Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Сэнгэдорж: Амьдрал үзээгүй хүн бүтээл найруулна гэж үгүй

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа.

-Таны нэг хэвлэлд өгсөн нэг ярилцлагаас “Өө­рий­гөө толинд хараад Ромёод тоглох хүн биш гэд­гээ ойлгоод найруулагч боло­хоор шийдсэн” гэж хэлснийг тань олж уншсан юм?
-/инээв/ Тоглоом шоглоом болгож ярьсан юмыг зарим сэтгүүлч аваачаад сониндоо биччих юм байна шүү дээ. Би уг нь марзагнаж байсан ухаантай юм.

-Гэхдээ Хүүхэд залуу­чуудын театрт гэрэлтүүлэгч хийж байхдаа тайзны урлаг, жүжигчний ажил мэргэжилд илүүтэй татагдах болсон гэж ойлгосон?
-Тийм тийм, угаасаа л аавынхаа дэргэд, Хүүхэд залуучуудын театрт өссөн болохоор урлагийн тогоонд дуртай дургүй чанагдахаас яах билээ.

-Театрт өсч торнисон гэхээр сайхан санагдаж байна?
-Тэгэлгүй яахав, би ч бараг цэцэрлэгт яваагүй дээ. Өглөөд нь аав цэцэрлэгт хүргэж өгөхөд нь үүдэн дээр нь тэрийгээд хэвтчихдэг байсан юм. Айлын эрх хүүхэд, аавыгаа дийлж байгаа нь тэр. Тэгээд л аав дагуулаад явна, би ч өдөржин театрын тайзны ард пижигнэж өнгөрөөнө. Цэцэрлэг, дунд сургууль гээд миний хүүхэд нас театрт, тайзан дээр, жүжигчдийн дунд өнгөрсөн дөө.

-Арван жилээ төгссөний тань дараа аав тань театрт гэрэлтүүлэгчээр оруулсан гэдэг байх аа?
-Яг төгсөөд ч орсон юм биш л дээ. 1992, 1993 он гэхээр зах зээлд шилжээд удаагүй ид хүнд үе байлаа. Тэгээд би гэдэг хүн чинь нэг үе наймаа хийж ч үзэв. Хүн болгон л наймаа хийсэн юм чинь. Чихэр, шоколаднаас эхлүүлээд эсэн бусын л наймаа хийж байлаа. Өмд гутал, хувцас хунар тэр бүү хэл өвгөнт хүртэл оруулж ирж байлаа шүү. /инээв/
Ингэж тэгэж наймаачин болчихоод байж байтал аав бодсон юм шиг байгаа юм. “Энэ нөхөр ингэж явсаар наймаачин ч биш хэн ч биш болчих вий” гээд Хүүхэд залуучуудын театрт гэрэлтүүлэгчээр оруулчихгүй юу. Амьхандаа хажуудаа байлгах гэсэн хэрэг. Ер нь бол аав намайг урлагийн хүн болгоно гэж айхтар шахдаггүй байсан л даа. Тэгээд л 1993-1995 оны хооронд гэрэлтүүлэгчээр ажиллаж байгаад хулгайгаар гэх юмуу СУИС-д шалгалт өгсөн юм. Аавд хэлэлгүйгээр, одоо талийгч болсон Сугар багшийн ангид орохоор шалгалт өгтөл хоёрдугаар шүүлтээс хасагдчихдаг байгаа. Угтаа Жанчивдоржийн хүү гэж хэлэлгүй шалгуулсан хэрэг. Гэхдээ аав мэдчихэлгүй яахав дээ. Гэртээ иртэл“Чи СУИС-д шалгалт өгөө юу гэж байна.” “Тийм, уначихсаан” л гэлээ.
Дараа нь аав бид хоёр Сугар багштай гэрт нь очиж уулзсан ч миний тухай ер ярихгүй, нөгөө хоёр маань хоёр биенээ харж хөөрцгөөж байгаад хоёр шил юм мулталчихаад явсан даа. Маргааш нь аав “Миний хүү ер нь найруулагч болвол яадаг юм” гэж байна.

-Тэгээд “Бэрс” кино урлагийн дээд сургуульд конкурс өгч?
-Тийм, “Бэрс”-ээс өмнө Монголд кино урлагийн сур­гууль гэж байсангүй шүү дээ. СУИС-д хуучин Кино драмын анги гэж байгаад жүжигчдийг л бэлтгэдэг байснаас найруулагч гаргадаг нь байхгүй байлаа. Тэр үед “Бэрс” кино урлагийн дээд сургууль гэж анх байгуулагдаад жил ч болоогүй байхад нь Дуваанжав гэж хүний шавь болж очсон юм. Тэр үед манай мундагчууд бүгд л байсан л даа. Балжинням гуай, Дамдин гуай, Сумхүү гуай гээд ер нь манай ихэнх томчууд байсан шүү. Цэрэн багш гээд манай киноны томчууд бүгд байсан юм. Тэр хүмүүсээс л найруулагчийн ажил мэргэжлийг сурч, ойлгож авсан даа. Ер нь “Бэрс” дээд сургууль нэлээн шүүлт өндөртэй хатуу сургууль байсан. Харамсалтай нь одоо байхгүй л дээ. Тиймдээ ч манай ангид 28 хүүхэд авч тав нь төгсч байсан болов уу. Гурван эмэгтэй, хоёр эрэгтэй төгссөний нэг нь би болж таарч театр, киноны найруулагч мэргэжлээр төгссөн дөө.Төгсөөд Хүүхэд залуучуудын театр­таа найруулагчаар орж хэд хэдэн жүжгийн ард гар­сны хойно нэг мэдэхэд л кино руу яваад орчихсон байсан.

-Та тайз, дэлгэцийн цөөнгүй уран бүтээлийн ард гарлаа. Найруулагчийн ажил мэргэжлийн онцлог, сайн мууг чамгүй таньж байгаа байх?
-Найруулагчийн ажил мэргэжлийг задалж ярьвал маш их юм ярина. Нэгдүгээрт, найруулагч болж өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл, өнгө төрхийг олж авна гэдэг асар их цаг хугацаа шаардсан зүйл. Ер нь, онц цаг, түүхийн бүхий л үйл явц, үетэй хутгалдаж чадвал тэр хүн найруулагч болж чадаж байгаа юм л даа. Гэхдээ юу ч гэмээр юм, жишээ нь би өөрийгөө 100 хувь найруулагч болчихсон гэж хэлж чадахгүй. Миний хувьд найруулагч болох гэж хичээж л явна. Найруулагч хүн асар их амьдрал үзсэн байх хэрэгтэй. Амьдралын бүх л жаргал зовлонгийн туйлыг амталж үзсэн байж гэмээнэ сая киногоо, зохиолоо бүрэн мэдэрч, ойлгож чадна. Жүжигчдээ ч өөр шигээ ойлгож танина. Амьдрал үзээгүй хүн бүтээл найруулна гэж үгүй. Үзэгчид хэлдэг дээ, “Нэг л амьдралгүй, хиймэл кино байна” гэхчлэн. Угтаа найруулагч тухайн үзэгчдээс ч илүүтэй эгэл амьдралын сайн муу, зовлон жаргалыг үзсэн, тэр мэдрэмжээ өөртөө тээж, боловсруулж, задлан шинжилж явдаг байх ёстой юм. Үзээгүй юмаа хийнэ гэдэг бүтэшгүй зүйл. Тэгэхээр асар их амьдрал туулах хэрэгтэй.
Багш маань анхны хичээл дээр хэлж байсан юм. “Та нараас үсрээд нэг, хоёр нь л найруулагч болвол их юм. Бусад нь соёлтой зрител болно” гэж байсан. Манай багш шударга ярина л даа. “Та нар жинхэнэ амьдралаар амьдарч үзэх хэрэгтэй. Архи уу, эрүүлжүүлэхэд нь ор. Сайхан хүүхэнтэй явалд, сайнд нь хаягд” гэдэг байлаа. Энэ мэт бүх л амьдралыг туулж байж сая найруулагч болдог юм билээ л дээ. Ингээд харж байхад 40-45 насны хооронд жинхэнэ найруулагчийн тавил сууж энэ найруулагч ямар хүн бэ, ямар амьдрал туулсан бэ гэдэг нь харагддаг. Өөрийн гэсэн өнгө аяс, онцлог, арга барил суудаг. Тэр болтол өөрийгөө хайж явдаг юмуу даа. Би ч гэсэн өөрийгөө олох гэж яваа л хүн.

-Миний ойлгож буйгаар жинхэнэ амьдралаар амьдарч үзсэний дараа сая найруулагч болдог байх нь?
-Тэгэлгүй яахав, тэрнээс кино найруулах гэдэг яахав аандаа болдог зүйл. Нэг киноны ард гарч л таарна. Зуураад авсан бол нухаж байтал ард нь гарч л таараа. Харин тоо гүйцээх гэж байгаа юм шиг кино хийгээд байвал тэр худлаа л даа. Кино найруулчихаар л кино найруулагч болчихлоо гэж ойлгоод байгаа юм. Киноноос кино руу дэвшихгүй л юм бол кино хийх шаардлага байхгүй.
Ер нь манайхны нэг алдаа байна. Кино урлагийн хувьд шүү дээ. Нэг кино хийгээд бүгд найруулагч, жүжигчин болчихдог. Нөгөө киног нь театр битүү үзэж гэнэ. Цөм хийсэн байна аа. Тэгэхээр яах вэ нөгөө хэд маань дараагийн кинондоо илүү хэмнэлт гаргах гээд байдаг. Үүн дээр ингэж хэмнэж болно. Энийг ингэж хийвэл илүү бага зардал гарна ч гэдэг юмуу. Нэг ёсны өөр систем рүү орж эхэлж байна. Аналоги байсан бол тоон систем рүү шилжиж байна. Ашгийн төлөө уран бүтээл туурвих сэдлээр хандаад бай­даг ард нь киноны чанар доош унаад нөгөө л мальенкий зри­тел рүү орчихож байгаа юм.

-Санал нэг байна. Яг үнэндээ уран бүтээл чанаргүйдэж байгаа нь үнэн. Нэг удаа бут авах гэсэн залуус нийлж хагас дутуу юм хийгээд байгаа санагддаг. Гэтэл хамгийн инээдтэй нь фэйсбүүкт “Монголын ки­но­чид, жүжигчид Оскар ат­га­на”, “Монголын кино­чид, жүжигчид Оскар өргө­нө” гэсэн хоёр ч групп бий. Та­ны­хаар, найруулагч хү­ний нүдээр харахад хэзээ эл мөрөөдөл биелэлээ олох бол?
-Энэ зөвхөн киночдын хийчих зүйл биш. Ер нь тэгээд ч Оскар бол Америкийн л кино наадам шүү дээ. Америкт л Оскар, Оскар гэж пиардаж гаргаж ирсэн зүйл. Харин ч бид Оскар гэхээс илүү Каннын кино наадам, алтан бөмбөрцөгт хүч үзнэ гэж ярих хэрэгтэй. Гэхдээ энэ бол улсаараа, нийгмээрээ хийж, дэмжиж байж биелэдэг зүйл. Яагаад гэвэл мянга сайн кино хийгээд театрт очоод цөм шатаж болно. Монголд энэ бол энүүхэнд. Шатах шалтгаан нь юу гэхээр нөгөө л зрител нь байхгүй. Монгол киногоо үздэг зрител байхгүй. Зүгээр коммершл, юутай хийтэй нь хамж үздэг зрител нь өөр. Тэр массын зрител рүү Ингэн нулимс, Тань руу нүүж явна, Мартагдсан дууль шиг гайхалтай сайхан уран бүтээлүүд хийж өглөө ч мөнөөх үзэгч зрител хүлээж авахгүй байгаа юм. Яг энэ үзэгч зрителээ алдсан өнгөрсөн 24, 25 жилд киноны бодлого гэх юм ч үгүй болж. Нөгөө 1990, 1991 оны хүүхдүүд одоо нөгөө массын ихэнх хэсгийг бүрдүүлж байна. Тэр хүүхдүүд нөгөө л америк, солонгос киногоор хүмүүжсэн болоод ч тэр үү монгол киногоо тэр бүр хүлээн авч чаддаггүй. Тэднийг аажим дасгаж байж жинхэнэ монгол киногоо үздэг болгох хэрэгтэй. Үүний дараа 100 хувь монгол киногоо үздэг болчихвол киночид маань мөнгөтэй болж чанартай уран бүтээл хийнэ. Ер нь монгол кино руу мөнгө төвлөрдөг болгохын тулд хаа хаанаа ажиллах ёстой юм. Төр засаг нь ч тэр яам, киночид гээд. Эдгээрээс хамгийн чухал нь дээр хэлсэн үзэгчид. Дэлхийтэй эн зэрэгцэхийн тулд монгол хүн монгол киногоо л хийх, үзэх хэрэгтэй. Түүнээс бүх сэдвээр бүх киног хийчихсэн. Хэчнээн Монгол гэж дуугарч байгаа ч тухайн киноны санаа дэлхийд дуугардаг байх хэрэгтэй.Түүнээс айхтар техникээр зодоод зодоод хүчрэхгүй. Монгол сэтгэлгээний онцлог нэвт шингэсэн уран бүтээл туурвиж байж өөрсдийнхөөрөө үнэлэгдэнэ.
 
-Мэдээж тулаант, адал явдалт ч юмуу инээдмийн киногоор дэлхийд гарна гэж үгүй байх. Тэгэхээр бид илүү сэтгэлгээний юмаар оролдох цаг болсон санагддаг?
-Оролдох ч биш л дээ, хийх л ёстой. Дээр нь энэ зэргийн кино хийхийн тулд тухайн хүн өөрийгөө зольж хийдэг. Жишээ нь, 2010 онд би “Адам” гэж киногоо өөрөөсөө мөнгө гаргаж хийсэн. Хэн ч артхаус кинонд май гээд 80 сая төгрөг өгөхгүй. Тэгэхээр өөрөө өөрийгөө зольж байж гадныхан ямар киног илүү таашаагаад байна, яаж хийвэл дээш гардаг юм гэдгийг мэдэхийн тулд би тэр киног хийсэн юм. Тэгэж зорьж хийх л ёстой.

-Та “Адам” дээр шатсан уу?
-Шаталгүй яах юм бэ. Хэн үздэг юм. 12 хоног гараад хөөгдөөд буусан шүү дээ. Гэтэл Япон, Солонгос гээд хоёр, гурван ч наадамд шагналт байр эзэлсэн. Тэр хүмүүсийн сэтгэлгээ өөр байгаа хэрэг. Тархи нь ажиллаж, ачаалал авч чадаж байна.

-Тэгэхээр манай үзэгч­дийн сэтгэлгээ хараа­хан төлөвшөөгүй байх шиг?
-Харин тийм, би дээр хэлсэн дээ. 24, 25 жил алд­чих­­сан юм чинь арга байж уу. Аягүй гоё үнсэлцдэг со­лон­гос киног нь яахан гүйцэх билээ. Тийм хүмүүст чинь илүү сэтгэлгээ, тархины ажил­лагаа шаардсан юм үзүү­лэ­хээр уурлана биз дээ. Үнэн­дээ толгойг нь жаахан ажил­луулчихсан чинь уурлаад байгаа юм. Гэхдээ ойлгодог нь бий. Манай залуучууд дунд шинэ тутам кино, төрөл жанруудыг үзэж таашааж, үнэлж түүнийгээ хамт задлан шинжилдэг клубууд байна.

-Үүнтэй холбоотойгоор дурдахад Оросын төрөөс жилд найман киног бүрэн санхүүжүүлдэг юм билээ. Гэвч төрөөс санхүүжилт авсан гээд учиргүй эх орны дайн, Оросын ялалт, алдар сууг магтаад байдаггүй. Гэвч цаанаа таны хэлсэн шиг орос агуулга байж л байдаг?
-Яахав, манайд үүнтэй адил нэг жижигхэн хөтөлбөр бий. Саяхан Соёлын яамтай байж байгаад татан буугд­чих­лаа. Одоо энэ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам­наас нэг хөөрхөн хөтөлбөр хэрэг­жүүлээд байгаа юм. Киночдод бас нэг жаахан юм дусаахгүй бол болдоггүй юм шиг. /инээв/ Жилдээ 100 гаруй сая төгрөг Монголын кино урлагт төсөвлөдөг юм шиг байна лээ. Түүндээ тендер зарлаж 10, 20, 40, 50-иар нь хуваагаад авдаг ч тэрүүгээр нь ямар кино хийх юм бэ. Тэгээд эргээд яамандаа кино болж очдог нь байдаг ч юмуу бүү мэд. Би л лав олж үзээгүй. Ноднин, Соёлын яамтай байхад би нэг тендер авсан юм. Уг нь түүхэн кино хийх бодолтой зохиол өгч тендерийг нь авч сайхан батлуулсан ч төсөв хөрөнгө нь байдаггүй. Яамнаас ч их зориг гаргаж байж 400 гаруй сая төгрөг төсөвлөсөн юм билээ. Энэ бол сүүлийн хэдэн ч жил юм кинонд гаргаагүй их мөнгө. Харамсалтай нь одоо ч байхгүй хэвээрээ. Соёлын яам нь ч байхгүй болж.
-Нууц биш бол ямар сэдвээр хэдий үеийг харуулсан бүтээл юм бол?
-Яг одоо идеэ санааг нь хэлж чадахгүй нь. Ер нь бол 13-19 зууны үеийн Монголын түүхтэй холбогдох бүтээл.

-Зохиол нь?
-Өө тэгээд бас л өөрөө завааруулахгүй юу. /инээв/

-Миний мэдэхээр та хоёр, гурван ч кино зохиол гаргасан байх. Найруу­лагчаас гадна зохиол бичих авьяас байгаад байна уу?
-Энэ ч дээ аргаа л барсан хүний ажил л даа. Анх 1998 онд өөрөө зохиолыг нь бичиж нэг юм хийж байлаа. Мөн 1999 онд “Диваажингаас амьд­ралд хүрэх зам”-ыг бас өөрөө л заваартуулсан. “Мөрөөд­лийн хөлөг онгоц”-ыг ч өөрөө л оролцож бичсэн. Тийм болохоор бас нэг жаа­хан бичих юм байдаг юм шиг байгаа юм. Заримдаа хү­нээр зохиол бичүүлдэг л дээ. Гэхдээ санаанд нэг л хүрдэггүй юм. Магадгүй ми­ний үзэл баримтлал нөгөө хүнийх­тэй нийцдэггүй юм шиг. Тэгээд л шаварт унасан шарын эзэн гэдэг шиг өөрөө л заваартуулдаг даа.

-Таныг угаасаа зохиол их голдог гэж ярих юм билээ?
-Угаасаа манайх зохиолын гачигдалтай шүү дээ. Муухайгаар хэлэхэд Утга зохиолын анги байлаа ч бөөн сэтгүүлч, яруу найрагчид л төрөөд байдаг. Олигтой зохиолч нэг ч байдаггүй. Угтаа кино зохиол драматургийн хичээл ордог л байх. Залуус тэр чиглэл рүү сонирхдоггүй юу мэдэхгүй зохиол бүтээл оролдох хүн цөөн л байх юм.

-Тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Босуул” уран сайхны кинонд та зо­хиол­чоос гадна найруу­лагчаар ажиллаа. Таны хувьд анхны түүхэн кино болж байгаа байх. Саяхан уран бүтээлчид нь өөрсдийн саналаар уран сайхны үзлэгт оруулсан нь ч үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байх шиг?
-Ер нь бол экшн гэдэгдээ манайхан. Тулаант, адал явдалт жанрыг би түр хойш тавих гэж байна. Миний өөрийн уран бүтээлийн бодлого гэж байна шүү дээ. Тодорхой цаг хугацаанд төлөвлөсөн уран бүтээлчийн дэс дараалал гэсэн үг. Би “Бодлын хулгайч”, “Үргээлэг” зэрэг тулаант , адал явдалт хэд хэдэн кино хийлээ. Одоо гарах гэж буй “Босуул” киногоороо би энэ жанрт одоохондоо цэг тавих гэж байна. Гэхдээ “Босуул” зүгээр нэг түүхэн кино биш. Бидний мэдэх нөгөө л тулаант, хурц өрнөл бүхий хэсгүүдийг та нарын ярьдаг орчин үеийн элемент ашиглаж хүргэнэ.
Ер нь бол ойрын үед гараагүй томоохон түүхэн киноны элемент. Манайхан түүхэн кино гэхээр ерөнхий байдлаар сэтгээд байдаг. “Босуул” огт өөр. Илүү деталь­ний өрнөл, үйл явдалтай. Кино хийх гэж идэр есийн хүйтэнд, нэгдүгээр сард 150, 160 хүний бүрэлдэхүүнтэй баг натурт байрлалаа. Ийм натур ойрын хэдэн жил гараагүй. Маш том групп ажилласных маш том тэсрэлт хийхийг бодож байна.

-Уран сайхны үзлэг ямар болсон бол?
-Тэр уран сайхны үзлэг мөн кино бүтээсэн үйл явцын тухай нэвт­рүүлэг гарах юм билээ. Тиймээс энд яриад эртдэх байх.

-Уран сайхны үзлэг гэгч зүйл таны хэлсэн 24, 25 жилд мөн л мартагдах дөхсөн. Мэдээж  үзлэгээр зохиол, найруулгын тухай илүүтэй онцолдог байх?
-Ер нь бол бүгдийг нь ярьдаг юм. Хуучин цагт бол энэ киног гаргах уу үгүй юу гэдгийг ярьдаг байсан. Манай кино үзлэгт орсны дараа “Яаж энэ киног хийчихэв ээ” гэсэн асуулт л надад их ирсэн дээ. Яагаад гэвэл түүхэн кинонд мөнгө гаргах хүн хэр барагтай олдохгүй. Түүнчлэн асар их хөрөнгө шаарддаг. Тиймдээ ч уран сайхны үзлэгт суусан хүмүүс гайхаж лавласан байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан