Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Билл Клинтон: Өвөө шигээ урт наслахын тулд ногоон хоолтон болсон

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон “CNN” телевизийн Пирс Морганы ток шоунд уригдаж, сонирхолтой яриа өрнүүлжээ. Гэхдээ энэ удаа экс Ерөнхийлөгчтэй Пирс Морган биш кино найруулагч, продюсер, “Miramax” студийн захирал Харви Уэйнштейн ярилцжээ. Тэд хэдхэн сарын дараа болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах, 2016 оны сонгуульд Клинтоныхон нэр дэвших үү, үгүй юу,  Билл Клинтон яагаад махнаас гарсан, ямар кинонд хамгийн дуртай гээд сонирхолтой сэдвээр ярилцсан байна.
-Сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв болоод байгаа сонгуулийн тухай яриагаар ярилцлагаа эхлэе. Тэрбумтан Дональд Трамп Б.Обамагийн төрсний гэрчилгээний асуудлыг дахиад л сөхөөд гаргаад ирлээ. Өнгөрсөн сонгуулийн үед яригдаж байсан энэ сэдэв дөрвөн жилийн дараахь сонгуулиар ч хуучрахгүй нь бололтой.  Та Барак Обамаг дэмжиж буй хувьд энэ ярианд ямар тайлбар өгөх вэ?
-Дональд уг нь надад таалагддаг юм. Би түүнтэй гольф тоглох дуртай. Гэхдээ түүний гаргаж тавьсан асуудлыг ингэж газар авахуулан ярих хэрэггүй. Ерөнхийлөгч Обама Хавайд төрсөн гэдэг нь баримтаар нотлогдсон үнэн шүү дээ. Одоо бид ийм чухал бус асуудалд биш, өөрсдийн байгаа байдалд, цаашид хэрхэх вэ гэдэгтээ илүү санаа тавих хэрэгтэй. Одоо чинь чухал цаг үе.
- Ерөнхийлөгч Обамаг дэмжсэн сонгуулийн сурталчилгааг тань үзсэн. Түүний бүрэн эрхийн хугацаанд Осама Бин Ладеныг устгасныг та сайшаан магтсан байсан. Харин Б.Обамагийн өрсөлдөгч Митт Ромни бол ганцхан хүнийг барих гэж хэдэн жилийн турш олон тэрбум ам.доллар үрэн таран хийж, бас Пакистаны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй нэвтрэн цэргийн ажиллагаа гүйцэтгэснийг буруу гэж шүүмжилж байгаа.  Энэ талаар таны байр суурь?
-Үнэнийг хэлэхэд Осама Бин Ладены нуугдаж байсан байшинд манай цэргүүд нэвтэрч орох хүртэл тэр хүн үнэхээр Бин Ладен мөн үү, биш үү гэдэг нь тодорхойгүй байсан шүү дээ. Хэрэв ажиллагаа амжилтгүй болсон бол тэр айлын эхнэр хүүхэд, бүр цаашилбал манай цэргүүдийн амь нас ч үрэгдэх аюултай байсан. Ийм эрсдэлтэй үүргийг манай тэнгисийн цэргийн хүчний “Seal” багийнхан маш сайн гүйцэтгэсэн. Ерөнхийлөгч Обамагийн хувьд энэ ажиллагааг явуул гэж үүрэг өгсөн нь зоригтой бөгөөд  зөв шийдвэр байсан.
-Таны бодлоор ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Обама, Ромнигийн хэн нь ялах бол. Тэдний рейтинг хэр ойр байгаа вэ?
-Энэ тухай хэлж чадахгүй нь. Магадгүй Ерөнхийлөгч тав юм уу зургаан хувиар ялах байх гэж бодож байна. Гэхдээ одоогийн цаг үеийн нөхцөл байдалд тэдний рейтинг үүнээс арай ойр байгаа. Энэ нь эдийн засгаас шууд хамаарч байгаа юм. Уг нь,  манай эдийн засгийн одоогийн нөхцөл байдал Япон, Европын орнуудынхаас хавьгүй сайн  байгаа төдийгүй хямралын өмнөх үеэ ч давж гарсан. Ерөнхийлөгч Б.Обамагийн бүрэн эрхийн хугацаанд бий болгосон ажлын байрны тоо түүнээс өмнөх долоон жилийнхээс ч өндөр байна. Эдийн засаг ийм сайн байгаа ч жирийн иргэдийн хувьд амьдрал нь тодорхойгүй бүрхэг байгаагаас энэ бүхэн болж байна.  Гэхдээ хэрэв Б.Обамагийн өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд хийж бүтээсэн зүйлийг олон нийтэд бүрэн таниулж мэдрүүлэн, ирээдүйд юу санал болгож байгааг нь ойлгуулж чадвал тэр ялна.
-Одоо сэдвээ бага зэрэг хувийн чанартай асуулт руу шилжүүлье. Таныг мах идэхээ больсон гэж сонссон. Яагаад ногоон хоолтон болохоор шийдээ вэ?
-Зүрх маань хоёр дахь удаа хүндээр өвдсөний дараа ногоон хоолтон болохоор шийдсэн л дээ. Би өвөө шигээ урт наслахыг хүсдэг хүн. Хэрэв өвөөгийнхөө насыг насална гэвэл ийм зам сонгохоос өөр арга надад байхгүй. Би одоо долоо хоногт нэг удаа бага хэмжээгээр салмон загас идэж байгаа. Гэхдээ ингэлээ гээд ердөө ч мах идмээр санагдахгүй байгаа.  Ногоон хоолтон болсон нь зөвхөн өөрөө насаа уртасгах гэснийх биш, бусад хүмүүст ч үлгэр дуурайл болоосой гэж хүссэнийх юм. Одоогийн энэ жаахан хүүхдүүд эцэг эхээсээ богино наслахыг харах учиргүй шүү дээ бид. 
-Эрүүл хооллох нь эдийн засгийн хувьд ч асар их ач тустай. Хэрэв чихрийн шижин, таргалалтаас салвал эрүүл мэндийн салбараас хэдэн зуун тэрбум ам.доллар хэмнэж болно.
-Тийм шүү. Өнөөдөр чихрийн шижин өвчнийг эмчлэхэд жил бүр 200 тэрбум ам.доллар зарцуулж байна. Үнэндээ энэ чинь бидний идэж уухаа зохицуулж чадаагүйгээс л үүссэн өвчин шүү дээ. Тийм болохоор манай “Клинтоны санаачилга” сангаас ДОХ/ХДХВ, сүрьеэ, хижиг өвчинтэй тэмцдэг шигээ хүүхдийн таргалалтын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
-Таныг киноны хорхойтон гэдгийг сайн мэднэ. Таны хамгийн дуртай кино юу вэ?
-“Их үд” гээд кино бий. Тэр бол нэг үзчихээд дахиад үзмээр санагдсан хамгийн анхны минь кино.  “Их үд”-ийг хамгийн анх зургаан настайдаа үзэж байлаа. Тэр үед манай Канзаст киноны тасалбар 20 центийн үнэтэй. Над шиг зургаахан настай хүүхдэд тэр бүр кино үзэх мөнгө олдохгүй ч кола, чихэр авах мөнгөө цуглуулсаар байгаад бараг 30 гаруй удаа үзсэн дээ. “Их үд”-ээс өөр хэзээ ч, хэдэн ч удаа үзээд уйддаггүй өөр нэг кино бол “Касабланка”.
-“Их үд”-ийг улс төрийн идэвхтэн, продюсер Стэнли Крэмер хийсэн шүү дээ. Кино нь ч МакКартигийн эсрэг үзэл суртал агуулсан байдаг. Тийм багадаа ийм кино үзэх дуртай байсан гэхээр улс төрийг эртнээс сонирхож эхэлжээ?
-Цаанаа улс төрийн далд агуулгатай байсныг бүр хожим мэдсэн л дээ. Энэ киног үзэх тусам утга учрыг нь ойлгох гэж холбогдолтой ном зохиолыг ч олноор нь уншсан. Гэхдээ энэ кинонд дуртай минь барууны бусад киноны улиг болсон хэв шинжээс огт өөр байсан учраас тэр юм. 
-Хэрвээ таны тухай кино хийхээр болвол та хэнийг өөрийнхөө дүрд тоглуулахыг хүсч байна?
-Мэдэхгүй юм даа. Найруулагч хүний мэргэн ухаан л шийдэх байх.
-Брэд Питт, Жорж Клуни гээд сонголт олон байна?
-Тэд миний дүрд тоглоход хэтэрхий гоёдох биз дээ. Гэхдээ Жорж Клуни ч биеийн ерөнхий хэмжээгээрээ надтай ойролцоо шүү.
-Тэгвэл Хилларигийн дүрд хэнийг тоглуулах вэ?
-Мерил Стрип.
-Гэхдээ үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийнхөө тухай кинонд тийм дуртай биш байдаг. Ерөнхийлөгч асан Жорж Бушийн тухай “Fahrenheit 9/11” киног Майкл Муртай хамтран бүтээснийг минь та санаж байгаа байх.  Гэтэл кино маань дэлгэцэнд гарсны дараа Ерөнхийлөгч над руу “Харви, би чиний киног үзэх дуртай байсан юм сан. Гэтэл чамд ямар чөтгөр нь шүглээ вэ” гэсэн зурвас илгээж билээ.
-Жорж хошигнох дуртай хүн дээ.

-Таныг  охинтойгоо хамт кино үзэх их дуртай гэсэн?
-Тийм ээ. Бид хамтдаа “Гүнж бэр болсон нь” гэдэг киног тоймгүй олон удаа үзсэн. Челси тэр киноны бараг үг бүрийг нь цээжээр мэддэг. Энэ бол кино ертөнцөд танигдаж нээгдээгүй үлдсэн үнэт эрдэнэ гэж би боддог юм. 
-Таны охин Челси ямар хүмүүжилтэй охин болохыг хэдэн жилийн өмнө түүнтэй уулзаж байхдаа их гайхаж билээ. Цагаан ордонд өссөн хүүхдийг тэгж хүмүүжүүлсэн нь Хиллари та хоёрын хэр сайн эцэг эх вэ гэдгийг илтгэсэн хэрэг гэж би боддог?
-Челсигийн өсвөр нас тэр чигээрээ Цагаан ордонд өнгөрсөн. Тийм ч учраас түүнийг жирийн хүүхэд шиг өсгөхийн тулд хэрвээ бид Цагаан ордонд байгаагүй бол ямар байх байсан яг тийм л орчинд байлгахыг хичээсэн.  Надад бусад ааваас нэг давуу тал байсан нь ажил маань охинтойгоо маш ойрхон байх боломж олгосон юм. Ажлын өрөө, гэр хоёр нэг давхрын дээр доор учраас өглөө бүр цугтаа цайгаа ууж, орой бүр хамт хооллоно. Шөнө болгон сууж ажиллах хэрэг гарсан ч охинтойгоо заавал уулзаж чаддаг байсан. Тийм ч учраас охинтойгоо нээлттэй харилцаж, ярьдаг байсан. Миний санаж байгаагаар Челсиг ахлах сургуульд байх хугацаанд бид ганц л удаа ам зөрж байсан юм. Гэхдээ юуны тухай байсныг нь одоо санахгүй байна.

-2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Клинтоныхноос хүн өрсөлдөх болов уу? Хиллари, магадгүй Челси ч байж болох юм.
-Челси хэтэрхий залуу байна. Хиллари харин тэтгэвэртээ гарна гэж хэлсэн.  Тэтгэвэртээ гарна гэхээр магадгүй гэртээ суугаад хүмүүнлэгийн ажил эрхлэх болов уу. Гэхдээ юу болохыг харж л байя. Сүүлийн 20 жил тэр үнэхээр нөр их хөдөлмөрлөсөн. Би түүгээрээ маш их бахархаж байна. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг маш амаргүй албыг сайн ч гүйцэтгэж байгаа. 
-Тийм шүү. Түүнтэй холбогдох бүрт хилийн чанадад явж байдаг?
-Тийм ээ. Одоо ч энд байхгүй. Скандинавт явж байгаа.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан