Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Халиуна: Сонгуулийн дараа төрийн албатай холбоотой хэрэг, маргаан өсөх хандлагатай байдаг

Төрийн албанаас үүдэлтэй хэрэг, маргаан захиргааны хэргийн шүүхэд нэлээд ачаалал үүсгэдэг. Тэгвэл энэ төрлийн хэрэг ямар шалтгааны улмаас олширч, хэрхэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлт ямар түвшинд байгаа талаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиунатай ярилцлаа.

-Захиргааны хэргийн шүүхийн ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаа гэдэг. Тэр дундаа төрийн албан хаагчидтай холбоо­той хэрэг маргаан. Яг энэ хэргийг онцгойлбол, дүн статистик нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Захиргааны хэргийн дагнасан шүүхээр хамгийн их шийдвэрлэгддэг нь газрын маргаан байдаг. Үүний араас төрийн албаны маргаан ордог. Төрийн жинхэнэ албан хаагчид буюу төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрийн маргааныг Захиргааны хэр­гийн шүүх шийдвэрлэдэг. Төрийн албаны маргаан жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа. Тухайлбал, 2004 оноос хойшх 10 жилийн тайлангаас үзэхэд улсын хэмжээнд төрийн албатай холбоотой 1325 хэрэг, маргааныг Захиргааны хэргийн дагнасан шүүх шийдвэрлэсэн байна. Үүнээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 50 гаруй хувийг нь  буюу 695 хэрэг маргааныг шийдвэрлэсэн байна.

-Энэ төрлийн зарга үүсгэх болсон  гол шалтгаан нь юу байдаг юм бол?
-Төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ хангалтгүй биелүүлснээс болж ажлаас халагдах, сахилгын шийтгэл хүлээх зэргээс болж, Захиргааны хэргийн шүүхэд хандах тохиолдол их байдаг. Үүнээс гадна, төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх, тө­рийн байгууллага татан буугдах, хооронд нь нэгтгэн зохион байгуулсантай холбоо­тойгоор төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, сэлгэх зэрэг асуудал гардаг. Үүнээс шалтгаалан төрийн албаны маргаан гаргах тохиолдол их. Мөн сонгуулийн дараагийн жил төрийн албатай холбоотой хэрэг,  маргаан өсөх хандлагатай нь ажиглагддаг юм. Энэ нь Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдах, яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт , төрийн албан хаагчдын орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх зэрэг үндэслэлээр халаа сэлгээ хийдэгтэй холбоотой гэсэн үг. Тухайлбал, 2008 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд төрийн албаны 54 хэрэг хянан шийдвэрлэгдэж байсан бол сонгуулийн дараагийн жил буюу 2009 онд энэ тоо бараг хоёр дахин өссөн дүн гарсан. Мөн 2012 оны сонгуулийн дараагийн жил буюу 2013 онд өмнөх жилээсээ хоёр дахин өссөн байх жишээтэй.

-Засгийн газар, яам агентлагийн бүтэц зохион байгуулалтаас гадна төрийн албан хаагчид шүүхэд хандахад юу нөлөөлдөг вэ?
-Төрийн алба өөрөө бас онцлогтой. Төрийн алба гэдэг нь төрийн жинхэнэ албан хаагч төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Гэтэл төрийн албан хаагч нь өөрөө бас иргэний хувьд хөдөлмөрлөх эрх ашиг, сонирхолтой. Тухайн төрийн албан хаагч албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ алдаа, зөрчил, дутагдал гаргах, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ажлаас халагдах, албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, тухайлбал төрийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалт байдаг. Мөн төрийн жинхэнэ албан хаагч ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил гаргасантай холбоотой асуудлууд ч бий.
Төрийн албан хаагчид төрийн албыг хангалтгүй биелүүлснээрээ тухайн этгээдэд хариуцлага болгоод ажлаас халах, албан тушаал бууруулах асуудал байна. Үүнтэй холбоотой маргаанууд гардаг. Шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн статистикийг авч үзэхэд 50 гаруй хувь нь нэхэмжлэгчийн талд шийдвэрлэгдэж, нэ­хэмж­лэлийн шаардлагыг бү­хэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны акт хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгон шийд­вэрлэдэг. Нэг талаас захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг хүчин­гүй болгож, иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа үзүүлэлт гэж харагдаж байгаа ч энэ тоог аль болох бууруулах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ тоо буурч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй байна гэдэг нь цаанаа төрийн байгууллага, албан тушаалтан тэр хэмжээнд хуулийн дагуу шийдвэр гаргаж, хуулийн хүрээнд ажиллаж байна гэсэн үг.

-Төрийн албан хаагч алдаа гаргалаа гэхэд ажлаасаа халагдах ч юм уу, захиргааны шийдвэрийг дагаад л өнгөрдөг. Гэтэл хохирлыг төр барагдуулдаг. Үүнтэй холбоотой хууль эрхзүйн орчин үгүйлэгдэж байгаа зүйл ажиглагдаж байна уу?
-Төрийн албан хаагч албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа иргэд, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг төр хариуцдаг. Гэхдээ цаанаа буруутай албан тушаалтнаар төр буцаагаад нэхэмжилж төлүүлэх зохицуулалттай. Тухайлбал, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоосон бол ажилгүй байсан хугацааны цалинг цалингийн сан нь тухайн байгууллагаас нь гаргахаар шүүх шийдвэрлэдэг. Гэтэл тухайн албан тушаалд оронд нь томилогдсон ажилтанд тухайн албан тушаалын цалинг тэр хугацаанд мөн л олгосон байдаг. Тэгэхээр нэг албан тушаалын орон тоон дээр хоёр хүнийг зэрэг цалинжуулсан байна гэсэн үг. Үүнтэй холбоотой хохирлыг буюу үндэслэлгүйгээр ажлаас халсантай холбоотой нөхөн олгосон ажилгүй байсан хугацааны цалинг, энэ хохирлыг Төрийн албаны зөвлөл буруутай этгээд буюу үндэслэлгүйгээр ажлаас халсан шийдвэр гаргасан албан тушаалтнаас шүүхийн журмаар нэхэмжлэх байдлаар гаргуулах ийм зохицуулалт байдаг юм. Гэтэл энэ зохицуулалт хэрэгждэггүй.
Тэгэхээр иймэрхүү байдлаар төрд учирч байгаа хохирол, мөн төрийн албаны чиг үүргээ төрийн албан хаагч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор иргэн, хуулийн этгээдэд учруулж байгаа ямарваа хохирлыг төрөөс гаргаад, түүнийг нь буцаагаад ямар нэгэн байдлаар хохиролгүй болгох, яг жинхэнэ буруутай албан тушаалтнаас гаргуулах асуудал бол одоогоор төдийлэн хангалттай хэрэгжихгүй байгаа.

-Төрийн албан хаагчдын хуулиа мөрдөх, шүүхийн шийд­вэрийг биелүүлэх бай­дал ямар түвшинд бай­на вэ?
-Төрийн албаны маргаа­ныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт төдийлэн хангалттай биш. Ер нь, шүүхийн шийдвэр зуун хувь л биелэгдэх ёстой. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт Эрүүгийн хуульд байдаг. Гэсэн  ч эрүүгийн хэрэг үүсгэгдээд, шалгаад явж байгаа нь ч мөн хангалттай биш. Төрийн албаны маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийд­вэр биелэгдэхгүй бай­гаа нь мэдээж ажлаас хал­сан, чөлөөлсөн шийдвэр гарга­­сан эрх бүхий эт­гээд л өөрөө биелүүлэх шаардлагатай болно. Гэтэл түүнд биелүүлэх хүсэл зориг мэдээж байхгүй. Тэр утгаараа биелүүлэхгүй байх, дахин удаан чирэгдүүлэх, энэ хугацаагаараа дахиад ажилгүй байсан хугацааны цалин төрөөс олгогдох асуудал ч байх, мөн ор нэр төдий биелүүлсэн байдал үзүүлж ажилд буцааж аваад дахиад өөр нэг үндэслэл шалтгаан гаргаад ажлаас халах, чөлөөлөх л асуудал байгаа. Дахиад энэ дээр нь маргаад явах асуудал гардаг. Тэгэхээр хуульд нийцээгүй шийдвэрээр хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халчихаад, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, цаашлаад төр ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож байна. Тухайн орон тоон дээр өөр хүн томилох, тэр нь төрийн албыг зохих журмын дагуу хэрэгжүүлж чадахгүй байх ч тохиолдол гардаг. Энэ болгон дээр хариуцлагын механизмыг илүү тодорхой болгосон эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байгаа. Хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан л бол түүнийхээ үр дагаврыг хариуцдаг байх ёстой. Энэ нь хариуцлага хүлээлгэх тодорхой зохицуулалт, эрх зүйн орчин бол үгүйлэгдэж байгаа л гэсэн үг.

 Б.Хос-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан