Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлчдийг шударга үнэний талд зогсохыг уриаллаа

Т.ЦЭЛМЭГ

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өчигдөр мэдээлэл хийж, уриалга гаргалаа. Сүүлийн үед сэтгүүлчдийн нэр төрд халдсан мэдээлэл гарсантай холбоотой болон Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрийг барьсан үйлдэл гарсан зэрэг асуудлыг энэ үеэр хөндсөн юм.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Бид олон жилийн туршлагаас харахад манай хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчин төдийлэн сайжраагүй. Ийм тохиолдолд бид үндэслэлгүй, баталгаагүй, захиалгат мэдээллийг олон нийтэд түгээх юм бол сүүлд нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч буруутан болж үлддэг жишиг, жишээ нэлээд анзаарагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, түгээхийг хүсэж, зорьж байгаа аливаа мэдээллийг нэг бүрчлэн нягталж, олон эх сурвалжаас баталгаажуулсны үндсэн дээр цацаж байхгүй бол тун эвгүй байдалд орох, хэвлэл мэдээлэл өөрөө эдийн засгийн болоод бусад хуяг цензурт автах байдал бий болж байна. Сэтгүүлчид бид л шударга үнэнийг хэлэхгүй бол өөр хэн ч хэлэхгүй. Улс орны эдийн засаг, нийгэм ямар байгааг бид мэднэ. Сүүлийн үед сэтгүүл зүй Пи-Ар  хоёрыг ялгахад хэцүү боллоо. Та биднийг хүссэн хүсээгүй сэт­гүүлчийн мэргэжлийг төлбөртэй байдлаар ажилла­даг хэлбэр рүү оруулахыг эрмэлзэж байна. Түгээмэл ч боллоо. Ийм учраас бид аль болох үнэнийг мэдээлэхийн төлөө явъя.  Авлигачдын мөн­­гөөр амаа үдүүлэхгүй ажлаа хийе гэсэн уриалгыг дэвшүүлж байна. Маш олон хуульд эгзэгтэй нөхцөл байдал үүссэн. Камер харахаараа шударга хүн болж харагддаг. Цаанаа эсрэг кноп дардаг гишүүдийг бид олонд таниулах ёстой. Наанаа эх оронч дүр эсгээд цаанаа муу үйл хийдэг хүмүүсийг үнэн бодитоор нь таниулах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй ажиллаж Ардчиллын гол шалгуур болсон хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалахын тө­лөө ажиллахыг хүсч, уриалж байна. Сэтгүүлчдийн нэрийг барьдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг барьдаг, цааш­лаад МСНЭ-ийн нэр барьж хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хам­гаалах, чадавхижуулах нэрийн дор мөнгө олох, элдэв төрлийн хөнгөлөлтөд хамрагдах, төсөл хэрэгжүүлэх, арга хэмжээ, гадаад аялал зохион байгуулах оролдлого цөөн боловч гарч байгаа.  Манай байгууллагын нэрийг барьж Сэтгүүлчдийн эвлэлийн дансанд 10 сая төгрөг хийсэн гэж тайлагнаад сууж байсан УИХ-ын гишүүн хүртэл байна. Ийм үйл явдал огт болоогүй.

Энэ байдал юуг харуулж байна вэ гэхээр сэтгүүлчдийн байгууллагыг мөнгө олох нэг арга хэрэгсэл болгож ашиглаж байгааг харуулаад байна” гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар Хүй долоон худагт болсон “Даншиг наа­дам-Хүрээ цам”, Чингисийн талбайд болсон “Алдрын од” арга хэмжээг 20 сэтгүүлчид тус бүрт нь 700 мянган төгрөгийн урамшуулал өгсөн гэх баримт цацсан. 11 телевиз, өдөр тутмын дөрвөн сонин, мэдээллийн таван сайтын нийт 20 сэтгүүлчдээс гарын үсэг хуурамчаар зурсан гэдгийг илэрхийлж холбогдох газруудад тодруулах хүсэлт гаргасан. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын там­гын газраас хариу бол­гож мэдэгдэл хүргүүлсэн. Сэтгүүлчид ямар нэг байдлаар мөнгө авч мэдээ бэлтгээгүй гэдгээ Нийслэлийн Засаг даргад уламжилж, нягталж, шалгаж өгөхийг хүссэн билээ. Сэтгүүлчдийг 200 болон 500 мянган төгрөг авсан гэж гарын үсэг зурсан баримтыг хуурам­чаар үйлдсэнийг мэдэгдэлд дурд­жээ. Тиймээс хуурамч би­чиг баримт үйлдсэн асууд­лыг хууль хяналтын байгуул­ла­­­гаар шалгуулахаар болсон байна. 
 
Энэ талаар Монголын Сэтгүүлч­­дийн нэгдсэн эвлэлээс ч байр сууриа илэрхийллээ. “Даншиг наадам болон “Алдрын од” арга хэмжээг сурвал­жилсан нэр бүхий 20 байгууллагын сэтгүүлчдэд 700,000 төгрөг өгсөн гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнийг МСНЭ анхааралдаа авч, тухайн хэвлэл мэдээллийн байгуул­лага, сэтгүүлчтэй холбогдож мэдээлэл авсан. Ингэхэд гарын үсэг нь хуурамч гэдгээ сэтгүүлчид хэлсэн. Мөн тухайн байгууллагууд өөрсдөө НЗДТГ-т хандаж, албан бичиг хүргүүлсэн байна. Энэ хүрээнд НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд руу албан бичиг явуулж хуурамч бичиг баримт байна гэж мэдэгдсэн” гэж МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг хэллээ.

УРИАЛГА

Эрхэм сэтгүүлчид ээ!

Та бид чин шудрагыг дээдлэж, гагцхүү Үнэнд үйлчлэх эрхэм хариуцлагыг нийгмийн өмнө хүлээсэн онцгой салбарынхан билээ. Гэтэл улс орны хөгжил дэвшил, ардчиллын хувь заяатай холбоотой амин чухал асуудлуудын талаархи бодит үнэнийг олон нийтэд хүргэхгүй байх зорилгоор элдэв хэлбэрийн гэрээ тохиролцоо хийх, хэвлэл мэдээллийнхний амыг мөнгөөр таглах оролдлого сүүлийн үед эрс идэвхжиж эхэлсэн мэдээлэл бидэнд олноор ирж байна. Улс төрийн орчин ээдрээтэй, олон нийтийн санаа бодолд хувийн болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс өөртөө ашигтайгаар нөлөөлөх оролдлого ийнхүү идэвхэжсэн өнөө цагт шудрага үнэний тугч нь байж, зөв мэдээлэл хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийнхээ нэр хүндийг өргөхийн тулд дараахи асуудалд анхаарлаа хандуулахыг та бүхэнд уриалж байна. Үүнд:

1. Ардчиллын хувь заяаг цөөнхийн эрх мэдлээр дарангуйлан хумихыг оролдож буй ийм ноцтой цаг үед хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид та бид л шударга үнэний талд зогсож бодит мэдээллийг олон нийтэд хүргэхгүй бол өөр хэн ч чадахгүй. Иймд нийгмийн онцгой хариуцлагаа ухамсарлаж, авлигачдын мөнгөөр амаа үдүүлэхгүй байх нь ардчиллын хувь заяаг аврахын төлөө та бидний хийж чадах сайн үйлийн нэг тул эрхэм зорилгоо болгохыг уриалж байна.

2. Өршөөлийн тухай хууль зэрэг үнэний шалгуур болсон ноцтой асуудлуудаар УИХ-ын гишүүн, нөлөө бүхий улстөрч бүр ямар байр суурьтай байгаа, хэрхэн санал өгснийг нь байнга тодруулан мэдээлж, хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд ойлгуулах нь сонгогчдод зөв сонголт хийх боломж олгон ардчиллын хувь заяаг аврахын төлөө та бидний хийж чадах бас нэгэн сайн үйл тул хичээхийг уриалж байна.

3. Монголын сэтгүүлзүйн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн нэр барьж хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, чадавхижуулах нэрийн дор мөнгө олох, элдэв төрлийн хөнгөлөлтөд хамрагдах, төсөл хэрэгжүүлэх, арга хэмжээ, гадаад аялал зохион байгуулах оролдлого цөөн боловч гарч байгаа тул манай байгууллагатай холбоотой аливаа асуудлаар заавал холбоо барьж тодруулсны эцэст шийдвэр гаргаж байхыг уриалж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан