Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халх голд гадаадын компани газар эзэмшдэггүй

УИХ-аас “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг батлаад буй. Гэвч үүнээс үүдэн Халх голын 500 мянган га газрыг гадныханд зарсан, түрээслэсэн, чөлөөт бүс байгуулан мөнгө идэж байна гэх зэргээр элдэв мэдээлэл хэвлэл мэдээллээр болон сошиал ертөнцөөр тархаж, иргэдийг төөрөгдүүлээд байгаа юм.

Зарим нам энэ талаар газар булаалт эхэллээ, цөлжилт  болох нь, гадныхан олноороо орж ирэх нь гэх зэрэг мэдээлэл хийсэн. Харин энэ мэдээллийг Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас албан ёсоор үгүйсгэж байгаа. “Энэхүү чөлөөт бүст Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж хөдөө аж ахуй болон газар тариалангийн үйл ажиллагаа явуулна. Тэр тусмаа газар тариалан эрхлэхдээ нарийн технологи баримталж, технологийн стандарт нормын дагуу  ажиллаж чадах аж ахуйн нэгж л үйл ажиллагаа эрхлэнэ” гэж буй.
Тэгэхээр одоогоор Дорнод аймгийн Халх гол сумын хэдэн га газрыг хэрхэн ашиглаж буй талаар тодрууллаа.
Дорнод аймгийн  геодези, зураг зүйн газрын мэргэжилтэн Мөнхнарантай холбогдов.

-Өнөөдрийн байдлаар Халх гол суманд хэдэн га газрыг хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглаж байгаа юм бэ?
-Газар тариалангийн зориулалтаар 42 мянга гаруй га, бэлчээрийн зориулалтаар мөн 30 гаруй мянган га-г манай аж ахуйн нэгжүүд эзэмшиж ашиглаж байна. Энэ бол чөлөөт бүс байгуулах 500 мянган га-даа багтаж байгаа юм. Мөн аймгийн ИТХ-аар нэмж 30 мянган га-г газар тариалангийн чиглэлээр ашиглах шийдвэр гараад буй. Сум өөрөө саналаа өгч, аймгийн ИТХ хуралдаж батлаад яам руу саналаа явуулсан. Одоогоор яг ашиглаж байгаа нь 70-аад мянган га л бий гэсэн үг.

-Ашигт малтмалын нөөц ихтэй, онцлог байршилтай бүс нутаг гэж буй?
-Өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр “Буйр 22” гэдэг талбайд Монгол Хятадын хэд хэдэн компанид 730 мянган га газарт хайгуулын лиценз олгосон байсан юм билээ. Энэ газар нь Халх гол ХАА-н чөлөөт бүсийн газартай давхцаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын зориулалтаар газар ашигладаггүй.

-Хятад, Солонгосын компанид газраа худалдсан, түрээслэсэн гээд л янз бүрээр яригдаж байна. Энэ тухайд?
-ХАА-н Халх гол чөлөөт бүсийн 500 мянган га газраас Хятад, Солонгосын ямар ч компани газар эзэмшдэггүй. Хуулиар гадаадын иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, түрээслэх нь хориотой шүү дээ хэмээн хариулсан юм.
“Халх гол” сумын газрын даамал Нэмэхбаяраас энэ тухай тодруулахад “Гадаадын ч юм уу Солонгос, Хятадын ямар ч компанид сумын зүгээс ХАА-н Халх Гол чөлөөт бүсийн 500 мянган га газраас га битгий хэл нэг см газар ч өгсөн асуудал байхгүй” гэж хэлэв.
Ингээд Халх гол суманд чөлөөт бүс байгуулах талаар Монголын тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд ямар байр суурь илэрхийлж байгааг хүргэе.


Ж.МИЖИДДОРЖ: ХАЛХ ГОЛЫН ЧӨЛӨӨТ БҮС МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙД ИННОВАЦИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ ЭХЛЭЛ БОЛНО

Уур амьсгалын өөрчлөлт-тогтвортой агроэкосистем судалгааны төвийн тэргүүн, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, ХАА-н шинжлэх ухааны академийн академич,ОХУ-ын ХАА-н академийн хүндэт доктор, профессор Ж.Мижиддоржтой ярилцлаа.


-Чөлөөт бүс нь инноваци мөн үү? Ер нь чөлөөт бүсийн талаар тодорхой ойлголт өгөөч?
-Эдийн засгийн онцгой бүс буюу бидний яриад байгаа хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь яах аргагүй инновацийн хөгжлийн нэг чиглэл. Дэлхийн жишгээр авч үзвэл худалдааны чөлөөт цогц бүсийг эдийн засгийн чөлөөт бүс болон эдийн засгийн онцгой бүс гэсэн хэлбэрээр бий болгодог. Тиймээс Халх голын бүс нутгийг “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс” хэлбэрээр хөгжүүлэх нь ирээдүйгээ харсан шийдвэр юм. Дэлхийн жишгээр эдийн засгийн чөлөөт бүс гэдэг нь бусад нутаг дэвсгэртэй харьцуулбал бүс нутагтаа хууль эрхийн онцгой статустай, үндэсний болон гадаадын үйлдвэрлэгчдэд эдийн засгийн хөнгөлөлтийн нөхцөлтэй, хязгаарлагдмал газар нутаг. Улс орны болон бүс нутгийн хөгжлийн стратегийн чухал зорилтуудыг богино хугацаанд үр ашигтай шийдвэрлэхийн тулд ийм бүс байгуулж болно. Үүний нэг нь Халх голын бүс нутаг юм. Юуны өмнө чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээг зөв зохистой тогтоож, эрэмбэлэн хуваах, төрөөс татвар гаалийн хөнгөлөлт олгох, газрын түрээсийн төлбөрийг багасгах, төсвийн хөрөнгөөр инновацийн болон бусад зохих дэд бүтцийг байгуулах, хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. Халх голын чөлөөт бүсэд газар тариалангийн хувьд бүс нутгийн хөрс, уур амьсгалын даац багтаамжинд тохирсон тохиромжтой хэмжээний талбайд экологид ээлтэй технологиор тариалан эрхэлж орон нутгийн хэрэгцээг хангахын зэрэгцээ үр тарианы хувьд улсын нөөц бүрдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох чиг баримжаатай хөгжүүлэх бодлогыг баримтлах илүү оновчтой байх болов уу.

-Тэгэхээр та манай улсад инновацийн тогтолцоог ХАА-н салбараас эхлүүлэх нь илүү ач холбогдолтой гэж хэлэх гээд байна уу?
-Яг тийм. Хүн төрөлхтөнд хүнс тэжээл, өмсөх хувцас, амьдрах орон байр гэсэн үндсэн гурван хэрэглээ байдаг. Тиймээс яагаад ХАА-гаас эхэлж болохгүй гэж. Энэ бол бидний хувьд амьдралын шаардлагаар урган гарч байгаа зүйл, бас алтан боломж. Бидний судалж санал болгож байгаагаар Дархан-Сэлэнгийн сав нутгийн тодорхой хэсгийг Агро-Биотехнологийн чиглэлтэй ШУТ-ийн парк, Халх гол орчмын нутгийг онцгой буюу чөлөөт бүс хэлбэрээр хөг­жүүлэх нь орчин цагийн жи­шигт нийцнэ. Манай улс хэ­дийгээр хязгаарлагдмал боловсон хүчинтэй дэд бүт­цийн хөгжил султай ч 2-5 жи­лийн боломжийг харах бус 30-50 жилийн алсын хараа­­тай төлөвлөх ажиллах шаард­лагатай. Учир нь инновацийн хүчирхэг эдийн засагт шилжсэн дээр дурьдсан орнууд 15-25 жилийн хугацаанд хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан.

-ХХАА-н чөлөөт бүсийн асуудлыг Монголын Дорнодын тал буюу Халх голоос эхлүүлэх шалтгаан гэвэл та юу хэлэх вэ?
-Энэ асуудлыг нийгэм эдийн засгийн болон хөрс уур амьсгалын зэрэг хүчин зүйлтэй холбож олон талаас нь авч үзэх учиртай. Үүнд энэ нутгийг чөлөөт бүс болгон хөгжүүлэх суурь үндэс 1960- аад оноос эхлэн тавигдсан юм. Энэ үед 40,000 орчим га атар эзэмшиж газар тариалан, махны чиглэлийн 50,000 үхэр бүхий мал аж ахуй хосолсон хөдөө аж ахуйн томоохон цогцолбор байгуулах зорилт тавьж энэ асуудлыг судлан шинжлэх ухаанжуулах зорилгоор Халх голын эрдэм шинжилгээний туршлага станцыг 1960 онд байгуулж байсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх Халх голын САА-н төвийг тэр үеийн ЗХУ-ын буцалтгүй тусламжаар байгуулж түүний бүтцэд 5000 үхэр бордох цогцолбор байгууламж орж байв. Үхрийн дулаан хэвтэр бэлтгэх зорилгоор 20,000 барга үүлдрийн хонь үржүүлж эхэлсэн. Анхны зорилт 1974 он гэхэд үндсэндээ хэрэгжиж энэ бүс нутаг “Газар тариалан, мал аж ахуй, жимс жимсгэнэ хосолсон цогцолбор” болж хөгжих суурь үндэс тавигдсан гэж болно. Хоёрт энэ бүс нутаг үржил шим сайтай хөрс, бэлчээртэй, ХАА-д тохиромжтой уур амьсгалтай, инновацлах чадвар султай ч ажиллаж амьдрах хүсэл тэмүүлэл, дадлага туршлагатай хүмүүсийн нөөц хэвээр байгаа учраас, хөдөө аж ахуй үр ашигтай, тогтвортой хөгжих нөхцөлийг нь чөлөөт бүс хэлбэрээр бүрдүүлээд өгөх шаардлагатай байгаа юм. Мөн бүс нутгийн ХАА-н бодлогыг боловсруулах Эрдэм шинжилгээний байгууллага нь ажиллаж байна. Харин дөрөвдүгээрт гадаад зах зээлд ойрхон тул импорт болон экспортыг богино хугацаанд бага зардлаар хийх боломжтой зэрэг олон зүйлийг дурьдаж болох юм.

-Халх голын орчим ХАА-н чөлөөт бүс байгуула­хын ач холбогдол юу бэ?
-Олон талын ач холбогдолтой. Нийгэм эдийн засгийн хувьд гэвэл бүс, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах эрчимжүүлэх, шинжлэх ухааны багтаамж ихтэй ХАА-н бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн ур чадвар, мэдлэгийн сан бүрдүүлж улмаар инновацийн нөөц бий болгох, өндөр технологи инновацийн үйл ажиллагааг дагнан явуулах компани үйлдвэрлэгчид бий болох. Түүнийгээ бүтээгдэхүүн болгох, экспортлох, өөрөөр хэлбэл олон улсын түвшинд мэдлэг шингэсэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр танигдах юм. Харин төрийн бодлогын хувьд гадаадын хөрөнгө оруулалт, өндөр технологи, үйлчилгээ нэвтрүүлэх, өндөр мэргэшсэн хүмүүст шинэ ажлын байр бий болгох зэрэг болно.


С.ДУГАРЖАВ: ХАЛХ ГОЛЫН БҮС НУТГИЙГ АШИГЛАХ ХОЁР ДАХЬ БОДЛОГО ГАРЧ ИРЛЭЭ

Халх голын бүс нутаг дахь үржил шимт хөрс шороо, газрын гарц, байгалийн баялагт тулгуурлан мал аж ахуй, газар тариалан хосолсон эрчимжсэн фермерийн үйл ажиллагааг дахин сэргээх, шинээр эхлүүлэхээр яригдаж байна.
Энэ тухай нэгэн цагт Халх голын бүс нутагт судалгаа шинжилгээний ажил хийж явсан эрдэмтэн буурал, Мал зүйч, доктор Самбуугийн Дугаржавтай ярилцлаа.


-Та 1960 онд Дорнодын Халх голын эрдэм шинжилгээний туршлага станцын судалгааны багт ажиллаж байсан. Тус станцыг ямар зорилготой байгуулсан, ямар судалгааны ажил хийж байсан талаар яриагаа эхлүүлье?
-1954 онд Халх голын ялалтын 15 жилийн ойг тэмдэглэх үеэр тус бүс нутгийг ашиглах асуудлыг анх хөндсөн гэдэг. Тэгээд Халх гол, Тамсагт хөдөө аж ахуйн чиглэлийн фермер байгуулсан. Гэтэл 1960 онд Намын төв хорооны хурлаар зам харилцаа муу, төвөөс алслагдсан зэрэг шалтгаанаар татан буулгаж, нүүлгэх шийдвэр гарсан. Ингэхдээ Халх голд эрдэм шинжилгээний туршлага станц байгуулах тогтоолыг зэрэг гаргасан байгаа юм.
Энэ станцыг байгуулсан гол зорилго нь Халх голын бүс нутгийг яаж ашиглаж болох тухай судалж тогтоох байж. Тухайн үед А.Хүчитээр ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй баг анх судалгааг эхлүүлж байлаа. Хэдийгээр тус станцын судлаачид хүнд нөхцөлд ажиллаж байсан ч Халх голын бүс нутгийг мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ашиглах боломжтой гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирсэн. Мөн зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтраад Халх голын бүсэд 270 га атар газар 370 мянган хадлангийн талбайг илрүүлсэн.1500 гаруй төрлийн үр суулгаж ямар ургамал таривал ургах ямрыг нь таривал ургахгүй гэдгийг судалж тогтоосон. Мөн махны чиглэлийн мухар үүлдрийн үхэр бий болгож патент, гэрчилгээг нь авсан.

УИХ-ын чуулганаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэлэлцэхдээ Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг дэмжсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Ардчиллын үед Халх голын бүс нутгийг ашиглах хоёр дахь бодлогыг гаргаж ирлээ гэж харж байна. Социализмын үед бүхнийг улсаас зохиодог байсан. Одоо хувийн хэвшилд тулгуурласан аж ахуйг байгуулах байх гэж бодож байна. Гэхдээ тэднийг төр бодлогоор зангидах байх. Судалгаагаар газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр ашиглах бүрэн боломжтой гээд тогтоочихсон.
Үүнийг ашиглах хэрэгтэй. Мөн аялал жуулчлалын бүс болгох, Буйр нуурыг түшиглэж загасны ферм байгуулах, үр үржүүлж болно. Эрдэнэ шиш Халх голоос өөр хаана ч үр өгөхгүй байна шүү дээ. Учир нь Халх голын бүс нутаг Хянганы нурууг давж орж ирдэг Номхон далайн зөөлөн уур амьсгал нэвтэрдэг чухал бүс.Жилийн дунд градус нь 0 гэхээр ямар дулаахан гэдэг нь мэдэгдэх байх. Үүнийгээ дагаад ургамлын ургах хугацаа нь урт болдог.

-Халх голд чөлөөт бүс байгуулж эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд тулгамдах асуудал гарах болов уу. Та юу гэж бодож байна?
-Бид маш хүнд нөхцөлд ажилладаг байсан. Харин одоо дутагдах зүйлгүй болжээ. Тиймээс энэ бүс нутгийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ заавал бүрэн эрчимжсэн байх шаардлагагүй. Хагас эрчимжсэн буюу отроор эрчимжүүлж болно. Газар тариалан мал аж ахуй хоёр бие биеэсээ хамааралтай. Тиймээс хамтад нь хөгжүүлэх нь чухал. Халх голын бүсэд олон үхэртэй малчид цөөнгүй бий.
Тэд ферм байгуулах сонирхолтой. Үхрийг нь махны сайн чанарын бух юм уу зохиомлоор гаргаж авсан, гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлчихвэл илүү ашигтай. Өндөр ашиг шимтэй махны монгол үхрийг нэг удаа хээлтүүлэхэд үр төл нь эцэг, эх малынхаа ашиг шимтэйг нь заавал авч байдаг биологийн хуультай.Түүнийгээ дахин дахин үржүүлэх хэрэгтэй.

-Та газар тариалан мал аж ахуйг хамтад нь авч явах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр усны нөөцийн, газрын хөрсний асуудал хөндөгдөнө. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Малын тэжээл бэлтгэхэд их хэмжээний ус шаардлагагүй. 300 гаруй мянган га хадлангийн талбай бий. Энэ талбайд хур тунадас л хэрэгтэй. Мөн бэлчээрийг нь сайжруулах нь чухал. Бэлчээрийн бүтцийг сайжруулна гэхээр хагална гэж ойлгоод байх шиг байна. Тэнд 550 төрлийн малын тэжээлийн ургамал ургадгийг Оросын эрдэмтэд судалж тогтоосон.
Царгас ч юм уу Халх голд ургадаг буурцагт ургамлын үрийг нь аваад цацахад өөрийн нөхцөлд ургах боломжтой. Намар цацаад дараа хавар нь ургахгүй бол ургадаггүй гэж ойлгодог. Энэ мэт зэрлэг ургамал дараа жил ургах боломжтой.

-Халх голын бүс нутагт хэчнээн ферм байгуулах боломж байна вэ?
-Халх голын сангийн аж ахуйг байгуулахад 50 мянган үхэртэй байна гэсэн техник эдийн засгийн үндэслэл гарсан боловч тухайн үед 23 мянган үхэртэй байсан. 23 мянган үхэрт таван хадлангийн салаа, үр тарианы 13 мянган га талбай ашигладаг байв. Үр тариагаа бяцалж тэжээл бэлтгэдэг байлаа. Одоо тус бүс нутагт эхний ээлжинд 30-40 фермер ажиллах бүрэн боломжтой гэж би хувьдаа үздэг.
Одоо Халх голд 9000 гаруй үхэр байна. Энэ боломждоо тулгуурлаад фермер байгуулаад явахад болохгүй юм байхгүй.Фермийн үйл ажиллагаагаа хувийн хэвшил өөрөө хариуцаад бусад асуудалд нь төр анхаарал хандуулдаг байвал зүгээр. Тэгэхгүй бол нэг фермерийг өөрөө бүх зүйлээ хий гэвэл дийлэхгүй. Нэг ферм 500-800 га-ын эдэлбэр газартай. 100 орчим үхэр 300-500 орчим хонь, өөрсдөө ашиглах техник хэрэгсэлтэй байхад хангалттай. Ийм ферм хэд хэдийг байгуулчихвал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадагшаа гаргах бүрэн боломжтой болно.


Ш.ГУНГААДОРЖ: ХАЛХ ГОЛ 21 ДҮГЭЭР ЗУУНЫ ТУРШ АШИГЛАХ МОНГОЛЧУУДЫН ҮҮЦ

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономч Шаравын Гунгаадоржтой ярилцлаа.

-Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бод­ло­гын баримт бичгийг шинэчилж байна. Энэ тал дээр та ямар байр суурь баримталж байна вэ?
-Энэ зөв. Өмнөх бодлогын баримт бичгийг 2003 онд баталсан. Тэр үед би УИХ-ын салбарын Байнгын хороон дарга байсан юм. Тэр үедээ л нэлээд асуудал болж, чамгүй ярьж байж баталсан 10 гаруй жилийн бодлого шүү дээ. Нэгдүгээрт бодлогын баримт бичгийн хугацаа дууслаа. Харин хоёрдугаарт улс, эдийн засаг өөрчлөгдөж, манай улс хөгжиж байна, гадаад харилцаа ч мөн шинэ түвшинд гарлаа. Тиймээс энэ бодлогыг шинэчлэхээс өөр арга байхгүй. Энэ баримт бичигт хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэх, мал аж ахуйн салбарыг хэрхэх вэ гэсэн асуудал тодорхой орж байгаа. Ялангуяа малаа эрүүлжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, дэлхийд зартай бүтээгдэхүүн бий болгож, түүнийгээ гадаад зах зээлд нийлүүлэх асуудлыг оруулсан. Тэр дундаа гадагшаа мах гаргах боломж бүрэн бий. Тиймээс эрчимжсэн, бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлэх нь энэ бодлогын баримт бичгийн гол асуудал болж байгаа юм. Харин энэ бодлогоо хэрхэн хэрэгжүүлэхийг бодлого гарс­ны дараа Засгийн газар шийд­нэ. Ингэхдээ эдийн засаг, хөдөө­гийн хөгжлийн асуудал гээд бүхий л талыг багтаах нь чухал.

-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь манайд ашигтай, энэ чиглэл рүү мал аж ахуйг хөгжүүлэх нь илүү гэж ярьдаг. Таны хувьд эрчимжсэн мал ахуйг хэрхэн хөгжүүлэх хэрэгтэй бол?
-Манай улсын 90 гаруй хувь нь бэлчээрийн мал аж ахуйтай. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гээд бэлчээрийн мал аж ахуйг байхгүй болгоно гэсэн үг биш. Бэлчээрийн мал аж ахуйгаа ч эрчимжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, нэг хониноос 1200 гр ноос авдаг байснаа 1500 болгох, нэг ямаанаас 300 гр ноолуур авдаг байсныг 500 гр болгоё гэдэг нь бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлнэ гэсэн үг. Нөгөө талаас жинхэнэ эрчимжсэн мал аж ахуй буюу байгаль цаг уурын таатай нөхцөлтэй, бэлчээр ус ихтэй нутагт өндөр ашиг шимтэй, мал үржүүлэх асуудал байна. Үүнийг төвийн бүс нутгуудаар хийх нь зөв. Харин газар тариаланг бэлчээрийн мал аж ахуйтай биш эрчимжсэн мал аж ахуйтай хослуулж хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж хөгжүүлэх суурь нь манайд бий. Нөгөө талаас энэ ажлыг хийх боломжтой газраар Дорнод аймаг, Халх голын бүс нутгийг нэрлэнэ. Халх гол бол 21дүгээр зуунд Монголын задлах үүц гэж би үздэг. Үүнийгээ ч олон газарт, олон удаа хэлсэн. Энэ газар бол тэр чигээрээ Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжлийн ирээдүй юм. Энэ бүс нутгийг хэрхэн ашиглах судалгааг бүр 1980-аад онд хийчихсэн юм шүү дээ. Мах үйлдвэрлэлийг Халх голд хөгжүүлж, боломжтой бол тариаланг бий болгох нь зүйн хэрэг. Хамгийн гол миний байр суурь бол Халх голыг эрчимсэн хөдөө аж ахуйн бүс болгож, нэн түрүүнд эрчимжсэн мал аж ахуй, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортын чиглэлийн аж ахуй болгож хөгжүүлэх хэрэгтэй гэдэг асуудал. Халх голын улаан үхэр, Эрдэнэцагааны илүү нугаламтай хонь, барга хонь гээд бааз суурь нь ч тэнд бий. Харин газар тариалангийн хувьд зөвхөн усалгаатай тариалан эрхлэхгүй бол хөрс нь их эмзэг. Улаан буудай, үр тариа тарина гэвэл усаа хаанаас хэрхэн татах асуудлыг сайтар судлах хэрэгтэй. Харин эрчимжсэн мал ахуйдаа зориулж тэжээлийн ургамал тарьж болох юм.

-Та Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлыг 80-аад оноос ярьж судалгаа хийсэн гэлээ. Энэ судалгааны түүхээс хуваалцаач?
-1980-аад онд манай улсын эрдэмтэн судлаачид хэд хэдэн улсын газарзүйн судалгааны багтай хамтраад Халх голын бүс нүтгийг бүхлээр нь ашиглах судалгааг хийсэн юм. Тус судалгаа нь 273 мянган га газрыг эзэмших, ялангуяа эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх гэсэн чиглэлтэй байсан юм. Ингээд 40 мянган га газарт сангийн аж ахуй байгуулаад 30 гаруй жил ажилласан. Ямар малыг хэрхэн үржүүлэх, тариа ногоог хэрхэн тарих тухай 10 гаруй жилийн судалгаа ч бий. Тэнд одоо судалгаа шинжил­гээний ажил хийх хэрэггүй, бүгд байгаа. Харин чөлөөт бүсээ хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудалд л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Чөлөөт бусийн тухай хуульд яг Халх гол гэж нэр заагаагүй ч зарим газрыг тусгай бүс болгоё гэдэг асуудал бий. Энэ үндсэн дээр л Дорнодын энэ хэсгийг хөгжүүлье. Мал нь эрүүл, гадагшаа бүтээгдэхүүн экс­портлох нөхцөл нь хангалт­тай бүрдсэн, чөлөөт бүс байд­лаар ашиглах боломж бий гэдгийг л би хэлээд байгаа юм. Тэрнээс биш чөлөөт бүс гэхээрээ гаднаас баахан хүн орж ирээд газар эзэмшээд, мал маллаад байх асуудал биш. Бид өөрсдөө л тэр бүсдээ дүрэм журмаа тогтоогоод, үйл ажиллагаа явуулна. Харин гадаад орнуудад бүтээг­дэхүүнээ гаргахдаа чөлөө­тэй байна л гэсэн санаа. Ёстой л нөгөө эзэн нь юмаа мэддэг, эрэг усаа хашдаг гэдэг зарчмаар үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг.

-Чөлөөт бүс байгуулснаар мал эрүүл байна, олон улсын стандарт шаардлагад нийцнэ, гадаад худалдаа ч өснө гэх мэт давуу талыг тоочдог...
-Манай орны мал аж ахуйн зарим нэг бүс нутагт мал нь өвчинд өртөмтгий гэх зэрэг эрсдэлтэй тал бий. Хэрэв бид чөлөөт бүсээ байгуулчихвал тэр бүсэд байгаа мал нь өндөр хяналтанд дор, эрүүл, өвчингүй байх боломж 100 хувь бүрдэх болно. Хоёрдугаарт тэнд үйл ажиллагаа явуулах хууль журам, дүрмийн асуудлыг бүрэн шийдэх юм. Хариуцлагагүй явдал гаргахгүй гэсэн үг. Чөлөөт бүсэд өөрийн гэсэн дүрэм үйлчлэх учраас дээд зэргийн журамтай байна гэж хэлж болох юм. Дэлхийн улс оронд үнэлэгдэж, итгэмжлэгдэх талаасаа давуу юм. Сөрөг тал гэхээсээ давуу тал нь олон. Энэ нь эргээд эдийн засагт чухал нөлөөтэй.

-Гадаад зах зээлийн хувьд яривал...
-Гадаад зах зээлийн хамгийн боломжтой бүс нутаг. Хойд Солонгосын нэр бүхий далайн боомт байна. Хамгийн хямд тээврийн зардалтайгаар махаа гаргах боломж тэнд байна. Цаашлаад европын орнууд, урд хөрш гээд гадаад зах зээлийн хамгийн боломжтой цэг гэж хэлээд байгаа юм. Чөлөөт бүс байгуулах үйл ажиллагаагаа их л нарийн зохион байгуулалт, судалгаатай эхэлж, хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс гэдгээ л анхнаас нь хамгаалж, төлөвлөгөө болон төсвөө сайтар гаргах учиртай юм. Хэдхэн жилийн дотор ашиглах биш түрүүн хэлсэн 21-р зууны туршид эзэмших явдал чухал байгаа юм. Гэтэл энэ үүцийг маань өөр шугамаар буюу уул уурхайн чиглэлээр ашиглах вий гэхээс эмээж байна. Английн нэг компани ашиглалтын лиценз авахаар яваад байгаа сураг сонссон. Мал, аж ахуй газар тариалангийн том бүсэд геологи уул уурхайн асуудал дагаад байвал юун 21- зууны турш ашиглах. Хэдэн жил ч ашиглаж чадахгүй болно. Чөлөөт бүс болгож зарласнаараа бусад салбарынхан орж ирэхгүй байх нөхцөл бүрдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан