Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Хонгорзул: Монголд олзлогдож байсан япон цэргүүдийн олонхи нь 90 гарчихсан

Б.ЦЭДЭВСҮРЭН

Фэйсбүүкийн нэг танил маань саяхан сонирхолтой мэдээлэл бичсэн байв.  Тэрээр “Энд ажиллаад яг 10 дахь жилдээ оров. Монголтой холбоотой хийсэн зүйл их цөөн. Энэ жил Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд манай телевизийн олон уран бүтээлчийн цөөнгүй бүтээл цацагдсанаас доорх хоёр сурвалжлага маань шилдэг бүтээлийн шагнал хүртэв. Монголтой холбоотой цөөхөн ажлын маань нэг хэсэг ямар ч байсан япон хүмүүст хүрч дээ гэж бодоход сайхан байлаа...” хэмээн бичиж чөлөөлөх дайны дараа Монголд олзонд байсан хоёр өвгөний тухай нэвтрүүлгийн бичлэгийг оруулжээ. Японы Нагоя хотын CTV телевизэд ажиллаад 10 жилийн нүүр үзэж буй О.Хонгорзултай холбогдож, чөлөөлөх дайнд олзлогдож байсан хүмүүсийн талаар цөөн асуулт асуусан юм.

-Таны оруулсан мэдээллээс олзны япон цэргүүдийн талаар уншлаа. Өдгөө тэднээс хэд нь амьд сэрүүн байгаа вэ?
-Дэлхийн хоёрдугаар дайны дараа Сталин тухайн үед Хятадад байсан 575 мянга орчим япон цэргийг (жирийн иргэд бага хувиар) олзолж, Сибирь болон бусад газар руу цөлжээ. Тэднээс 12 мянга гаруй нь 1945 оны аравдугаар сараас эхлэн хоёр жил орчим Монголд олзонд байж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад дайчлагдсан юм билээ. Олзонд байх хугацаандаа 1600 орчим хүн хоол тэжээлийн дутагдал, сүрьеэ, хижиг зэрэг халдварт өвчин болон бусад шалтгаанаар амиа алдсан тоо бий. Тэрнээс яг хэд нь амьд сэрүүн үлдсэнийг би сайн мэдэхгүй юм. Би бол арав хүрэхгүй хүнтэй уулзсан. 87-96 насны хөгшүүл. Монголын талаар янз янзын сэтгэгдэлтэй. Зарим нь дурсахыг ч хүсдэггүй бол зарим нь Монголын салхи сайхан гээд байн байн очдог хүмүүс ч байна.

-Та хоёр өвөөтэй уулзаж тэдний талаар нэвтрүүлэг хийсэн байна билээ. Тэд Монголын талаар хэрхэн дурсч байх юм?
-Тэр хоёр өвөөгийн нэг нь Токиод амьдардаг. Монгол руу үе үе явдаг. МУИС-ийн барилга дээр ажиллаж байсан болохоор Монголд очихоороо МУИС-ийн нэгдүгээр байран дээр очиж өөрийнхөө гараар барьсан баганыг хардаг гэж ярьж байсан. Нөгөө нь Ёко­хамад амьдардаг. 90-ээд оноос хойш олзлогдогсдын ша­­рилыг татан авч ирэх аж­лыг Японы Засгийн газар хий­хэд хүчин чармайлт гаргаж орол­­цож явсан хүн. Хүний га­зар үлдсэн нөхдөө эх оронд нь буцааж авчрах юмсан гэж их боддог байсан нь биелсэн гэсэн.
Олзонд байхад хамгийн хэцүү байсан зүйл бол хоолны асуудал байсан гэдгийг уулзсан хүн бүр хэлж байсан даа. Өглөөдөө жаахан шөл, өдрийн хоол долоон хүний дунд нэг тоосгоны хэмжээтэй хар талхны нормтой. Талхаа ээлж ээлжээр нэг нь хуваана. Долоо тэнцүү хуваахад их хэцүү. Үртсийг нь хүртэл их бага хуваах вий гээд зүсч байгаа хүнээс гадна 12 нүд яг хараад л зогсдог байсан гэнэ лээ.
Түүнээс гадна, амьдрах орчин ахуй туйлын муу бохир байснаас болж бөөсөндөө баригдах, халдварт өвчин тусч нас барах хүмүүс олон байсан гэсэн. Орой ажлаасаа ирээд л цамцны зах, хувцасны нугалааснаасаа бөөс түүнэ гэдэг нэг том ажил байж. Өвөл бол бөөс нь хөлдөх байх гээд хувцсаа гадаа хонуулах үе байсан гэж ярьсан.

-Тэднийг эх орондоо эргэн очиход ямар байдалтай угтсан бол?
-Дайнд ялагдсан орон мэдээж хүнд хэцүү нөхцөл хүлээж байсан нь ойлгомжтой байх. Тэгээд л эх орноо дахин хөл дээр нь босгох үйлсэд оролцсон байх даа.

-Та эдгээр хүнтэй хэзээнээс холбоо тогтоож эхлэв. Монгол хүн өөрийнх нь талаар нэвтрүүлэг хийх санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?
-2012 онд анх нэг хүнтэй холбоо тогтоосон. Тэгээд цаашаагаа үргэжилсэн дээ. Ер нь бол тухайн үед япон хүн цэргийн олзлонд байна гэдэг маш ичгэвэртэй хэрэг байж. Зарим нөхөд нь амиа алдаад өөрсдөө амьд буцаж ирсэндээ санаа нь зовоод ч тэр үү олзлогдож байсан үеийнхээ талаар гэр бүл үр хүүхдэдээ ярьдаггүй байж л дээ. Намайг очоод яриулахад анх удаа дэлгэрэнгүй сонслоо гэх үр хүүхэд нь ч байсан. Одоо дийлэнх нь 90 гарчихсан. Хүн өөрийнх нь түүхийг сонсъё гээд ялангуяа олзлож байсан улсынх нь хүн Японы телевизийн сурвалжлагч болчихоод очоод уулзъя гэхээр сайхан л хүлээж авдаг юм.

-Тэдэнтэй уулзаад нэвт­рүүлэг бэлтгээд явж байхад сэтгэлд тань үлдсэн зүйл юу байв?
-Монголд олзлогдогсдын сурвалжлага хийгээд явж бай­хад өөрт нэг сонин санагдсан зүйл бол багадаа үзсэн дайнтай кинон дээр гардаг байсан “дайсан”, япон цэргүүдтэй би одоо ярьж байна шүү дээ гэж бодохоор их сонин санагддаг байж билээ. Тэд чинь бодит амьдрал дээрээ ийм л хүмүүс байж гэж харж байгаа юм л даа. Жирийн л хүмүүс байсан. Дөнгөж л 20 хүрэв үү, үгүй юу улсын бодлогоор цэрэгт татагдаад, дайнд явчихсан жирийн л залуучууд байж. Тэд ч гэсэн дайны хохирогчид  юм даа. Дайн гэдэг ялсан, ялагдсан аль ч талын жирийн иргэд нь л хохирч дуусдаг зүйл юм даа гэж бодсон.

-Нэвтрүүлгээрээ шагнал авсан гэсэн. Тэр талаараа...?
-Манайх Нагоя хотод байдаг CTV гэдэг телевиз. Японы хамгийн анхны арилжааны телевиз болох NTV телевизийн сүлжээнийх. Японд арилжааны телевизүүд нь бүгд үндсэндээ таван том сүлжээний аль нэгэнд хамарч үйл ажиллагаа явуулдаг юм. Манай телевиз энэ хавийнхаа 11 сая хүнд хүрдэг. Гайгүй сайн сурвалжлага байна гэж үзвэл сүлжээгээр орон даяар гаргах боломжтой болдог. Монголд олзлогдсон япончуудын тухай сурвалжлага маань эхлээд долдугаар сард энэ хавийн 11 сая хүнд зориулагдаж цацагдаад, дараа нь наймдугаар сард Япон даяар цацагдсан. Шагналын хувьд сүртэй том эд биш л дээ. Манай телевизийн доторхи шилдэг бүтээлийн шагнал. Гол нь өдийг болтол Японы телевизээр цацагдаж байгаагүй дүрс, сэдэв гэдэгт л өгсөн болов уу. Мөн сурвалжлага маань одоо ч үргэлжилсээр байгаа. Монгол руу буцахаараа бүрэн хэмжээний нэвтрүүлэг болгоод гаргая гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан