Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн ууган сургууль дөрөв дэхь хичээлийн байрандаа орлоо

Б.ЦЭДЭВСҮРЭН

Нийслэлийн ууган сургууль болох гуравдугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орж хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Хэдийгээр шинэ хичээлийн жил эхлээд даруй бүтэн долоо хоног өнгөрсөн ч сургуулийн шинэ барилгаа хүлээсэн багш, ажилчид болон сурагчид өчигдөр баяртайгаар сургуульдаа ирсэн юм. Гэхдээ тэдний хүлээлт зөвхөн долоо хоногоор хэмжигдэхгүй. Сургуулийн хуучин барилгын насжилт дуусч, ашиглах боломжгүй учир Мэргэжлийн хяналтын газраас актлаад даруй гурван хичээлийн жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд дөрөв болон 16 дугаар сургууль дээр хуваагдан хичээллэж байсан тус сургуулийнхан ийн шинэ байрандаа оров.

Гурван хичээлийн жилийг өнгөрөөх тэдэнд амаргүй байв

Өнгөрсөн хичээлийн жил 16 дугаар сургууль дээр хичээллэж байсан тус сургуулийнхныг сурвалжлахаар очиж байсан юм. 16 дугаар сургууль дээр дунд болон ахлах ангийн 25 бүлэг хичээллэж байв. Ингэхдээ нэг ангийг голоор нь хувааж хоёр анги болгон хичээллэж байсан юм. Тухайн үед ахлах ангийн хөвгүүд завсарлагаанаараа “Та­най ангид ууртай багш хичээл ороод загнахаар манай ангид сон­согдоод бид нар ч гэсэн загнуулж байгаа юм шиг болох юм” хэмээн хошигнон ярьж байсан. Тус сургуулийнхны зовлон үүгээр дуусахгүй. Учир нь гурван ээлжээр хичээллэж, биеийн тамир, хөгжим, бүжгийн хичээл заал хүрэлцээгүй учир дулааны улиралдаа гадаа орж, хүйтэнд ангидаа онол маягаар орсоор гурван хичээлийн жилийг үзсэн билээ. Тийм ч учраас гурван жилийн өмнө 1800 гаруй сурагчтай байсан сургууль өнгөрсөн хичээлийн жилд 1450 хүүхэд төгсгөсөн. Мөн сургуулийн багш, сурагчдын амнаас “Хурдан сургуулийн барилга ашиглалтад ороосой” гэдэг үг байнга гардаг болсон байв.
Сургуулийн барилгыг ашиглал­тын хугацаа дууссан хэмээн акталсан боловч Нийслэлийн төсөвт сургуулийг буулгах зардлыг суулгаагүйгээс нэг хичээлийн жил алдсан. Энэ нь ч багш, сурагчдаас гадна эцэг эхчүүдийг бухимдуулж байсан нь саяхан.

Хүлээсний эцэст евро стандартын жишиг сургуультай болжээ

Сургуульгүй сургуулийн зовлон амсаж гурван хичээлийн жилийн нүүрийг үзсэн ч гуравдугаар сургуу­лийн­хан шинэ хичээлийн байраа хүлээж авлаа. Тус сургуулийн багш нар идэвхи гаргаж, ашиглалтад орсон байрны цэвэрлэгээгээ өөрсдөө хийсэн гээд тус сургуулийнхан шинэ байраа тэсэн ядан хүлээж байсан нь илт. Тэгвэл хүлээсний эцэст тэд АНУ, Герман улсын жишгээр баригдсан олон улсын стандартыг хангасан жишиг сургуультай боллоо. Шинэ барилга нь сурагч өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлсэн номын сан, интернэт танхим, чийрэгжүүлэлт, урлаг, хөгжим, биеийн тамирын заалтай аж. Ингэхдээ спорт заал нь олон улсын стандарт хэмжээгээр баригдсан, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий цайны газартайгаас гадна багш нарын өрөөг зохион байгуулалттайгаар шийдсэн байна. Хэдийгээр тус сургууль нь нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч  89 өрөө тасалгаатай учир 70 бүлгийн 2800 гаруй хүүхэд суралцах боломжтой талаар тус сургуулийн захирал В.Хоролгарав ярьсан юм.

Санхүүжилт зогссон ч...

Сургуулийн нээлтэд БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн боловсролын газрын Сургалт аргазүй хариуцсан дарга Ц.Жаргалантуул, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан болон ахмад багш нар хүрэлцэн ирсэн байв.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр сургуулийн нээлтэд хэлсэн үгэндээ тус сургуулийн барил­гыг гүйцэтгэсэн “Алтанбулаг трейд” ХХК-нд талархал илэр­хийлсэн. Учир нь ууган сургуу­лийн шинэ барилгын ажилд улсаас тэрбум орчим төгрөг төсөвлөсөн ч санхүүжилтээ өгөөгүй байна. Тиймээс гүй­цэтгэгч “Алтанбулаг трейд” ХХК өөрийн хөрөнгөөр барьж, арав гаруй сарын хугацаанд ба­рилгыг ашиглалтад оруулжээ.
Л.Гантөмөр сайд “Сургуу­лийн барилга төлөвлөсөн ху­га­цаанаас нь өмнө ашиг­лалтад орж байгаад маш их баяртай байна. Энэ сур­гуу­лийн байрны зураг төсөл хүүх­дийн сурах орчинг дэм­жиж өгсөн сайн зураг. Цааш­даа хотын удирдлагууд сур­гуу­лийнхаа орчин, зургийг гурав­дугаар сургуулийн зу­раг­наас жишиг авч барина гэ­сэн төлөвлөгөөтэй байна. Эдийн засаг, санхүү хүнд бай­гаа ч компаниудтайгаа ойл­гол­цож аль болох түрүүлж ашиг­лалтад авахын төлөө ажиллаж байгаа. Гуравдугаар сургуулийн барилга 2016 онд ашиглалтад орно гэж байсан боловч хугацаанаасаа өмнө ашиглалтад өгч байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед өөрийн хөрөнгөөр сургуулийн барилгыг барьж, хугацаанаас нь өмнө ашиглалтад өгч байгаа барилгын компанид маш их баярлаж байгаагаа илэрхийлье” гэв.
Тус сургуулийн захирал В.Хоролгарав “Манай сургууль түүхэндээ дөрөв дэх хичээлийн байрныхаа нээлтийг хийж байна. Анх 1921 онд одоогийн “Улаанбаатар” зочид буудлын буйран дээр “Монголын цахилгаан мэдээний байшин” гэдэгт байгуулагдсан түүхтэй. 1960 онд энэ барилгын өмнө байсан улаан шаргал байшинд нүүж ирсэн. Өнөөдөр 94 дэх жилийн хичээлийн шинэ жилээ нээж байна. Энэ хичээлийн жил манай сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад орж байгаад маш их баяртай байна. Батлагдсан төсвөөр манай хичээлийн байр 2016 онд ашиглалтад орох ёстой байсан. Гэхдээ шат шатны удирдах ажилтнуудын дэмжлэг тусламжтайгаар хугацаанаасаа өмнө ашиглалтад орж байгаад баяртай байна. Сургуулийн барилгыг “Алтанбулаг трейд” ХХК арван сарын хугацаанд барьж дууслаа. Хүүхдүүдэд хичээлийн шинэ, таатай орчин бүрдүүлж өгч байгаа учраас тэдний сурах үйлсэд хийж буй томоохон хөрөнгө оруулалт” хэмээн ярьсан юм.

Харин Нийслэлийн бо­ловс­ролын газрыг тө­лөөлж сургуулийн нээлтэд оролц­сон Нийслэлийн боловс­ро­лын газрын Сургалт арга­зүй эрхэлсэн дарга Ц.Жар­галан­туул “Нийслэлийн ууган сур­гуу­лиудын насжилт дуусч бай­гаа учраас актлагдсан хэд хэдэн сургууль байна. Гурав­дугаар сургууль маань тэднээс хамгийн түрүүнд шинэ байрандаа орлоо. Ирэх арваннэгдүгээр сард 11 дүгээр сургуулийн барилга араас нь ашиглалтад орно. Тус сургууль нь нэг ээлжиндээ 960 хүүхэд хичээллэх хүчин чадалтай. Хоёр ээлжээр хичээллэхээр 1900 гаруй хүүхдийн багтаамжтай гэсэн үг. Тиймээс хамран сургах тойргийн хүүхдүүд тус сургуульд элсэх бүрэн боломж байна. Хэдийгээр үүний цаана 1000 гаруй сурагч хүлээн авах нөөц байгаа ч тус сургуулийг гурван ээлжээр хичээллэхгүй байх бодлого барьж байна. Нийслэлийн боловсролын газ­раас сургууль, цэцэрлэгийн ба­рилгын судалгааг нарийн гар­­гасан. Өмнө нурсан хой­но нь акталдаг байсан бол одоо нурахаас нь өмнө акт­лах боломж бүрдээд байна. Энэ онд цэцэрлэгийн олон барил­гын ашиглалтын хугацаа дуусч байгаа. Гэсэн ч Нийслэлд өнөө жил 112 сургууль, цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Ингэхдээ улсын төсвөөр, нийслэлийн төсвөөр, концессоор барих юм” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан