Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны үнэ яагаад буураагүйг асуув

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар шатахууны үнийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьж, үнэ бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардлаа. Тэд 2014 оны тавдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар 2015 оны нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдөр 42 ам.доллар болж, дэлхийн зах зээл дээр үнэ нь гурав дахин буурсан нефть бүтээгдэхүүний үнэ манай улсад яагаад бурахгүй байгааг Р.Жигжид сайдаас асуужээ. Тиймээс дотоодын шатахууны зах зээлийн үнийг ганц ч төгрөгөөр буулгах зохицуулалт хийхгүй байгаагийн үндэслэл шалтгааныг тайлбарлаж, УИХ, олон нийтэд мэдээлэхийг Уул уурхайн сайдаас хүссэн байна. 2015 оны нэгдүгээр сард УИХ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг валютаар биш төгрөгөөр тооцож, ингэхдээ нэг ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авдаг болсон нь ам.долларын ханш 1990 төгрөгт хүрсэн өнөөгийн нөхцөлд импортлогчдод томоохон хөнгөлөлт болж байгаа юм.

Мөн шинэчлэлийн Засгийн газар 3.5 их наяд төгрөгөөр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, үүнээс “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нефть импортолдог 12 компанид 190 тэрбум төгрөгийн зээлийг маш бага хүүтэй өгч, Монголбанк нефть импортлогчдод ам.долларыг зах зээлийн ханшаас хямд үнээр олгож ирсэн. Тиймээс дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авах, шатахууны үнийг улсын хэмжээнд ижил байлгах боломж, тооцоо судалгааны чиглэлээр тодорхой мэдээлэл өгөхийг асуулгад онцолжээ.

Түүнчлэн хөдөө орон нутагт иргэд шатахууныг 15-25 хувиар илүү үнээр хэрэглэж байна. Тухайлбал, АИ-92 шатахуун нэг литр нь Улаанбаатар хотод 1660, Ховд аймагт 2100, Дорнод аймагт 1880 төгрөгийн үнэтэй байгаа юм байна. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр асуулгын хариуг ээлжит нэгдсэн чуулганаар сонсгохыг Уул уурхайн сайдаас хүсчээ.

0 Сэтгэгдэл
teneg mongolchuud une buulgaj haragdaach....he he he
Хамгийн их уншсан