Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олныг гайхшруулсан онцгой үйл явдлууд

Л.НОМИН

“Намрын цэцэгсийг ичтэл гоёсон сурагчидтай намын дарга М.Энхболд хамт баярлалаа” гэдэг гарчигтай мэдээ уншаа л биз. Толгой холбон шүлэглэсэн хэтэрхий гоё гарчигтай мэдээ олон нийтийн сүлжээгээр олны нүдийг хужирлаж байна. Сургуулийн хичээлийн жилийн нээлтэд сүр дуулиантайгаар морилон очиж, үг хэлснээ мэдээлэх гэсэн биш ичмээр мэдээний баатар болов. Түүнийг залгуулаад өөр нэг өвөрмөц содон нээлтийг анхаарахгүй байж чадсангүй. Архангай аймгийн Цэнхэр сумын 12 жилийн сургуулийн хичээлийн жилийн нээлтийг нэгэн улстөрч “чимсэн” юм. Найр, наадам наймдугаар сараар шувтарсан гэж бодсон үгүй байж. Хичээлийн шинэ жилийг нээснийг тохиолдуулж уран яруу үг хэлэхээс гадна хурдан морь уралдуулан, бөх барилдуулж, наадам хийсэн байна билээ.
Есдүгээр сарын 1-нд анх удаа наадам хийсэн цор ганц амжилтын эзэн болсон нь дамжиггүй. Тэгээд болоогүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ бэлтгэн сонирхуулахаа ч мартсангүй.

Сургууль, цэцэрлэгийн багачуудад хэн гэдэг дарга ирээд, учир нь үл ойлгогдох  сунж­ралдаж, орооцолдсон үг хэлсэн нь тийм ч сонин биш. Сонгуулийн өмнөх жил болохоор түшээд сонгогд­сон дүүрэг, аймагтаа очиж хичээ­лийн шинэ жилийг нээжээ. Нэр дэвших хүсэлтэйчүүд нь горилж буй аймаг, орон нутгийг зорьсон байна билээ. Зөвхөн нийслэлд л гэхэд УИХ-ын гишүүн, сайд, Засаг даргын орлогч нараас эхлээд 44 дарга даамал есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцсон гэхээр муугүй амжилттай ажилласан бололтой. УИХ-ын гишүүдээс гадна сайд, дэд сайд асан гэх тодотголтнууд есдүгээр сарын 1-нийг зүгээр сууж өнгөрүүлээгүй тухай мэдээлэл хөвөрсөөр.

Бие засах газрын нээлтэд тууз хайчилж зогссон саях­ны үйл явдал бий. Нэг байшингийн буланд хүнсний мухлаг нээгдэхэд очиж ёслол төгөлдөр үг хэлэхээс ч буцахгүй хүмүүс л улс төрд амжилт олно гэж боддог бололтой.  Үе үе телевизээсээ цочиж, сонин хэвлэл эргүүлж, сайт нээж уншихаас ч халгахаар мэдээ түгэх өдрүүд тун ойртжээ. Пиар зөвлөхүүдийн өвөрмөц сэтгэлгээг ойлгож хүлээн авах сэтгэлзүйн бэлтгэлтэй байхгүй бол хуучны цагийг санаг­дуулам утга уянгын мэдээнүүд шоконд ортол цацагдах нь.

Нүүр дүүрэн мишээсэн улстөрчдийн “Ард түмэн минь” гэж эхэлдэг наалинхай яриа, энгийн бус үйлдлүүд олшрох янзтай. УИХ-ын нэр бүхий гишүүд бол шоучин тодотголдоо тийм ч их санаа зовдоггүй юм шиг ээ. Заримдаа бүр ямар хачин жигтэй үйлдэл гаргаж олны анхаарлыг татах вэ гэж толгойгоо гашилгадаг байх. Хэн нь илүү гайхшруулж, олон нийтийн сүлжээгээр нэг өдрийн од болох вэ гэдэг уралдаанд УИХ-ын зарим гишүүн оролцдог юм болов уу. Босоо тодотголын эзэн гишүүд дундаа яахын аргагүй хүчтэй өрсөлдөгч. Түүний нэгэн хачирхалтай үйлдэл сүүлийн өдрүүдэд дахин сошиал од болгосон. Сэргэлэн гишүүн маань Япон эмч нарын олон жилийн турш хийсэн ажлыг сонгогчиддоо барьж буй эрхэм гишүүний бэлэг болгон “илгээж” орхижээ. Японы эмч Акира Сэнда 10 гаруй жилийн турш Монголд багаараа ирж үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж байгааг нь улстөржүүлсэн аж. Эмч нарын үзлэгийн байрны гадна “УИХ-ын гишүүн С.Ганбаатарын урилгаар Япон улсын шүдний эмч нарын багийн урьдчилан сэргийлэх үзлэг гурав дахь жилдээ” гэсэн томоос том зарлал хадсан байсныг япон эмч фэйсбүүк хуудастаа нийтэлж, дургүйцлээ илэр­хийл­жээ. Сумын төвд ца­санд суусан машиныхаа ца­сыг ухаж буй зургаар нэг удаа хуурах гэж оролдоод бүтэл­гүйтсэн. Тэгвэл ээлжит үзүүлбэр нь бас л хууралт байсанд одоогоор тайлбар өгөөгүй л байна. Энэ мэтчлэн гайхам сонин үзүүлбэрүүд УИХ-д суугаа эрхэм түшээдээс өдөр алгасалгүй гарсаар л, гайхшруулсаар л...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан