Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярцогт: Төсөв хүндэрсэн

Б.БИЛГҮҮН

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжих журам гарсантай холбоотой мэдээлэл хийв. Сангийн сайдын үүргийг давхар гүйцэтгэж байгаа тэрээр дээрх хууль эдийн засагт ямар өгөөж авчрах вэ, гэдгийг түлхүү ярьсан. Гэхдээ түүнд болоод одоогийн Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хууль хэрэгжиж дууссаны дараа гарах үр дагаврын бодит тооцоо байхгүй. Олон улсын жишгээр далд эдийн засаг ДНБ-ий 37-41 хувьтай тэнцдэг гэх таамаг, үсрээд 41 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг санхүүгийн урсгалд оруулах л баримжаа бий. Тиймээс гол зорилго нь санхүүгийн жил дуусахад орлогоо нуун дарагдуулж, татвараа худал мэдүүлж, үл хөдлөх болоод хөдлөх хөрөнгийг ил гаргаж, иргэд, хуулийн этгээдүүдийг эхлэлийн баланстай болгоход л чиглэгдэж байна гэж ойлгож болох юм.

Мөн өмнө нь буюу 2007 оны сүүлээр Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар эдийн засгийн өршөөл үзүүлж, 4.5 их наяд төгрөгийг татварын суурь баазад нэмж чадсан. Гэхдээ хууль санаачлагчдын хүссэн хэмжээнд хүртэл нууц хөрөнгө илрээгүй учраас энэ удаад эцсийн хүчээ шавхаж байгаад ч хамаагүй, хуулийн хэрэгжилтийг өргөн хүрээ хамруулна гэж байгаа юм. Үгүй бол, сөрөг үр дагавар ихтэй гэдгийг ч хууль санаачлагчид хүлээн зөвшөөрч байна.

Тухайлбал, 2007 оноос хойш хоёр дахь хууль гарсан нь найман жилийн мөчлөгтэй буюу хоёр парламентын бүрэн эрхийн хугацаатай тэнцэж байна. Эрүүгийн, захиргааны, татварын гээд төрөл бүрийн хариуцлагаас мулталдаг нэг удаагийн хуулийг дахин гаргах хоорондын хугацаа найман жил гэдэг асар богино хугацаанд тооцогдоно. Хуулийг гурван ч удаа өргөн бариад буцаасан гэвэл хоёр дахь хуулийн бэлтгэл ажил нь бараг эхний хууль хэрэгжиж дууссаны дараа эхэлсэн байгаа юм. Үүнээс гадна, манайхтай адил эдийн засгийн суурь баазыг өршөөлийн хууль гаргаж тэлдэг улс орнууд бий. Жишээ нь, улстөрчдийн жишээ татах дуртай Казахстан. Тус улс манай улстай адил эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль баталсан ч, хуулийн заалтууд өөр. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн татварын хүү, торгуулийг л өршөөсөн байгаа юм. Мөн анх удаа үл хөдлөх хөрөнгийг өршөөлд хамруулсан нь ч манай улстай адил байсан бөгөөд хилийн чанад дахь үл хөдлөх хөрөнгийг нь өршөөхдөө тухайн хөрөнгийн үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх шаардлага тавьж байсан юм. Гэвч манай улс сайн дурын үндсэн дээр л бол ямар ч торгууль, хүү төлөхгүй байхаар хуульд тусгасан. Тиймээс хуулийн үр дүн бага гарвал, хууль санаачлагчид ирэх сөрөг дагавар нь их байх магадлалтай. Энэ мэт шалтгааны улмаас хуулийн хэрэгжилтийг хангаж, таамаглаж байсан түвшиндээ буюу ДНБ-ий 41 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний далд эдийн засгийг ил болгож, бүх л нуун далдалсан хөрөнгийг бүртгэх нь Засгийн газрын хувьд бараг даалгавар болоод байна.  

Тусгай дугаар ажиллуулж, хальсанд хадгална

Хууль хэрэгжүүлэх журам бол хамгийн чухал хэсэг. Ямар замаар, хэрхэн хуульд хамрагдаж болох журмыг Засгийн газар өөрөө баталсан. Гэхдээ журмыг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хэсэгчлэн мэдээлэл өгч байна. 2007 онд ч хууль хэрэгжүүлэх журмаас болж, үр дүн бага гарсан гэх шүүмжлэл дагуулсан. Оны сүүлээр батлагдсан хуулийн журмыг батлах гэж Сангийн яам, Татварын газар гэсээр хоёр сарын хугацаа алдаж, нэг газар гэхэд л дангаараа 16 журам гаргаж байсан жишээ бий. Тиймээс энэ удаад Засгийн газар дангаараа журам гаргаж, түүндээ хяналт тавих ёстой гэсэн чиглэлээр ажиллаж байна.

Журмаа ч хурдан хугацаанд баталсан нь хуулийн төслийг бэлдчихсэн байсан, УИХ-аас хоёр гурван ч удаа буцсантай холбоотой бэлтгэл ажлаа хангасантай холбоотой аж. Мөн үл хөдлөх хөрөнгийг бүртгэх бүртгэлийн, татвараас чөлөөлөх татварын гээд харьяа байгууллагууд хүртэл бэлтгэл ажлаа хангаж, хуулийг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой болж.

Цаашид хувь хүн болоод хуулийн этгээдийн татвар, гааль, бүртгэлээс нуун далдалсан хөрөнгийн бүртгэлийг төрийн байгууллагын албан ёсны сайт нээж цахим болоод цаасан хэлбэрээр авахаар болсон байна. Цахим хэлбэрээр цаг хугацаа харгалзахгүй бол, цаасан хэлбэрээр ажлын 18.00 цаг хүртэл бүртгэх нь. Мөн татвар, нийгмийн даатгал, гааль, үл хөдлөх гээд өршөөл үзүүлэх чиглэл бүрээр тусгай дугаар ажиллуулж, мэдээлэл өгөхөөр болж. Эдгээр ажил­чид нууцын гэрээтэй ажиллах бөгөөд харилцан яриаг соронзон хальсанд буулгаж, хадгалахаар болсон байна.

Татварын маргаантай аж ахуйн нэгжүүд
яах вэ


Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжих болсонтой холбогдуулан аж­лын хэсгийнхэн анхны ху­рал­­даанаа хийсэн байна. Хуралдаанд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн хол­боо, Татвар төлөгчдийн үйлд­вэрчний эвлэл, Уул уур­хайн ассоциац, Бизнесийн зөвлөл оролцож хуулийн хэрэг­жилтийг хангах та­лаар ярилцсан юм байна. Бизнесийн байгууллагуудыг хуульд олноор хамруулахын тулд Сангийн сайдын тушаалаар сурталчлах, хууль танилцуулах ажлыг эхлүүлсэн бол хувийн хэвшлийнхэн татварын маргаантай байгаа аж ахуйн нэгжүүдийг өршөөх асуудал хөнджээ. Гэвч Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль сайн дурын үндсэн дээр нуун дарагдуулсан хөрөнгө, бусдын нэр дээр бүртгүүлсэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөө тайлагнаж, өршөөгдөх эрхтэй. Тиймээс мөрдөн байцаалт бо­лоод шүүхийн шатанд байгаа санхүүгийн хэргүүд Өршөөлийн хуульд тавьсан Ерөн­хийлөгчийн хоригийг хэлэлцсэний дараа нэг тийш болох бололтой.

Төсөв 580 орчим тэрбумаар тасарсан

Төсвийн орлогын биелэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарчээ. Зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ уруудаж, хөрөнгө оруулалт багасч байгаа учраас улсын орлогын бүрдэл тооцоолсноос бага гарах нь тодорхой болсон байна. Тиймээс УИХ-ын намрын ээлжит чуулганаар төсвийн тодотгол хийх нь.

Хэдийгээр татварын төлөв­лөгөө, биелэлт төлөвлөс­ний дагуу явж байгаа ч төсөвт хамгийн их орлого оруулдаг Гааль дээр орлогын тасалдал өндөр хувьтай гарсан байна. Энэ нь импорт эрс буурсантай холбоотой. Мөн худалдааны баланс эерэг гарсан нь экспорт импортоо давснаас үүдэлтэй юм. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Энэ нь сайн үзүүлэлт боловч манай эдийн засаг бүхэлдээ агшиж байна гэсэн үг. Яагаад гэвэл гол эдийн засаг импорт дээр суурилсан байдаг учраас эдийн засгийн хувьд агшиж байна. Дээрээс нь дэлхий нийтийн хувьд эдийн засгийн байдал хүнд байгаа. Мөн гол нэр төрлийн түүхий эдийн үнэ унаж, төсөвт тусгаснаас доогуур болж уналаа” гэж тайлбарласан юм.

0 Сэтгэгдэл
Төсвийг баярцогт сангийн сайд болсон төрд орж ирсэнээс хойш хүндэрсэн
yasan muuhai alag vzej bnaa.iim bhad tatvarin urtei aj ahuin hegjvvd tatvaraa tuluh hereggvi.ugaasaaa tuluh bolomjgvi zah zeelees shudarga busaar shahaj bn shvv dee.
Хамгийн их уншсан