Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эльза Никел: Амьтад тэнгэрийн хаяаг хараад, нүхэн гарцыг олж чаддаг

Л.БАТБААТАР

Төв Азийн цээ­жинд оршдог Мон­гол нутгийн байгалийн өвөр­мөц тогтоц, тал хээр, говийн бүс нутаг нь дэлхийн хам­гийн өргөн уудам талбайг хамардаг. Энэхүү өргөн уудам  бүс нутаг нь  ховор гайхамшигт амьтдад дураар нүүдэллэн амьдрах боломж олгосоор, олон зууныг элээсэн билээ. Гэтэл техник технологийн хөгжил дэвшлийн улмаас энэ бүс нутгийн хулан, цагаан зээр, бөхөн зэрэг өвсөн тэжээлтний амьдрах орон зай улам багассаар. Ялангуяа авто болон төмөр зам, бусад дэд бүтэц нь дээрх амьтдыг нүүдэллэх боломжгүй болгон, улмаар амьдрах орчинд нь ноцтой аюул учруулж байна.

Монгол орны умраас өмнийг хүртэл төмөр зам тавигдсан нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой ч нөгөө талдаа цагаан зээрийн сүргийн нүүдэлллэх замыг бүрэн хаасан гэхэд болно. Ингэснээр нутгийн зүүн хэсэгт  хашигдсан цагаан зээрийн сүрэг төмөр замын торон хаалт, гармаар  дайран, баруун зүгт нүүдэллэх боломж бараг л байхгүй болжээ. Сүүлийн 10 жилд Монгол Улсад уул уурхай, байгалийн нөөц баялгийг олборлох салбарууд хурдацтай хөгжсөн нь Төв Азийн энэ бүс нутагт нүүдэллэн амьдардаг амьтдад “орших уу, эс орших уу” гэсэн асуулт тавьснаас өөрцгүй болов. Хөгжиж дэвших нь ойлгомжтой бөгөөд гарцаагүй зүйл. Гэхдээ хөгжлийн асуудлыг хэрхэн зэрлэг амьтад болон биологийн төрөл зүйлд эрсдэл учруулахгүйгээр шийдэх нь чухал юм. Энэ асуудалд хариулт олох зорилгоор Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, болон ХБНГУ-ын Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, барилга болон цацраг аюулгүй байдлыг хариуцсан холбооны яам хамтран “Монгол Улсын дэд бүтцийн төлөвлөлт, болон зураг төсөлд зэрлэг ан амьтдад ээлтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх” талаар семинар зохион байгууллаа.

Аливаа улс болгон өөрийн байгалийн баялаг болох ан амьтдыг хамгаалсан хууль, тогтоомжтой байдаг. Энэ талаар семинарт оролцож буй БОНХАЖЯ-ны мэргэжилтэн А.Баясгалан “Семинарын гол зорилго нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд суурилсан, боломжит хувил­баруудыг төрийн бодлогод тусгах явдал юм. Монгол Улсад Байгаль орчны салбарын  найман хууль байдаг. Тухайлбал, Амьтны тухай хуулийн 6.1.3-т “Нүүдэллэн амьдардаг амьтдын нүүдлийн замыг чөлөөтэй байлгана”, мөн Нэн ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөрт “Шинээр баригдаж буй авто болон төмөр замын шугаман байгууламж, өндөр хүчдлийн шонгууд нь байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг заавал хийлгэсэн байх ёстой” гэх мэт зүйл заалт бий. Хууль эрх зүйн эдгээр заалт байдаг ч амьдралд тэр бүр хэрэгжихгүй байна. Жишээ нь цагаан зээр, хулангийн шилжилт хөдөлгөөнд авто болон төмөр зам гол хаалт болдог. Цахилгааны өндөр хүчдлийн шугамууд нь махчин болон нүүдлийн шувуудад өндөр эрсдэл учруулдаг. 2013 онд Сүхбаатар аймгийн Баянмөнх-Мөнх хаан-Баруун урт гэсэн чиглэлийн өндөр хүчдлийн шугаманд мониторинг хийж үзэхэд, 400 орчим идлэг шонхор тогонд цохиулж үхсэн гэсэн тоо гарсан” гэв. Мөн тэрээр “Манай улс өнгөрсөн зургадугаар сард байгаль орчны стандартыг Стандарт хэмжил зүйн үндэсний төвөөр батлуулсан.  Тус стандартад төмөр болон авто зам барих явцад, мал амьтны шилжилт хөдөлгөөн хийхэд зориулан, нүхэн болон гүүрэн гарц, хэдэн км тутамд нэгийг  байгуулахыг зааж өгсөн.  Шинээр баригдах авто болон төмөр зам нь энэ стандартын шаардлагыг зайлшгүй дагаж мөрдөх ёстой. Дэд бүтэц хөгжихийн хэрээр байгаль орчинд тулгамдсан асуудал гарч ирдэг. Иймээс бид энэ уулзалтад, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны дүгнэлт, зөвлөмжийг Төрийн бодлогод тусгах шаардлагтай гэсэн байр суурьтай оролцож байна” гэв. ХБНГУ бол эдийн засгийн хөгжлийн түвшин, техник технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг. Герман оронд дээрх асуудлыг хэрхэн шийдсэн талаарх туршлагаа Герман Улсын Байгаль орчны яамны Газрын дарга Эльза Никел танилцууллаа. Тэрээр “Герман Улс энэ асуудалд 1970-аад оноос эхлэн анхаарал хандуулсан. Ингээд 1975 онд байгаль орчны талаар маш хатуу хууль баталсан. Энэ хуульд зэрлэг ан амьтдад хэрхэн ээлтэй дэд бүтэц байгуулах, төлөвлөх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх талаар зааж өгсөн. Тиймээс бидэнд энэ талаар тодорхой тушлага бий. Бидний авсан гол сургамж бол аливаа төмөр болон авто замыг тавихаас өмнө, зэр­лэг ан амьтан хэрхэн дайран өнгөрөх шийдлийг нь урьдчилан хийдэг. Ингэхгүй бол зам тавьсны дараа энэ асуудлыг шийдэхэд өр­төг зардал  өндөр гарах нь ойлгомжтой. Монгол Улсын хувьд энэ асуудалд ач холбогдол өгч, семинар зо­хион байгуулж байгаад бид баяртай байгаа. Цаашдаа ч гэсэн энэ асуудлаар олон улсын түвшинд ямар шилдэг арга туршлага байгаа талаар Монгол Улстай хуваалцах болно” гэлээ.

Мөн нэмж  “Төмөр болон авто зам нь Монгол Улсад чухал үүрэг гүйцэтгэдэг.  Монголын нэг онцлог бол зэрлэг онгон байгальтай, амьтны аймаг талаас үнэхээр баялаг. Тухайлбал хулан, цагаан зээр, бөхөн гэх мэт. Эдгээр нь маш өргөн уудам нутагт таран нүүдэллэж амьдардаг. Шугаман дэд бүтэц буюу зам байгаа нөхцөлд замыг давж гарах хэрэгтэй болдог. Замын хоёр талаар өргөст торон хашаа барих нь зохимжгүй гэж Германд үздэг юм. Хашаанд амьтад тулан, дайран өнгөрч чадахгүй байх, ингэснээр нөхөн үржих боломжид нь нөлөөлөх асуудал ч бий. Нэгэнт баригдсан төмөр замд гүүрэн болон нүхэн гарцыг байгуулж болно.
Олноор нүүдэлдэг амьтдын хувьд энэ гарц нь маш чухал. Амьтад тэнгэрийн хаяаг хараад, нүхэн гарцыг олж чаддаг. Германд 250 км/цагийн  өндөр хурдны галт тэрэг явдаг хэдий ч хашаа барьдаггүй. Үүний оронд  эхлээд, биологч эрдэмтэд тухайн газар нутагт ажиглалт хийдэг. Дараа нь нүүдлийн амьтад хаагуур явах магадлалтайг тооцон, нүхэн болон гүүрэн гарцыг байгуулдаг. Уг гарцаар нь нүүдлийн амьтад  дайран өнгөрдөг  учраас, төмөр замд ямар нэгэн осол гардаггүй. Гол нь сайн судалгаа шин­жилгээ хийж, дэд бүтцийн энэ боломжийг бүрдүүлж өгөх нь чухал гэж үздэг” гэж хэллээ. Манай улсад нүүд­лийн амьтдад, ээлтэй дэд бүтэц байгуулах, хэрэгжилтэд хяналт үүрэгтэй субьект бол Зам тээврийн яам юм. Энэ талаар Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн “2013 оны тавдугаар сараас эхлэн Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн 267 км төмөр замын ажил эхэлсэн. Энэ бүс нутгаар  хулан, тахь зэрэг амьтны  нүүдлийн зам дайран өнгөрдөг. Иймээс БОНХАЖЯ-тай хамтран судалгаа хийн,  267 км төмөр замд, нийт 134 ширхэг гарц, гарам, гүүр, тунел (хоолой) бариулахаар төлөвлөлт хийж  өгсөн. Төмөр замын далан өндөр газар торон хашаа заавал байх шаардлагагүй гэсэн байр суурийг яамнаас барьж байна. Далан багатай газар тодорхой хэмжээгээр хийх л байх. Улаанбаатар Төмөр зам нь 1100 орчим км урттай.

Өнгөрсөн жил судалгаа хийхэд,  Улаанбаатараас Замын-Үүд хүртэл нэг километрт дор хаяж нэгээс хоёр нүхэн гарц, гүүр, тунел байдаг юм билээ. Ер нь бол шинээр баригдах төмөр замуудад судалгааг сайн  хийж байгаа. Ялангуяа Таван толгой-Сайншанд-Хөөт-Бичигт болон Хөөтөөс Чойболсан чиглэлийн 1100 км төмөр замд  археологи, палентлоги, геологи болон геодизийн судалгаа, байгаль орчны үнэлгээ зэрэг судалгаа, шинжилгээний ажил хийсэн. Мөн зэрлэг ан амьтдын нүүдлийн зам маршрутыг ч зураг төсөл хийсэн компаниар хийлгэн баталгаажууллаа” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан