Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамтын хөдөлмөрөөр үр дүнд хүрдэг

Л.БАТБААТАР

Монголчууд уудам тал нутагтаа нүүдэллэн амьдарсаар хэдэн мянганыг элээжээ. Дэлхий нийтийн жишгийг даган өнгөрсөн зууны эхэн үеэс эхлэн, хот суурин газар олноор амьдрах болсон юм. Амьдралын нэг хэв маягаас нөгөөд шилжих нь санаан зоргоор бүтэх зүйл биш. Хээр талд ганц гэрээр нүүдэллэн, өөрсдийн дураар амьдарч хэвшсэн монголчууд, суурин соёл иргэншлийн хамтын хөдөлмөрийн давуу талын мөн чанарыг ойлгож мэдэхэд чамгүй хугацааг зарцуулсан байдаг. Социализмын жилүүдэд малчдын хүсэл зоригийг үл харгалзан, нэгдэлжих хөдөлгөөнд хүчээр хамруулан, “Нэгдэл”-ийг  байгуулсан боловч, амьдралын шалгуур даалгүй, 30 гаруй жилийн дараа задран унасан. Үүнээс хойш хүний амьдралын хоёр мөчлөгтэй тэнцэх багагүй хугацаа өнгөрчээ. Нэг үеэ бодвол монголчууд суурин иргэншлийн мөн чанар болох айл хөршүүд харилцан хамааралтай, нэгнээ дэмжин, хамтын хүчээр хөгжиж дэвших ёстойг ойлгосон нь  “Хуримтлалын бүлэг”-үүдийг хот, хөдөөгүй байгуулан, үйл ажиллагаа нь улам бүр цараагаа тэлсээр байгаагаас харж болно.

Гэр хорооллын  гудамжны иргэд  сайн дураар нэгдэн “Хуримтлалын бүлэг”-ийг 2005  оноос байгуулж эхэлжээ. Арван гишүүнтэй  хуримтлалын бүлэг  өдөр болгон, гишүүн бүрээс 100 төгрөг хураахад, сард 30 мянга төгрөг  болох ба жилийн дараа 360 мянган төгрөгтэй  хуримтлалын сантай болдог аж. Зөвхөн нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутагт иргэд сайн дураар нэгдэн зохион байгуулалтад орж, ногоочдын, малчдын, гар урлал эрхлэгчдийн бүлгийг байгуулан хамтын хөдөлмөрийн давуу талын үр шимийг  хүртэж байна. Улсын хэмжээнд нийт 210 хуримтлалын бүлэгт 3000 гаруй иргэн хамрагддаг гэж холбогдох албаны тайланд дурджээ. Эдгээр иргэний сайн дурын байгууллагад санхүүгийн мэдлэг олгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо болон Азийн хөгжлийн банкны санхүүгийн хүртээмжийн нэмэгдүүлэх төсөл хамтран “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг хоёр өдөр зохион байгууллаа. Чуулга уулзалтын ач холбогдлын талаар Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн зохицуулалтын газрын дарга Н.Оюунчимэг “Азийн хөгжлийн банкны шугамаар ядуурлыг бууруулах Япон улсын  санхүүжилтээр Санхүүгийн зохицуулах хороонд “Ядуу иргэдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл дөрвөн жил хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд “Хуримтлал ба иргэдийн оролцоо” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг дэмжих нь чухал. Энэхүү хуримтлалын бүлэг нь албан бус сектор гэж явдаг. Энэ туршлагыг ашиглан бүх иргэнийг хуримтлалтай болгох нь чухал. Үүний дараа хүн бүрийг  санхүүгийн боловсролтой болгох зорилго тавин ажиллаж байна. Санхүүгийн боловсролтой болсноор хуримтлалаа нэмэгдүүлэх, мөн хөрөнгө оруулалт хийх боломжтой. Тухайлбал, хуримтлалаар хадгаламж нээх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хувиараа бизнес эрхлэх, мөн хөрөнгийн зах зээлийн  үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой болно” гэлээ. Мөн тэрээр “Хүн болгон хуримтлалтай болохын тулд нэгдүгээрт зорилготой байх ёстой. Хоёрдугаарт нэг сард хэдий хэмжээний хуримтлал бий болгох тооцоо хийдэг байх хэрэгтэй. Эцэст нь үргүй зардлаа хянаж сурах нь чухал. Хуримтлалын бүлэг бол мөнгө цуглуулан бусдад зээл өгөхийн нэр биш” гэж тайлбарлалаа. Тус чуулга уулзалтад Олон улсын Ядуу иргэдийн холбоог үүсгэн байгуудагч Энэтхэг улсын иргэн хатагтай Селин Дкруз оролцон, туршлага хуваалцав. Тэрээр “Энэтхэг улсад ядуу хүний тоо их, ядуусын хороолон олон байдаг. Мөн амьдрах орчин хүнд, ихэнх иргэний орон сууц муудсан. Тийм учраас 1996 онд “Хуримтлалын бүлэг” байгуулагдсан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд явуулсан үйл ажиллагааг харахад олон нааштай үзүүлэлт гарсан байдаг. Жишээ нь, Мумбай хотод 25 мянга орчим хүн өөрийн гэсэн орох оронтой боллоо. Манай улсын бүх мужид  Ядуу иргэдийн холбоо байгуулагдсан. “Хуримтлалын бүлэг” нь Засгийн газарт хандан, ядуу иргэдийн амьдарч буй орчин нөхцөлийн сайжруулах, газар өмчлүүлэх зэрэг асуудлыг хөндөн тавьдаг. Ер нь мөнгө хуримтлуулах нь “Сахилга бат” гэсэн ойлголтыг хүн бүрт суулгаж өгөх  хэрэгтэй” гэлээ.

Чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны гишүүн Хот байгуулалт мэдээлэл, судалгааны төвийн менежер С.Уянга “Хуримтлалын бүлэг” нь  2005 онд байгуулагдсан. Арав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Гэр хорооллын иргэд сайн дурын үндсэн дээр зохион байгуулалтад орон, өдөр болгон бага хэмжээний мөнгө хуримтлуулдаг. Ингээд дундын хуримтлалаар хашаа хороог тохижуулах, дараа нь орон сууц, сүүлд нь ажлын байр бий болгох зэргээр үе шаттай ахиж дээшилдэг. Тус бүлгийг сайн дурын хөдөлгөөн гэж ойлгож болно. Сүүлд авсан мэдээгээр, улсын хэмжээнд “Хуримтлалын бүлэг”-ийн санд 39 сая төгрөг хуримтлагдсан байна. Мөнгөтэй болсны дараа гишүүддээ бага хувийн хүүтэй зээлдүүлдэг. Гэр хорооллын иргэд банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө  нь багаар үнэлэгддэг. Зээл нь барьцаагүй, итгэлцлэлийн  журмаар олгогддог онцлогтой. Эргэн төлөлт нь бараг 100 хувь. Учир нь олон жил айл хөрш амьдарснаар бие биеэ хэнээс ч илүү мэднэ. Дээр нь дундын хяналтын систем маш сайн үйлчилдэг” гэлээ.

Төв аймгийн Баянчандмань суманд “Дэлгэрэх” хуримтлалын бүлэг 2009 оны гуравдугаар сард есөн өрх, 42 гишүүнтэйгээр  анх байгуулагдаж байв. Өнгөрсөн хугацаанд гурван өрх шинэ орон сууцтай болж, таван өрх байшингаа шинэчлэн, гурван өрх хашаагаа томсгосон гэнэ. Дундын эзэмшлийн хүлэмжинд 12 төрлийн нарийн ногоо тарин, хүнсний зардлаа хэмнэж, илүү гарсныг нь зах зээлд борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг ажээ. Тус хуримтлалын бүлгийн үйл ажиллагаатай Улаанбаатар хотын гурван дүүрэг, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий, Завхан, Төв зэрэг аймгийн 800 гаруй иргэн танилцан туршлага судалжээ. “Дэлгэрэх” хуримтлалын бүлгийн үүсгэн байгуулагчдын нэг С.Чанцал “Манай бүлэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай хамгийн бага газартай өрх хоёр га газарт нарийн ногоо тарьдаг. Том нь таван га талбайд төмс, хүнсний ногоо тарьж байна. Хамтын хөдөлмөрөөр үр дүнд хүрдэг гэдгийг “Хуримтлалын бүлэг”-ийн үйл ажиллагаа харуулсан” гэв. Чуулга уулзалтад эх орны өнцөг бүрээс “Хуримтлалын бүлэг”-ийн гишүүд ирэн, хийж бүтээсэн зүйлээрээ  багахан хэмжээний үзэсгэлэн гаргасан байв. Үүнд өөрсдийн тарьсан, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон малын арьс ширээр хийсэн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг дэлгэн тавьжээ.  “Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” гэгчээр дор бүрээ хувиа бодож сууснаас, баг, хамт олноороо нийлэн хөдөлмөрийн зохион байгуулалтад орж ажиллавал, хийж бүтээх нөөц бололцоо ихтэйг  тус чуулга уулзалт харууллаа. Хөдөө орон нутгийн “Хуримтлалын бүлэг”  ногоо тарих, мал маллах, малын түүхий эдээр гар урлалын бүтээгдэхүүн хийх зэргээр  орон зай, цаг хугацаанд баригдалгүй үйл ажиллагаа эрхэлдэг нь анзаарагдсан. Харин нийслэлийн “Хуримтлалын бүлэг” хашаа хороогоо засаж сэлбэх, гудамж тохижуулах, орон сууцныхаа дээврийг янзлах зэрэг орон зайнд баригдсан үйл ажиллагаа эрхэлж байх шиг санагдлаа. Гэхдээ хамтраад хийх ажил их байгаа нь ойлгомжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан