Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Гантулга: Хүүхэд харах үйлчилгээг тусгай зориулалтын орчинд эрхэлнэ

Л.БАТБААТАР

УИХ-аас “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль баталсан. Тус  хууль нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Энэ талаар БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгатай ярилцлаа.
---------------------------------------------------

-“Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль батлагдсан. Ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийг батлах болсон шалтгааны талаар ярихгүй юу?
-Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын гол асуудал нь хүртээмж, хамрагдалт байдаг. Өнөөдөр сургуулийн өмнөх боловсрол болох цэцэрлэгт хүүхдээ хамруулах нь эцэг, эхчүүдийн хувьд хүнд асуудал болсон. Жил бүрийн элсэлтээр  бүртгэлийн дараалал үүсдэг. Зарим тохиолдолд дарааллаа алдахгүйн тулд хонож өнжих тохиолдол гардаг. Монгол Улсад цэцэрлэгийн насны (2-5 насны ) 257 мянга гаруй хүүхэд бий. Үүнээс цэцэрлэгт 200 мянга гаруй хүүхэд хамрагддаг. Үлдсэн 57 мянган хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж, сургуулийн өмнөх боловсрол олж авч чадахгүй байна.
Эдгээр хүүхдийн ихэнх  нь гэр хороололд амьдардаг. Эцэг эхчүүд  нь ажилд явахдаа хүүхдээ гэрт нь цоожилдог. Хүүхдийг гэрт цоожлох нь эрсдэлээс хамгаалж буй нэг хэлбэр боловч, нөгөө талаас хамгийн аюултай орчныг үүсгэдэг.

Харах хүнгүйн улмаас гэртээ цоожлогдон амь насаа алдах явдал гарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар 2013 онд улсын хэмжээнд 93 хүүхэд гэртээ ха­рах хүнгүйн улмаас амь насаа алдсан гэсэн  статистик гарсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад төрийн өмчийн 781, хувийн хэвшлийн 395 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төрийн өмчийн 781 цэцэрлэгийн ачаалал бүгд хэтэрсэн. Нэг ангид 40-50 хүүхэд байх жишээтэй. Нормоор бол нэг ангид  25-30 хүүхэд байх ёстой. Анги дүүргэлт бараг хоёр дахин нэмэгдсэн.  Эдгээр 50 хүүхэдтэй цэцэрлэгийн багш, туслах гэсэн хоёр хүн тулж ажилладаг. Хоёр багшийн хувьд  40, 50 хүүхдийг бүрэн харж анхаарах, хөгжүүлэх, сургах гэдэг бол  маш хүнд хөдөлмөр. Хүүхэд бүртэй тулж ажиллахад хүндрэлтэй. Мөн ихэнх цэцэрлэгийн ашиглалтын хугацаа өнгөрчихсөн. Энэ талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас жилд дунджаар 5-10 цэцэрлэгийн барилгыг буулгах акт гаргадаг. Ойрын гурван жилд дунджаар 30-45 цэцэрлэг ашиглалтад оруул­сан. Нэг цэцэрлэг гэхэд л 100-150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 2015 оны байдлаар улсын хэмжээнд 47 цэцэрлэг ашиглалтад орж байгаа.Улсын хэмжээнд хүүхдийн 84 хувь цэцэрлэгт хамрагдсан гэсэн судалгаа гарсан. Өнгөрсөн жилийн хамрагдалт 79 хувьтай байсан. Нэг үгээр хэлэхэд, хүүхэд хамрагдалтын хувь таван пунктээр өссөн.

Эдгээр 57 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулъя гэвэл 800 цэцэрлэгийн барилга  хэрэгтэй. Гэтэл 800 цэцэрлэгийн барилга барих төсөв хөрөнгө байхгүй, эдийн засгийн хүчин чадал алга. Мөн  800 цэцэрлэгийг  барих хугацаа байхгүй.  Тиймээс үлдсэн 57 мянган хүүхдийг хэрхэн цэцэрлэгт хамруулах талаар УИХ-ын эмэгтэй гишүүд гаргалгаа хийж “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг санаачлан хоёр, гурван жилийн нүүр үзэж байж, энэ хаврын чуулганаар батлууллаа. Төсвийн хямралаас шалтгаалан уг хуулийн хэрэгжилтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болсон. Хүүхэд гэртээ хараа хяналтгүй цоожлуулаад үлдэх үү, эсвэл том хүний асрамж хамгааллын дор өдрийг өнгөрүүлэх үү гэсэн сонголтын дор хууль гарсан.

-“Хүүхэд харах үйл­чилгээ­ний тухай” хуулийг хэрэгжүүлэхэд улсын төс­вөөс хэдий хэмжээний хөрөнгө гаргах вэ?
-Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн хувьсах болон хоолны  зардлыг улсын цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн зардалтай адилтгаж өгнө. Нэг хүүхдийн хувьсах зардал сарын 70-76 мянган төгрөг байдаг. Хоолны зардал нэг хүүхдийн өдрийн 1650 төгрөг.  Үүнд өдрийн гурван хоол, хоёр удаагийн цай багтдаг.  Хоолны зардал нэг сард дунджаар 36 мянган төгрөг болно. Нэг хүүхдийн хоол болон хувьсах зардал нийлээд 112-115 мянган төгрөг. Хууль хэрэгжсэнээр 57 мянган хүүхдийн зардал болох 60-70 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгоно.  Зөвхөн энэ зардлаар хүүхэд харах үйлчилгээ оршин тогтнохгүй. “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуульд хүүхдийн тоо хэмжээ, төлбөрийг заачихсан. 

-Хүүхэд харах үйлчил­гээг эрхлэх иргэд ямар шаардлага, шалгуур ханга­сан байх ёстой вэ?
-Тусгай зориулагдсан, тоноглогдсон орчинд хүүхэд харах үйлчилгээ эрхэлнэ гэж хуульд заасан. Энэ орчин нь  хот, суурин газарт байшин, байр, орон нутагт бол гэр байж болно. Гэр орондоо хүүхэд харах үйлчилгээг эрхлэх ёсгүй. “Хүүхэд харах үйлчилгээний төв” гэсэн нэрээр цаашид нэрлэгдэнэ.  Тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн асуудлыг Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яам хариуцна.  Хэрэгжилтийн асуудлыг Орон нутгийн хүүхэд хөгжлийн төв хариуцаж ажиллана. Зөвшөөрлийг дүүрэг, сумын засаг дарга  ол­го­­но. Тухайн Засаг дарга  хүүхэд харах үйлчилгээ үзүү­лэх хүсэлт гаргасан өргө­дөлд  хүндрэл чирэгдэл учруу­-лалгүйгээр ажлын 7-10 хоногт багтаан хариу өгөх ёстой. 

Нэг бүлэгт зургаан хүүхэд, “Хүүхэд харах үйлчилгээний төв” нь 20-иос хэтрэхгүй хүүхэдтэй байна. Хүүхэд харах үйлчилгээг хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага эрхэлж болно. Тухайн байгууллага дотроо  2-3 өрөө гарган “Хүүхэд харах үйлчилгээний төв” байгуулан ажилчдынхаа хүүхдийг харж болно. Ажилтан нь ажилдаа ирэхдээ хүүхдээ өгөн, тарахдаа хамт авч явна.  Ялангуяа бага насны хүүхдийг аав, ээжийнх нь ойролцоо асрах зүйн хэрэг гэж үздэг. Асуудал үүсэхэд холбоо барихад ойр гэсэн утгаар. Замын түгжрэл тодорхой хувиар буурна. Сургууль, цэцэрлэгт хүүхэд хүргэх цагаар түгжрэл үүсдэг.  Аж ахуйн нэгж, хувь иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхэлбэл тогтмол зардал заавал гарна. Энэ нь цахилгаан, дулааны зардал юм. Өнөөдөр хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр 200-800 мянган төгрөгийн хооронд байна.  Тэгвэл хүүхэд харах үйлчилгээний сарын төлбөр 150 мянган төгрөгөөс хэтрэхгүй байна гэж заасан. Үүнээс хэтэрвэл хууль зөрчинө гэсэн үг. 

-Жишээ нь, 15 хүү­хэдтэй “Хүүхэд харах үйлчилгээний  төв” байна гэж бодъё. Энэ төв нэг сард төсвөөс болон эцэг эхээс хэдэн төгрөг авч байж үйл ажиллагаа явуулах вэ?
-15 хүүхэдтэй “Хүүхэд харах үйлчилгээний төв” гурван ажилтантай байх ёстой. Хоол унд бэлтгэх нэг үйлчилгээний ажилтан, хүүхдийг харж хандах, анхаарах, хөгжүүлэх хоёр хүн байх хэрэгтэй. 15 хүүхдийн хоолны болон хувьсах зардал нь сард дуджаар 1.6-1.8 сая төгрөг болно. Үүнийг төсвөөс өгнө.  Энэ мөнгөөр “Хүүхэд харах үйлчилгээний төв” нэг сарын турш үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхгүй. Тийм учраас нэг сарын төлбөр болох 150 мянган төгрөгийг эцэг эхээс авна.  15 хүүхдийн сарын төлбөр 2.2 сая төгрөг болно. Нийт дөрвөн сая төгрөгийн фондтой болно. Үүнээс цалин, үйл ажиллагааны, хоолны, цахилгаан, дулааны зардал хасагдана. Ингээд бодохоор нэг ажилтан 400-500 мянган төгрөгийн цалин авна. 

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх орчин болон ямар шаардлага хангасан иргэд энэ үйлчилгээг эрхлэх вэ?
-Хамгийн гол нь, хүүхэд харах үйлчилгээ  эрхлэх иргэд зориулалтын орчин бүрдүүлэх ёстой. Гэр хороололд байшинд үйл ажиллагаа явуулж болно. Байшин байхгүй бол гэр байж болно. Гэр бол хоёр байх хэрэгтэй. Нэг нь хоол унд бэлтгэх зориулалттай.  Гэхдээ айлд болон гэр оронд биш тусдаа орчин гэсэн асуудал тавигдаж байгаа. Ажлын хэсэг гарч хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх орчныг нь шалгана. Мөн  хүүхдээ харуулах гэж буй эцэг эхчүүд хүртэл тусгай зориулалтын орчныг нь давхар үзнэ, харна. “Хүүхэд харах үйлчилгээний төв” нь төлбөр нэмэх, хоолны хордлого гаргах гэх мэт ажлын хариуцлага алдвал, эцэг эхийн гомдлоор үйл ажлыг нь зогсоох, цуцлах, торгууль ногдуулах тухай хуулийн заалт байгаа.
Орон сууцанд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр бол  тусгай зориулалтын орчин нь хоёр давхараас дээш давхарт байж болохгүй. Боломжтой бол камержуулалтын систем ашиглаж болно.

Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 65 хүртэл насны хүн хүүхэд  харах үйлчилгээ эрхэлнэ. Мөн жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой. Тэтгэвэрт гарсан олон багш бий. Тэтгэврийн нас 60 байдаг.  2010-2015 оны судалгаагаар 6-7 мянган багш тэтгэвэр тогтоолгосон байдаг. Цэцэрлэг, бага ангийн багш байсан эмэгтэйчүүд голдуу.  Мөн багш бэлтгэх сургууль төгссөн ажлын байргүй мэргэжлийн багш ч олон байна. Хүүхдийг зөвхөн харах, асрах  биш хөгжүүлэх асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй.  Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн сургалтын асуудлыг хариуцна.  Багш бэлтгэдэг сургууль, Боловсролын хүрээ­лэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон орон нутгийн боловсролын газруудад сургалтыг шат дараалан зохион байгуулна. 

Энэ хууль гарсан нь цаг үеэ олсон асуудал бол­сон. Хуулийн зорилго нь цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн асуудал байсан бол цаашдаа сонгомол утгаар өөр болж болно.  Учир нь хууль хэрэгжсэнээр 1.5-3 хүртэлх насны хүүхэд  хөгжүүлдэг, хардаг, асардаг үйлчилгээнд хамрагдана. Даац нь хэтэрсэн цэцэрлэгүүдэд дөрөв, тав, зургаан настай хүүхэд бүрэн хамрагдах боломжтой болно.  Яагаад гэвэл сургуульд орох нас нь ойртсон. Ингээд бага ангийн багшийн болон бага ангид орох хүүхдийн ачаалал багасна. Өнөөдөр нэгдүгээр ангид цэцэрлэгт явж байсан, малчны, өвөө эмээгийн болон гадаадаас ирсэн ч хүүхэд байна. Ийм учраас бага ангийн багшийн ачаалал их байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан