань хамтын бизнестэй болж байгаа учраас мэдээллийг маш сайн ашиглаж сурч байна” хэмээн ярив.

Сэлэнгэ аймгийн “Органик бал хоршоо” 100 бүл зөгийтэй аж. Нэг гишүүн нь 10-20 бүл зөгий малладаг. Хоёр га талбайд таван айл хоршоо болон хамтарч ногоогоо тариалдаг. Одоогоор үрээ аль болох өөрсдийн боломжоор авч, ногоогоо тарьдаг байна. Төмс лууван тарвас тариалж, хүнсний ногооны хувьд аль болох жишиг үнэ тогтоогоод л хот руу авчирч борлуулж байгаа аж. Тус хоршооны гишүүн З.Бүрэнжаргал “Эх зөгийгөө сайжруулж, Оросоос авчирдаг. Зөгийчдийн нийгэмлэгээр дамжиж таван эх зөгий авсан. Сайн эхтэй байж, бал гайгүй авдаг. Нэг бүл зөгийнөөс дунджаар 10 кг бал авдаг. Ургамлын гарцаас бас шалтгаалж балаа авдаг. Энэ жил жаахан гандуу учраас 10 гаруй кг бал авч байна. Түүнээс ургац сайтай жилд 25 кг хүртэл бал нэг бүл зөгийнөөс авдаг. Энэ жил ер нь ногооны болц оройтож байгаа. Лууван бол жигд соёолж чадахгүй л байна. Бидний хувьд одоогоор тэр бүр зээл аваад байх боломж алга. Ямар ч байсан гар  хөдлөөд байвал амьжиргаа залгуулах боломж бий” гэв.
 Ямартаа ч орон нутгийнхан зах зээлийн нийгэмд хэрхэн амьжиргаагаа залгуулж болох вэ, мэдээлэлд ойр байж, боломжийг хэрхэн ашиглах вэ гэдгийг мэддэг бас ашигладаг болж. Нийслэлийнхэн ч монгол ногоогоо худалдаж авч идэж сурсан байна гэдэг нь үзэсгэлэнгээс ажиглагдаж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан