Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Мөнхсайхан: Бидний хурдаас давж бичих зохиолч хэрэгтэй байна

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Гудамжинд таарахад нүдний шил зүүсэн майгадуу тэгээд бас яравгар эр тайзан дээр гарахаараа төрөл арилжсан мэт олон дүрд хувилах. “Маск” продакшнаар овоглож хошин урлагийн гал голомтыг өргөлцөж яваа түүний бас нэг өөр дүрийг “Хунгийн сүүлчийн дуу”, “Хайр харуусал” зэрэг уран сайхны киноноос харж болно. УДЭТ-ын тайзнаас урлагийн амьдралаа эхлүүлсэн тэр хүн бол жүжигчин Ж.Мөнхсайхан. Түүний олон хөг шингэсэн урлагийн дүрийг түр хойш тавиад хувь хүнийх нь ертөнц рүү бага ч гэсэн өнгийснөө уншигчдадаа өргөн барьж байна.

-Таныг тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүйг анзаарлаа. Тиймдээ ч жүжигчний ажил мэргэжил болоод уран бүтээл, хувь хүн талаас тань ярилцъя, танилцъя гэж бодсон юм?
-Би боддог юм, уран бүтээлч хүнийг уран бүтээлч талаас нь мэддэг нь мэднэ мэдэхгүй нь мэдэхгүй. Ер нь, ийм байх нь өлзийтэй гэж боддог. Түүнээс миний амьдрал огт хөндлөнгийн хүнд ямар хамаа байхав. Хувь хүнд, гэр бүлд нь эрхэм зүйл гэж байдаг даа. Тэрнээс миний юу өмсч зүүх, идэж уух нэг их сонин биш байлтай. Ирчихээд л энэ мэт юм асуугаад байдаг хүмүүс бий, тиймдээ ч би сонин хэвлэлээс жаахан хол байхыг хичээдэг. Тэгээд ч надад уран бүтээлч хүний хувьд уран бүтээлээ хийгээд, эр хүний хувьд ар гэрээ авч явах, хоёр идүүлэхгүй хоосон хонуулчихгүй байх ийм л эрхэм үүрэг, зорилго байдаг. Бусадтай л адил. Эмээ дээрээ өсөхөөр их уяхан болчихдог санагддаг юм. Тэр хүн аливаа юманд эх хүний, өрөвч зөөлөн сэтгэлээр ханддаг нь хормойноос нь зүүгдэж өссөн үр ач нарт нь шингэчихдэг юм уу гэж бодогддог юм.

-Жүжигчин болох хүсэл, сэдэл хэзээнээс төрсөн бэ. Тайз, дэлгэцийн урлагт хүчин зүтгэх сэдэл хаанаас төрөв?
-Бидний ярьж хэвшсэнээр алтан үеийнхний бүтээн туурвисан олон сайхан уран бүтээл намайг энэ зам руу хөтөлсөн л дөө. Монголын уран сайхны кинонуудын дий­лэн­хийг нь цээжээр мэднэ. Гүн гүнз­гий шимтэж үзсэнээсээ л болдог байх, ямартай ч би монгол кинонуудыг нэг мэдэ­хэд л цээжилчихсэн байсан.
Түүнчлэн, арван жилд байхад урлагийн үзлэг гэж айхтар том соёл, урлагийн арга хэмжээ болдог байсанд манлайлан оролцдог байв. Мөн аав маань намайг их багад, арван жилээ ч төгсөөгүй байхад өөд болчихсон юм. Өөд болохоосоо өмнө ээжид нэг л юм захисан гэдэг. “Энэ хүүхдийг урлаг бараадуулаарай” гэж. Ингээд аавын захиас өөрийн урлагт шимтэж байсан сонирхол хоёр маань нэгдэж энэ зам руу хөтөлсөн дөө. Улмаар арван жилээ төгсөөд тэр жилдээ СУИС-д конкурсдаж унаад дараа жил нь дахиж өгөөд бас унаад. /инээв/ Тэгээд гурав дахь жилдээ сая нэг тэнцсэн дээ.

-Таны аавд нэг баримжаа байж дээ?
-Тийм тийм, эцэг хүн гэдэг үр хүүхдээ аль тийшээ хандаж байгааг мэддэг, мэдэрдэг юм билээ. Би өөрөө одоо л мэдэрч эхэлж байна. “Энэ хүүхдийг нэг ийм юмаар явуулчих юмсан” гэсэн аавын минь тэр бодол, мэдрэмж хэрэгжээд одоо хүү нь ингээд явж байна. Би ч гэсэн аавынхаа захисны дагуу нэрийг нь дуудуулаад явж байгаадаа баяртай байдаг.

-“Өнгөт инээд” продакшнаас өрх тусгаарлаж “Маск”-ийг байгуулаад есөн жил өнгөрч?
-Энэ зүгээр жам юм л даа, хүүхэд өсч өндийгөөд өрх тусгаарлаж айл болдог. Эцэг эх нь сайн сайхныг ерөөж эрийн цээнд хүрсэн хүүгээ айл болгодог. Яг л үүний адил “Өнгөт инээд” гэж өрх айлаас “Маск” гэх бас нэгэн айл төрсөн хэрэг. Анх бид хошин урлагт юугаа ч мэдэхгүй хүүхдүүд орж Хүслээ ах, Өлзий эгч хоёрын гар дээр очсон. Улмаар хошин урлагийг яаж хөгжүүлэх, асуудлыг аль талаас нь харж тайзнаа тавих, инээд хөөр гэж юу вэ гээд их ч зүйл сурч, ойлгож, таньж авсны дараа бид гурав нийлж өрх тусгаарласан хэрэг. Миний хувьд 1996 оны хавар, таван сард СУИС-ийг төгсч тэр оныхоо есдүгээр сарын 11-нд Улсын драмын эрдмийн театрт орсон байдаг юм. Тэр театрт, тэр тайзан дээр би зургаан жил ажиллаж хөдөлмөрлөсөн. Дараа нь одоогийн “Шилдэг өнгө” буюу тухайн үеийн “Өнгөт инээд” продакшнд ажиллаж байгаад 2006 оны наймдугаар сарын 7-нд Монголын хошин урлагийн “Маск” гэгч продакшныг нөхдийн хамт үүсгэн байгуулж өдий хүртэл явж байна даа.

-Танай зарим номерыг үзээд эрхгүй огших, омогших тохиолдол байдаг. Жишээ нь, “Бэр гуйсан нь” буюу үзэгчдийн сайн мэдэхээр “Үхэртийн хөндий манайх” байна. Түүнчлэн, “Цэргийн хар” гээд эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй номер цөөнгүй...?
-Хошин урлагт одоо нэг л гарц байна. Бидний, хошин урлагийнхны хийж байгаа дайны хурдаас давж, нийгэмд доголдоод буй асуудлыг бидний нүдээр харж бичиж чадах зохиолч хэрэгтэй. Товчхондоо зохиол бичдэг хүн байхгүй болчихсон. Тиймдээ ч бид өөрсдөө зохиолчийн ажлаа хийж байна, хоёрдугаарт хувцас эдлэл гээд урлан бүтээх ажлыг ч өөрсдөө л шийдэж байна. Дээр нь тайзны скиз, шийдлийг ч бараг өөрсдөө гаргачихдаг болж. Гүйцэтгэлийг нь л өөр хүн хийхээс хувцас, тайз гээд бүх санаа шийдэл биднээс гардаг. Зохиолоо ч найруулна. Гэсэн ч хийхгүй суух аргагүй. Манай продакшны номер, үзэгчдэд хүргэх гэсэн санаа, уран бүтээлийн цаад агуулгыг үзэгчид ойлгож, ярьдаг л даа, би үүнд их баяртай байж урамшдаг. Ер нь, эцсийн эцэст хамгийн шударга, ил цагаан байдаг шүүгч бол үзэгч олон. Тэр бүх хүний инээд, алга ташилт, уухай бидэнд урам өгч, зөв явж байгааг минь мэдрүүлдэг.
Яахав, хошин урлагийнхан хий марзагнаж байна гэх мэтээр хүмүүс янз янзаар л ярьдаг. Гэхдээ би үүнд нэг их эмзэглээд байдаггүй юм. Хүний хийсэн бүтээсэн болгон бусдад 100 хувь таалагдах албагүй. Таалахгүй нэг нь санал бодлоо хэлж байх хэрэгтэй. Түүнээс нь бид алдаа оноогоо дүгнэж явах ёстой гэж боддог. Манай өрөөний хананд “Маск” продакшны бүх тоглолтын зурагт хуудас он, сартайгаа хадаатай байдаг. Өнөөдөр тэднийгээ харж суухад талаас илүү хувь нь эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй байна лээ. Би бодохдоо, бидний судсаар монгол цус гүйж, бидний цээжинд монгол зүрх цохилж байгаа учир ийм сэдвийг илүү хөнддөг болов уу. Нэг мэдэхэд л зохиол, хувцас хэрэглэл, тайз бэлэн болчихсон байдаг. Сүүлд анзаарахад аль нэг номер нөгөө л сэдвийг хөндсөн, барьж авсан харагддаг. Инээд наргиа гэдэг нэг талаар шүүмж. Хүнд хөмсөг зангидаж хэлээд ухааруулж чадаагүй үгийг инээд хөөр болгон зөөллөж хэлэхэд тухайн үедээ инээгээд өнгөрсөн ч тоглолтоос гараад явж байхдаа “Нээрээ л тийм шүү” гэж бодох жишээтэй. Энэ мэт үзэгчдээсээ үнэлгээ авч, алдаа оноогоо дэнслүүлж суух сайхан л байдаг юм.

-Хүмүүс хошин урлагийг олон талаас хүлээн авч байна. Нэг үе “Манай хошин шогийнхон эмээгийн дүрээс хэтэрхээ байлаа” гэх мэтээр харж, хандаж байсан. Тиймдээ ч тайзнаас гадна дэлгэцийн уран бүтээл рүү хошуурах нь их боллоо. Энэ цаг үеийн шаардлага уу эсвэл үзэгчдийн хэрэгцээ юу?
-Энэ ийм учиртай юм. Хошин урлагийн жүжигчин гэдэг хичээл Соёл урлагийн их сургуульд ордоггүй, байдаггүй. Харин жүжигчний уран чадвар гэж бий. Нөгөө жүжигчин маань сургууль төгсч гараад аль төрөл жанр өөрт нь илүү ойр вэ гэдэг тухай бодож тунгаана биз. Хэсэг хугацаанд ажилласны дараа ч өөрийн байх ёстой газраа олж очих нь бий. Зарим нь яагаад драм тал руугаа байхад өөр нэг нь хошин урлагийг таашаагаад байна гэдэг тухайн хүнээс л шалтгаална. Жүжигчин хүн өөрөө хүснэ. Бид “Хайр харуусал” гэж мелодрам чиглэлийн кино хийсэн. Энэ бүтээлд ямар нэг инээд хөөгөөгүй, угаасаа ч инээд байх ёсгүй ситуаць байсан. Ер нь ч тэгээд насаараа кино урлагт зүтгэсэн хүн ч бай театрын тайзанд нэг удаа ч болов гарч, тэр дүрийг нэг бүтээгээд үзэхсэн гэж боддог. Эмгэнэлт, инээдмийн одоо энэ орчин цагийн ямар л төрөл жанрууд байна бүгдэд нь тоглож үзэхийг хүсч байгаа. Мужаан хүн ганцхан сандал хийгээд байхыг хүсдэггүй биз. Ор, авдар, ширээ гээд хийнэ. Яг үүнтэй адил. Тиймээс хошин шогийн үзэгч багасч жүжигчид нь өөр чиглэл рүү орж байна гэж ойлгож болохгүй. Бид гар утасны үйлдлийн систем гарахад сайжруулалт хийдэгтэй адил жүжигчин хүн ч өөрийгөө өдөр тутам сайжруулах, өөр дүрд сорих хүсэл эрмэлзэлтэй явдаг. Гэхдээ ингэж ойлгох нь цөөн л дөө, “Эд нар түр зуур хошин шогоор явж байгаад одоо үндсэн ажлаа хийх гэж байна” гэж харах нь ч бий. Гадуур ингэж ярьж байгаа нь үнэн. Би энэ тал дээр үгүйсгэлтэй хандана шүү.

-Та бүхний ажлыг хүндэтгэх, зөвтгөх зүйл бол нийгэм ийм бухимдалтай үед үзэгчдэд инээд хөөр бэлэглэж байгаа явдал. Нэг талаар буянтай ажил гэж болохоор?
-Миний хувьд хийж буй ажлаараа бахархаж байгаа нэг зүйл наадах чинь. Бид энд бэлдэж бэлдэж хэдэн удаа тоглоно, нөгөө уур бухимдалдаа бачуурч, өр шир, лизингдээ уягдсан хүмүүс чинь орж ирээд хоёр цаг ч гэсэн тэр зүйлээ мартаг л дээ. Элдвийг бодолгүй инээж инээж гарахдаа бас болоогүй нэг юм бодож, тунгааж харина.

-Би зарим хүнийг инээдэг болов уу гэж гайхдаг юм. Хүнд суртал нь хэрээс хэтэрсэн тө­рийн албаныхан, зүй ёсны харилцааны соёл­гүй цагдаа, эмч гээд үйлчил­гээний ажилтан мэргэжилтнүүд ч байна. Ер нь, таны бодлоор инээд хөөр гэж юу вэ?
-Бусдад өгч болох хамгийн том үнэгүй бэлэг юм. Өгч байгаа хүнд гарз­гүй, авч байгаадаа асар их ач холбогдолтой зүйл. Товчхондоо, инээмсэглэл гэдэг эмгүйгээр эмчлэх арга юм уу даа.

-Таныг театр байгуулах мө­рөөдөл өвөрлөж явдаг тухай сонссон юм байна. Тамирчин бүр олимпын наадамд тоосоо өргөхийг эрмэлздэг байх. Үүнтэй адил жүжигчин бүрт өөрийн гэсэн театр бай­гуулах хүсэл байдаг биз?
-Тэгэлгүй яахав, байлдагчийн халаасанд генералын мөрдөс явдаг гэдэг шиг жүжигчин бүр сэтгэл­дээ театртай болох хүсэл тээж явдаг байх. Угтаа, “Маск” гэдэг таеатр л даа. Гэвч өөрсдийн гэсэн театртай болох тухай мөрөөдөөд байгаа хэрэг. Хүний газар ирж тоглодоггүй, тэнд зөвхөн “Маск”-ийн фэнүүд цугладаг, халуун дулаан уулзалтаа хийдэг, үзэгчидтэйгээ ярил­цаж суудаг, жүжгийн дараа ч юм уу жүжигчин, үзэгч ялгаагүй уран бүтээл ярьдаг, тэндээ тоглодог бараг тэндээ амьдардаг ч байсан хамаагүй. Нэг ийм зүйл л мөрөөдөж явдаг юм. Хүн том мөрөөдөж байж том амьдардаг байх гэж ойлгодог. Түүнээс маргааш яаж талх олж идэх вэ гээд суугаад байвал хэцүү, нөгөөдөр, нөгөөдрийн цаад өдөр гэж бий. Тэгэхээр олон жилийн дараахь амьдралаа сэтгэлдээ зураглаж, нүдэндээ харж амьдрах нь зөв болов уу гэж санадаг.

-Театрын алтан тайз гэж ярьдаг шүү дээ. Та тэр тайзан дээр амьдарч байна. Гэтэл тэр алтан тайзан дээр чадварлаг боловсон хүчнээ аргамжиж авч үлдэж чадахгүй байх шиг санагддаг?
-Жүжигчин хүний хувьд гарч буй тайз бүр нь алтан байдаг. Түүнээс мөнгө, хүрэл тайз гэж байхгүй л дээ. Тухайн хүн гарч буй тайзаа хэрхэн хүндэлнэ тэр нь алт болж хувирдаг.

-“Хунгийн сүүлчийн дуу” киног үзээд яагаад ч юм тантай уулзаж ярилцах хүсэл төрсөн юм...?
-За,

-Эхний удаа дутуу үзчихээд сүүлд зорьж байж дуусгасан юм...
-Чи юу ойлгов тэр киноноос, юу нь чамд сайхан санагдав.

-Уран бүтээлч тэр дундаа жүжигчин хүн тангараг өргөөгүй ч тайзнаа гарсан л бол хөшиг хаагдтал зохиол, тайзны нэг хэсэг байж соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэх тушаалыг өөртөө өгдөг юм байна гэж бодсон. Тиймдээ ч та бүхний ажлыг өмнөхөөсөө ч илүү хүндэтгэж, ойлгодог болсон гэж болно?
-Чи сая гоё зүйрлэл хэллээ л дээ. Эмч, цэрэг хоёр бол эх орон, ард түмнийхээ өмнө тангараг өргөдөг. Харин манай мэргэжил хэдий тангараг өргөөгүй ч өргөсөн мэт үүрэг даалгавраа бүх сэтгэл зүрх, амь амьдралаараа гүйцэлдүүлж явдаг. Би олон жишээ хэлж чадна. Ойр дотны хүнээ алдсанаа дөнгөж дуулаад тайз руу гарч байсан хүн ч бий. Зүгээр нэг гарах бус инээдмийн номерт тоглоно. Хүнээс бие сэтгэлийн асар их тэвчээр шаардана биз дээ. Жүжигчин хүн чаддаг, нулимсаа нууж, залгиж байгаад хийх ёстойгоо хийдэг. Энэ нь цаанаа ард түмэндээ хийсэн бүтээснээ үзүүлж, харуулж сэтгэлийн цэнгэл, ухаарал хайрлах ёстой гэсэн хүмүүжилтэй холбоотой. Хоёрдугаарт, зааланд үзэгчид орж ирээд суусан л бол жүжигчин хувь асуудлаа хоёрдугаарт тавьдаг. Багш маань ч сургаж байсан. Урлаг бол нэг дэг гэж. Энэ нь жүжигчний мэргэжил дээр тод харагддаг. Дээд курсийн ах, эгч нарыгаа хүндлэх хүндлэл гэдэг бөхчүүдийн дэг жаягтай дүйнэ. Мөнгө биш шүү, зөвхөн үзэгчид гэдэг шалтгааны улмаас тайзан дээр хөл тавьдаг, тийм ч байх ёстой. Гавьяа шагнал, гар хүндрүүлэх зүйл горилж тайзнаа гарч болохгүй, аль ч урлагийн төрөл бай хамаагүй. Тэнд долоон хүн байна уу, 700 хүн байна уу хамаагүй. Үзэгч бол үзэгч. Зорьж ирсэн үзэгчдийн тоо, нийгмийн гарал угсаагаар нь харж болохгүй. Энэ л чиний хэлсэн соён  гэгээрүүлэх үүргийн эхлэл юм болов уу.

-Кинонд таны бүтээсэн дүр болох Баатарын эхнэр хэлдэг. “Би ажил мэргэжилтэй чинь суугаагүй” гэж. Жүжигчин тэр дундаа хошин урлагийнхан цаг зав муутай улс. Энэ бүхнийг гэр бүлийн тань хүн, үр хүүхдүүд тань хэрхэн хүлээж авдаг бол?
-Миний ажил мэргэжлийг ойлгодогтоо л өдий олон жил хажууд минь байгаа болов уу. Ойлгоогүй бол “Хунгийн сүүлчийн дуу”-нд гардаг шиг хоёр тийш болох байсан байх. Азаар ойлгодог хүнийг олоод авчихсандаа баяртай байдаг юм. Би ажлаа тайван хийж чадаж байна, ар талыг тэр хүн дааж чадаж байна. Мэдээж, мэргэжил бүхэн хүнд. Гэхдээ цаг нарны хувьд манайх арай өөр. Орой үдэш сургуулилттай, тэр нь шөнө дөлөөр дуусах нь ч бий. Хүмүүс баяр ёслолоор халуун бүлээрээ ширээ тойроод сууж байхад бид тэдний баяр дээр баяр нэмэхээр аль нэг телевизийн студид сууж л байдаг. Орой, зургаан цаг өнгөрөөгөөд ч юм уу гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоолоо идэх жаргалтай цаг хугацаа бидэнд тун хомс байдаг. Энэ мэт гэрээ мартсан гэсэр шиг өдий олон жил яваа намайг ойлгодог гэргийдээ баярлалаа гэж хэлэх нь зөв байх.

-Товчхондоо, хоногийн 24 цагийн дийлэнхийг ажилдаа зориулж байна?
-Тийм.

-Хожим харамсахгүй юу?
-Үгүй, учир нь би энэ мэргэжлийг эзэмшсэн учраас хийх ёстойгоо л хийнэ.

-Яг энэ асуултыг “Хунгийн сүүлчийн дуу” киноны Баатараас амьдрал нь асуусан, тэр хожим нь харамссан?
-Тэгдэг.

-Киноны төгсгөлд гол дүр тайзан дээрээ мөнх бусыг үзүүлдэг шүү дээ. Магадгүй жүжигчин бүрт ийм үзэгдэл ногдохгүй байх л даа. Гэхдээ тэр хэсэгт тоглоход огшино биз дээ?
-Хэцүү, кинонд биш өөрийнхөө амьдралд тоглоод байгаа ч юм шиг. Антан Павлович Чеховын “Хунгийн дуу” гээд жүжиг бий л дээ. Энэ жүжгээс сэдэвлэж манай талийгч Аси маань кино хийх санал тавьж намайг тоглооч гэсэн юм. Би гайхаад “Яагаад намайг тоглооч гэж тоов, энэ чинь их хүнд зохиол, дүр байна. Сүүлийн хэдэн жил хошин урлаг гэж явлаа. Хүмүүс намайг өөрөөр хүлээгээд авчих вий. Үүнээс би айж, эмзэглэж байна” гэтэл талийгч “Үгүй, үгүй. Чи бид хоёр он удаан жил нэг тайзан дээр уран бүтээл хийсэн. Би чиний анзааг харж мэдэж байна. Энэ чиний дүр, чи л тоглох ёстой” гэсэн. Ингээд л уран бүтээлдээ орсон.
Угтаа би өөрөө амьдралд цаг гаргахгүй байна шүү гэж өдөр тутам бодож яваа хэр нь тэр кинонд тоглохдоо өөрийнхөө л дүрийг хийж явна даа гэсэн бодол төрсөн. Яахав, огт үйл явц нь давхцаагүй ч гэлээ ерөнхий рам нь адил байсан. Тэр нь нэг талаар надад хүнд туссан гэж болно. Уран бүтээлч хүнд нэг гоё зүйл бий л дээ, гоё ч юу байхав доголдолтой тал ч гэх юм уу. Миний ойлгож буйгаар магтаалд дурлаад байх шиг санагддаг. Гэхдээ уран бүтээлийн хувьд шүү. Энэ уран бүтээл чинь үнэхээр сайн болж гээд магтаал сонсоод л өөрийн эрхгүй хүүхэд шиг онгирчихдог. Бодоод байхад, тэр уран бүтээлийг нь хийх гэж нойр хоол, цаг хугацаа, амь амьдралаа тодорхой хэмжээнд хасч, зольж явсан учраас уран бүтээл нь өөрийнх нь хүүхэд шиг болчихдог.
Хүмүүс ярьдаг даа, эмээ боллоо гээд л. Би эмээ дээрээ өссөн гэж хэлсэн. Тиймдээ ч эмээ болохын тулд эмээгээ санагалзаж, үйл хөдлөл, үг хэлийг нь санаж, сургааль үгийг нь ч бодож байж сая дүр гарна. Угтаа маш их боддог. Түүнээс хүмүүсийн ярьдаг шиг парик тавьж, дээл өмсөөд, жаахан майжиг алхаа гаргахаар эмээ болчихдог юм биш. Энийг нь бид хийдэг байхгүй юу. /зүрхээ заав/ Зүрх сэтгэлийг нь бүтээдэг байхгүй юу. Энэ эмээ юуны төлөө санаа зовж явдаг юм, хэний төлөө амьдраад байгаа юм. Хэн нэгний төлөө өдий хүртэл амьдарсныг нь тэр хүн нь ухаарсан уу гэх мэтээр дотоод ертөнцийг нь гаргахыг хичээдэг. Яахав, гадаад өнгийг нь харж дүгнэх нь бий л дээ. Ингээд бодохоор бүтээлдээ хайртай байна гэдэг түрүүн хэлсэн шиг өөрийн төрүүлсэн үр хүүхэд мэт болчихдог. Ер нь бүх уран бүтээлч ийм. Тиймдээ ч бүтээлийг нь магтахаар үр хүүхдийг нь магтаж байгаа мэт баяр хөөр төрдөг. Эмээд ачийг нь, хүүг нь магтаж яривал яаж баярладаг билээ, үүнтэй л адил.

-Тэгвэл “Бэр гуйсан нь” гэдэг номерт би л хувьдаа үнэхээр дуртай. Яагаад гэхээр үзэхэд их хөнгөн. Инээлгэж байгаад эцэст гол асуудлаа дэлгэдэг. Бид мэддэг ч мэддэггүй мэт явсан зүйлийг “Үхэртийн хөндий манайх” гэх тэр хармын үгээр гаргаж ирдэг?
-/инээв/ Энэ номер, энэ үгний талаар их ч олон хүнээс сонсч байна даа.

-Тийм байх. Гэхдээ хэдий инээд наргиан болгон ярьдаг ч “Үхэртийн хөндий манайх” гэж дуугарах цаг ирсэн ч юм шиг. Хүмүүс янз бүрээр л ярих юм. Говийн аймгуудад урд газрын хүргэн их болсон гэнэ ч гэх юм уу. Энэ бүхэн үнэн ч бай худал ч бай бид газар нутгаа нааш цааш болгох дээрээ тулчихаад байх шиг?
-Өнөөгийн нийгэмд хүн бүр өөр өөрийнхөөрөө амьдрах гээд үзэж л байна. Уул ухдаг нь ухаад, мал маллах нь маллаад. Гэвч энэ бүхэн аль ч нийгэмд байдаг л зүйл. Баялгаа ашиглах нь ашиглаад улс орондоо өгөхөө өгөөд, хэдэн хүнийг ажлын байраар хангаад явах л ёстой. Бид Канадад фестивальд оролцож яваад сонссон юм. Канадын иргэд гэртээ байж байхад нь хаалгыг нь тогшоод “За, манай улс энэ уурхайгаа ингэж ашиглалаа, тэр ч уурхайгаас улс хувиа олгож байна” гээд айл бүрт нэг удаад 4000 гаруй ам.доллар өгөөд гардаг гэж. Яг үүнтэй адил Монгол Улсын газар нутаг төрийн мэдэлд л байх ёстой. Тэр газрыг хувийн компани авч ашиглаж болно, гэхдээ төрд өгөх юмаа өгөх ёстой. Төр нь ард түмэндээ ажлаа тайлагнаж, мөн хүртэх ёстойг нь хүртээх л үүрэгтэй. Ер нь, төр анхаарах юмаа анхаарах ёстой цагтаа анхаарах л хэрэгтэй. Бид хаалттай нийгмээс гэнэт чөлөөт, ардчилсан нийгэмд шилжсэн. Урт удаан хугацаанд бүх юм хатуу чанга хяналт, дектатуртай байсан болоод ч тэр үү гэнэт чөлөөлөгдсөн хүний шунаг сэтгэл алдуурч, хяналтаа алдсан. Тиймдээ ч энэ их зах замбараагүй уул уурхайг багахан ашгийн төлөө тавиад туучихсан ч юм шиг. Нэг талаас Монголын газар нутаг эзэнгүй болчихсон ч юм шиг санагдаад байдаг юм.

-Би бол юм үзээгүй байна гэж л ойлгодог...?
-Угаасаа үнэн. Социалист нийгэмд юм үзсэн хүн ховор байсан. Монголчууд юм үзээгүй байна. Сүүлийн 20 гаруйхан жил сул чөлөөтэй болсон хүмүүс чадахаараа юм олох гэж үзсэн. Одоо энэ их төлөвлөлт, уялдаа холбоогүй уул уурхай, алсыг хараагүй хөрөнгө оруулалт үүдэж бий болсон гэж бодож байна. Угтаа аль ч юмыг анхнаас нь их сайхан цэгцтэй хийсэн бол гурван сая монгол энэ Кувейт, Катар өөр юу ч байдаг юм баян орнууд шиг байх боломж байсан, одоо ч байгаа. Оройтоогүй. Цөөн хүн амтай, ашигт малтмалаа ухаалаг эргэлтэд оруулсан ард түмэн ганцхан олдсон амьдралаа сайхан өнгөрүүлж байна. Тухайн орны иргэн хамгийн муудаа менежерийн ажил хийж байна. Бусад бүх ажилчдаа гадны орноос авч байна. Амьдрал нь хангалуун, айл бүхэн хувийн орон сууцтай.
Сардаа, байг гэхэд жилдээ нэг удаа хаалган доогуур нь бэлэн мөнгөний чек шургуулчихна. Бид яагаад ингэж амьдарч болохгүй гэж. Ердөө зөв, системтэй зохицуулалт. Ганц л амьдарна, сайхан л амьдаръя л даа. Гагцхүү газар нутаг, хэл соёл, цусаа хамгаалъя, хайрлая. Түүнээс глобалчлагдаж байгаа гээд л хаа байсан харийн хүнтэй очиж суугаад байх хүмүүс бид л лав биш. Сүүлд нь хэлэхэд улс орон, ард түмний оршин тогтнох үндэс газар шороо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан