Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭҮК Сүхбаатар дүүргийн шүүх цагдаагийн экс дарга нарын эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэв

Хүний эрхийн үндэсний комисс Сүхбаатар дүүргийн шүүх цагдаагийн экс дарга нарын эрхийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Тус шүүхийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, цаашид ийм үйлдэл гаргуулахгүй байх саналыг тус комиссын дарга Ж.Бямбадорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригтод хүргүүлсэн байна.


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА  Ц.ЗОРИГ ТАНАА


Санал хүргүүлэх тухай


ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй иргэн Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарын ар гэрийнхнээс Хүний эрхийн үндэсний комисст хандаж гаргасан гомдолдоо: “2012 оны 6 дугаар сарын 6, 7-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын эрхийг ноцтойгоор зөрчиж, өмгөөлүүлэх эрхийг нь хангахгүйгээр хэргийг шүүн хэлэлцүүлж, ял шийтгэлээ. Мөн шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдал хүнд байгаа тул нарийн мэргэжлийн эмнэлгийн хяналтад эмчлүүлэх шаардлагатай байна” гэжээ.

Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, түүний дагуу хийсэн ажиллагаа, судалгаа болон Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдээллээс үзэхэд 2012 оны зургадугаар сарын 6, 7-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд болсон Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Зоригтын өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй, бусад шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй, тийм боломж олдоогүй байхад шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулсан байна.  

Анхан шатны шүүх Монгол Улсын нэгдэн орсон болон соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан шүүгдэгчийн эрхийг зөрчиж, өмгөөлөгчөө сонгон авах, өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлүүлэх, шүүх хуралдаан дээр улсын яллагчтай мэтгэлцэх  эрхийг  зөрчсөн гэж үзэж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал-ын 11 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэгт буруутгагдаж байгаа хэн боловч өмгөөлүүлэх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй.”,  “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт-ын 14 дүгээр зүйлийн 3-т “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй” гээд тус хэсгийн (b) заалтад “өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх, сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцах” гэж, (d) заалтад “хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах, өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх; өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь мэдэгдсэн байх;  шүүн таслах ажлын эрх ашиг шаардаж байвал ямар ч тохиолдолд, өөрт нь томилсон өмгөөлөгчтэй байх...” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” Шүүхийн тухай  хуулийн 9.1-д  “шүүгдэгч болон шүүхээр эрхээ хамгаалуулж байгаа аливаа этгээд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө чөлөөтэй сонгон авах, хэргийн баримт сэлттэй танилцах эрхтэй.”, 9.2 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 9.1-д заасан эрхийг шүүгдэгчид тайлбарлаж, энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангах үүрэгтэй.”  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.4 дахь хэсэгт “...шүүгдэгч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг ...  шүүх хангах”, 241 дүгээр зүйлийн 241.2 дахь хэсэгт “Өмгөөлөгч  ирээгүй бөгөөд түүнийг солих боломжгүй бол хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулна.”, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Прокурор, өмгөөлөгч,  иргэдийн төлөөлөгч  шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж бичгээр шүүхэд заавал мэдэгдэх бөгөөд шүүх хуралдаанд  прокурор,  өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах  үндэслэл болно.”  гэж тус тус заасан байна.

Иймд Монгол улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль, Олон улсын гэрээгээр  баталгаажуулсан хүний эрхийг зөрчсөн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хуралдааны явцад гарсан зөрчлийг арилгах, дахин ийм зөрчил гаргуулахгүй байх  арга хэжээ авахуулах саналыг Танд уламжилж байна.
    

ХЭҮК-ЫН ДАРГА:                               Ж.БЯМБАДОРЖ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан